Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02331

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03176 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О ХХК-ийн хариуцагч Х.С-д холбогдуулан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 дүгээр байрны зоорийн давхрын 17 дугаартай, 14.4 м.кв талбайтай, автомашины дулаан зогсоолыг Орчлон констракшн ХХК-д шилжүүлж өгөхийг Х.С-д даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орчлон констракшн ХХК нь 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Х.Сарангэрэлтэй Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 дүгээр байрны зоорийн давхрын 17 дугаартай, 14.4 м.кв талбайтай, автомашины дулаан зогсоолыг худалдахаар орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Х.Сарангэрэл гэрээний төлбөрт 4.000 ам.доллар төлөх байсан. Гэвч үүргээ биелүүлээгүй, биелүүлэхийг шаардахад уг үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх боломжгүй гэх хариу өгдөг. Х.Сарангэрэл гэрээний үүргээ биелүүлээгүй мөртлөө эрхийн улсын бүртгэлийн албанд өмчлөгчөөр бүртгэгдсэн. Иймд манай компанийн зүгээс иргэн Х.Сарангэрэлтэй байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзаж байгаа тул автомашины дулаан зогсоолыг Орчлон констракшн ХХК-д шилжүүлэхийг Х.С-д даалгаж өгнө үү. Иргэн Б.Лосол нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компанид холбогдуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 дүгээр байрны зоорийн давхрын 17 дугаартай, 14.4 м.кв талбайтай, автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б.Лосол нь нэгэнт уг гараашийн өмчлөгчөөр Х.Сарангэрэл бүртгэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гэрээний үүрэгт төлсөн 18 000 000 төгрөгийг тус Орчлон констракшн ХХК-иас нэхэмжлэн тус хэрэг 2020 оны 5 дугаар сард шийдвэрлэгдэж дууссан. Уг шийдвэрт манай компани давж заалдах гомдол гаргаагүй, Б.Лосолд мөнгийг нь өгч шийдвэр хүчин төгөлдөр болсон гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Сарангэрэл миний бие 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Орчлон констракшн ХХК-д ажилладаг хамаатныхаа хүнээс Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 17 дугаар байранд 2 өрөө байр худалдан авч 2 жил гаруй хугацаанд амьдарсан. Тухайн үед мөн зоорийн давхарт байрлах гараашийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан ашиглаж байсан. Миний зүгээс Орчлон констракшн ХХК-д авто зогсоолын мөнгө гэж төлөөгүй бөгөөд уг авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээ миний нэр дээр гарсныг сүүлд 2018 онд мэдсэн. Уг гараашийг 2018 онд шийдвэр гүйцэтгэх байгууллага хураан авсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа болсон ч зарагдаагүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй ба ажиллагаа хийгдээгүй жил гаран болж байна. Уг гараашийг Б.Лосол гэж хүн худалдан авсан гээд ашигладаг гэсэн. Би уг гараашийг өмчлөх эрхгүй бөгөөд нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.С-д холбогдох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 дүгээр байрны зоорийн давхрын 17 дугаартай, 14.4 м.кв талбайтай, авто машины дулаан зогсоолыг Орчлон констракшн ХХК-д шилжүүлж өгөхийг Х.С-д даалгах тухай нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194 263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Х.Сарангэрэл нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдааны үеэр гаргасан хариу тайлбартаа тухайн үед дээрхи үл хөдлөх хөрөнгийг авахаар хэлцэл хийсэн нь үнэн, харнн би уг гарааш надад хэрэггүй байсан учраас үнийг төлөөгүй, би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр гарсан байсан гэдгийг мэдээгүй, гараашийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэлгүй нь оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн. Шүүхийн практикт Иргэний хуульд нийцсэн... гэдгийг хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй байхыг гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй... гэдгийг бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх гэж ойлгодог байхад хэрэгт авагдсан ямар баримтаар хэн гэж хүний ямар эрх ашиг хөндөгдсөн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, ямар хуулийн заалтыг зөрчсөн нь гэдгийг тодорхойгүйгээр оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнд гомдолтой. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ ...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК нь Х.Сарангэрэлийг авто зогсоолын үнэ 4 000 ам.долларын төлсөн тул түүний өмчлөлд уг хөрөнгийг бүртгүүлэх хүсэлтийг 2007 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэнээр уг хөрөнгө Х.Сарангэрэлийн өмчлөлд бүртгэгдсэн нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо.... гэж заасан мөртлөө талуудын хууль зөрчөөгүй байдлаар гэрээ хэлцэл байгуулах, улмаар гэрээ хэлцлээр харилцан тохиролцож цуцлах, татгалзах эрхийг хязгаарласан байдлаар хүчээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК нь хариуцагч Х.С-д холбогдуулан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 20 дугаар сургуулийн зүүн талд баригдаж буй 19 дүгээр байрны 17 тоотын 14.4 м.кв талбайтай автомашины дулаан зогсоолыг Орчлон констракшн ХХК-д шилжүүлж өгөхийг Х.С-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Орчлон констракшн ХХК, Х.Сарангэрэл нарын хооронд 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 20 дугаар сургуулийн зүүн талд баригдаж буй 19 дүгээр байрны 17 тоотын 14.4 м.кв талбайтай автомашины дулаан зогсоолыг 4 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэргийн 56 дугаар талд авагдсан гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэжээ.

 

Хэргийн 54 дүгээр талд авагдсан хариуцагч Х.Сарангэрэлийн 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан гарашийн үнэ 4 000 ам.доллар буюу 4 666 000 төгрөг төлсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө үү гэх агуулга бүхий өргөдөл, хэргийн 57 дугаар талд авагдсан нэхэмжлэгч О ХХК-ийн 2007 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан Х.Сарангэрэл нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 20 дугаар сургуулийн зүүн талд баригдаж буй 19 дүгээр байрны 17 тоотын 14.4 м.кв талбайтай автомашины дулаан зогсоолыг бариулж төлбөрөө дуусгасан тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар албан бичгийг хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийг үндэслэн Х.Сарангэрэлийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгож өгнө үү гэх баримтуудаар нэхэмжлэгчийн хариуцагч үүргээ биелүүлээгүй гэх тайлбар, хариуцагчийн нэхэмжлэгч байгууллагад автомашины зогсоолын мөнгө төлөөгүй гэх тайлбар тус тус үгүйсгэгдсэн болно.

 

Хэргийн 48-60 дугаар тал дах Эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан Х.Сарангэрэлийн зогсоолын үнийг бүрэн төлсөн тул гэрчилгээ гаргуулах тухай өргөдөл, нэхэмжлэгч О ХХК-ийн Х.Сарангэрэлийн нэр дээр гэрчилгээ гаргуулахаар Эрхийн бүртгэлийн газарт гаргасан тодорхойлолт, барилгын план зураг, зогсоолын фото зураг болон бусад баримтыг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь хариуцагч Х.Сарангэрэлийн нэр дээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 19 дүгээр байрны 17 тоот 14.4 м.кв талбай бүхий зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаснаар тэрээр өмчлөгч болсон үйл баримт тогтоогджээ.

 

Хариуцагч Х.Сарангэрэлээс иргэн П.Жамсранд 161 030 000 төгрөг төлүүлэх тухай Хан-Уул Баянгол Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 30539 дугаартай шүүхийн шийдвэр гарсан байх бөгөөд уг шүүхийн шийвэрийн дагуу төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 20 дугаар сургуулийн зүүн талд баригдаж буй 19 дүгээр байрны 17 тоотын 14.4 м.кв талбайтай зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16290022/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Х.Сарангэрэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 20 дугаар сургуулийн зүүн талд баригдаж буй 19 дүгээр байрны 17 тоотын 14.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027810 дугаарт бүртгэлтэй, автомашны зогсоолыг битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 16290022/ дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/18 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх40-41, 42-43, 73/

Хариуцагч Х.Сарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, автомашины дулаан зогсоолын өмчлөлийг буцаан шилжүүлэхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүх маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн нь тогтоогдсон тул шүүх зохигчдын эвлэрлийг батлаагүй нь хууль зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэвэл зохигчдын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг дуусгавар болсон тул энэ хуулийн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээг цуцалж, үр дагаврыг арилгаж зогсоолыг буцаан гаргуулах боломжгүй. Иймээс нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нөгөө талаар талуудын хэн аль нь 2007 онд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.Сарангэрэл нь 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр болсон байх бөгөөд уг хугацаанаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн хугацааг тоолвол О ХХК-ийн автомашины зогсоолыг шилжүүлж өгөхийг Х.С-д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар 2007 онд албан бичиг болон тодорхойлолт гэх баримт хүргүүлсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг мэдсэн бөгөөд мэдэх боломжтой гэж үзэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу зогссон гэх байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг дүгнээгүй нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 194 263 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ