Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2021/00057

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00329/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 549 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгөөс хүү ******* болон өөрт нь ногдох хэсэг 51.750.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэтунгалагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь *******тэй 2010 онд танилцаж нэг гэрт орж өдийг хүртэл хамт амьдарсан. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Би 2010 оноос *******тэй хамт амьдрахдаа өөрийн төрсөн охин *******ыг 7 настай байхаас гурвуулаа хамт амьдарсан. ******* бид хоёрын дундаас 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү *******гийн ******* төрсөн. Би цаашид *******тэй урт удаан сайн сайхан амьдарна гэж итгэж байсан учир хүүхдийг нь төрүүлж өдийг хүртэл амьдарч байсан.

Гэтэл ******* миний охин *******ыг 11 настай байхаас эхлэн намайг гэртээ эзгүй хойгуур удаа дараа хүчинддэг байсан гэх сэтгэл сэртхийлгэсэн асуудал үүсч одоо Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт *******д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хориотой байна.

******* нь охин ******* бид хоёрт уучлахын аргагүй маш муухай зүйл хийсэн учраас цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй тул хамтын амьдралаа дуусгавар болгож 2013 оны 01 дүгээр сарын 28-нд төрсөн хүү *******гийн *******ыг өөрийн асрамжид авч, эхээрээ овоглодог тул эцэг тогтоолгож, хуулийн дагуу асрамж тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч гэр бүлийн хамтын амьдралтай байсан. Бид анх нийлж суухдаа хэн аль нь юу ч үгүй амьдралыг эхнээс нь эхэлсэн. Ингээд гэр бүлийн хэрэгцээнд 2014 онд 03 сарын 21-нд *******гийн нэр дээр ******* улсын дугаартай Nissan x trail 0 маркийн саарал өнгийн суудлын автомашин авсан одоогийн зах зээлийн үнэ нь 5.500.000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Мөн одоо амьдарч буй Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* 3 өрөө 57,7 м.к талбай бүхий орон сууцыг 2013 оны 11 сарын 13-ны өдөр бид хоёр -ийн гүйцэтгэгч талтай Орон сууц захиалах байгуулах гэрээ байгуулж хоёулаа гарын үсэг зурж байртай болсон, уг байрны анхны үнэ 69.240.000 төгрөг, одоогийн зах зээлийн үнэ цэнэ 72.125.000 төгрөг болохыг Капитал зууч ХХК-ийн зүгээс эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон. Дээрх орон сууц, авто машин нь ******* бид хоёрын хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө юм.

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнийг нийтдээ /5.500.000+72.125.000= 77.625.000 төгрөг/ үүнээс нэг хүнд ноогдох хувь 77.625.000:3 = 25.875.000 төгрөг болно.

Иймд ******* бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож, хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон дундын хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хувааж, хүү Б.Сумьяабазар бид хоёрт ногдох хувь 51.750.000 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би *******тай 2012 онд танилцаж хамтран амьдарсан бөгөөд 2013 онд хүү ******* төрсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ******* бид хоёр 2010 оноос хойш нэг гэрт орж дундаасаа нэг хүүтэй болж амьдарч байсан боловч бидний дундын өмч гэх ямар ч эд хөрөнгө байхгүй юм. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлээд байгаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 өрөө 57.7 м.кв орон сууцыг дундын өмчлөлийн орон сууц гэж үзэх боломжгүй бөгөөд бидний дунд ямар нэгэн дундын өмчлөлийн асуудал байхгүй гэдгийг доорх үндэслэлүүдээр тайлбарлаж байна.Үүнд:

1. Миний аав , ээж нар нь 1986 оноос хойш хээтэй хороолол 4/5 байрны 61 тоот 3 өрөө байрыг эзэмшин амьдарч байсан юм. Улмаар аав ээж хоёр минь Дархан сумын 1-р багт гэр хороололд амьдарч тус байранд миний төрсөн эгч нь дүү нар болон охин ын хамт амьдарч байгаад 1994 онд хүнд өвчний улмаас нас барж, охин нь өнчирч үлдэн тус байранд миний ээж аавынд амьдарч өссөн юм. Дээрх байрыг манай аав ээж 2010 онд микрийн 16-р байрны 47 тоот 2 өрөө байраар сольж миний төрсөн дүү нхишигийн эзэмшилд шилжүүлсэн юм. Энэ байранд би *******гийн хамт амьдарч байгаад 2013 онд Дархан сумын 8-р баг 17-хороолол 17/1 байрны 79 тоот 3 өрөө байрыг авахдаа аав ээж ах эгч дүү нартайгаа тохиролцон байрны урьдчилгаа хийхээр 2 өрөө байрыг зарж борлуулах дүү ыг насанд хүрэх үед нь байр авч өгөхөөр ярилцаад 2 өрөө байрыг 42.240.000 төгрөгөөр зарж борлуулан 2014 оны 1р сард -тай орон сууцны урьдчилгаа бэлнээр мөнгийг төлж үлдэгдэл байрны мөнгийг Голомт банкнаас 27.000.000 төгрөгийн зээл авч Төмөрлөгийн үйлдвэр ХК болон -д хүнд даацын тээврийн машин барьж жолоочоор ажиллахдаа сар бүр өөрийн цалин хөлснөөс суутгуулж төлж байсан тул энэ орон сууц *******д ямар ч хамаагүй билээ. Би өөрөө өмчлөлд байсан орон сууцны Голомт банкны зээлийн төлбөр 23.000.000 төгрөгийг төлүүлж дүү даа хууль ёсоор нь шилжүүлэн өгсөн тул *******гийн орон сууцны ноогдох хэсгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ орон сууц нь өөр хүний мэдэлд шилжсэн тул *******г энэ байранд одоо амьдарч байгаа бол түргэн суллаж эзэнд нь шилжүүлж өгөх хэрэгтэй гэж хэлмээр байна.

2. Миний бие нь *******тай танилцахаас өмнө Солонгос улсад 4 жил ажил хөдөлмөр эрхэлж өөрийн хуримтлуулсан мөнгөөр 9.800.000 төгрөгөөр Зифер Портер маркийн авто машин худалдан авч унаж байгаад зарж борлуулан 2014 оны 02 сард 6 500.000 төгрөгөөр Nissan маркийн ******* улсын дугаартай машин худалдан авч эзэмшиж байсан бөгөөд Миний өөрийн өмчлөлийн хувийн эд хөрөнгө тул энэ машин *******д ямар ч хамаагүй гэж үзэж байна. Энэ машиныг дундын өмч гэж үзэн *******г нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний дундаас төрсөн хүү Сумьяабазар бол миний хүү мөн бөгөөд болдог бол хүүгээ өөртөө болон ах дүү нар дээрээ өсгөмөөр байна. Хамтын амьдралын хугацаанд амьдралаа авч явах гэр бүлийн өмсөх зүүх идэх хоолоор дутаахгүй гэж нойр хоолгүй хөдөлмөрлөж явсан хүнд даацын машин барин биеэ бодохгүй зүтгэж явсныг ******* тоохгүй байж болох ч энэ тухай ах эгч дүү нар хамт олон минь сайн мэдэж байгаа юм. ******* нь надтай хамтран амьдрах хугацаанд өөрийн эд хөрөнгө гэж ямар ч зүйлтэй ирээгүй орон сууцны зээлэнд мөнгө оруулж өгөөгүй ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй надаас эд хөрөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Тэгээд ч 10 гаруй жил хамтран амьдарсан хугацаа болон намайг гэх өчүүхэн ч сэтгэлгүй хатуу хахир хандаж байгаа хүнд ямар ч эд хөрөнгө өгөх болон үлдээх хүсэлгүй байна. Иймд эдгээр байдлуудыг минь харж үзэн нэхэмжлэгч *******гийн эд хөрөнгө нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 549 дүгээр шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү *******ын төрсөн эцэг нь Алтан-Овоо овогт Мажигжавын Мөнхөө мөн болохыг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү *******ыг эх *******гийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******гөөр тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгаж,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар хариуцагч *******гөөс 37.011.565,76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 14.738.434,24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 02-ны өдрийн 549 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс: Хариуцагч *******гийн хуваарьт өмч болох Дархан сумын 8-р баг 17 хороолол 17/1 байрны 79 тоот 3 өрөө 57.7 м.кв талбай бүхий орон сууц, 60-37 ДАХ улсын дугаартай суудлын автомашиныг дундын өмчлөл гэж үзэн 3 хүнд хувааж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Зохигчид болох *******, ******* нарын хооронд гэр бүлийн баталгаа байхгүй. ******* нь өмнөх гэр бүлээс баталгаагаа салгаагүй өөр гэр бүлтэй бөгөөд хүү Сумьяабазар нь одоо болтол эхийн нэрээр овоглогдож шүүхээс *******г хүү Сумьяабазарын эцэг болохыг анх удаа тогтоож байгаа тул шүүхээс өмчийн асуудлыг шийдвэрлэхдээ албан ёсоор батлуулсан гэр бүлийн хэмжээнд авч үзэн өмч хуваах ажиллагаа хийж байгаа нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д заасан заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэн дундын өмчлөлд хэн ямар бодитой орлого үр ашиг оруулснаас хамаарч хуваах асуудал яригдах ёстойг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашгийг хэт дордуулсан шийдвэр гарсан гэж үзэж байна.

Хариуцагч ******* нь Дархан сумын 8-р баг 17-р хороолол, 17/1-р байрны 79 тоот 3 өрөө 57,7 м.кв талбай бүхий орон сууцыг 2013 онд -аас 69.240.000 төгрөгөөр захиалан бариулахад байр нь: урьдчилгаа төлбөр байхгүй байсан учир өөрийн эцэг эхээс өвлөгдөн ирсэн бидний төрсөн дүү нхишигийн өмчлөлд байсан Дархан сумын 8-р баг 17 хороолол 16 байрны 4 тоот, улсын бүртгэлийн Ү-2003000332 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө байрыг буцаан төлөх нөхцөлтэйгөөр аав, ээж, ах, дүү нартайгаа хэлэлцэн тохиролцож 59.000.000 төгрөгөөр зарж борлуулан дээрх байрны урьдчилгаа төлбөрт 2014 оны 01 сарын 09-ны өдөр -д № 320 дугаартай кассын баримтаар 42.200.000 төгрөгийг төлж байр худалдан авах гэрээ хийж үлдэгдэл төлбөр болох 27.000.000 төгрөгийг Голомт банкнаас 240 сарын хугацаатайгаар ипотекийн зээл авч байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан учир энэ байр нь хамтран эзэмшигчгүйгээр *******гийн дан ганц өмчлөлд 2014 оны 02 дугаар сарын01-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг.

Ингэж 42.200.000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт өгч байсныг миний ах дүүс болон нэхэмжлэгч ******* өөрөө сайн мэддэг бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хурал дээр байрны урьдчилгаа төлбөрийг дээрх байдлаар өгсөн нь үнэн гэдгийг болон өөрөө энэ байрны урьдчилгаа төлбөрт ямар ч орлого оруулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байхад шүүх энэ талаар дүгнэлт хийж чадаагүй байна. Дундын өмчлөл гэж үзээд байгаа энэ орон сууц нь *******д ямар ч хамаагүй бөгөөд орон сууцны урьдчилгаа 42.200.000 төгрөг болон ипотекийн зээлийн үлдэгдэл 22.107.651.36 төгрөгийг нь бид эцэг эхийн орон сууцны мөнгө болон өөрсдийн боломжоор төлж барагдуулсан. Хариуцагч ******* нь хүнд механизмын жолоочоор Төмөрлөгийн үйлдвэр болон Өгөөж гурил ХХК-д компанид ажиллаж байхдаа өөрийн цалин хөлснөөс банкны зээл төлж байсан нь нийгмийн даатгалын дэвтэр болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Миний дүү талийгаач ийн үлдсэн ганц охин ******* нь эмээ өвөө, ээжийнх нь байрыг зарж байрны урьдчилгаа өгсөн 42.200.000 төгрөгийн өртэй учир дээрх байрыг өрөндөө д өгч тус байрны 27.000.000 төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэл болох 22.107.651,36 төгрөгийг нь нэмж төлсөн учир энэхүү байр нь албан ёсоор д шилжиж баталгаажсан. Иймд *******д ноогдох хэсэг гэж байхгүй тул шүүхээс *******гийн 37.011.565.16 төгрөг гаргуулж *******д олгохоор болсныг хууль зүйн үндэслэлгүй, боломжгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ******* нь Орон сууц худалдан авахад оруулсан ямар ч мөнгө байхгүй бөгөөд хүний хөрөнгийг булаацалдаж шүүхээр яваад байгааг хүлээн авах боломжгүй тул түргэн байрыг чөлөөлж, хууль ёсны эзэнд нь хэл амгүй өгөх шаардлагатай байна.

Мөн манай дүү ******* нь 2006-2010 онд Солонгос улсад гэрээгээр хөдөлмөр эрхэлж өөрийн хөлс хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө автомашин худалдаж аваад түүнийгээ сайжруулаад дахин өөр машин худалдаж авч өөрийнх нь нэр дээр байдаг тул 60-37 ДАХ улсын дугаартай суудлын автомашин мөн *******д ямар ч хамаагүй бөгөөд дундын өмчлөл гэж үзэн хуваах боломжгүй гэж үзэж байна.

Дундын өмчлөл нь хувь хүний бодитой оруулсан орлого үр ашгаар хуваагдах тул энэ орон сууц болон авто машин зэрэг өмч хөрөнгийг бүрдүүлэхэд ямар ч орлого оруулаагүй, ямар орлого оруулснаа баталж тодорхойлж чадахгүй байгаа *******д 37.011.565,76 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг анхаарч үзэн анхан шатны шүүхийн *******гөөс 37.011.565,76 төгрөг буюу дундын өмчлөл гаргуулах тухай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ .

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулж, хүүхдийн эцэг тогтоолгох, хүү М.Сумьяабазарыг өөрийн асрамжид авах, эцэг *******гөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч ******* эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээр шаардаж буй дундын өмч гэх орон сууц, авто машин нь миний өөрийн хуваарьт эд хөрөнгө тул тэрхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Анхан шатны шүүх хүү М.Сумьяабазарын асрамж болон тэтгэлэгт хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлт хийж, зөв шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч ******* энэ талаар маргаагүй байна.

Харин маргаж буй эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахдаа хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын өмчийн эд хөрөнгө мөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд дундын өмчийн тодорхой хэсгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна гэж үзнэ.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар 2010 оноос хамтран амьдарч байсан боловч тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ бүртгүүлээгүй учир албан ёсны гэрлэгчид гэж үзэхгүй.

Иргэний хуулийн Гэр бүлийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүн дундаа хамтран өмчлөх, дундын өмч бий болоход эдийн засгийн хувьд хувь нэмэр оруулаагүй ч өмчлөгчөөр тогтоолгох эрх, гэр бүлийн гишүүний тэнцүү эдлэх эд хөрөнгийн эрх нэхэмжлэгч *******д хуулиар үүсээгүй байна.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгээр зохицуулсан бөгөөд гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн бусад гишүүний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө, гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал зэрэг нь хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна гэжээ.

Нэхэмжлэгч ******* өөрийгөө дундаа хэсгээр өмчлөх эрхтэй гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлж, нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******гаас маргаж буй орон сууц, авто машинд оруулсан хувь нэмэр,хөрөнгийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж зааснаар нэхэмжлэгч *******д шаардах эрх үүсээгүй байна.

Харин 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү М.Сумьяабазар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг гэж зааснаар хариуцагч *******гийн төрсөн хүүхэд мөн тул Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж, аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй байх бөгөөд энэхүү эрхээ насанд хүрээгүй учир өөрийн асрамжлагч, төрсөн эх *******гаар дамжуулан хэрэгжүүлэх эрхтэй юм.

Нөгөө талаар Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч ******* төрсөн хүү М.Сумьяабазарыг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд түүний гэмт хэргийн улмаас эрхээ хасуулан хорих газар ял эдэлж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Хэргийн оролцогчид маргаж буй эд хөрөнгийн үнэлгээн дээр маргаагүй бөгөөд тухайн эд хөрөнгө болох орон сууц, авто машины үнийн 50 хувийг төрсөн эцэг *******гөөс хүү М.Сумьяабазарт гаргуулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол, Дэвшил хотхоны 17-1 дүгээр байрны 79 тоот 3 өрөө орон сууцыг Капитал зууч ХХК-ий үнэлгээний тайлангаар 72.125.000 төгрөгөөр үнэлсэн, ипотекийн зээлийн үлдэгдэл 22.107.651 төгрөгийг хариуцагч *******гийн талаас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлж хаасан болох нь Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул хасч тооцон 50.017.349 төгрөг дээр авто машины үнэ 5.500.000 төгрөгийг нэмж 55.517.349 төгрөгийн дундын өмчийн эд хөрөнгийн 50 хувь болох 27.758.674 төгрөгийг хүү М.Сумьяабазар шаардах эрхтэй байна.

Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ын нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардахад саад учруулахгүй болохыг дурдаж байна.

Дээрх дүгнэлтээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад буруу дүгнэлт хийж, хууль буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 549 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 5 дугаар заалтын

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар хариуцагч *******гөөс 37.011.565,76 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 14.738.434,24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч *******гөөс 27.758.674 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 23.991.326 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

7 дугаар заалтын

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 517.807 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 34.027 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай гэснийг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 296.743 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343.007 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                                  Л.АМАРСАНАА