Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 927

 

188/2020/0370/Э

 

 

 

 

 

  2020          07            23                                            2020/ДШМ/927    

 

Б.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Отгончимэг,

цагаатгагдсан этгээд Б.Ч-гийн өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/486 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Отгончимэгийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцлээр Б.Ч-д холбогдох эрүүгийн 1908040411862 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч-, 1982 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

 

Б.Ч- нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 7-24 тоотод оршин суух иргэн Г.М-гийн “Samsung s7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Ч-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокуророос шүүгдэгч Боржигон овогт Баясгалангийн Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ч-г цагаатгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Б.Ч- нь 11 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М- нь гар утасны үнэ 180.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Ч-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Б.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Отгончимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс шүүгдэгч Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч Г.М-гийн ”...Би 2019 оны 7 дугаар сарын 22-ны гэртээ өдөр амарч байсан ба тухайн үед хүүхэдтэйгээ хоёулаа байсан юм. 11 цагийн үед манай охин миний гар утсыг бариад гэрийн хаалганы хажууд сууж байсан. Тэр үед би орон дээр хэвтэж байхад манай охин гэнэт уйлахаар охин дээрээ яваад очиход гар утас байхгүй, гадагшаа харсан чинь сааралдуу өнгийн цамцтай, үс нь арзайсан 30 гаруй насны эмэгтэй байсан ба араас нь гүйх гэж байснаа болиод охинтойгоо үлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх 15-16/

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: /хохирогч гар утас булаан авсан хүнийг шууд заасан тэмдэглэл/ /хх 31-35/

гэрч Б.Энхболдын “...2019 оны 7 дугаар сарын 22-ны орой 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамбын 7-24 тоотод хүүхдийн гараас гар утас үл таних эмэгтэй аваад зугтаалаа гэх гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийг шалгахаар тус тоотод очиход гар утас булаалгасан гэх хүүхдийн ээжтэй уулзаад тус тоотын ойрхон байрлах хүнсний дэлгүүр орж хэрэг гарсан гэх хугацааны камерын бичлэгийг шүүж үзэхэд хүүхдээс гар утас булаасан эмэгтэй уг дэлгүүрийн камерын бичлэгт бичигдсэн байсан ба миний өмнө шалгаж байсан хэргийн хохирогч Б.Ч- гэх эмэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх 24/,

хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх 26-27/,

яллагдагч Б.Ч-гийн ”...Би тэр айлын хашаа руу ороод хүүхдийн гар утсыг булаагаад зугтаасан. Би тэр гар утсыг танихгүй явуулын хүнд зарчихсан юм...” гэх мэдүүлэг /хх 57-58/ болон бусад нотлох баримтаас үзэхэд яллагдагч Б.Ч- нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон. “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, ил аргаар, хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдаг. Түүнчлэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн илээр эд хөрөнгийг салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтаах, холдох зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч Г.М-гийн гар утсыг түүний 1 настай охин гэрийн хаалганы хажууд бариад тоглож байхад шүүгдэгч Б.Ч- нь улмаар хашаанд орж, хүүхдийн гараас гар утсыг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хийсэн болох нь нотлогдож байна. “Илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг ойлгох ба “Хүч хэрэглэхгүйгээр” хохирогчийн бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.

Хохирогч Г.М-гийн “...манай охин гэнэт уйлчихаар би охин дээрээ яваад очиход гар утас байхгүй, гадагшаа харсан чинь сааралдуу өнгийн цамцтай, үс нь арзайсан 30 гаруй насны эмэгтэй байсан ба араас нь гүйх гэж байснаа болиод охинтойгоо үлдсэн юм. Манай охин “Аниа” гэж уйлаад, заагаад байсан...” гэх мэдүүлгээс үзэхэд тухайн хүүхэд өөрөөс нь гар утас авч байгаа гэдгийг харсан, ойлгож ухамсарласан тодорхой үйлдэл хийсэн байна. Яллагдагч Б.Ч-гийн”... Би тэр айлын хашаа руу ороод тэр хүүхдийн гар утсыг булаагаад зугтаасан...” гэх мэдүүлэг, хохирогч Г.М- араас нь харахад зугтаад гүйсэн, ардаас явсан зэрэг үйл баримтаас үзэхэд нууц далд аргаар хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэтэл шүүхээс дүгнэхдээ яллагдагч Б.Ч-г гэмт хэрэг үйлдэхдээ хашааны завсраар харж, улмаар хашаанд орж тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдэхгүй 01 насны буюу бага насны хүүхэд ойлгож мэдэхгүй тул эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хохирогч Т.М- хамт байсан талаарх баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчил гаргасан байна. Нөгөөтэйгүүр бага насны, өндөр настай, сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй, согтуурсан мансуурсан, унтаж байсан, хөгжлийн бэрхшээлтэй /сохор, дүлий/ зэрэг бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэж үзнэ. Гэвч хэрэгт хүүхдийн гарнаас гар утсыг татаж авч байгаа үйлдэлд дүгнэлт өгөх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлнө.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэрэг үйлдэх аргыг заасан учраас энэ нь объектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд энэ гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйлдсэн болох нь тогтоогдсон байх ба хүч хэрэглэхээр заналхийлэх, илээр гэх мэт аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан бол хулгайлах гэмт хэргээр зүйлчлэхгүй. Шүүх шүүгдэгч Б.Ч- нь хохирогчийн хашаанд нэвтэрч орсон, хашаа нь цоожгүй байсан байх ба хууль зүйн хувьд хашааг орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад хамааруулан үзэхгүй гэж дүгнэжээ. Мал болон гэрийн тэжээвэр амьтны зөвхөн өөрийнх нь хөдөлгөөнийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад хамааруулан үзэхгүй боловч бусдын орон байр, агуулахад нэвтрэн орсон /гэр дотор байсан хүүхдийн гараас гар утсыг авсан/ үйлдлийг цоожгүй онгорхой гэсэн байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайн гэмт хэргийн хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүх цагаатгах тогтоолыг 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр улсын яллагчид гардуулан өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасан” Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчид гардуулан өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Б.Ч-гийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...согтуурсан, мансуурсан, хэрэг хариуцах чадваргүй хүнээс илээр авсан байсан хэдий ч нууц, далд аргаар авсантай адилтгаж үздэг шүүхийн практик байдаг. Хохирогч Г.М- хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг мэдсэн. Иймд хулгайлах гэмт хэрэг гэж үзсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Прокуророос шүүгдэгч Б.Ч-г 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 7-24 тоотод оршин суух иргэн Г.М-гийн “Samsung s7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж, дүгнэлт хийхэд Б.Ч- нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 7-24 тоотод оршин суух иргэн Г.М-гийн “Samsung s7” загварын гар утсыг түүний 01 настай охин хашаан дотроо, гэрийнхээ хаалганы дэргэд бариад тоглож байхад нь хашааны завсраар харж, улмаар хашаанд нь орж хүүхдээс гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримтын талаар хохирогч Г.М-гийн “...11 цагийн үед манай охин миний гар утсыг бариад гэрийн хаалганы хажууд сууж байсан. Тэр үед би орон дээрээ хэвтэж байхад манай охин гэнэт уйлахаар нь би охин дээрээ яваад очиход гар утас байхгүй, гадагшаа харсан чинь сааралдуу өнгийн цамцтай, үс нь арзайсан, 30 гаруй насны эмэгтэй манай хашааны хаалгаар гараад гүйж байсан. ...” /хх 15-16/,

гэрч Б.Энхчимэгийн “...2019 оны 7 дугаар сарын 22-н ы өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан буудай” дэлгүүрт нэг өдөр худалдагчаар ажилласан. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд ““Samsung” загварын гар утасны сим картыг аваад өгөөч” гэж ирсэн, сим картыг авч өгөөгүй. ...30 орчим минутын дараа нэг эмэгтэй хүн гар утсаа алдсан, камер шүүгээд өгөөч гэж орж ирсэн. Би камер шүүж өгсөн. Тэр эмэгтэй камерийн бичлэгийг утсан дээрээ бичиж аваад явсан. ...” /хх 22/,

гэрч Б.Энхболдын “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би жижүүртэй байсан. “хүүхдийн гарнаас гар утас үл таних эмэгтэй аваад зугтаалаа” гэх гэмт хэргийн дуудлага мэдээлэл шалгахаар тус тоотод очиж гар утас булаалгасан гэх хүүхдийн ээжтэй уулзсан. Тус тооттой ойрхон байрлах хүнсний дэлгүүр орж хэрэг гарсан гэх хугацааны камерын бичлэгийг шүүж үзэхэд хүүхдээс гар утас булаасан гэх эмэгтэй уг дэлгүүрийн камерын бичлэгт бичигдсэн байсан. Камерын бичлэгийг үзэхэд миний өмнө шалгаж байсан хэргийн хохирогч Баясгалангийн Ч- гэх эмэгтэй байсан. ...”  /хх 24/,

Б.Ч-гийн яллагдагчаар өгсөн “...хашааны завсраар харсан чинь нэг хүүхэд гэрийнхээ хаалганы ойролцоо утсаар тоглож байхаар нь хашаа руу нь ороод хүүхдийн гар утсыг булаагаад зугтаасан. ...” /хх 56-58/ гэх мэдүүлгүүд болон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Б.Ч- нь тухайн үед болж байгаа үйл явдлыг ойлгож мэдэхгүй 01 насны буюу бага насны хүүхдийн гартаа бариад тоглож байсан гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

 

 Тодруулбал, бага насны буюу болж байгаа үйл явдлыг ойлгож мэдэхгүй /эрх зүйн чадамжгүй/ байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг нь авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг нууцаар авсантай адилтгаж үзэх бөгөөд анхан шатны шүүхийн “...нууцаар авч байх үед дэргэд нь байсан хүн тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй тул тэдний зүгээс хориглох, эсэргүүцэх явдал гаргахгүй гэж тухайн этгээд тооцон бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзнэ...” хэмээн дүгнэн, хохирлын хэмжээ хүрэхгүй үндэслэлээр Б.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Түүнчлэн хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно. 

 

Өөрөөр хэлбэл, хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

 

Мөн хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэний улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү бага хэмжээний хохирол гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээ”-г ойлгохоор хуульчилжээ.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ч-г хохирогч Г.М-гийн гэр болон хашаанд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ж.Отгончимэгийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн шийтгэх тогтоолыг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр прокурорт, 6 дугаар сарын 2-ны өдөр өмгөөлөгч Б.Баттулгад, 6 дугаар сарын 3-ны өдөр цагаатгагдсан этгээд Б.Ч-д, 6 дугаар сарын 17-ны өдөр хохирогчид гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.” гэж заасныг зөрчсөн байгааг анхааруулан тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/486 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ж.Отгончимэгийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН