Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/00979

 

 

 

 

            2021        03          29

                                 101/ШШ2021/00979

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Н.Б,

 

Хариуцагч: Д.Э нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 121,237,040.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч нарын өмгөөлөгч Р.Т, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Н.Б, Д.Э нар нь А ББСБ ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 01-00-2016221 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000.00 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний хугацааг дахин 12 сарын хугацаатай сунгасан.

 

Зээлдэгч Н.Б, Д.Э нар өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл хуримтлагдсан хүүнд 60,212,667.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,124,373.00 төгрөг үндсэн зээлд 49,900,000.00 төгрөг нийт 121,237,040.00 төгрөгийг төлөөгүй байна.

 

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2016 оны 09 дүгээр срын 22-ны өдрийн 01-00-2016221 дугаартай барьцааны гэрээ байгуулан *******,*******,*******ны 57,17 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Б, Д.Э нараас зээлийн гэрээний үлдэгдэл хуримтлагдсан хүүнд 60,212,667.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,124,373.00 төгрөг үндсэн зээлд 49,900,000.00 төгрөг нийт 121,237,040.00 төгрөгийг гаргуулж, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү” гэв.   

 

Хариуцагч нар тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Н.Б нь А ББСБ ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 50,000,000.00 төгрөгийн зээл авсан. Уг зээлээс 27,300,000.00 төгрөгийг төлсөн. Гэтэл миний төлсөн мөнгийг зээлийн хүүнд тооцож авсан. Үүнийг хариуцагч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Миний төлсөн мөнгөөс зохих хэсгийг нь зээлийн үндсэн төлбөрт тооцуулах мөн зээлийн хүү хэт өндөр байгааг шүүх харгалзан үзэж зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авч, миний эрхэлдэг зам барилгын ажил цах тахлын улмаас зогссон тул зээлээ төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн болохыг харгалзаж үзнэ үү.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэг нь зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжид гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэх хэд хэдэн төрлийн өр үүссэн байгаагаас зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа хариуцагч нар 27,130,000.00 төгрөгийг төлсөн.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцуулах хүсэлтэй байна. Учир нь 27,130,000.00 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүүнд тооцож авсан учраас хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 27,130,000.00 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох ёстой. Үндсэн зээлийн нийт дүн болох 50,000,000.00 төгрөгөөс 27,130,000.00 төгрөгийг хасаж тооцохоор 22,870,000.00 төгрөг болно. Тиймээс 22,870,000.00 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасныг харвал хамгийн хүнд нөхцөлтэй өр төлбөрийг тэргүүн төлөх ёстой буюу сүүлд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцох хуулийн зохицуулалт байна. Гэтэл нэхэмжлэгч нь иргэдийн төлсөн мөнгийг зөвхөн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд тооцож болохгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссаны дараагаар зээлийн төлбөртөө 27,130,000.00 төгрөгийг нь төлсөн.

 

Иймд, 27,130,000.00 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцож, үлдэх төлбөрт тохирсон хүү болон нэмэгдэл хүүг тооцох хуульд нийцэж байна. Нөгөөтэйгөөр ингэж тооцсоноор зээлдэгч нарт ч гэсэн бага хохирол учирна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-иас хариуцагч Н.Б, Д.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 121,237,040.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч Н.Б, Д.Э нартай 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 50,000,000.00 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар хариуцагч Д.Э-ийн өмчлөлийн *******, Баруун-Урт сум, 1 дүгээр баг, Цэлмэг хотхон, 1 дүгээр байр, 57.17 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна /х.х-ийн 9, 13-18 хуудас/.

           

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг” хэлнэ гэж заажээ. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байна /х.х-ийн 4-8 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2.-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талд төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрчээ.

 

Зохигчид, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нар зээлийн гэрээний зүйл болох 50,000,000.00 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Н.Бт 50,000,000.00 төгрөгийг өгсөн байна /х.х-ийн 10 хуудас/.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ.

 

Иймд, хариуцагч 50,000,000.00 төгрөгийг хүлээн авсан байх тул зохигчдын хооронд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.

 

Энэхүү зээлийн гэрээгээр хариуцагч буюу зээлдэгч Н.Б, Д.Э нар 50,000,000.00 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд ашиглаж, зээлийн хүүнд 24,333,336.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ. Тодруулбал, хариуцагч нар зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд сар бүрийн 22-ний өдөр эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр зөвхөн зээлийн хүүг төлж, хугацааны эцсийн өдөр 50,000,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

 Гэвч талууд зээлийн гэрээний хугацааг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгасан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээний үлдэгдэл 49,900,000.00 төгрөгийг мөн адил гэрээний хугацааны эцсийн өдөр төлөх, ийнхүү төлөхдөө сар бүрийн 02-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр зээлийн хүүнд 24,284,664.00 төгрөгийг төлөхөөр тохирчээ.

 

Өөрөөр хэлбэл, зээлдэгч Н.Б, Д.Э нар 50,000,000.00 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ашиглаж, улмаар зээлийн хүүнд нийт 48,618,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.

 

Хэдийгээр тус зээлийн гэрээний хугацааг сунгах нэмэлт гэрээнд хариуцагч Д.Э нь гарын үсэг зураагүй боловч тэд хамтран үүрэг гүйцэтгэгчид юм. Тодруулбал, хариуцагч нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн  242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заасны дагуу хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч болно.

 

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Нэгэнт хариуцагч нар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Э-ийг гарын үсэг зураагүй гэж маргаагүй тул дээр дурдсан хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн дансны хуулга, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000.00 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000.00 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,300,000.00 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000.00 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 6,000,000.00 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10,766,400.00 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2,000,000.00 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 17,693,865.00 төгрөг, нийт 44,760,265.00 төгрөг төлснөөс нэхэмжлэгч нь 100,000,00 төгрөгийг үндсэн зээлд, 44,660,265.00 төгрөгийг зээлийн хүүнд тус тус суутгасан байна.

 

Гэтэл хариуцагч нарын өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “зээлдэгч нарыг нийт 44,760,265.00 төгрөгийг төлсөн байхад үндсэн зээлээс 100,000.00 төгрөгийг суутгасан нь үндэслэлгүй” гэж маргасан.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заажээ. Тайлбарлавал, талууд 50,000,000.00 төгрөгийг тодорхой хэмжээгээр сар бүр төлж хасагдах хэлбэрээр, аль эсхүл хугацааны эцэст төлөхөөр тохирох нь тэдгээрийн эрх юм.

 

Энэ тохиолдолд шүүх тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж зааснаар зохигчдын гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй. Иймд, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-иас хариуцагч Н.Б, Д.Э нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 49,900,000.00 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны хүү 60,212,667.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,124,373.00 төгрөг, нийт 121,237,040.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тодруулбал, хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг байна.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000.00 төгрөгийг 48,618,000.00 төгрөгийн хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч үндсэн зээлд 100,000.00 төгрөг, зээлийн хүүнд 44,660,265.00 төгрөгийг тус тус төлж, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй байна.

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа тийнхүү 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч хариуцагч нар зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөхгүй.

 

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дээрх үндэслэлээр шаардах эрхтэй ч энэ нь нэхэмжлэгчийн шударга бус үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах ёстой. Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Н.Б-ын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-нд өгсөн хүсэлтийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасны дагуу тайлбарлавал хүсэлт гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний төлбөрт нийт 93,500,000.00 төгрөгийг 2020 оны 4, 5, 6, 7 дугаар сард багтаан төлнө гэсэн байна.

 

Хэдийгээр хариуцагч нарын өмгөөлөгч уг хүсэлтийг үгүйсгэсэн боловч зээлдэгч нар ийнхүү уг хугацаандаа зээлийг төлөөгүй байхад нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тооцож үндсэн зээлийн үлдэгдлийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилсэн нь угтаа 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлөгдөөгүй байсан зээлийн төлөх дүнг их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн байна.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан. Тодруулбал, хариуцагч Н.Б, Д.Э нар зээлийн гэрээнд зааснаар 50,000,000.00 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зөрчиж 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс улбаалан нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувь /4x20%=0.8/-иас хэтрүүлэхгүйгээр гэрээнд тохирох ёстой байхад талуудын байгуулсан зээлийн гэрээнд энэ талаар тодорхой тохироогүй байна. Өөрөөр хэлбэл, тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.1-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д заасан хэмжээгээр тохирон гэсэн боловч энэ талаар тухайлан тохиролцоогүй ажээ.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч нарын төлбөл зохих зээлийн төлбөрийг тооцвол:

 

  • 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс үндсэн зээлээс 100,000.00 төгрөгийг төлсөн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 123 өдрийн зээлийн хүү

50,000,000x4%=2,000,000 /нэг сарын хүү/, 2,000,000x12=24,000,000 /нэг жилийн хүү/, 24,000,000:365=65,753 /нэг өдрийн хүү/, 65,753x123өдөр=8,087,619.00 төгрөг,

 

  • 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс зээлийн гэрээний хугацаа сунгасан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 251 өдрийн зээлийн хүү

49,900,000x4%=1,996,000 /нэг сарын хүү/, 1,996,000x12=23,952,000 /нэг жилийн хүү/, 23,952,000:365=65,621 /нэг өдрийн хүү/, 65,621x251өдөр=16,470,871.00 төгрөг,

 

  • 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 857 өдрийн зээлийн хүү: 65,621x857 өдөр=56,237,197 төгрөг байна.

 

Ингээд хариуцагч нар зээлийн хүүнд нийт 80,795,687.00 төгрөгийг төлөх ёстойгоос 44,660,265.00 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 36,135,422.00 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 49,900,000.00 төгрөгийн хамт төлөх үүрэгтэй байна. Харин нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар зохигчид гэрээгээр тохиролцоогүй тул нэхэмжлэгчид 11,124,373.00 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү шаардах эрх байхгүй юм.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Д.Э-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул уг гэрээ хүчин төгөлдөр юм.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.    

 

 Шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд зээлдэгч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 49,900,000.00 төгрөг, зээлийн хүү 36,135,422.00 төгрөг, нийт 86,035,422.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,201,618.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Н.Б, Д.Э нараас 86,035,422.00  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,201,618.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Н.Б, Д.Энар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-1213003204 тоот улсын бүртгэлийн дугаартай *******, Баруун-Урт сум, 1 дүгээр баг, Цэлмэг хотхон, 1 дүгээр байр, 57.17 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 834,335.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 658,327.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР