Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 0486

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Ж.Отгончимэг,  

хохирогч Г.М,

шүүгдэгч Б.Ч, өмгөөлөгч Б.Баттулга,

гэрч Б.Энхчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Бгийн Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Бгийн Ч, Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1251 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, (РД:...).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Б.Ч нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед ... тоотод оршин суух иргэн Г.Мгийн “Samsung S-7” загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэгт:

Шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ: Би гар утас аваагүй юм чинь ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч Г.М мэдүүлэхдээ: Тухайн өдөр би гэртээ амарч байсан. Би орон дээр хэвтэж байсан. Манай хүүхэд утас барьчихсан хаалган дээр байсан. Гэнэт охин уйлахаар нь охин дээрээ очтол саарал ноосон цамцтай, үс нь арзайсан эмэгтэй цаашаа явж байгаа нь харагдсан. Би араас нь явалгүй, охиноо аргадсан. Дараа нь дэлгүүр ороод камерын бичлэгийг нь шалгуулахад шүүгдэгч Б.Ч яалт ч үгүй миний утсыг барьж дэлгүүрт орсон нь бичигдсэн байсан. Би махлаг өндөр тарган цагдаатай хамт дэлгүүрт орж бичлэг үзсэн. Би утсан дээрээ камерын бичлэгийг бичээд цагдаад өгсөн. Дараа нь хэрэг өөр цагдаа дээр очоод бичлэг байхгүй болсон байсан. Би гар утсаа хүлээж аваагүй. Цагдаагаас байн байн дуудаад байхаар нь ээж утсаа авсан гэсэн бичиг миний өмнөөс хийж өгсөн байсан. Миний гар утсыг барьж байсан охин маань тухайн үед ой гарантай байсан. Охин аниа утас аваад явсан гэж хэлсэн. Миний охин ойр зуур бага зэрэг ярьж ойлгуулдаг байсан. Хохирлоо нэхэмжилж байна гэв.

Гэрч Б.Энхчимэг мэдүүлэхдээ: Тэр өдөр би “Хатан буудай” дэлгүүрт ажиллаж байхад эхлээд нэг эрэгтэй хүн утас барьсан симийг нь аваад өгөөч гэж орж  ирсэн. Араас нь Ч орж ирсэн. Би симийг нь авч мэдэхгүй гэхэд тэр эрэгтэй болон Ч нар гараад явсан. Гэтэл араас нь энэ хохирогч гэх М орж ирээд дэлгүүрийн камерын бичлэг үзээд өөр утсан дээр бичлэгийг хохирогч бичиж аваад явсан гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1.Хохирогч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би гэртээ 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр амарч байсан. Тухайн үед өөрийнхөө хүүхэдтэй хоёулаа байсан. Тэгээд 11 цагийн үед манай охин миний гар утсыг бариад гэрийн хаалганы хажууд сууж байсан. Тэр үед би орон дээрээ хэвтэж байхад манай охин гэнэт уйлчихаар нь би охин дээрээ яваад очиход гар утас байхгүй, гадагшаа харахад сааралдуу өнгийн цамцтай ...үс нь арзайсан ...30 гаран насны эмэгтэй манай хашааны хаалгаар гараад гүйж байсан. Тэгээд би тэр эмэгтэйн араас араас гүйх гэж байснаа болиод охинтойгоо үлдсэн. Тухайн үед манай эгч байхгүй байсан учир гэрээс гараагүй. Эгчийг ажлаас нь ирэхэд цагдаад дуудлага өгсөн. “Samsung S egji 7” загварын гар утсаа 320.000 төгрөгөөр авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх15-16/,

2.Гэрч Б.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2019 оны 7 дугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан буудай” дэлгүүрт нэг өдөр худалдагчаар ажилласан. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд самсунг маркийн гар утасны сим картыг аваад өгөөч гэж ирсэн, сим картыг авч өгөөгүй, тэгээд тэр хоёр гараад явсан. Араас нь 30 орчим минутын дараа нэг эмэгтэй хүн гар утсаа алдсан гээд камер шүүгээд өгөөч гэж орж ирсэн. Би камер шүүж өгсөн. Тэр эмэгтэй камерийн бичлэгийг утсан дээрээ бичиж аваад явсан. Энэ асуудал 7 дугаар сард болсон. ...” гэх мэдүүлэг /хх22/,

3.Гэрч Б.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би жижүүртэй байсан. ... тоотод хүүхдийн гарнаас гар утас үл таних эмэгтэй аваад зугтаалаа гэх гэмт хэргийн дуудлага мэдээлэл шалгахаар тус тоотод очиход гар утас булаалгасан гэх хүүхдийн ээжтэй уулзсан. Тус тооттой ойрхон байрлах хүнсний дэлгүүр ороход  хяналтын камер байсан. Хэрэг гарсан гэх хугацааны камерын бичлэгийг шүүж үзэхэд хүүхдээс гар утас булаасан гэх эмэгтэй уг дэлгүүрийн камерын бичлэгт бичигдсэн байсан. Би камерын бичлэгийг үзэхэд миний өмнө шалгаж байсан хэргийн хохирогч Бгийн Ч гэх эмэгтэй байсан. Тухайн үед би камерын бичлэг хуулбарлаж авах гэсэн чинт флаш болон диск байгаагүй учир камерын бичлэгийг хуулбарлаж авч чадаагүй. ...” гэх мэдүүлэг /хх24/,  

4.Шүүгдэгч Б.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

2019 оны 7 дугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн танил эгчтэйгээ гэр рүүгээ харих гээд уулаар явж байсан. Тэр үед би согтуу байсан. Хашааны завсраар харсан чинь нэг хүүхэд гэрийнхээ хаалганы ойролцоо утсаар тоглож байсан. Тэгээд би тэр айлын хашаа руу ороод тэр хүүхдийн гар утсыг булаагаад зугтаасан юм. Тухайн үед надтай хамт явж байсан эгч гэр рүүгээ явсан. Би тэр гар утсыг нь явуулын хүнд зарчихсан. Хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна. Ганцаараа байсан, өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх58/,

5.Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын хэлтэст ирсэн дуудлагын лавлагаа /хх7/,

6.Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх31-35/,

7. “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх26-27/,

8.Шүүгдэгч Б.Чгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх50/, урьд эрүүгийн хариуцлага хүээлж байсан эсэхийг шалгасан хуудас /хх51/, шийтгэх тогтоол /хх47-49/, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны “...Б.Ч нь хайрханы 9-339 тоотод 2012 оноос хойш оршин сууж байгаа тухай...” тодорхойлолт /хх60/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

1.Гэм буруугийн талаар.

            Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед ... тоотод оршин суух иргэн Г.Мгийн “Samsung s7” маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.М, гэрч Энхболд, Б.Чгийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг, “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.

            Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.Мгийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаагаар гар утас булаасан эмэгтэйг хохирогч шууд заасан. Энэ нь эх сурвалжаа тодорхой хэмжээгээр зааж өгч байгаа. Мөн гэрч Энхболдын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үзэхэд шүүгдэгч Б.Ч нь дээрэмдэх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь нотлогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Энхчимэг ач холбогдолтой зүйлээ л ярина. Хууль сануулж өөрийнх нь харсан зүйлийн талаар мэдүүлэг авна. Гэрч Энхчимэг гэмт хэрэг гарсан газар байгаагүй. Тухайн үед дэлгүүрт ажиллаж байсан. Эрэгтэй хүн орж ирээд симийг нь гаргаад өгөөч гэсэн гэдгийг хэлсэн учраас прокурорын зүгээс хэрэгт ач холбогдол бүхий гэрч биш гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн. Гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг шалган тогтоосон. Шүүгдэгч Б.Чг бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэсэн дүгнэлтийг;

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга шүүгдэгч Б.Чд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьтай оролцохоо илэрхийлж, дүгнэлтдээ хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй. Гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй, Б.Чгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдэг нь хангалттай тогтоогдоогүй. Учир нь хохирогч Г.М Б.Чг харахдаа эгчтэйгээ андуурсан гэж, дараа нь хашаанаас зугтаагаад гарахад араас нь харсан гэж мэдүүлсэн. Гэтэл Б.Чг таньж олуулах ажиллагаагаар хохирогч Г.М танихдаа хэрхэн таниад байна вэ, дэлгүүрийн хяналтын камерын бичлэг шууд гэмт хэрэг гарч байгааг бичээгүй. Г.М гэрээс нь 4, 5 айлын хашааны зайтай их ойрхон байдаг талаараа мэдүүлсэн. Энэ утгаар нь бодоход айлаас хулгай хийгээд тухайн айлаас 4 хашааны цаана дэлгүүрт ороод гар утасны симийг нь аваад өг гэж явахгүй. Гэрч Энхчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Б.Чг энэ хүн мөн байна гэж зааж чадахгүй, таньж чадахгүй байна. Дуудлага мэдээллийн хуудсанд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан талаар байна. Мөн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн гэх боловч бичлэг нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үүргээ цагдаагийн байгууллага гүйцэтгэж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдож тогтоогдоогүй гэж үзэж байна.

            Мөн 2019 оны 7 дугаар  сарын 22-ны өдөр болсон хэрэг нь дээрмийн хэрэг үү гэдэг нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл өндөр настай, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн өвчтэй, бага насны хүүхэд, болж байгаа үйл явдлыг ойлгох чадваргүй нөхцөлд үйлдэгдсэн гэмт хэргийг нууц далд аргаар авсан гэж үздэг. Нууц далд аргаар авсныг хулгайн гэмт хэргээр зүйлчилдэг. Дээрэмдэх болон хулгайлах гэмт хэргийн аль нь ч байсан Б.Ч гэмт хэрэг үйлдсэн эсэх нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдсонгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Чг гэм буруугүйд тооцож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

            Шүүгдэгч Б.Ч гэм буруугийн талаар маргасан.

Шүүх шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Чгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед ... тоотод иргэн Г.Мгийн 01 настай охин монгол гэрийнхээ хаалганы хажууд сууж Г.Мгийн “Samsung S Edji-7” загварын гар утсыг бариад тоглож байхад түүний гараас гар утсыг шүүгдэгч Б.Ч хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт нь:

хохирогч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ...11 цагийн үед манай охин миний гар утсыг бариад гэрийн хаалганы хажууд сууж байсан. ...манай охин гэнэт уйлчихаар нь би охин дээрээ яваад очиход гар утас байхгүй, гадагшаа харахад сааралдуу өнгийн цамцтай, ...үс нь арзайсан, 30 гаран насны эмэгтэй манай хашааны хаалгаар гараад гүйж байсан. ...” гэх мэдүүлэг /хх15-16/,

-гэрч Б.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 22-нд ...“Алтан буудай” дэлгүүрт худалдагчаар ажилласан. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд Samsung маркийн гар утасны сим картыг авч өгөөч гэж орж ирсэн, сим картыг авч өгөөгүй. ...Араас нь 30 орчим минутын дараа нэг эмэгтэй хүн гар утсаа алдсан гээд камер шүүгээд өгөөч гэж орж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх22/,

-Гэрч Б.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ...... тоотод хүүхдийн гарнаас гар утас үл таних эмэгтэй аваад зугтаалаа гэх ...дуудлага мэдээллийг шалгахаар тус тоотод очсон. ...гар утас булаалгасан гэх хүүхдийн ээжтэй уулзсан. Тус тооттой ойрхон байрлах хүнсний дэлгүүр ороход  хяналтын камер байсан. ...камерын бичлэгийг шүүж үзэхэд хүүхдээс гар утас булаасан гэх эмэгтэй уг дэлгүүрийн камерын бичлэгт бичигдсэн байсан. ...камерын бичлэгийг үзэхэд миний өмнө шалгаж байсан хэргийн хохирогч Бгийн Ч гэх эмэгтэй байсан. ...” гэх мэдүүлэг /хх24/

Шүүгдэгч Б.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн танил эгчтэйгээ гэр рүүгээ харих гээд уулаар явж байсан. ...Хашааны завсраар харсан чинь нэг хүүхэд гэрийнхээ хаалганы ойролцоо утсаар тоглож байсан. ...би тэр айлын хашаа руу ороод тэр хүүхдийн гар утсыг булаагаад зугтаасан юм. ...Ганцаараа байсан. ...” гэх мэдүүлэг /хх58/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын хэлтэст ирсэн дуудлагын лавлагаа /хх7/, Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх31-35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин прокуророос шүүгдэгч Б.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг  салган авч тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.

Харин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь эд хөрөнгийг нууц далд аргаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн шууд санаатай үйлдлийг ойлгох ба, мөн бага насны, өндөр настай гэх зэрэг бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд хөрөнгийг авсан үйлдлийг нууц, далд аргаар авсан гэж үзэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж үзнэ.

Тухайн хэргийн үйл баримтаар хохирогч Г.Мгийн гар утсыг түүний 01 настай охин нь гэрийн хаалганыхаа хажууд бариад тоглож байхад шүүгдэгч Б.Ч нь хашааны  завсараар харж, улмаар хашаанд нь орж хүүхдээс гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд үүнээс үзвэл тухайн үед болж байгаа үйл явдлыг 01 насны буюу бага насны хүүхэд ойлгож мэдэхгүй тул уг этгээдийн халдаж буй объект, үйлдлийн шинжид үндэслэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “хулгайлах” гэмт хэргийн талаар заасан ба, тус зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж заасан, уг зүйлийн тайлбарт энэ зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй.” гэж заасан.

Шүүгдэгч Б.Чгийн хулгайлсан гар утас нь хөрөнгийн үнэлгээний байгууллагын тогтоосон үнэлгээгээр 180.000 төгрөгийн үнэтэй буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд буюу 301.000 төгрөгт хүрэхгүй байна.

Мөн дээрх зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдал нь бага хэмжээний хохирол 301.000 төгрөгөөс доош хэмжээний хохирол байж болох боловч энэхүү үйлдэл нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэх, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах гэх зэрэг аргуудаар үйлдэгдсэн байхаар хуульд тухайлан заасан.

Шүүгдэгч Б.Ч нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан шинж тогтоогдож байгаа боловч түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч Б.Ч нь хохирогчийн хашаанд нэвтэрч орсон, хашаа нь цоожгүй байсан байх ба, хууль зүйн хувьд хашааг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хамааруулан үзэхгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтээс “...шүүгдэгч Б.Ч гэмт хэрэг үйлдсэн нотлогдоогүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал нь үндэслэлгүй ба, харин хэргийн зүйчлэлийн тухайд хулгайн гэмт хэргийн шинжийн талаар гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Б.Чгийн хулгайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Чгийн хулгайн үйлдлийн улмаас учирсан 180.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Чгээс нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгч Б.Ч нь шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй үндэслэлээр түүнд 2020 оны 4 дүгээр сарын 14-ни өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарсан боловч, шүүгдэгчийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр олж, мөн өдрөөс шүүхийн шийдвэр биеэлсэн байх тул шүүгдэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 11 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5,  36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Бгийн Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Чг  цагаатгасугай.

            2. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 11 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

            3.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М нь гар утасны үнэ 180.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Чгээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            4. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Чд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

             6. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Чд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА