Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0591

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Ө**********

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тушаал хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Г-*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1. Ө*********** аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/0* дугаар тушаалаар ... Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалын сул орон тоо нөхөгдөх хүртэл Э.Ө********** тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан.

2. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7* дугаартай тогтоолын 3 дахь заалтаар Ө***** аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/0* дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т нийцээгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн.

3. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолоор ... 7* дугаар тогтоолын хэрэгжилт хангаагүй тул Ө****** аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Э.Ө********** тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах тухай Б/0* дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4. Ө******* аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/05* дугаар тушаалаар ... Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалын сул орон тоо нөхөгдөх хүртэл Э.Ө********** ыг тус албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан.

5. Ө аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 141 дүгээр шийдвэрээр Э.Ө********** ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожажлаас чөлөөлөх тухай Ө*********** аймгийн Өмчийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/20* дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

6. Э.Ө********** аас Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Э.Ө********** тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Э.Ө********** би эрх зүйч мэргэжилтэй, 2010 оноос хойш 11 жил төрийн захиргааны болон улс төрийн албан тушаалтнаар төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаад Ө***** аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/0* дугаар тушаалаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 32* дугаар тогтоолыг үндэслэн гарсан Ө*********** аймгийн Өмчийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/20* дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Төрийн албаны зөвлөлийн 11 дүгээр сарын 10-ны өдрийн "Хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ авах тухай" 32* дугаар тогтоолыг болон анх ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон гэх *** дугаар тогтоолыг би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхдөө анх мэдсэн бөгөөд чамайг ажлаас чөлөөлөхөөр боллоо, Төрийн албаны зөвлөлийн 32* дугаар тогтоолыг биелүүлж байна гэж тухайн өдөр л хэлсэн бөгөөд өмнө нь уг тогтоол гарсан, уг тогтоолыг үндэслэн намайг ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар мэдэгдээгүй, миний тайлбар, санал гаргах боломжоор хангалгүй, хөдөлмөрлөх эрхэд минь халдаж байгаад гомдолтой байна.

Ийнхүү *** дугаар тогтоолтой танилцах үеэрээ Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7* дугаар тогтоолын талаар мэдсэн юм. Төрийн албаны зөвлөлийн 7* дугаар тогтоолын Э.Ө********** д холбогдох хэсэг нь дараах үндэслэлээр эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 43.3 дахь хэсэгт зааснаар худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх хамгийн ойр хамааралтай албан хаагчдаас санал авсан боловч ажлын ачааллаас хамааран татгалзсан учир хуульд заасан уг журмыг биелүүлэх боломжгүй байдалд орсон. Улмаар төрийн албыг тасралтгүй явуулахын тулд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1 дугаар зөвлөмжийн 2.2 заалтаар төрийн албаны сул орон тоог нөхөх боломжийг ажил олгогчид олгосны үндсэн дээр Э.Ө********** надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Ө****** аймгийн Өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүрэгт томилсон учир уг томилсон ажиллагаа нь хуульд заасан журмыг зөрчөөгүй. Хуульд заасан журмыг зөрчөөгүй байхад зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны зөвлөлийн 32* дугаар тогтоолын 5 дахь заалт нь дараах үндэслэлээр эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөлийн 11 дүгээр сарын 10-ны өдрийн "Хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ авах тухай" 32* дугаар тогтоолын 5 дугаар зүйлд "Төрийн албаны тухай хуулийн 7.1.3. 37.1.4, 39.1.5 заалтуудыг зөрчиж аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон зөрчлийг арилгахыг үүрэг болгосугай" гэжээ.

Намайг тухайн албан тушаалд томилсон явдал нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн зүйлгүй. Би ажилд томилогдсоноосоо хойш Ардчилсан намын гишүүнчлэлээс түдгэлзсэн байгаа тул дээрх үндэслэлүүд хамаарахгүй бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5.-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно." гэж заасны дагуу би төрийн захиргааны албан тушаал эрхэлж байсан болно. Өөрөөр хэлбэл Төрийн албаны болон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд намын гишүүнчлэлгүй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байхыг хориглоогүй учир уг захиргааны акт нь үндэслэлгүй.

Төрийн албаны зөвлөлийн *** дугаар тогтоол нь дараах үндэслэлээр эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна.

Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа тухайн захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдал, түүний хууль зүйн үндэслэлийг захиргааны актад тусгасан байх хуулийн шаардлагатай. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг дурдаад, тус зүйлийн 40.2.5 дахь заалтад захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл, маргаан бүхий захиргааны актад хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй байна. Мөн маргаан бүхий актыг гаргахдаа захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй.

Тодруулбал захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт заасныг зөрчиж захиргааны акт гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг надад олгоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй.

Иймд хуульд үндэслээгүй, хуульд заасан холбогдох журмыг зөрчсөн, захиргааны актын шаардлагыг хангаагүй гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7* дугаар тогтоолын Э.Ө********** д холбогдох хэсгийг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 32* дугаар тогтоолын 5 дахь заалтыг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн *** дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулаад 2021 оны 12 сарын 27-ны өдөр 3 шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэл гаргасныг шүүх *** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой хэсгийг захиргааны хэрэг үүсгэж үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. *** дугаар шийдвэртэй холбоотой манай нэхэмжлэгч ямар үндэслэлээр гомдолтой байгаа вэ гэхээр *** дугаар тогтоол буюу захиргааны акт нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлээ гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ үндэслэлийг дэмжиж нэхэмжлэлээ гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасныг зөрчсөн захиргааны акт учраас хүчингүй болгуулах эрх зүйн үр дагавар үүсэж байгаа. *** дугаар тогтоолд хэрвээ энэ захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хаана хэзээ хандаж ямар гомдол гаргах талаар зааж өгөөгүй. Мөн маргаан бүхий захиргааны актыг сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар санал гаргах боломжийг олгоогүй гэдэг үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй акт юм. Тийм учир хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, улс төрөөс хараат бус, мэргэшсэн тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад "иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох" гэж Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хуульчилсан.

Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээллийн мөрөөр хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулж, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хуний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийхэд Ө*********** аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд Э.Ө********** ыг хууль тогтоомж зөрчиж томилсныг илрүүлсэн.

Тодруулбал, Э.Ө********** нь тус аймгийн Д**** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/4* дугаар тушаалаар 4 дүгээр багийн зохион байгуулагчийн албан тушаалд ажиллаж байгаад. сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/58* дугаар захирамжаар 4 дүгээр багийн Засаг даргын албан тушаалд томилогдон ажилласан байна.

Түүнчлэн Э.Ө********** ыг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн томилсон байна.

Хуулийн уг заалт нь төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулиар тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хөндөөгүй бөгөөд зөвхөн "...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалт "-A хамаарах юм.

Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх зарчмын хүрээнд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хугацаанд төрийн албаны сул орон тоог нөхөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт явуулахгүйгээр, зохих шаардлага хангасан албан хаагчийг тухайн албан тушаалд тодорхой хугацаатай томилох боломжийг нээсэн зохицуулалт гэж Төрийн албаны зөвлөл үзэж, хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч ирсэн.

Ийнхүү томилох тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 22. 23 дугаар зүйлд заасан албан тушаалд тавих нийтлэг болон тусгай шаардлага, түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс баталж зөвшөөрөл олгосон албан тушаалын тодорхойлолтод заасан болзол шаардлагыг бүрэн хангасан, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох тухай ойлголт болно.

Энэ нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, иргэнийг төрийн албанд томилохдоо гагцхүү чадахуйн зарчим, шатлан дэвших тогтолцоог хөндөхгүйгээр 14 20 төрийн албаны сул орон тоог нөхөх нь зохистой арга хэлбэр юм.

Харин нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг төрийн албан тушаалд томилж байгаа нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн зөрчилтэй томилгоог хууль тогтоомжид нийцүүлэх шаардлага, хугацаатай үүрэг, даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулж ажилласан.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу Зөвлөлийн 2021 оны 7* дугаар тогтоолоор Э.Ө********** ын томилгооны зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, тогтоолын биелэлт хэрэгжээгүй учир 30.3 дахь хэсэгт заасны дагуу Зөвлөлийн 2021 оны *** дугаар тогтоолоор томилсон тушаалыг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд иргэн Э.Ө********** ын Төрийн албаны зөвлөлд холбогдуулсан "Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Авлигатай тэмцэх газраас мэдээлэл ирүүлсэн. Нэхэмжлэгчийг ажилд томилохдоо хувийн ашиг сонирхол байгаа эсэх талаар хянуулахаар Ө*********** аймгийн орон нутгийн өмчийн газраас явуулсан байдаг. Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хянасан тус баримтаар нэхэмжлэгчийн хувьд Ө*********** аймгийн орон нутгийн өмчийн худалдах авах ажиллагааны газрын даргын албан тушаалд томилогдоход ашиг сонирхол тогтоогдоогүй гэхдээ Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн байна гээд бичгийг явуулсан байдаг. Тус дүгнэлтийг томилох эрх бүхий этгээд болох Ө*********** аймгийн орон нутгийн өмчийн газарт явуулаад нэг хувийг Төрийн албаны зөвлөлд явуулсан. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл болон 66 дугаар зүйлийн 66.1.3-д иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж заасан. Ингээд Авлигатай тэмцэх газраас мэдээлэл ирсэн байгаа. Эдгээр мэдээллийг бүгдийн нэгтгэж байгаад Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулаад Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 3 сарын 03-ны өдрийн 7* дугаар тогтоол гардаг. 7* дугаар тогтоолын хавсралтад нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилогдсон байна гээд тогтоосон байдаг. Ингэж тогтоогоод хууль бус тушаалаа хүчингүй болгож өгнө үү гээд Төрийн албаны зөвлөлөөс хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Тус тогтоолоор тогтоосон хугацаанд буюу 3 сарын 03-ны өдрийн 7* дугаар тогтоолоор 6 сарын 30-ны дотор зөрчлөө арилгаарай гэж эрх бүхий албан тушаалтанд үүрэг өгсөн. Ингээд зөрчлөө арилгаагүй. Нэхэмжлэгчийг орон нутгийн газрын даргын албан тушаалд томилсон эрх бүхий этгээд нь хүчингүй болгоогүй байдаг. Ингээд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 66.1.3 дах зүйл заалтын дагуу хэрвээ хууль тогтоомжид заасан шаардлагыг арилгаагүй байх юм бол зөвлөл өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн *** дугаар гэсэн тогтоолоор нэхэмжлэгчийг томилсон шийдвэр буюу Ө*********** аймгийн орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/0* дугаар тушаалыг хүчингүй болгосон байдаг. Үүнтэй ингээд маргасан. Хугацаатай өгсөн тогтоолтой маргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр тухайн үед хугацаанд нь гомдол гаргаагүй байж байгаад сүүлд *** дугаар шийдвэр ирсний дараа гаргасан. Ингээд байж байтал нэхэмжлэгчийг чөлөөлөөд Төрийн албаны зөвлөлийн *** дугаар тогтоолын дагуу буцаагаад томилсон асуудал байгаа. Нэхэмжлэгчийн хувьд Ө*********** аймгийн багийн зохион байгуулагч гэсэн албан тушаалд анх томилогдсон байдаг. Ингэж томилогдоод удаагүй 4, 5 сар гэж байгаад эргээд улс төрийн албан тушаалт хашаад явсан байдаг. Тасралтгүй улс төрийн албан тушаал хашсан байдаг. Сумын Засаг даргын албан тушаалаар багийн Засаг даргын албан тушаал хашсан. Нэхэмжлэгчийн хувьд яагаад хууль зөрчиж томилогдсон бэ? гэхэд төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байхгүй, Э.Ө********** ын тухайд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллагаагүй дандаа улс төрийн албан тушаалд ажилласан байдаг. Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 2019 оноос өмнө нь томилгоотой хүмүүсийг угаасаа хуучин хуулийн хүрээнд томилогдсон учир эрх ашиг хөндөгдөхгүй гэж Төрийн албаны зөвлөл үзэж тогтоосон байгаа. Шинэ хууль хэрэгжиж эхлээд Э.Ө********** ын хувьд томилогдохоо нөөцөд байхгүй жинхэнэ албан тушаалд ажиллаагүй гээд тусгай шаардлага хангаагүй байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан мөн албан тушаалын шаардлагад заасан тусгай шаардлагыг төрийн захиргааны албан хаагч зайлшгүй хангасан байх ёстой. Гэтэл захиргааны албан хаагчид тавигдах тусгай шаардлагыг хангаагүй хууль бусаар томилогдсон байна. Хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд Э.Ө********** ын хувьд томилогдох бүрэн боломжтой. Үүнтэй холбоотой худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд бүртгүүлсэн, гэтэл Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс бүртгэх боломжгүй, хууль бус томилгоотой, тусгай шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр бүртгээгүй. Үүнтэй холбоотой Ө*********** аймгийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Э.Ө********** аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тушаал хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй Э.Ө********** д Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй тул уг акт хууль бус гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд:

1. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 284 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод тодорхойлсноор Ө*********** аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаал нь төрийн захиргаан дэс түшмэл, ТЗ-7 ангилалд хамаарч байх ба Төрийн албаны тухай хуулийн 10 дугаа зүйлийн 10.3-т зааснаар төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарч байх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилохоор заажээ.

1.1. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох журмыг нарийвчлан хуульчилсан.

1.2. Гэтэл Ө*********** аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга нь хуулиар тогтоосон төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох журмыг зөрчиж 2021 оны Б/0* дугаар тушаалаараа Э.Ө********** ыг төрийн жинхэнэ албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулсан байх ба Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7* дугаартай тогтоолын 2 дугаар заалтаар Ө*********** аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/0* дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т нийцээгүй болохыг тогтоож, 4 дүгээр заалтаар Хоёрдугаар хавсралтад заасан иргэдийг томилсон шийдвэрийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авч, биелэлтийг 2021 олны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлэхийг эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

1.3. Улмаар хариуцагч Төрийн албаны зөвлөл нь маргаан бүхий 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолоор ... 7* дугаар тогтоолын хэрэгжилт хангагдаагүй тул Ө*********** аймгийн орон нутгийн өмчийн газрын даргын 2021 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/0* дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно гэж тус тус заасан эрх хэмжээг хэрэгжүүлж гарсан, хууль ёсны шийдвэр байна.

1.4. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1- т зааснаар хариуцагч Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх эрх хэмжээтэй байх ба тус байгууллага нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна гэж заасны дагуу хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар 7* дугаартай тогтоолоор томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг өгсөн боловч томилох эрх бүхий албан тушаалтан нь уг үүргийг хэрэгжүүлээгүй болох нь, тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан журмын дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөөгүй болох нь Ө*********** аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/05* дугаар тушаал гарч Э.Ө********** ыг худалдан авах албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаагаар тогтоогдож байх тул маргаан бүхий акт нь хууль хэрэгжүүлж гарсан байна.

2. Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас Э.Ө********** нь Ө*********** аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд хуульд заасан журмын дагуу томилогдоогүй тухайдаа маргаагүй.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд зөрчигдсөн эрх гэж байхгүй юм. Өөрөөр хэлбэл, иргэний төрийн албан тушаалд ажиллах эрх нь Монгол Улсын иргэний хуульд заасан журмын дагуу олж авах үүсмэл эрх бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх дарааллыг Төрийн албаны тухай хуульд шатлан захирах зарчмыг хэрэгжүүлж тухайн болон төрийн өөр байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, нөөцөөс гэсэн дарааллаар хэрэгжүүлэхээр хуульчилсан байх тул хуульд заасан журмын дагуу томилогдоогүй, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр харилцан тохиролцож ажилласан иргэний хувьд хуулийн хэрэгжилтийг хангаж гарсан актын улмаас зөрчигдөх эрх, мөн хууль ёсны ашиг сонирхол гэж байхгүй юм. Иймд хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэх нэхэмжлэл үндэслэлгүй.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д ... өөртөө байгаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонсох ажиллагаа хийсэн баримт байх ёстой гэж тайлбарлах боловч уг баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд нэхэмжлэгч талын мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулаагүй гэх тайлбар үндэслэлтэй боловч Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах үндэслэл нь актын улмаас эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдэд эрх олгосон зохицуулалт тул маргааны тохиолдол хэрэглэгдэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй сонсох ажиллагаа хийсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргах шаардлагагүй, энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Учир нь:

2.2.1 Нэхэмжлэгч Э.Ө********** аас Ө*********** аймгийн Орон нутгийн өмчийн газарт эсхүл төрийн өөр байгууллагад төрийн захиргааны албан тушаал эрхэлж байсан, Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд ажиллах эрхтэй талаараа нотлох баримтын эх сурвалж нэрлээгүй, нэхэмжлэлийн үндэслэл болгож маргаагүй,

2.2.2. Хэрэвзээ нэхэмжлэгч нь маргаан бүхий актын улмаас төрийн албан тушаалд ажиллах эрх(Төрийн албаны тухай хуулийн 7.1.4-д заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах) зөрчигдсөн гэж үзэх байгаа бол уг эрхийг нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх боломжтой байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй,

2.2.3. Хариуцагч байгууллагын хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Э.Ө********** ын тайлбар, санал гаргах эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

3. Түүнчлэн маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актыг хүчингүй болгосноор хуульд заасан журмын дагуу томилогдон ажиллах төрийн жинхэнэ албан тушаалд Э.Ө********** ыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах үндэслэл бүрдэхгүй.

Иймд нэхэмжлэгч Э.Ө********** аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан ...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тушаал хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ө********** аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан ...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тушаал хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7* .200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ