Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0713

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ө нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Э.Ө Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 327 дугаар тушаал хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 591 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2022/0193/З

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Э.Ө Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 327 дугаар тушаал хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр:

2.1.“ Төрийн албаны тухай тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ө Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “... 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 327 дугаар тушаал хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Нэхэмжлэгч Э.Ө нь өөрийг нь Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүрэгт томилсон нь хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж маргадаг боловч анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу томилогдоогүй тухайдаа маргадаггүй гэх дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримттай нийцээгүй байна.

3.2. Тодруулбал Э.Ө анх 2021 оны 01 сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалд сул орон тоо нөхөгдөх хүртэл хугацаанд томилсон бөгөөд Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалыг тухайн үед 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт зааснаар шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхөх боломж байгаагүй, мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм  эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байсан тул түүнийг тус албан тушаалд томилсон бөгөөд Б/02 дугаар тушаалын үндэслэлд энэ талаар дурдсан байдаг.

3.3. Гэвч шүүх Э.Ө төрийн албан хаагч биш хэмээн дүгнэсэнд гомдолтой байна.

3.4. Нэхэмжлэгч Э.Ө нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;" гэж тодорхойлсноор төрийн албан хаагч мөн тул анхан шатны шүүхийн "төрийн жинхэнэ албан хаагч биш" гэх тайлбар нь үндэслэлгүй ба түүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий актын улмаас зөрчигдөж байгаа бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх зүйн байдал ойлгомжгүй байгаа нөхцөл байдал арилах эрх зүйн үр дагавартай юм.

3.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 0591 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэжээ.      

                             ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Э.Ө Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 70 дугаар тогтоолын хэрэгжилт хангагдаагүй тул Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Э.Өлзийжаргалтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах” Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн 327 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1, 27.3-т заасантай нийцээгүй болохыг тогтоож, 4 дэх заалтаар “Хоёрдугаар хавсралтад заасан иргэдийг томилох шийдвэрийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авч, биелэлтийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлэхийг эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгож шийдвэрлэсэн, тус тушаалын хоёрдугаар хавсралтын 1-т “Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргаар Э.Ө нь томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 , 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг зөрчсөн” гэжээ.

2.2. Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Э.Ө хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах тухай” Б/02 дугаар тушаалаар “... Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр зөвлөмжийн 2.2 дахь заалт, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05/14622 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн Худалдан авах ажиллагааны албан даргын орон тоонд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусах болон тус албан тушаалын сул орон тоо нөхөгдөх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Э.Ө 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан нь буруу. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох” журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

2.3. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 284 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод тодорхойлсноос үзвэл Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаал нь төрийн захиргааны дэс түшмэл, ТЗ-7 ангилалд хамаарч байх ба Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарч байна.

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилохоор заасан байна.

2.4. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасны дагуу Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх эрх хэмжээтэй, энэхүү эрх хэмжээнийхээ хүрээнд мөн хуулийн 30.2-т “энэ хуулийн 30.1-т заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах арга хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулахаар 70 дугаартай тогтоолоор томилох эрх бүхий албан тушаалтанд зөрчлийг арилгах үүрэг өгсөн байх боловч томилох эрх бүхий албан тушаалтан уг үүргийг биелүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

2.5. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.1-т “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөөгүй болох нь Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/05 дугаар тушаал гарч Э.Ө Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулснаар тогтоогдсон байх тул хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж заасантай нийцсэн, уг шийдвэрийг анхан шатны шүүх “хууль хэрэгжүүлж гарсан, хууль ёсны шийдвэр” гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

2.6. Түүнчлэн нэхэмжлэгч Э.Ө Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд хуульд заасан журмын дагуу томилогдсон гэж маргаагүй байх тул анхан шатны шүүх “маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 

2.7. Төрийн албаны тухай хуульд зааснаас үзвэл төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх дарааллыг шатлан захирах зарчмыг баримтлахаар байх бөгөөд тухайн байгууллагын болон төрийн өөр байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, нөөцөөс гэсэн дарааллаар томилохоор заасан байх тул хуульд заасан журмын дагуу томилогдоогүй, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа нэхэмжлэгчийн хувь хариуцагчийн Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж гарсан маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх хууль зүйн үндэслэлгүй.

2.8. Анхан шатны шүүх мэдэгдэх сонсгох ажиллагаа хийсэн талаарх баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийн мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулаагүй гэж маргасан үндэслэлтэй боловч энэхүү үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй талаарх дүгнэлт үндэслэлтэйг, нэхэмжлэгчээс Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газар болон төрийн өөр бусад байгууллагад төрийн захиргааны албан тушаал эрхэлж байсан талаар баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, энэ талаарх баримтын эх сурвалжийг нэрлээгүй, энэ үндэслэлээр маргаагүй талаар болон маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй талаар тус тус үндэслэл бүхий дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй байна.

2.9. Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т албан тушаалын төрлүүдийг заасан ба нэхэмжлэгчийн хувьд “удирдах” төрлийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх тул хуульд заасан шаардлагыг хангуулахаар шаардсан, уг шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... түүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий актын улмаас зөрчигдөж байгаа, ... маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх зүйн байдал ойлгомжгүй байгаа нөхцөл байдал арилах эрх зүйн үр дагавартай юм, ... анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн ” гэх гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй,  боломжгүй.

Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

          ШҮҮГЧ                                                            Т.ЭНХМАА

 

                                    ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ