Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 929

 

107/2020/0053/Э

 

 

 

 

 

  2020        07            23                                              2020/ДШМ/929    

 

Б.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бямбадагва,

цагаатгагдсан этгээд Б.Э-ийн өмгөөлөгч Ц.Баяртогтох,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/57 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр Б.Э-т холбогдох эрүүгийн 1904002470078 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

Б.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 12 дугаар гудамжны 1 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт 5.3 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бичээч овгийн Батжаргалын Э-т холбогдуулан үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгон, түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж, Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг болон хэрэгт үзлэгийн үйл явцыг тусгасан бичлэг бүхий 1 ширхэг СD хавсаргагдан ирсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Насанбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/57 дугаартай цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзнэ. Учир нь, 2019 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 12 дугаар гудамжны 1 тоотод хэргийн газарт дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчид үзлэг, нэгжлэг хийхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг дүрс бичлэгээр баталгаажуулсныг хэрэгт хавсарган, хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн бөгөөд уг дүрс бичлэгт Б.Э-ийн цамцны халааснаас “өвс” гэх нэршилтэй ургамал мэт зүйл гарч ирсэн нь тодорхой тусгагдсан. Мөн Б.Э- нь гэрчээр болон яллагдагчаар “Би Пунцагноров цагдаа руу хараад зогсож байхад халаасанд байсан гялгар ууттай мансууруулах ургамлыг гаргаж хаясан. Тэр үед Пунцагноров цагдаа намайг үүд рүү зогс гээд тэндээс холдуулсан. Намайг нэгжихэд би эсэргүүцээгүй нэгжүүлэхэд миний куртикны дотор талын цамцны халааснаас цагаан өнгийн гялгар ууттай мансууруулах ургамал гарч ирсэн. Тухайн үед би өөрт байсан мансууруулах ургамлыг 2 хэсэг хуваасан байснаа мартсан байсан. Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж байна. Цагдаа нарын хурааж авсан 2 хэсэг гялгар ууттай мансууруулах ургамал бол минийх. Харин би энэ ургамлаасаа хэнд ч өгөөгүй. Намайг мансууруулах ургамалтай байсан талаар хэн ч мэдээгүй. Би уг мансууруулах ургамлыг сонирхоод өөрөө хэрэглэх гэж байсан юм.” гэж тогтвортой мэдүүлсэн бөгөөд энэ мэдүүлэг нь нэгжлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий СD-ээр давхар батлагдаж байна. Мөн шүүх гэрч Д.Амгаланбаярын мэдүүлгийг насанд хүрээгүй гэрч Жавхланбаяр, Жавхлантөгс нарын “Амгаланбаяр надад асаасан өвснөөсөө өгөөд авах гэтэл Баттөгөлдөр хажуунаас болиулсан. Амгаланбаяр манай ахад өвс өгөөд сорохгүй бол ална шүү гээд байсан. Э-, Билгүүн, Амгаланбаяр гурав тэр өвснөөс сорсон” гэж, хэргийн газар хамт байсан насанд хүрээгүй гурван гэрч болох Жавхланбаяр, Жавхлантөгс, Билгүүн нараас “Амгаланбаяр ах халааснаасаа өвс гаргаж ирээд НӨАТ-ын цаасанд ороогоод сорсон” гэж агуулгын хувьд зөрүүгүй, тодорхой мэдүүлсэн мэдүүлгээр үгүйсгэж байна гэж дүгнэжээ.

Гэтэл гэрч Д.Амгаланбаяр нь яллагдагч Б.Э-т мансууруулах бодис байсан гэдгийг мэдэхгүй талаараа мэдүүлсэн бөгөөд Жавхланбаяр, Жавхлантөгс, Билгүүн нараас Амгаланбаяр ах халааснаасаа өвс гаргаж ирээд НӨАТ-ын цаасанд ороогоод сорсон, Э-, Билгүүн, Амгаланбаяр гурав тэр өвснөөс сорсон талаар мэдүүлсэн байх боловч хэргийн газарт байсан нэр бүхий хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгахад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис огт илрээгүй бөгөөд энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан байна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд хүний биеийн онцлогоос шалтгаалан 3-15 хоногийн хугацаанд биологийн дээжнээс илэрдэг. Энэ нь нэг талаар шүүхийн цагаатгах тогтоолын гол нотолгоо болгосон Жавхланбаяр, Жавхлантөгс, Билгүүн нарын мэдүүлэг үнэн биш болохыг нотлож байгаа гэж прокуророос дүгнэсэн учир яллах талын нотлох баримтаар үнэлж, яллах дүгнэлтэд дурдаагүй болно. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн газарт хамт байсан Д.Амгаланбаяр нь хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн, олж авсан, ямар нэг байдлаар хамааралтай талаарх үйл баримт авагдаагүй тул түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх хууль зүйн үндэслэл нотлогдоогүй.

2. Б.Э- нь мөрдөн байцаалтын шатанд ажилдаа явж байхдаа “өвс” гэх нэршилтэй ургамал мэт зүйл олсон талаараа мэдүүлсэн бөгөөд хэн нэгнээс авсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдоогүй тул эх сурвалжийг шалгах үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт “тэр өвсийг Д.Амгаланбаяр авч ирсэн. Тухайн үед гэрт харанхуй байсан бөгөөд миний куртикны халаасанд Амгаланбаяр тэр өвсийг хийсэн байсан. Мөрдөн байцаалтын шатанд Амгаланбаяр хэргээ даачих гээд гуйгаад байсан. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэж мэдүүлсэн байна. Хэдийгээр яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйг, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах, эсхүл худал мэдүүлэг өгөх эрхтэй гэсэн агуулгыг илэрхийлдэггүй. Тодруулбал, дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд мэдүүлэг өгөхөөс татгалзах, мөрдөх байгууллагаас өөрийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйг нотлохыг шаардах хэлбэрээр эрхээ эдлэх учиртай. Харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд худал мэдүүлэг өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж буй яллагдагчийн үүргийн зөрчил болно. Мөрдөн байцаалтын явцад огт дурдаагүй, нотлогдоогүй үйл баримтын талаар шүүх хуралдааны явцад шүүгдэгч мэдүүлснийг шалгах тодорхой ажиллагааг хийж гүйцэтгэсний дараагаар Б.Э-ийн үйлдэл, гэм буруу, оролцоонд үндэслэл бүхий дүгнэлт хийн эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэснээс үзэхэд шүүх хэргийн бодит байдлыг дахин шалгаж, нотлох агуулгатай гэж ойлгогдож байна. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаах агуулга бүхий дүгнэлтийг шүүх хийж, прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгон, шүүгдэгчийг цагаатгах тухай хуулийн заалтыг баримталж, цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэснийг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн хэмжээ хязгаарыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/57 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Б.Э- нь өмгөөлөгчийнхөө хамт яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрсөн. Ямар нэг нотлох баримтгүйгээр зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Б.Э-ийн өмгөөлөгч Ц.Баяртогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын зүгээс гэрч Амгаланбаяр болон Б.Э-ийн өгсөн мэдүүлгээр түүнийг ялласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотлоогүй гэж үзэж байна. Гэрч Жавхланбаяр, Билгүүн нар нь “Амгаланбаяр ах халааснаасаа өвс гаргаж ирээд НӨАТ-ын цаасанд ороогоод сорсон” гэж агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн. Харин миний үйлчлүүлэгч Б.Э- нь зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Учир нь Амгаланбаяр “энэ хэрэгт хохирогч гэж байхгүй, хөнгөн ял шийтгэл авна” гэж гуйсан учир “би өөрөө олж авч хэрэглэсэн” гэж мэдүүлсэн. Мөн Б.Э- уг өвсийг хаанаас олж авсан зэрэг эх үүсвэрийг олж тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасныг зөрчиж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Б.Э-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаартай цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо.

 

Прокуророос Б.Э-ийг 2019 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 12 дугаар гудамжны 1 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт 5.3 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй. ...” хэмээн дүгнээд “мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэх” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатган, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ цагаатгах тогтоолынхоо тогтоох хэсэгт зохих хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв баримтлаагүйн гадна, тодорхойлох хэсэгт Б.Э-ийг цагаатгах болсон нотлох баримт, түүний агуулга болон яллах дүгнэлтийн үндэслэл болгосон шүүгдэгчийн мэдүүлгээс бусад нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагуудад нийцээгүй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан болно.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болохоор буюу хэргийн газарт үзлэг хийж Б.Э-ийн биеэс гялгар ууттай өвс мэт ногоон өнгийн эд зүйл хурааж авсан тухай болон эдгээр ажиллагааны явцыг дүрс бичлэгээр баталгаажуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт байсан нэр бүхий хүмүүсийн биеэс биологийн дээж авч шалгахад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис огт илрээгүй талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, эдгээрээс аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй гэж прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатган, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, Б.Э-т  холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/57 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Э-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН