Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0667

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Жын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Л.Даваабаяр

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Ө.Ж, хариуцагч Л.Д нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Ж нь “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”-ээр маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 37 дугаар зүйлийн 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.1-д заасныг баримтлан Ө.Ж-ын Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ө.Жыг Хөвсгөл аймгийн Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирол 10,928,382 төгрөгийг Ханх сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах нэхэмжлэгч Ө.Жд олгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. “Би Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож чадаагүй бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16 тоот шүүхийн шийдвэрийг шүүхээс асуухад шууданд хийсэн гэсэн бөгөөд шуудангаар ирэхгүй болохоор нь Хөвсгөл аймгийн Шуудангийн тасаг дээр хүн явуулж асуулгахад Ханх сум руу явуулаагүй байхад нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүнээр авхуулж танилцлаа.

3.2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Ө.Жын нэхэмжлэлээр Ханх сумын Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн шалгаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга Л.Даваабаяр миний 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02  захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар эрх зүйн зөрчилтэй хууль бус байна гэж үзсэнд гомдолтой байна.

3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 16-д “... маргаан бүхий захиргааны актын ... байгууллага хамт олныг манлайлж нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийн тухайд шийдвэрийн 17, 18, 19,20, 21, 22, 23 дугаар заалтад зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу бүрдүүлсэн нотлох баримтыг дурджээ.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд шүүх нь хариуцагч тал болох Засаг дарга надаас нэг ч баримт шаардаагүй тул миний хувьд шүүх нь хэт нэг талыг барьсан мэт санагдаж байна.

3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “... шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх ...” гэж заасан байх бөгөөд хариуцагчийн хувьд тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж ямар баримт болох, ач холбогдолгүй баримт гэж аль баримтуудыг үзэх вэ гэдгийг ялган салгаж ойлгон мэдэхгүйгээс өөрийн тайлбарт хэлсэн зүйлийн талаарх албан ёсны баримтуудыг гаргаж өгөх ёстой, тэр ч бүү хэл шинжээчийн дүгнэлт ч гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргаж болох байсан байна. Үүнийг би ойлгоогүй, шүүх ч гэсэн энэ талаар ойлгуулан тайлбарлаагүй, маргаж байгаа нотлох баримтаа өгөхийг шаардаагүй тул миний хувьд хэргийн оролцогчийнхоо эрх, үүргийг бүрэн эдэлж чадалгүй шүүх хуралдаан болгосон байна.

3.6. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг нэхэмжлэгч талд маш сайн ойлгуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудаа өгч, мөн шүүхээс ч гэсэн нэхэмжлэгч талын баримтуудыг сайн бүрдүүлсэн байна. Харин хариуцагч талд маргаж байгаа баримтуудаа хэрхэн, хэзээ, яаж өгөхийг тайлбарлаж өгөөгүйгээс би баримтуудаа өгч чадаагүй. Тиймээс шүүх нь нэг талыг барьж нотлох баримтыг цуглуулсан мэт харагдаж байна. Ингээд шийдвэрийн 23-т “... иймд Ө.Ж нь байгууллага хамт олныг манлайлж, нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ ...” гэж дурдсан нь зөвхөн нэхэмжлэгчийн талын нотлох баримт цуглуулж дүгнэлтээ гаргасан гэж үзэн гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 25-д заасны дагуу актын үндэслэлд хамааралгүй гэж үзсэн асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд Эдийн засгийн цагдаад шилжүүлэн шалгуулж байгаа болно.

3.7. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” №32/А2270439ХӨА-2021/121-ШТА албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаараа шүүх хуралдаан дээр болон нэхэмжлэлдээ дурдсан байгаа боловч энэ талаар зохих шатны байгууллагад гомдол нэхэмжлэл гаргаагүй гомдол гаргах хугацаа өнгөрүүлснээс үзэхэд нэхэмжлэгч нь уг албан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа бөгөөд Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын байгууллага нь уг албан шаардлагыг хүчин төгөлдөр болсон хойно эрх бүхий байгууллага болох Ханх сумын Засаг даргад ирүүлсэн байна.

3.8. Тиймээс Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” №32/А2270439ХӨА-2021/121-ШТА “Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Жд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Ханх сумын Засаг дарга Л.Даваабаярт даалгав” гэсэн утга бүхий албан шаардлагыг Ханх сумын Засаг дарга миний бие 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цагаан сарын дараа ажилд орсон өдрөө хүлээн авч, Төрийн аудитын газрын албан шаардлагыг хүлээн авснаас хойш нэг сарын хугацаа өнгөрөөгүй байхад, мөн албан шаардлагад заасан хугацаанд Ө.Жд арга хэмжээ авсан тул би захирамжаа хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ө.Жаас “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Жыг Хөвсгөл аймгийн Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10,928,382 төгрөгийг Ханх сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй байна.

4. Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар “нэхэмжлэгч Ө.Жыг байгууллага хамт олныг манлайлж, нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/А2270439/ ХӨА-2021/121-ШТА-ТА дугаар албан шаардлагаар тогтоогдсон гэх үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар 27.1, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.3, 40.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, холбогдох хуулийг тайлбарлан маргааныг шийдвэрлэх учиртай.

4.2. Нэхэмжлэгч Ө.Жыг ажлаас халсан хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын захирамжийн үндэслэл, түүний нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбарт дурдсан үйл баримттай холбоотой нотлох баримтыг түүнээс болон холбогдох газраас гаргуулж аваагүй, “... нэхэмжлэгч Ө.Жтай холбоотой нотлох баримтууд гаргаж өгөх гэсэн боловч боломж олгоогүй, шүүх эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй ...” гэсэн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасан нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй гэж үзэхээр байна.

5. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-д зааснаар сум дүүргийн Засаг дарга нь “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” эрхтэй гэж заажээ.

5.1. Анхан шатны шүүх ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлсөн сумын Засаг даргын захирамжтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын нэхэмжлэгч Ө.Жыг ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилсон захирамж, тэдний байгуулсан хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн талаарх баримтыг цуглуулаагүй байна.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 31-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчиж Ө.Жд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна” гэжээ.

6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадлагаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж зааснаас гадна нэхэмжлэгч Ө.Жын гаргасан сахилгын зөрчлийг түүний ажил олгогч болох Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга илрүүлээгүй бөгөөд зөрчлийг тус аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/А2270439/ХӨА-2021/121-ШТА-ТА дугаар “... Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Жд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх” талаарх албан шаардлага хүргүүлснээр маргаан бүхий акт гарах үндэслэл болсон гэж үзэхээр байна.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилан хэлэлцүүлгийн журмаар товлож, 7 түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж заажээ.

7.1. Гэвч хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр утсаар мэдэгдсэн, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр залгахад холбогдох боломжгүй байсан гэж шүүгчийн туслах утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн боловч шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудас, цахим шуудан, мессежээр тус тус хүргүүлээгүй нь хариуцагч хурлын товыг мэдсэн гэж үзэх боломжгүй.

7.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэлд “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад хурлын товыг дахин сануулахаар залгахад холбогдох боломжгүй байсан тул Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баасансүрэнгийн утас руу залгаж хариуцагчийн талаар асуухад Засаг дарга ОХУ-ын Эрхүү хот руу явсан гэсэн хариу өгсөн” гэж тэмдэглэсэн байхад түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэж  үзнэ.

8. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг бүрэн цуглуулаагүй, хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэж хэргийн оролцогчдыг мэтгэлцэх боломжоор хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах боломжгүй байна.

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй бөгөөд маргаан бүхий акт гарах үндэслэл болсон үйл баримт болоод хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх боломжоор хангасны үндсэн дээр шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                 А.САРАНГЭРЭЛ 

ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ