Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00946

 

 

А-ЭББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/00979 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А-ЭББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Б, Д.Э нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 121 237 040 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч нарын өмгөөлөгч Р.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б, Д.Э нар нь А-ЭББСБ ХХК-аас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 01-00-2016221 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний хугацааг дахин 12 сарын хугацаатай сунгасан.Зээлдэгч Н.Б, Д.Э нар өнөөдрийн байдлаар үндсэн зээл 49 900 000 төгрөг, зээлийн хүү 60 212 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 124 373 төгрөг нийт 121 237 040 төгрөгийг төлөөгүй байна. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01-00-2016221 дугаартай барьцааны гэрээ байгуулан Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Цэлмэг Хотхоны 1 дүгээр байрны 4 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-1213003204 дугаартай, 57,17 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Б, Д.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 121 237 040 төгрөгийг гаргуулж, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь А-ЭББСБ ХХК-аас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 50 000 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээс 27 300 000 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгчийн төлсөн мөнгийг зээлийн хүүнд тооцож авсан. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна.Дээрх төлсөн мөнгөөс зохих хэсгийг нь зээлийн үндсэн төлбөрт тооцуулах мөн зээлийн хүү хэт өндөр байгааг шүүх харгалзан үзэж зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авч, миний эрхэлдэг зам барилгын ажил цар тахлын улмаас зогссон тул зээлээ төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн болохыг харгалзаж үзнэ үү.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дэх хэсэгт хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэг нь зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжид гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Үндсэн зээлийн нийт дүн болох 50 000 000 төгрөгөөс 27 130 000 төгрөгийг хасаж тооцохоор 22 870 000 төгрөг болно. Тиймээс 22 870 000 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Н.Б, Д.Э нараас 86 035 422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-ЭББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35 201 618 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Н.Б, Д.Э нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-1213003204 тоот улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 1 дүгээр баг, Цэлмэг хотхон, 1 дүгээр байр, 4 тоот хаягт байрлах 57.17 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 834 335.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 658 327 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 35 201 618 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээ болон хариуцагч Н.Бын 2020 оны 02 сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний 2.4 дүгээр зүйлийн 2.4.2.2, 2.4.3 болон 5.1 дүгээр зүйлийн 5.1.8-д зааснаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээгээр тохиролцоогүй гэж үзэн нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс хүүг тооцохдоо хариуцагч Н.Бын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтийг үндэслэн энэ хугацааны хүүг бодсон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Н.Б, Д.Э нар нь гэрээний хугацаа дуусах үед буюу 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар байдлаар зээлийн хүү 24 000 000 төгрөгөөс 14 300 000 төгрөг, үндсэн зээлээс 100 000 төгрөг төсөн. Н.Б нь гэрээний хугацаа дууссанаас хойш 10 хоногийн дараа 10 766 400 төгрөг төлсөн боловч А-ЭББСБ ХХК нь уг мөнгийг үндсэн зээлээс хасалгүйгээр зээлийн хүүнд тооцон авч, гэрээг дахин нэг жилээр сунган шинэ гэрээ байгуулсан. Энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэгчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эрхийг хамгаалах ёстой байсан. Н.Баас төлсөн 10 766 400 төгрөгийг үндсэн зээл 49 900 000 төгрөгөөс хасч тооцвол үндсэн зээл 39 133 600 төгрөг болох бөгөөд уг мөнгөн дүнгээс шүүхийн тооцсон аргачлалаар хүүг тооцвол 12 133 406 төгрөг хасагдахаар байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Н.Б, Д.Э нараас гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрөөс 12 133 406 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч А-ЭББСБ ХХК нь хариуцагч Н.Б, Д.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49 900 000 төгрөг, зээлийн хүү 60 212 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 124 373 төгрөг, нийт 121 237 040 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 1 дүгээр баг, Цэлмэг хотхон, 1 дүгээр байр, 4 тоот хаягт байрлах 57.17 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 01-00-2016221 тоот зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 9, 13-18 дугаар тал/ Нэхэмжлэгч А-ЭББСБ ХХК-аас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Н.Бт 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй. /хэргийн 10 дугаар тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1, 165.2 дах хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дууссан байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ХС-01-00-2017025 тоот Зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гэрээний хугацааг нэг жилийн хугацаагаар сунгасан байна. Иймд зээлдэгч Н.Б, Д.Э нар 50 000 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ашиглаж, улмаар зээлийн хүүнд нийт 48 618 000 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээсэн гэж үзнэ.

.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээнд зээлийн хүүг сар бүр төлж, үндсэн зээл буюу 50 000 000 төгрөгийг гэрээний хугацаа дуусахад төлөхөөр харилцан тохиролцжээ. Хариуцагч нараас дээрх гэрээний үүрэгт 44 760 265 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд уг төлөлтөөс үндсэн зээлд 100 000 төгрөг, зээлийн хүүд 44 660 265 төгрөгийг суутгасан нь үндэслэлтэй. Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлбөр төлөөгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагч Н.Баас зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн 10 766 400 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох байсан гэх агуулгаар тайлбарлаж байх боловч гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд зээлийн хүүг түрүүлж суутгахаар тохиролцсон байх тул үндсэн зээлээс суутгаагүй нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн, нэмэгдүүлсэн хүүгийн тухайд зохигчид гэрээгээр тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 11 124 373 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү, түүний хэмжээг гэрээнд заасан тохиолдолд зээлдэгчид төлөх үүрэг үүснэ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2.1-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар тусгасан байх боловч нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар тухайлан тохиролцоогүй байх тул нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл зээлийн хүүг бодох ёстой байсан гэх агуулгаар тайлбарлажээ. Анхан шатны шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр А-ЭББСБ ХХК-д гаргасан хариуцагч Н.Бын ...93 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2020 оны 4,5,6,7 дугаар сард багтаан төлж барагдуулах агуулгатай хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн зээлийн хүү шаардах эрхийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тооцож хязгаарласныг буруутгахгүй. Учир нь хариуцагч талаас төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн өдрөөс нэхэмжлэл гаргасан буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд түүнийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж шүүх үзсэнийг буруутгах үндэслэлгүй. Иймээс зээлийн хүүгийн төлбөрөөс 24 077 245 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 86 035 422 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35 201 618 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/00979 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 000 төгрөг, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 100 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХТӨР