Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 126/ШШ2022/0016

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад холбогдох Гашуунтан Ө.Жын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгч Ө.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нарыг оролцуулан хийгээд 

          ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай”

2.Хэргийн нөхцөл байдал:

Ө.Жд Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар байгууллага хамт олноо манлайлж, нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/А2270439/ХӨА-2021/121-ШТА-ТА албан шаардлагаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Ө.Жд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/913 тоот албан бичгээр “... Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д “хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, тус комиссгүй байгууллагын хувьд Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, шүүх харьяалан шийдвэрлэх”-ээр хуульчилсан байх тул уг маргааныг аймгийн Засаг дарга шийдэх боломжгүй байна” гэсэн хариу өгчээ.

 4.Нэхэмжлэгч Ө.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Ө.Ж би Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Үүнд: 1. Сонсох ажиллагаа хийгээгүй талаар. Засаг даргын Тамгын газраас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15:45 цагт Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Ж надад сахилгын шийтгэл ногдуулах тухай сонсох ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагт хийхээр мэдэгдэл ирүүлсэн.

Миний бие 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас сонсох ажиллагаанд оролцох боломжгүй байсан бөгөөд сонсох ажиллагааг хойшлуулах, сонсох ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтээ эмнэлгийн магадлагааны хамт Ханх сумын Засаг даргад хүргүүлсэн. Үүнээс хойш надад сонсох ажиллагааг хойшлуулсан, дахин товлосон талаар дахин мэдэгдэл ирээгүй бөгөөд миний бие Хөвсгөл аймгийн "Жаргалан” эмнэлэгт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хэвтэн эмчлүүлсэн.

Гэтэл Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын Газрын дарга Б.Б намайг эмнэлэгт хэвтэж байхад буюу 2022 оны 03 дугаар сарын 01- ний өдөр утсаар ярьж "сонсох ажиллагааг утсаар зохион байгуулъя" гэхэд нь би “эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа учраас утсаар сонсох ажиллагаанд оролцох боломжгүй нөхцөл байдалд байна, сонсох ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтэй байна” гэдгээ хэлсэн. Мөн энэ тухайгаа мессежээр давхар бичиж баталгаажуулсан байхад сонсох ажиллагааг хийсэн мэтээр тэмдэглэл үйлдэж, оролцогчоос тайлбар, санал авах ажиллагаа явуулалгүйгээр, хууль зөрчин, үндэслэлгүйгээр Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамж гаргасан.

Захирамжийн хавсралт Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Жыг сонсох ажиллагаа зохион байгуулах тухай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн бичигт дурдсан “... 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна" гэсэн нь үндэслэлгүй, баримтгүй худал зүйлийг тэмдэглэн тусгасан байна.

Мөн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэлд дурдсанаас үзэхэд сахилгын шийтгэлийг гарцаагүй ногдуулахаар урьдаас төлөвлөгдсөн болох нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэсэн захирамжийн дугаараас харагддаг бөгөөд, тухайн захирамжийн огноо нь албажин гарсан ажлаас халах тухай захирамжийн огнооноос зөрүүтэй, сонсох ажиллагаанд оролцогчийн тайлбар, саналыг үл харгалзан сахилгын шийтгэл ногдуулахаар төлөвлөгдсөн байгаа нь харагдаж байна.

          2. Захиргааны акт Төрийн албаны тухай хууль зөрчсөн талаар. Ерөнхий боловсролын сургууль нь “Их сант хайрхан” ХХК-тай 2019 онд 190 машин мод нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж 120 машин түлээг хүлээн авсан. 2018 онд түлээ бэлтгэх ажлыг маш сайн, хангалттай бэлтгэж ажилласан бөгөөд түлээний нөөц хүрэлцээтэй байсан учраас Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу спортын талбайг бүрэн тохижуулах ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эхлүүлэн, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгаж, хүлээн авсан. Дээрх дурдагдсан үйл баримтыг зөрчил гэж үзэж байгаа бол зөрчил гарсан огноог талбайг дуусгаж, хүлээн авсан өдөр буюу 2019 оны 11 сарын 20-ны өдөр гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж хуульчилсан. Зөрчил гаргасан өдрөөс эхлэн хуульд заасан 12 сарыг тоолоход 2020 оны 11 сарын 20-ны өдрөөс хойш сахилгын шийтгэл ногдуулахгүй байхаар хуульчилсан байна.

Гэтэл Засаг даргаас хуулийн дээрх заалтыг зөрчиж, зөрчил гарснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн буюу 28 сарын хугацаа өнгөрсөн байхад Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамж гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн акт байна.

Ханх сумын Ерөнхий боловсролын сургууль 2020 он, 2021 онд санхүүгийн аудитын тайлангаар ямар нэгэн зөрчилгүй үнэлэгдсэнийг дурдаж байна.

            3. Боловсролын тухай хууль зөрчсөн талаар. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлөхдөө Аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны газраас санал авахаар хуульчилсан байхад Засаг дарга санал авалгүй, өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

            4. Хууль бус актыг үндэслэн гаргасан Засаг даргын захирамж үндэслэлгүй талаар. Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамж нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 32/А2270439/ ХӨА-2021/121-ШТА-ТА дугаартай албан шаардлагыг үндэслэсэн байдаг. Гэтэл тус албан шаардлага нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан 12 сарын хугацааг хэтрүүлсэн буюу зөрчил гэх үйл баримтаас хойш 23 сарын хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулахыг даалгасан байна. Иймд Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлага нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, үндэслэлгүй албан шаардлага байх тул тус албан шаардлагыг үндэслэсэн Засаг даргын захирамж мөн үндэслэлгүй байна.

            5. Зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар.

         Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу тухайн үед хуучин спортын талбай нь маш их эвдэрч хэмхэрсэн, сул шороо, хэмхэрсэн цемент, чулуу нь хөглөрч тоосжилт үүссэн, өнгө үзэмж, орчин маш муу, хүүхэд багачууд их гэмтдэг, ялангуяа дотуур байрын хажууд байрлах тул байрын хүүхдүүд байнга унаж, хөл гараа гэмтээдэг байв. Иймд энэ талбайг хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, өв тэгш хүмүүжил олгох, нийтийн биеийн тамир, спорт, эрүүл мэндийг дэмжих, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад Ханх сум нь орон нутгийн онцлогоор хилийн гарц нь боомт болж байгаатай холбогдуулан жуулчид ихээр ирэх үед Ханх сум нь чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, орчин байхгүй тул суманд чухал хэрэгтэй ажил хийх бүтээх зорилгоор спортын талбайг бүрэн тохижуулах /20.780.000 төгрөгийн/ ажлыг үлдэгдэл 70 машин түлээ /13.300.000 төгрөг/- ний оронд хийлгэсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасан хуулийн агуулгатай нийцэж байхад зөвхөн хэлбэрийн алдааг үндэслэж дүгнэсэн Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 32/А2270439/ ХӨА-2021/121-ШТА-ТА дугаартай албан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            Иймд Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ө.Ж намайг Хөвсгөл аймгийн Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү.

Мөн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэлд дурдсанаас үзэхэд сахилгын шийтгэлийг гарцаагүй ногдуулахаар урьдаас төлөвлөгдсөн болох нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэсэн захирамжийн дугаараас харагддаг бөгөөд, тухайн захирамжийн огноо нь албажин гарсан ажлаас халах тухай захирамжийн огнооноос зөрүүтэй, сонсох ажиллагаанд оролцогчийн тайлбар, саналыг үл харгалзан сахилгын шийтгэл ногдуулахаар төлөвлөгдсөн байгаа нь харагдаж байна. ... гэв.

5.Хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа:

Ханх сумын 3 дугаар багийн иргэн Ө.Жын гаргасан нэхэмжлэлд миний бие болсон бүх үйлдэл болон сургуулийн өнөөгийн бодит байдлын талаар тайлбар хүргүүлж байна. Миний бие 2020 оны 12 сард Засаг даргын ажлыг авсан. Намайг ажил хүлээж авсан цагаас хойш сургуулийн талаар гомдол санал тасралтгүй ирсэн ба энэ талаар арга хэмжээ авч ажил сайжруулж өгөхийг иргэд маш ихээр санал хүсэлтээ тавьж шийдвэрлэж өгөхийг шаардаж байсан. Энэ тухай захирлаар ажиллаж байсан Ө.Жд удаа дараа хэлж анхааруулж, бүр үүрэг даалгавар биелүүлж, ажлаа сайжруулж чадахгүй бол ажлаас чөлөөлөхийг нэг бус удаа хэлж анхааруулж байсан.

Ө.Ж нь шаардлага тавихад хүлээж авдаггүй, өөрийгөө өмөөрдөг, хот хүрээ хол ойрын хүнээр ажлаас битгий халуулаач гэж хэлүүлдэг. Ээж нь хүртэл ирж надтай уулзаж аль болохоор ажилтай байлгаж өгөхийг гуйсан ба хэрэв чөлөөлбөл Доржпагмыг л битгий тавиарай өөр хүн байвал хэн ч байсан яах вэ гэж хэлээд охиныхоо учир байдлыг сонсоод явсан.

Миний бие сумын төвийн иргэд айл өрхүүдээр явж санал бодлыг нь сонссон ба 380 гаруй өрхүүдийн ихэнх нь сургууль нэг гэр бүлийнх боллоо, хичээл сургалт муу, дотуур байрны хүүхдийн орчин хоол унд муу, багш ажилчид нь архи их уудаг, сургууль хавтгай архидалттай болсон, ах дүү хамаатан садан хүмүүс учраас биеэ их өмөөрч хамгаалдаг, ах дүү л биш бол сургуульд ажилд орох боломжгүй яг л хувийн гэр бүлийн компани шиг болсон талаар шаардлага тавьж сургуулийн удирдлагыг сольж өгөхийг санал болгож байсан.

Тэр ч бүү хэл сургуульд ажилд орохдоо 2 сая хүртэл мөнгө өгч ажилд ордог, мөнгөө өгөхгүй хүнийг 2, 3 хонуулаад буцаагаад халчихдаг, энэ талаар нөхөр Ихбаяр нь зуучилдаг ба бүр УАЗ-469 машин хүртэл хүнээс авсан ба буцааж халчхаад машиныг нь өгөхгүй явдал чирэгдэл болсон байдаг. Сургуулийн ажлыг нөхөр Ихбаяр нь мэддэг, ээж нь ажилд нь оролцдог, буруу юмаа ах, дүү хамаатнуудаараа нийлж бусдыгаа дуугаргахгүй бөөрөлхөж хэл ам хийж дарамталдаг, гаднаас ирж багшилж байгаа сайн, шударга багш нарыг дарамталж байгаад явуулдаг жишиг тогтоод байна. Сургуульд сүүлийн жилүүдэд 50, 100, 200 саяын гурван удаагийн их засвар орсон боловч маш чанаргүй дутуу хийгдэж байхад өөрөө тохиролцоод хүлээж авч улсыг хохироосон сургуулийн өмч хөрөнгө, санхүүг зориулалтын бус зарцуулдаг, нөхрөө намар самар жимсэнд найз нөхдөд нь чөлөө өгч явуулаад олон сараар хуурамч баримт бүрдүүлж ажил хийдүүлж сул цалин олгодог, нөхрөөрөө сургуулийн шинэ фургон машиныг тонуулж эвдүүлж, удаа дараа онхолдуулж хаяснаас одоо сургууль машингүй байна. Сургуулийн ой тэмдэглэнэ гэж ард иргэдээс болон байгууллагаасаа маш их хандив мөнгө авсан ба одоо данс тооцоо нь байхгүй нууц байдалд байна.

Нийт ажилчдынх нь 30 гаруй хүн нөхөр, ах дүү, хамаатан садангууд нь ажиллаж байгааг юу гэж ойлгох вэ? Дотуур байрны багш нар нь Жаргалын хамаатнууд ба ажил дээрээ архи уудаг хүүхдүүдтэй зүй бус харьцаж буруу үлгэр дуурайл өгдөгөөс байрны хүүхдүүд архи ууж, тамхи татах явдал олон удаа гарсан байна. Энэ мэтчилэн сургуулийн талаар ярьж бичээд байвал маш их баримттай зүйлүүд байгаа. Иймээс арга буюу энэ байдлыг таслан зогсоохын тулд дээрх арга хэмжээг авахаас өөр аргаггүй учир уг сахилгын арга хэмжээг авсан. Энэ талаар нэг бүрчлэн тайлбарлая. Үүнд:

Нэг. Сонсох ажиллагааны талаар: Миний бие төсвийн ерөнхий захирагчийн хувьд үйл ажиллагаа нь доголдсон удаа дараа өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, баг хамт олны үйл ажиллагааг удирдаж нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлж байгаа байгууллагын дарга нартаа сахилгын арга хэмжээ тооцох эрх хэмжээнийхээ хувьд сургуулийн захирал Ө.Жд сахилгын арга хэмжээ авч анхааруулга санамж өгөх зорилгоор 2022 оны 02 сарын 18-ны өдрийн 17 цагт Засаг даргын Тамгын газрын байранд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасны дагуу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог хангах" зарчмыг баримталж “Мэдэгдэх хуудас” хүргүүлсэн.

Уг мэдэгдлийг Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч П.Баярчимэгээр 2022 оны 02 сарын 18-ны өдрийн 12 цаг 48 минутад хүргүүлсэн боловч Ө.Ж нь “Би ийм мэдэгдэл хүлээж авахгүй, гарын үсэг зурахгүй" гэж хэлээд буцаасан байдаг. Дараа нь Ө.Ж нь Ханх сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч Д.Агийн гарын үсэгтэй “Эмнэлгийн магадалгаа” гэх актыг 15 цаг 30 минутын орчимд ЗДТГ дээр өөрийн биеэр авчирч өгсөн. Үүний дараа Ө.Ж нь өмнө нь гарын үсэг зурахгүй гээд байсан мэдэгдэл дээрээ 15 цаг 45 минутад гарын үсэг зурж өгсөн ба Засаг дарга миний нэр дээр “Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар очих боломжгүй тул 2022 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл уг сонсох ажиллагааг хойшлуулж өгнө үү. Би биечлэн оролцох хүсэлтэй байна“гэж бичээд бичиг хэргийн ажилтанд өгсөн байна.

Энэ үед би өрөөндөө Ө.Жыг хүлээгээд ажлаа хийгээд сууж байсан. Ердөө 2 алхмын зайтай хаалганы цаана сууж байхад яагаад манай өрөөнд орж ирээд юу болсныг нь сонсоод 5-10 минут зарцуулаад өөрийнхөө эрх ашгийг хамгаалж болоогүй, эрүүл мөртлөө хуурамч акт өгч зугтааж явсан юм бол.

Би болон Тамгын газрын дарга Б.Б Ө.Жын гар утас болох 89811979 дугаар руу 86688038 дугаараас 2 удаа залгахад утсаа салгасан байсан. Мөн тус дугаараас 17 цаг 10 минутад залгахад утас нь дуудаад байгаа мөртлөө утсаа аваагүй. Харин дараа нь мессежээр сонсох ажиллагааг хойшлуулж өгөөч гэж бичсэн байсан. Би тухайн үед энд ирээд явсныг дуулаад хойшлуулах боломжгүй гэж хариу өгсөн ч Жаргалын хүсэлтийн дагуу 2022 оны 02 сарын 28 хүртэл хойшлуулсан.

2022 оны 03 сарын 01-ний өдрийн 10 цагт Сонсох ажиллагаа хийхээр болж 10 цаг 10 минутад Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б /89870013/ гэсэн гар утаснаасаа Ө Жаргалын 89811979 гэсэн дугаар руу залгаж холбогдоод “одоо сонсох ажиллагаа хийж болох уу? видео колл хийх үү эсвэл шууд залгаад ярих уу гэж асуухад нь Ө.Ж “10 минутын дараа 10 цаг 20 минутад шууд залгаж холбогдоод сонсох ажиллагаа хийхээр тохиролцоод 42 секунд яриад утсаа салгасан. Үүний дараа тун удалгүй 2022-03-01 өдрийн 10 цаг 16 минутад Жаргалаас мессеж ирүүлсэн. “Өглөөний мэнд. Би аймагт хэвтэн эмчлүүлж байгаа тул утсаар ярьж сонсох ажиллагаанд оролцох боломжгүй байна өөрийн биеэр очиж оролцоно“ гэж бичиж ирүүлсэн байна.

Бид үүний дараа товлосон цаг болон залгахад утсаа салгасан байсан. Тэр үед чи аль эмнэлэгт хэвтэж байгаа юм бэ гэж асуухад эмнэлгийн нэрээ хэлэхгүй байсан. Хожим сонсоход 3 сарын 1-ний өдөр Жаргал өөрийн хамаатан Баярсайханы амралт дээр байсан байлаа. Цаашид төрийн ажил эзэнгүйдэж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж болзошгүй бөгөөд ийм аргаар яваад байвал хэдэн ч удаа хойшлуулж ямар ч шалтаг тоочиж ажил сунжрах магадлалтай тул бид хуульд заасан дараагийн арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн. Харамсалтай нь оролцогч нь өөрийн эрх, ашиг сонирхлоо илэрхийлэх боломжийг ашиглаагүй тохиолдолд захиргааны байгууллага байгаа баримтад тулгуурлан шийдвэр гаргах эрхтэй. Ө.Ж нь эрүүл сумын эмнэлгээс хуурамч акт авч хамаатныхаа амралтад дээр амарч байсан ба аймгийн төвд Жаргалан эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь ч худал болохыг нотлох олон баримт байна.

Энэ хугацаанд Жаргал нь аймаг орж холбогдох хүмүүстэй уулзаж явсан байдаг ба аймаг орохдоо багш нарт УИХ-ын гишүүдээс тарааж буй төрийн одон медалиудыг авчирч 2022-03-07 орой “Тойн гол”-ын амралт дээр “Эмэгтэйчүүдийн баяр” тэмдэглэж гавьяаныхаа амралтад гарсан ахмад багш нар болох нэр бүхий /Б, Э, Д, О, Тунгалаг/ 5 хүнд “Алтан гадас” одон, ”Хөдөлмөрийн хүндэт медаль” болон бусад шагналуудаар шагнаж хавтгай архидалт зохион байгуулж явсан байдаг.

Тухайн баазын ойр орчмын айлуудаас бидэнд сургуулийнхан ирж архидаад байна гэж утсаар гомдол гаргаж байсан байна. Энэ мэтчилэн янз бүрийн арга хэмжээ зохион байгуулаад ажлаа өгөхгүй, тамга тэмдгээ ч өгөхгүй өрөөгөө цоожлоод биднээс зугтаагаад яваад байсан ба ах дүү хамаатан садангуудаараа ажилтнаа нийлж жагсаал цуглаан зохион байгуулахаар хүртэл бусдыг цахимаар болон биечлэн турхирч явсан байдаг. Ө.Ж нь ажлаа өгөхгүй санаатайгаар зугтан зайлсхийсэн энэ хугацаандаа бичиг хэргийн ажилтнаа сургалтын менежер болон нягтлан, нярваараа дарамтлуулж амралтынх нь цагаар өрөөнийх нь түлхүүрийг авч тушаалын бланк, тоот авч хүн ажилд авах, хөрөнгө зарцуулах болон санхүүтэй холбоотой хуурамч бичиг баримт үйлдсэн байдаг.

Энэ хүн яагаад сонсох ажиллагаандаа оролцохгүй арга саам хайгаад зугтаагаад яваагийн гол утга учир үүнд байсан юм байна. Миний зүгээс хуулиа дээдлэн энэ хүний эрх ашгийг хамгаалан хоёр ч удаа сонсох ажиллагаа зохион байгуулах гэж хичээж оролдсон боловч үүнийг ашиглаж эрх ашиг сонирхлыг илэрхийлэх боломжийг ашиглаагүй тул байгаа баримтад тулгуурлан шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд ажлаас халах захирамжийг гаргасан болно.

          Хоёр. Төрийн албаны хуулийн 48-р зүйлийн 48.4 дэх заалтыг зөрчсөн гэх талаар: Тухайн зөрчил нь Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын төлөвлөгөөт шалгалтын явцад 2021 оны 10 сарын 27-ны өдөр илэрч тус байгууллагын албан шаардлагаар Засаг дарга миний нэр дээр сахилгын шийтгэл оногдуулж хариу мэдэгдэхийг үүрэг болгосны дагуу арга хэмжээ тооцсон болно. Иймээс сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Ер нь авлига, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бус өөр зүйлд зарцуулсан бол үүнд ямар нэгэн хугацаа заагаагүй бөгөөд арга хэмжээ тооцуулж, төлбөрөө барагдуулж улсыг хохиролгүй болгох л ёстой. Үүнд ямар ч хуулийн заалтыг зөрчөөгүй.

           Гурав. Боловсролын тухай хууль зөрчсөн гэдэг талаар: Миний бие Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтын дагуу Сургуулийн захирал Жаргалыг ажлаас чөлөөлөх болсон тухайгаа 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/20 тоотоор хүргүүлсэн. Тус албан тоотын хариу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаартай дарга Ц.Гийн гарын үсэгтэй тоот ирсэн. Тус тоотод ирсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байгаа гэсэн байсан.

           Дөрөв. Ө.Ж нь өөрөө төсвийг буруу зарцуулж байгууллагаа хохироочхоод төрийн аудитын албан шаардлагыг хууль бус гэж үзэж байгаа нь ямархуу алдаагаа ухамсарлаж байгаа, ямар түвшний мэдлэг чадвартай удирдагч вэ гэдгээ өөрөө батлан харуулж байна. Энэ талаар би тайлбарлах хэрэггүй, харин ч өөрөөр нь төлүүлэх акт тавиагүйд дотроо залбирах хэрэгтэй. Аудит энэ хүнд акт тавилгүй хаацайлсан байна. Бид энэ талаар холбогдох хууль хяналтынханд хандаж шалгуулах болно.

           Тав. Зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй, төсвийг хэмнэсэн гэх талаар: Энэ хүн өөрийгөө төсөв хэмнэж, гавьяа байгуулсан гэж дурджээ. Энэ зөрчил нь ямар ч төсвийн хэмнэлт биш “Төсвийн тухай“ хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Юун ингээд гавьяа байгуулсан гээд зарга хийгээд сууж байх биш өөр газар шийтгэлээ эдлээд явж байх ёстой баймаар санагдана. Сургууль түлшний модны нөөцөө бүрдүүлж чадаагүй улмаас өнгөрсөн хавар сургууль түлээгүй болж “гал алдаж” нэгээс нөгөө рүү түлээ зөөж бүр ирэх оныхоо түлшнээс урьдчилж буулгуулж байж дулааны улиралтай золголоо. Бага сургуулийн багш, сурагчид өнгөрсөн хавар гадуур хувцастайгаа хүйтэн байранд хичээллэж зутарч байгаа талаар эцэг эхчүүдээс ихээхэн гомдол ирсэн байдаг. Сагсны талбайн шал цемент хагарч цуурснаас болж гэмтсэн хүүхэд байхгүй дараах гомдол санал ирээгүй энэ зүгээр л түлш бэлтгэж буй компанитай хуйвалдаж мөнгө зувчуулсан арга юм. 70 машин түлээний 13,300,000 төгрөг дээр нэмж 5,000,000 төгрөг нэмж өгсөн байдаг. Энэ зөрчил нь ажлаас халах бүрэн үндэслэл болно. Миний зүгээс дараах зүйлсийг хуурамчаар үйлдсэн гэж хардаж байгаа тул үзлэг шалгалт хийлгэж шинжлүүлэн үнэн мөнийг тогтоолгох хүсэлттэй байна. Үүнд:

1.Ханх сумын их эмч Д.Агийн бичиж өгсөн акт.

2.Жаргалын “Жаргалан" эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн магадалгаа болон истоор нээж 10 хоног эмчлүүлсэн нь үнэн эсэх

3.Ажлаас халагдсаныхаа дараа хэдэн тушаал болон тоот гаргаж албан бланк, тамга тэмдэг ашигласан эсэхэд сургуулийн бичиг хэрэг дээр үзлэг шалгалт хийлгэх зэргийг магадлан шалгуулах хүсэлтэй байна. Сургуулийн өнөөдрийн өнгө төрх, ажил үйлс, сургалт хүмүүжлийн ажил хэрхэн явагдаж, яаж дампуурч, үйл ажиллагаа нь доголдсон талаар товчхон тайлбар хийлээ. Үнэн бодит байдал ийм байгаа учраас аргагүйн эрхэнд ажлаас чөлөөлсөн гэдгээ ахин дахин хэлье. Үнэхээр сургууль гэдэг их айл төрийн байгууллага, оюуны их өргөө гэдэг утгаа алдаж нэгэн гэр бүл, хамаатан садангуудын дураараа дургиж, ажил цалгардуулж зарим нь сул цалинтай хийдүүлж явдгаас гадна архидалт хавтгайрсан, хамаатан л биш бол ажилд орохыг санаархах боломжгүй Жаргал гэдэг нөхрийн хувийн байгууллага болсныг сумаараа нэг дургүйцэж өөр хоорондоо ярьж байдаг амны зугаа болсон ийм байгууллагыг яагаад ийм олон жил хамгаалж хаацайлж явсан юм бол гэж бодогддог. Иймээс миний зүгээс төрийн ажлыг сайжруулж үйл ажиллагааг нь сайжруулах, иргэдэд тэгш боломж олгох, сургалт хүмүүжлийн ажлыг чанаржуулах зорилгоор гаргасан шийдвэртээ бат зогсоно. Сумын ард иргэд ч энэ шийдвэрт ам сайтай талархалтай дэмжин хүлээж авсныг дуулгахад таатай байна. Бидэнд үүнээс өөр сургуультай холбоотой олон арван материал байгаа шаардлагатай бол цаг тухайд нь гаргаж тавих болно. Ө.Ж өөрийнхөө энэ мэт гэм бурууг хаацайлж өмөөрөөд байх аваас холбогдох хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх болно. Миний бие их хүлээцтэй, анхааралтай харлаа, одоо ер нь боллоо. Залуу хүн өөрийнхөө бурууг ойлгож ухаарах болов уу гэсэн чинь тийм биш юм. Ингэж албан тушаалдаа үхэн хатан зууралдаад байгаа нь цаанаа маш том эрх ашиг, булхай луйвар байна гэж ойлгогдож байна. Хэн нь буруутай вэ гэдгийг шударга шүүх үнэн мөнөөр нь шүүгээд гаргаад ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

6. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ө.Жын Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

7.Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн, ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан.

9.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “"төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” ойлгоно.

10.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заасан.

11.Иймд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоох бөгөөд Ө.Ж нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах субьектив эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

12.Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.3, 40.2.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Ж нь байгууллага хамт олныг манлайлж, нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/А2270439/ ХӨА-2021/121-ШТА-ТА албан шаардлагаар тогтоогдсон тул 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

13.Хариуцагч Ханх сумын Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”,

14.Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”,

15.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: ... 37.1.8.өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ... 39.1.3.хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 48 дугаар зүйлийн 48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: ...”, 48.2-т “Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, 48.3-т “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй”,

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:

... 80.1.5.ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон”, 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна: ... 123.2.5.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах”,

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: .... 31.1.12.аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”,

Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно”, 42.2-т “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно”,

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасныг баримтлан захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар дараах эрх зүйн зөрчилтэй тул хууль бус байна.

16.Маргаан бүхий захиргааны актын “... байгууллага хамт олныг манлайлж, нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:

17.Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Жын 2020 оны эхний хагас жилийн ажлыг 84.2 хувьтай сайн гэж үнэлсэн болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 198 тоот албан бичиг, түүний хавсралтаар,

18.2021 оны ажлыг 90 хувьтай маш сайн гэж үнэлсэн болох нь Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27 тоот албан бичиг, түүний хавсралтаар,

19.Ханх сумын ерөнхий боловсролын сургууль нь 2021 оны хичээлийн жилийн “Шилдэг сургууль”-аар шалгарсан болох нь Хөвсгөл аймгийн Боловсролын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/70 дугаар тушаал, түүний хавсралтаар,

20.Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Жын ажлыг 90.2 хувьтай маш сайн гэж үнэлээд 2022 оны нэг дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг 15 хувиар, ур чадвар олгох хувийг 25 хувиар олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 тоот албан бичиг, түүний хавсралтаар тус тус нотлогдож байна.

21.Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Ж 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/ өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй дүгнэлт” авсан болох нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/186 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

22.Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Хөвсгөл аймгийн хэмжээнд 2021 онд 17 хүүхэд 800 оноо авснаас 3 хүүхэд нь Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч байсан. Үүнийг нь аймгийн боловролын асуудал эрхэлсэн дээд шатны байгууллагаас үнэлж шилдэг сургуулиар шалгаруулж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна.

23.Иймд Ө.Ж нь байгууллага хамт олныг манлайлж, нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ. Тодруулбал байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох бүх нийтийн ерөнхий боловсролыг олгох чиг үүргээ хангалттай хэмжээнд явуулж, санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил дутагдал гаргаагүй байна.

24.Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: ... 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал ...” гэж заасан.

25.Харин Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжид “сургуульд ажилд орохдоо 2 сая хүртэл мөнгө өгч ажилд ордог, ... бүр УАЗ-469 машин хүртэл хүнээс авсан ба буцааж халчхаад машиныг нь өгөхгүй явдал чирэгдэл болсон. ... ах дүү хамаатнуудаараа нийлж бусдыгаа дуугаргахгүй бөөрөлхөж хэл ам хийж дарамталдаг, гаднаас ирж багшилж байгаа сайн, шударга багш нарыг дарамталж явуулдаг. ... нөхрөө намар самар жимсэнд найз нөхдөд нь чөлөө өгч явуулаад олон сараар хуурамч баримт бүрдүүлж ажил хийдүүлж сул цалин олгодог, нөхрөөрөө сургуулийн шинэ фургон машиныг тонуулж эвдүүлж, удаа дараа онхолдуулж хаясан одоо машингүй болсон. ... иргэдээс болон байгууллагаасаа маш их хандив мөнгө авсан, тайлагнаагүй. Нийт ажилчдынх нь 30 гаруй хүн нөхөр, ах дүү, хамаатан садангууд нь ажиллаж байгаа. Дотуур байрны багш нар нь Жаргалын хамаатнууд ба ажил дээрээ архи уудаг хүүхдүүдтэй зүй бус харьцаж буруу үлгэр дуурайл өгдөгөөс байрны хүүхдүүд архи ууж, тамхи татах явдал олон удаа гарсан ...” зэрэг үйл баримтыг захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал болсон талаар дурдаагүй, актын үндэслэл болгоогүй тул шүүх хэрэгт хамааралгүй гэж шүүх үзлээ.

26.Маргаан бүхий захиргааны актыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон гаргасан тул Ө.Жын “2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр архидалт зохион байгуулсан, ажлаас халагдсан тушаал гарсны дараа тушаал гаргасан” эсэх нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй. Шүүх зөвхөн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гаргасан маргаан бүхий захиргааны акт нь үндэслэлтэй эсэхийг хянах юм.

27.Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/А2270439/ ХӨА-2021/121-ШТА-ТА албан шаардлагаар тогтоогдсон гэх үндэслэлийн тухайд:

28.Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/А2270439/ ХӨА-2021/121-ШТА-ТА албан шаардлагаар дараах таван зөрчлийг дурдаж, Төрийн аудитын тухай хуулийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасныг баримтлан албан шаардлага өгчээ. Үүнд:

1.Бага үнэтэй түргэн элэгдэх эд зүйлсийн зардлаас эдийн засгийн ангилал зөрчиж 5000 000 төгрөгийг бетон зуурмагийн зардал гэж шилжүүлэн урсгал засварын материал авч зориулалт бусаар зарцуулсан,

2.Ерөнхий боловсролын сургууль нь 190 машин түлээ худалдан авахаар гэрээ хийсэн боловч 120 машин түлээг хүлээн авсан бөгөөд 70 машин түлээний үнэ болох 13 300 000 төгрөгөөр сагсны талбай хийлгэсэн байна. Гэвч санхүүгийн тайланд 190 машин түлээг орлогоор хүлээн зөвшөөрч зардал гаргасан бөгөөд сагсны талбайг бүхэлд нь тусгаагүй байна.

3.2021 оны эхний хагас жилийн тайланг гаргахдаа өмнөх оны үлдэгдлээс зарцуулсан түлээний 30 015 000 төгрөгийн зарлагыг гаргаагүй.

4.Тээвэр шатахууны зардлыг шаардах хуудас бичиж олгосон хэдий ч 2021 оны эхний хагас жилийн байдлаар 2 499 952 төгрөгийн материалын зарлагыг гаргаагүй, жолоочийн тооцоо бодоогүй.

5.2021 оны эхний хагас жилийн тайлан гаргахдаа хөрөнгийн тооллогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хийгээгүй, баримтжуулаагүй, баталгаажуулаагүй байна гэж үзжээ.

29.Ерөнхий боловсролын сургууль нь 190 машин түлээ худалдан авахаар гэрээ хийсэн боловч 120 машин түлээг хүлээн авсан бөгөөд 70 машин түлээний үнэ болох 13 300 000 төгрөгөөр сагсны талбай хийлгэсэн, үүн дээр нэмж Бага үнэтэй түргэн элэгдэх эд зүйлсийн зардлаас эдийн засгийн ангилал зөрчиж 5000 000 төгрөгийг бетон зуурмагийн зардал гэж шилжүүлэн урсгал засварын материал авч зориулалт бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан “үнэн зөв байх” зарчим, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.7-д заасан “хууль, гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх” гэснийг зөрчсөн байна.

30.Гэвч энэ зөрчил нь 2019, 2020 онд үйлдэгдсэн болох нь дээрх аудитын албан шаардлага, Хөвсгөл аймгийн Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 117 тоот албан бичгээр нотлогдож байна.

31.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчиж Ө.Жд 2022 оны 03 дугаар сарын 01-ний сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.

32.Харин Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/А2270439/ ХӨА-2021/121-ШТА-ТА албан шаардлагын 3, 4, 5 дахь хэсэгт дурдсан зөрчлүүдийг арилгасан болох нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/196 тоот “Зөрчилгүй дүгнэлт”-ээр нотлогдож байна.

33.Уг зөрчлүүдийг 2021 оны эхний хагас жилд гаргасан /2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр/, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын дүгнэлтээр ажил олгогч илрүүлсэн гэж үзэхэд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулж болох хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

34.Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/А2270439/ ХӨА-2021/121-ШТА-ТА албан шаардлагаар Ханх сумын Ерөнхий боловсролын сургууль нь 190 машин түлээ худалдан авахаар гэрээ хийсэн боловч 120 машин түлээг хүлээн авсан бөгөөд 70 машин түлээний үнэ болох 13 300 000 төгрөгөөр сагсны талбай хийлгэсэн, үүн дээр нэмж Бага үнэтэй түргэн элэгдэх эд зүйлсийн зардлаас эдийн засгийн ангилал зөрчиж 5000 000 төгрөгийг бетон зуурмагийн зардал гэж шилжүүлэн урсгал засварын материал авч зориулалт бусаар зарцуулсан гэх 2019, 2020 онд үйлдэгдсэн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахыг даалгасан нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчсөн илт хууль бус болох юм.

35.Тодруулбал аудитын албан шаардлагын 1, 2 дахь хэсэгт дурдсан зөрчилд шийтгэл ногдуулахаар шаардаж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ... 47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэдэгт  хамаарах ба мөн хуулийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар эрх зүйн үйлчлэлгүй байх юм.

36.Харин дээрх Аудитын албан шаардлагын 3, 4, 5 дахь хэсэгт дурдсан Ханх сумын Ерөнхий боловсроын сургуулийн 2021 оны санхүүгийн тайлангийн зөрчилд Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсний дагуу шийтгэл ногдуулж болох байсан ч хөөн хэлэлцэх хугацаанд багтаан шийтгэл ногдуулаагүй өнгөрчээ.

37.Сонсох ажиллагаа хийсэн эсэх талаар:

38.Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Жд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 45 минутад мөн өдрийн 17 цаг 00 минутад сонсох ажиллагаад оролцохыг мэдэгдсэн боловч тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцоогүй, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сонсох ажиллагааг хойшлуулах хүсэлтийг Ө.Ж гаргасан болох нь хэргийн 64 дүгээр хуудаст авагдсан Ө.Жын өргөдөл, эмнэлгийн магадлагаа, гэрч Ханх сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Агийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна.

39.Харин 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг 20 минутад сонсох ажиллагааг зохион байгуулахад нэхэмжлэгч Ө.Ж аймгийн төвд “Барнууд” ХХК-ийн “Жаргалан” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Барнууд” ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 28 тоот албан бичгээр нотлогдоно.

40.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: ... 27.4.4.утсаар санал авах” гэж зааснаар утсаар санал авах сонсох ажиллагаа хийх талаар хэлэхэд нэхэмжлэгч татгалзсан болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

41.Сонсох ажиллагааг хоёр удаа зохион байгуулсан, эхний удаад нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлуулсан, хоёр дахь удаад утсаар санал авч сонсох ажиллагаа зохион байгуулахыг санал болгоход нэхэмжлэгч өөрөө татгалзсан байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

42.Дээрх үндэслэлүүдээр Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй, хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.

43.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугааар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл, мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг даалгах нь зүйтэй.

44.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар бодож үзэхэд Ө.Жын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс 10 928 382 /арван сая есэн зуун хорин найман мянга гурван зуун наян хоёр/ төгрөг болж байна.

45.Харин Ө.Жыг ажлаас халагдсанаас хойш ерөнхий боловсролын сургуулийн захирлын цалин хөлс нэмэгдсэнийг оруулан тооцоогүй болно.

46.Хариуцагч “авлига, албан тушаал,эрх мэдлээ урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бус өөр зүйлд зарцуулсан, ажлаас гарсны дараа байгууллагын тамга, хэвлэмэл хуудас ашиглан хууль бусаар тушаал шийдвэр гаргасан” гэж маргаж байгаа. Энэ нь захиргааны хэрэгт хамааралгүй бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэх, Ө.Ж гэм буруутай эсэхийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй, эрүүгийн журмаар шийдвэрлэх учиртайг дурдъя.

47.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэснийг баримтлан хэргийг шийдвэрлэснийг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 37 дугаар зүйлийн 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Төрийн аудитын тухай хуулийн 42.1, 42.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.1 заасныг баримтлан Гашуунтан Ө.Жын Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ө.Жыг Хөвсгөл аймгийн Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирол 10 928 382 /арван сая есэн зуун хорин найман мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг Ханх сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Ө.Жд олгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ханх сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Жд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ