Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01189

 

ОКХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03176 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2331 дүгээр магадлалтай,

ОКХХК-ийн нэхэмжлэлтэй

Х.Сд холбогдох

.......тай, 14.4 м.кв талбайтай, автомашины дулаан зогсоолыг ОКХХК-д шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч ОКХХК нь хариуцагч Х.Сд холбогдуулан .......тай, 14.4 м.кв талбайтай, автомашины дулаан зогсоолыг ОКХХК-д шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03176 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Сд холбогдох .......тай, 14.4 м.кв талбайтай, автомашины дулаан зогсоолыг ОКХХК-д шилжүүлж өгөхийг Х.Сд даалгах тухай нэхэмжлэгч ОКХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ОКХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2331 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 194,263 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд анхан шатны шүүх шийдвэртээ “...Хариуцагч Х.С .......тай 14,4 м.кв талбайтай, авто машины дулаан зогсоолыг ОКХХК-д шилжүүлэхээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хэдий ч уг зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх шаардлагатай тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлээгүй болно...гэжээ.

Хариуцагч Х.С нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдааны үеэр гаргасан хариу тайлбартаа “... тухайн үед дээрх үл хөдлөх хөрөнгийг авахаар хэлцэл хийсэн нь үнэн, харин би уг гараж надад хэрэггүй байсан учраас үнийг төлөөгүй, би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр гарсан байсан гэдгийг мэдээгүй, гаражийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй ...” гэсэн байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэлгүй оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан илэрхий нотлох баримт болон хариуцагчийн тайлбарт үндэслэн хэргийг хуулийн дагуу хариуцагчийн зөвшөөрлийг батлаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн. Шүүхийн практикт “Иргэний хуульд нийцсэн” гэдгийг “хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй байх”-ыг “гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэдгийг “бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх” гэж ойлгодог байхад хэрэгт авагдсан ямар баримтаар хэн гэж хүний ямар эрх шиг хөндөгдсөн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, ямар хуулийн заалтыг зөрчсөн нь гэдгийг тодорхойгүйгээр оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнд гомдолтой.

Мөн анхан шатны шүүх шийдвэртээ “...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” ’’...Нэхэмжлэгч ОКХХК нь Х.Сийг авто зогсоолын үнэ 4000 ам долларыг төлсөн тул түүний өмчлөлд уг хөрөнгийг бүртгүүлэх хүсэлтийг 2007.07.27-ны өдөр хүргүүлснээр уг хөрөнгө Х.Сийн өмчлөлд бүртгэгдсэн нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо....” гэж заасан мөртлөө талуудын хууль зөрчөөгүй байдлаар гэрээ хэлцэл байгуулах, улмаар гэрээ хэлцлээр харилцан тохиролцож цуцлах, татгалзах эрхийг хязгаарласан байдлаар хүчээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч ОКХХК хариуцагч Х.Сд холбогдуулан .......тай, 14.4 м.кв талбайтай, автомашины дулаан зогсоолыг ОКХХК-д шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг шаардлагын үндэслэлээ “талууд 2007.07.26-ны өдөр 4000 ам.доллароор төлж, авто зогсоолыг өмчлөлдөө шилжүүлэн авах гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй” гэж тайлбарласан бол хариуцагч Х.С нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал бүрдээгүй гэж дүгнэн хэргийг ердийн журмаар хэлэлцсэн ба улмаар гэрээний зүйлийн үнийг төлөөгүй гэх үндэслэлээр шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ авто зогсоолын төлбөр 4000 ам.долларыг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар тогтоогдоогүй, хариуцагч Х.С нэгэнт өмчлөгч болсон ба уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн гэж дүгнэжээ.

8. Зохигч нэхэмжлэлийн зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХдугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх талаар эсэргүүцэн маргаагүй атал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах асуудлаар шүүхэд ханджээ. Хариуцагч уг эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх талаар анхнаасаа маргаагүй бол шүүхийн бус журмаар асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд ийнхүү шүүхэд хандах болсон шалтгааныг Ү-ХХХХХХдугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах хариуцагчийн эрхийг холбогдох этгээдээс түдгэлзүүлсэнтэй холбон тайлбарлаж байна. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болголгүй ердийн журмаар хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүхийн ажиллагаа хуульд нийцжээ.

9. Тодруулбал, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.25-ны өдрийн 30539 дугаартай шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.19-ний өдрийн 1181 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.05-ны өдрийн 1306 дугаартай захирамжуудыг тус тус албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэлийн зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХдугаартай үл хөдлөх эд хөрөнгө болох авто зогсоолыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, улмаар хураах, битүүмжлэх, албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаанууд явагдаж байна.

Автозогсоол нь хариуцагч Х.Сийн өмчлөлийн зүйл байхын зэрэгцээ өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах хариуцагчийн эрхийг түдгэлзүүлсэн талаар улсын бүртгэлд тэмдэглэн, албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа нэгэнт эхэлсэн байх тул уг хөрөнгийн талаар шийдвэр гаргах өмчлөгчийн эрх хязгаарлагдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэх хариуцагч Х.Сийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

10. Талууд иргэний хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд татгалзлын үр дагаврыг эд хөрөнгөө харилцан буцаах байдлаар арилгах боломжтой. Гэвч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч ба хариуцагч нарын тухайд ийнхүү бодит байдлаар хөрөнгийг буцаан гэрээнээс татгалзах боломжгүй нөхцөл бүрдсэн буюу хариуцагч Х.Сд үл хөдлөх эд хөрөнгө болох автозогсоолыг биет байдлаар буцаан өгөх шийдвэр гаргах эрх нь хязгаарлагджээ. Ийнхүү гэрээнээс татгалзсаны үр дагаврыг биет байдлаар буцаан олгох боломжгүй бол үнийг төлөх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т заасантай нийцнэ. Гэвч нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан мөнгөн хөрөнгө шаардаагүй, эд хөрөнгийг биет байдлаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд нэхэмжлэгчийн бүрэн эрхэд хамаарна.

11. Дээр дурдсан үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХдугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2331 дүгээр магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03176 дугаар шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ОКХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021 оны 01 сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.БАНЗРАГЧ

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН