Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э холбогдох эрүүгийн 1904002470078 дугаартай хэргийг Улсын дээд шүүхээс 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                    Б.Наранжаргал

 Улсын яллагч                                       Б.Буяндэлгэр        

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Д.Ц

 Шүүгдэгч                                           Б.Э (онлайнаар) нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, ., .. настай, .боловсролтой, .мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., ээж, эмээ, дүүгийн хамт .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овгийн Б Э /РД: /

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Э нь .оны .дугаар сарын .-наас .-нд шилжих шөнө Багануур дүүргийн .дүгээр хороо, .дугаар гудамжны .тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт 5.3 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Бид нар  Ж гэрт архи ууцгаасан. Би Э гэдэг охиныг бөөлжүүлчихээд гэрт орж ирэхэд араас цагдаа нар орж ирсэн. П байцаагч бид нарыг гадуур хувцсаа өмс гээд зогсоож байгаад нэгжлэг хийсэн. Тухайн үед гэрт харанхуй байсан бөгөөд миний өмссөн куртикны дотор талын халааснаас ууттай ургамал гарч ирсэн. Энэ ууттай ургамал бол минийх биш. Энэ ууттай ургамлыг хэн миний халаас руу хийснийг хараагүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Д.А мэдүүлсэн: “...Тэгтэл Э халааснаасаа нэг өвс гаргаж ирээд нөатийн цаасанд ороодог тамхи шиг ороогоод сорсон. Би тэр ургамлаас хэрэглээгүй, Э, Б, Ж гурав цаасанд ороож тамхи шиг сороод байсан. Мөн Э, Б хоёр худалдаж авсан ахуйн хэрэглээний газаа сорсон. Тэгээд байж байтал цагдаа нар орж ирээд гэр дотор болон бид нарын хувцасанд үзлэг хийхэд Э халааснаас ууттай өвс гарсныг хурааж авсан ба мөн гэрийн хойд талын шалан дээрээс уутанд ороосон өвсийг бас хурааж авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 38-39/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Б мэдүүлсэн: “...А ах тухайн үед халааснаасаа өвс гаргаж ирээд гадагшаа гарсан бөгөөд удалгүй Э ахыг дуудаад нилээн удаж байгаад тэр хоёр хамт буцаж орж ирсэн. Тэгээд 00 цаг өнгөрч байхад гадаа машин дуугарч цагдаа нар орж ирсэн. Э ахын халаасыг нэгжсэн чинь нэг ууттай өвс гарч ирсэн. Мөн гэрийн хойд хэсэгт байсан гудасны тэндээс ууттай өвс байсныг хурааж авсан. Тэр үед А ах тэр гудастай ойрхон зогсож байсан болохоор тийшээ хийсэн байх...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 41-42/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.Ж мэдүүлсэн: “...А ах нэг ууттай өвс гаргаж ирээд нөатын баримтын цаасанд ороогоод сороод байсан бөгөөд мөн тэр өвснөөс Э, А, Б гурав сорсон ба манай ах Ж өгөөд сорохгүй бол ална шүү гээд байсан. Тэгээд байж байсан чинь цагдаа нар орж ирээд бүгдийнх нь хувцасыг нэгжихэд Э ахын халааснаас ууттай өвс хурааж авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 43/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч С.Ж мэдүүлсэн: “...А халааснаасаа нэг ууттай өвс шиг юм гаргаж ирээд нөатын баримтын цаасанд ороогоод сороод байсан. Мөн уг өвснөөс Э сороод байсан. А ах Х, Э гэх хоёр охинтой хамт 00 цаг өнгөрч байхад гарч явсан. Тэгээд Ж, Э, Б бид дөрвийг сууж байхад гаднаас А цагдаа нартай хамт орж ирсэн. Цагдаа нар нэгжлэг хийсэн чинь Э өмсөж байсан хувцаснаас гялгар ууттай өвс гарч ирснийг хурааж авсан. Мөн цагдаа нар гэрийн булан тохойг онгичоод байсан бөгөөд гэрийн хойд талд байсан гудсан дороос нэг ууттай өвс олж хураасан. А ямар ч байсан халааснаасаа гаргаж ирээд тэр өвсийг нөатын цаасанд ороогоод татаад байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 44-45/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай “а/д Ж.П Багануур дүүргийн 4 хороо, Байдлагын 12-1 тоотод мансууруулах төрлийн өвс ургамал хэрэглэсэн байж болзошгүй хүмүүс байна” гэсэн тэмдэглэл /1-р хх-н 03/,

Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Б.Э согтуурлын зэргийн драггер багаж үлээлгэн шалгахад 0.019 хувьтай” гэжээ. /1-р хх-н 23/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “...Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлагын 12 дугаар гудамжны 1 тоот болох ертөнцийн зүгээр урагш харсан цэнхэр өнгийн хаалгатай хашаа байв” гэжээ. /1-р хх-н 13-14/,

2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Мөрдөгчийн “гэрт орсон даруйд гар чийдэн тусгаж үзлэг шалгалт хийхэд гэрийн хойморь хэсэгт байх модон авдарны ирмэгт хар өнгийн гялгар уутанд боолттой ургамал байсныг хураан авч гэрт байсан дээрхи этгээдүүдийг биед үзлэг шалгалт хийхэд Б Э дотор талын хөх цамцны зүүн талын халааснаас цагаан өнгийн гялгар ууттай ургамал гарч ирсэн бөгөөд үзлэгийн явцыг бичлэгээр баталгаажуулав” гэх тэмдэглэл /1-р хх-н 24/

2019 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн “Б.Э хураан авсан хар өнгийн ууттай өвс мэт ногоон өнгийн эд зүйлс, өнгөгүй гялгар ууттай өвс мэт ногоон өнгийн эд зүйлсэд үзлэг хийхээр 059917 дугаартай механик хэмжих хэрэгслийн баталгаажуулах гэрчилгээтэй электрон жин дээр хар өнгийн ууттай өвс мэт ногоон зүйлийг хар өнгийн ууттай нь хамт жинлэж үзлэхэд 0.005 гэсэн хэмжээсийг зааж байх ба уг өвс мэт ногоон зүйлийг уутнаас нь гаргаж уутыг дангаар нь тавихад 0.000 гэсэн хэмжээсийг, өвс мэт ногоон өнгийн зүйлийг дангаар нь тавихад 0.005 гэсэн хэмжээсийг зааж байв. Мөн хураан авсан өнгөгүй гялгар ууттай өвс мэт ногоон өнгийн зүйлийг ууттай нь хамт жинлэж үзэхэд 0.005 гэсэн хэмжээсийг зааж байх ба уг уутыг мөн дангаар нь жинлэж үзэхэд 0.000 гэсэн хэмжээсийг зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. /1-р хх-н 25-27/,

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн “...2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 12 дугаар гудамжны 1 тоотод мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн байж болзошгүй хүмүүс байна гэх хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжилгээ хийж буцаан ирүүлсэн ШБМХ/2020 Багануур ЦХ 06 гэсэн бичиглэл бүхий хаягтай цагаан өнгийн тунгалаг уутанд хийж битүүмжилсэн зүйлст үзлэг хийхэд тус уутан дотор хар болон тунгалаг өнгийн ууттай ногоон өнгийн болон ургамал, тунгалаг уутанд хийсэн нөатын баримт зэрэг зүйлс байсныг гаргаж “Их мөнх наран” ХХК-ийн 920517060124 дугаартай “Pocker scale” гэсэн бичиглэлтэй үнэт эдлэлийн жин дээр тавьж ургамлын хэмжээг үзэхэд хар өнгийн уутан дотор байх ургамал нь 3.1 грамм, тунгалаг өнгийн уутанд байх ургамал нь 2.2 грамм гэсэн хэмжээсийг тус тус зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 29-30/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “20191206_002636 нэртэй видео бичлэгт үзлэг хийв. Үзлэгийг 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 18 цаг 10 минутад Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 205 тоот өрөөнд эхлүүлж, 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 19 цаг 30 минутад дуусгав. Үзлэгээр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 12-1 тоот хашаанд байрлах Монгол гэрийн дотор байгаа байдлыг харуулсан гар утасны камер ашиглаж хийсэн 25 минут 41 секундын хугацаатай бичлэг байв. ...Бичлэгийн 04 минут 45 секундэд хар өнгийн ноосон малгай, хар өнгийн куртик өмссөн эрэгтэй хүнээс өнгөгүй гялгар уутанд боосон зүйлийг цагдаагийн алба хаагч юу болох талаар асуухад надаас гарч ирээгүй, би дөнгөж сая хувцасаа өмссөн шүү дээ гэж байв. Бичлэгийн 06 минут 23 секундэд цагдаагийн алба хаагч 2 ширхэг өнгөгүй гялгар ууттай зүйл барьж нэгийг нь орны ард талд байрлах гудсан дороос, нөгөөхийг нь дээрх эрэгтэйн дотор талын халааснаас авсан талаар хэлж байв. Камерын бичлэгт өөр ямар нэгэн ач холбогдолтой зүйл байхгүй байв...“ гэх тэмдэглэл /1-р хх-н 28/

Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Эрүүгийн 1902002470078 дугаартай хэрэгт: 1. Хар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2. Цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай...”  гэх тэмдэглэл /1-р хх-н 33/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 250 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хөр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, нөатын цаас мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабиол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд ирсэн делта-9 тетрагидроканнабиол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн нөатын цаас мэт зүйлээс НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенци, 1961 оны “мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна ” химийн шинжээч цагдаагийн ахмтад Б.Цогбаяр гэжээ. /1 дүгээр хх-ийн 50-52/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 191 дугаартай “...Б.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн баримт бичиг байхгүй байна. Одоо Б.Э нь сэтгэцийн эмгэггүй байна. Б.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Б.Э мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 86-87/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн Б Э...” гэжээ.  /1 дүгээр хх-н 108/,

Шүүгдэгч Б.Э нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /1 дүгээр хх-н 122/, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 123-134,152-157/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч, шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хууль ёсны шаардлагыг хангасан, хууль ёсны баримтууд гэж үнэлэв.

Харин мөрдөн байцаалтын үед яллагдагчаар татахын өмнө Э энэ хэрэгт гэрчээр хоёр удаа байцааж мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байхэрх  болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул хавтаст хэргийн 34-37 дугаар авагдсан мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүйг тэмдэглэе.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Э нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт 5.3 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Э нь “хэн тухайн өвсийг миний халаасанд хийснийг хараагүй. Тэр өвс минийх биш” гэж мэдүүлсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд цагдаагийн алба хаагч П нь Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг. Энэ хэргийн хувьд А сугалж авч үлдсэн гэж үзэж байна. Насанд хүрээгүй гэрч нар нь А халааснаасаа өвс гаргаж ирсэн талаар мэдүүлдэг. Хэргийн газрын үзлэгийн үеэр гудсан дороос хурааж авсан өвс хэнийх гэдгийг тогтоогоогүй. Хэрэгт цугларсан нотлох баримтууд эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж, мэтгэлцсэн болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Э нь .оны .дугаар сарын .-наас .-нд шилжих шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн .дүгээр хороо,. дугаар гудамжны .тоотод байрлах монгол гэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)”-ын агууламжтай, 2.2 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн “миний халааснаас өвс гарсан нь үнэн, гэхдээ уг өвс минийх биш” гэсэн мэдүүлэг,

-мөрдөн байцаалтад гэрч Д.А “Цагдаа нар орж ирээд бид нарын хувцасанд үзлэг хийхэд Э халааснаас ууттай өвс хурааж авсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38/,

-насанд хүрээгүй гэрч Б.Б “цагдаа нар орж ирээд Э ахын халаасыг нэгжсэн чинь нэг ууттай өвс гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 41-42/,

-насанд хүрээгүй гэрч М.Ж “Цагдаа нар орж ирээд бүгдийнх нь хувцасыг нэгжихэд Эрдэнэбилэг ахын халааснаас ууттай өвс хурааж авсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43/,

-насанд хүрээгүй гэрч С.Ж “Цагдаа нар нэгжлэг хийсэн чинь Э өмсөж байсан хувцаснаас гялгар ууттай өвс гарч ирснийг хурааж авсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-45/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон үзлэгийн явцыг бичлэгээр баталгаажуулсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-н 13-14, 24/,

-Б.Э хураан авсан өнгөгүй гялгар ууттай ногоон өнгийн өвс мэт зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 25-27/,

-Хэргийн газрын үзлэгийн явцыг тусгасан “...хар өнгийн ноосон малгай, хар өнгийн куртик өмссөн эрэгтэй хүнээс өнгөгүй гялгар уутанд боосон зүйл гарч ирсэн”-ийг тогтоосон Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 28/

-Б.Э хураан авсан өвс мэт ургамал нь НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 250 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 50-51/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Яллах дүгнэлтэд Б.Э 5.3 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэж дүгнэжээ.

Хэргийн газрын үзлэгээр нэгжлэгийн явцад Б.Э халааснаас цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийг хураан авч, түүнийг жинлэхэд 2.2 грамм байсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 24-26, 28-30 дугаар талд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсоныг залруулах нь зүйтэй.

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөлөх бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Б.Э үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчээс энэ хэрэгт холбогдуулан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс Б.Э гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийг журамлан нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн тал дээр эргэлзээтэй байгаа тул эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хэлэхэд хэцүү байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Б.Э нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлан 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хорих ял болгосон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлан 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлин 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Э 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна. /1-р хх-н 123-134/

Шүүгдэгч Б.Э нь дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгтээ 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл нийт 198 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 198 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн үйл явцыг тусгасан бичлэг болох 1 ширхэг Си Ди (CD)-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй хар болон цагаан өнгийн гялгар ууттай, нийт 5.3 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, баримтыг тус шүүхэд ирүүлэх  нь зүйтэй. /1-р хх-н 25-27, 29-30, 33/

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Б Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б Э 1 (нэг) жил  1(нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийг тус тус журамлан Б овгийн Б Э Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 (нэг ) жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил  1(нэг) сарын  хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Э нийт эдлэх ялыг  2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.4 дэх заалт, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг /CD/ хэрэгт хавсарган үлдээж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй хар болон цагаан өнгийн ууттай, нийт 5.3 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Э цагдан хоригдсон 198 хоногийг түүний эдлэх ялд оруулан  тооцсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Б.Э холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА