Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00159

 

МТЗ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00795 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/00870 дугаар магадлалтай,

МТЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

ТЧ ХХК, ЭЭПД ХХК-д тус тус холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр М.Бийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд болох төлбөрийн тооцоогүй тухай албан бичиг, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршил, хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн план зураг, барилгын гадна талын /өмчлөлийн хэсгийг тэмдэглэсэн/ фото зураг зэргийг хариуцагч ТЧ ХХК-аас гаргуулахыг даалгах тухай,

Хариуцагч ЭЭПД ХХК-аас 2020 оны 08 сарын 10-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх” 20-72 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 18,624,350 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТЧ ХХК-ийн гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 146,557,379 төгрөг, доголдолтой ажлыг буулгахад гарах зардал 2,098,903 төгрөг, нийт 148,656,282 төгрөгийг гаргуулах, Баянгол дүүрэг, орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЭЭПД ХХК-ийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 83,441,108 төгрөг, доголдол зөрчилтэй ажлыг буулгахад гарах зардал 4,432,851 төгрөг, нийт 87,873,959 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд М.Бийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргуулахыг ТЧ ХХК-д даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч Т.Ч ХХК-ийн төлөөлөгч С.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   1. Нэхэмжлэгч МТЗ ХХК нь ТЧ ХХК-д холбогдуулж орон сууцны өмчлөгчөөр М.Бийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд болох төлбөрийн тооцоогүй тухай албан бичиг, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршил, хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн план зураг, барилгын гадна талын /өмчлөлийн хэсгийг тэмдэглэсэн/ фото зураг зэргийг гаргуулахыг даалгах тухай,

хариуцагч “ЭЭПД" ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18,624,350 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ТЧ ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 146,557,379 төгрөг, доголдолтой ажлыг буулгахад гарах зардал 2,098,903 төгрөг, нийт 148,656,282 төгрөгийг гаргуулах, орон сууцыг чөлөөлүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг,

Хариуцагч ЭЭПД ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 83,441,108 төгрөг, доголдол зөрчилтэй ажлыг буулгахад гарах зардал 4,432,851 төгрөг, нийт 87,873,959 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Гуравдагч этгээд М.Б нь хариуцагч “Т.Ч" ХХК-д холбогдуулж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00795 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭЭПД ХХК-аас 1,604,850 /нэг сая зургаан зуун дөрвөн мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулж МТЗ ХХК-д олгон, шаардлагаас үлдэх 17,019,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ТЧ ХХК-д холбогдуулан гаргасан ...... орон сууцны өмчлөгчөөр М.Бийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд болох төлбөрийн тооцоогүй тухай албан бичиг, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршил, хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн план зураг, барилгын гадна талын /өмчлөлийн хэсгийг тэмдэглэсэн/ фото зураг зэргийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэгч МТЗ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т.Ч ХХК-ийн ......тоотод байрлах, 3 өрөө буюу 79.11 м.кв орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч МТЗ ХХК-д даалгаж, нэхэмжлэгч МТЗ ХХК-иас 33,322,097 төгрөгийг гаргуулан хариуцагч ТЧ ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 115,334,185 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ЭЭПД ХХК-ийн нэхэмжлэгч МТЗ ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 83,441,108 төгрөг, доголдол зөрчилтэй ажлыг буулгахад гарах зардал 4,432,851 төгрөг, нийт 87,873,959 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Бийн хариуцагч “ТЧ” ХХК-д холбогдуулан ...... тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг М.Бийн нэр дээр гаргуулахад шаардагдах бүхий л баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч МТЗ ХХК-ийн 1,720,760 төгрөг, ТЧ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 971,432 төгрөг, ЭЭПД ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 597,320 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Бийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭЭПД ХХК-иас 40,627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТЗ ХХК-д олгож, нэхэмжлэгч МТЗ ХХК-иас 394,760 төгрөгийг гаргуулан хариуцагч ТЧ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/00870 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.2” гэснийг хасч, “1,604,850 /нэг сая зургаан зуун дөрвөн мянга найман зуун тавин” гэснийг “17,853,250” гэж, “17,019,500 төгрөгийг” гэснийг “1,041,100 төгрөгт холбогдох хэсгийг” гэж, 2 дахь заалтын ТЧ ХХК-ийн ...... тоотод байрлах, 3 өрөө буюу 79.11 м.кв орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч МТЗ ХХК-д даалгаж” гэснийг “нэхэмжлэгч МТЗ ХХК-ийн хууль бус эзэмшлээс ...... тоотод байрлах, 3 өрөө буюу 79.11 м.кв орон сууцыг гаргуулах тухай хариуцагч ТЧ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж, “33,322,097” гэснийг “27,958,000” гэж, “115,334,185 төгрөгийг” гэснийг “120,698,282 төгрөгт холбогдох хэсгийг” гэж, 3 дахь заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж, 4 дэх заалтын “40,627” гэснийг “245,866” гэж, “394,760" гэснийг “297,740” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч ЭЭПД ХХК болон гуравдагч этгээд М.Бийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч МТЗ ХХК-ийн төлсөн 637,859 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч ЭЭПД ХХК-ийн төлсөн 602,887 төгрөгийг, гуравдагч этгээд М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1- т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, хэргийн үйл баримтад хууль ёсны дүгнэлт хийгээгүй.

Гуравдагч этгээд М.Б нь нэхэмжлэгч МТЗ ХХК-д орон сууцны төлбөрт 197,775,000 төгрөгийг бүрэн төлсөн, ТЧ ХХК нь төлбөр төлсөн нөхцөлийг хүлээн зөвшөөрч гуравдагч этгээд М.Бтэй гэрээ байгуулсан байгаа нь М.Бийн хууль ёсны эзэмшилд орон сууц шилжүүлэх, худалдан авагч М.Бөд өмчлөлдөө шилжүүлэн авахыг шаардах эрх үүсгэсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн тохиролцоо юм. Харин ТЧ ХХК болон МТЗ ХХК-ийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа нь тухайн хоёр компанийн хооронд байгуулагдсан, М.Бөд шилжүүлсэн орон сууцанд хамааралгүй гэрээний харилцаа юм. Өөрөөр хэлбэл тэдгээр компаниуд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар “Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн материал /орон сууцыг бартерт авч худалдан борлуулсан мөнгөөр нь/-аар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх”-ээр тохирсон бөгөөд гүйцэтгэгч нь тухайн ажлыг гүйцэтгэхийн тулд орон сууцыг цааш нь гуравдагч этгээдэд худалдаж, төлбөрийг хүлээн авч ажилдаа зарцуулсан байдаг. Гэтэл тухайн орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний маргаанд оролцуулж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс М.Бийг ТЧ ХХК-тай “Бартерын орон сууц худалдах, худалдах худалдан авах гэрээ” байгуулсан ... худалдан авагч М.Б нь МТЗ ХХК-д 197,775,000 төгрөгийг төлсөн ...” тухай дүгнэж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох” зарчмын дагуу тайлбарласан боловч уг хэлцэл, тохиролцооны хүрээнд хэнд шаардах эрх хуулийн хүрээнд үүсэх талаар буруу дүгнэлт хийж, гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасныг зөрүүтэй тайлбарлан МТЗ ХХК нь өөрт шилжиж ирээгүй өмчлөх эрхийг бусдад буюу гуравдагч этгээд М.Бөд шилжүүлэх боломжгүй ... Иргэний хуулийн 221.1-т зааснаар ажлыг ажил гүйцэтгэгч гүйцэтгээгүй тохиолдолд орон сууцны үнэ төлөгдөөгүй гэж дүгнэгдэх учир ...” гэж дүгнэж талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчмыг үгүйсгэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан Гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу М.Б нь МТЗ ХХК, ТЧ ХХК нартай хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүнийхээ агуулгыг өөрсдөө тодорхойлж орон сууцыг худалдан авсан байхад хууль, хэргийн үйл баримтыг зөрүүтэй тайлбарлаж, үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн зөрүүтэй дүгнэлт болон МТЗ ХХК, ТЧ ХХК-иудын хоорондын гэрээний маргаантай холбоотой асуудлаас шалтгаалан гуравдагч этгээд М.Бийн эрх зөрчигдөхөд хүрээд байна.

ТЧ ХХК болон МТЗ ХХК-иуд нь хоорондоо байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалж, татгалзаж байгаа нь гуравдагч этгээд М.Бийг эрхийг хөндөх ёсгүй. Хэрэв Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзсэн бол 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар “үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй, бусдын эрхээр хязгаарласан бол мөнгөөр нөхөн төлнө” гэсэн хуулийг хэрэглэх ёстой байсан. Мөн Иргэний хуулийн 344.1-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасны дагуу МТЗ ХХК, ТЧ ХХК нь гүйцэтгэх үүргийн шинж чанар болох төлбөр төлөх нөхцөлийг тохирохдоо 1. Орон сууцыг бартерын журмаар урьдчилж шилжүүлж, тухайн орон сууцыг худалдаж олсон мөнгөөр ажлыг гүйцэтгэхээр, 2. Орон сууцыг цааш нь гуравдагч этгээдэд худалдахыг зөвшөөрсөн үйл баримт нь байгуулсан гэрээ, албан бичгүүдээс тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар нь эргүүлж өгөх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлөх”-өөр заасан.

Гуравдагч этгээд М.Б болон ТЧ ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний 3.2-т МТЗ ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулна” хэмээн заасан болон МТЗ ХХК нь гэрээт ажлаас 135,020,500 төгрөгийн ажлыг гүйцэтгэснээс харахад гэрээнд заасан агуулгаар буюу ажлын гүйцэтгэлээр орон сууцны төлбөрийг төлсөн гэж үзнэ. ТЧ ХХК нь дээр дурдсаны дагуу М.Бөд худалдахыг зөвшөөрч, түүнд шилжүүлэн өгч, гэрээ байгуулж байгаа нь МТЗ ХХК-иас уг орон сууцыг буцаан нэхэх боломжгүй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү төлсөн ажлын хөлсний зөрүүгээ Ажил гүйцэтгэгчээсээ мөнгөн хэлбэрээр шаардах үр дагаврыг үүсгэж байна. МТЗ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү төлсөн гэх төлбөрийг мөнгөн хэлбэрээр нь ТЧ ХХК-д төлөх боломжтой тухайгаа илэрхийлдэг болохыг анхаарч үзнэ үү. Гуравдагч этгээд М.Б нь орон сууцыг МТЗ ХХК, ТЧ ХХК-иудаас худалдан авахтай холбоотой Худалдан авагч талаас шалтгаалах бүхий л үүргийг гүйцэтгэсэн байна. Тиймээс М.Б нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг ТЧ ХХК-иас 2020.09.07-ны өдрийн “Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.6, 4.7-д заасны дагуу шаардах эрхтэй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй.

4.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т зааснаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Бийн төлөөлөгч Д.О миний бие Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2023.02.15-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон. Энэхүү иргэний хэрэгт хэлэлцэж буй нэхэмжлэгч, хариуцагч нарын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, татгалзал нь гуравдагч этгээд М.Бийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний ноцтой асуудлыг хэлэлцэж, нэхэмжлэгч, хариуцагч нар мэтгэлцсэн. Анхан шатны шүүх хуралдааны үеэр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх явцад дарааллын дагуу гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс огт тайлбар аваагүй, тайлбар авахаас татгалзсан. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хурлын үеэр Ажил гүйцэтгэх гэрээ, Худалдах худалдан авах гэрээ, хууль хэрэглээтэй холбоотой тайлбар хэлж, мэтгэлцээнд оролцох хүсэлт илэрхийлсэн боловч шүүгч “Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээдийн тайлбар хамааралгүй, таны тайлбарыг сонсохгүй, Бие даасан шаардлага хэлэлцэх үеэр та ярина” хэмээн мэтгэлцээнд оролцох эрхийг хязгаарласанд гомдолтой байгаагаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо бичсэн.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь гуравдагч этгээд М.Бийн эзэмшил, ашиглалтад байгаа орон сууцыг чөлөөлөхийг МТЗ ХХК-д даалгах тухай байсан тул сөрөг шаардлагатай холбоотой, орон сууцыг ажлын гүйцэтгэлийн хөлсөнд шилжүүлсэн, цааш худалдсантай холбоотой гуравдагч этгээдийн төлөөлөгч зохих тайлбарыг хэлж, мэтгэлцээнд оролцсоноор хэргийн үйл баримт зөв дүгнэгдэж, хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөх байв. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага танилцуулах үедээ үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар тайлбар хэлэхэд анхан шатны шүүхээс “юу хүсээд шаардаад байгаагаа л ярь, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудалд гуравдагч этгээд хамааралгүй тул тэр талаар тайлбарыг тань сонсохгүй” хэмээн тайлбарыг хязгаарлаж, хэргийн оролцогч болох гуравдагч этгээдийн талаас дутуу тайлбар авсан учир хэргийг буруу шийдвэрлэхэд хүрсэн гэж үзэж байна.

Шүүгчийн гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан энэ үйлдэл нь шүүх хурал даан явуулах журмыг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч ТЧ ХХК-ийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хэт нэг талыг барьж байсан талаар болон дээрх агуулгаар давж заалдах шатанд гаргасан гомдолдоо бичсэн болно.

Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн зүгээс Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд болон 2023.04.24-ний өдрийн шүүх хуралдаанд гомдлын энэ үндэслэлийн талаар тайлбарласан боловч Давж заалдах шатны шүүх магадлалдаа энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь гомдлын тухайн агуулгаар давж заалдах шатны шүүгч нар огт хэлэлцээгүй болохыг харуулж байна. Хэрэв анхан шатны шүүх гуравдагч этгээдэд зохих ёсоор мэтгэлцээнд оролцох, тайлбарлах боломжоор хангасан бол хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөх байсан. Учир нь энэхүү гомдлын 1-д дурдсан агуулгаар хууль хэрэглээ, хэргийн үйл баримт, Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, Худалдах худалдан авах гэрээний харилцааг ялгаж зааглагдах боломжтой байсан.

Тиймээс гуравдагч этгээдийн мэтгэлцээнд оролцох эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гарсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзсэн ба анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээр дурдсанаар хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.06.29-ний өдрийн 001ШХТ2023/00786 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэстэй байна.  

7. Нэхэмжлэгч МТЗ ХХК нь ТЧ ХХК, ЭЭПД ХХК-д холбогдуулан дараах шаардлагуудыг гаргасан.

7.1.Хариуцагч ТЧ ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр М.Бийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд болох төлбөрийн тооцоогүй тухай албан бичиг, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршил, хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн план зураг, барилгын гадна талын /өмчлөлийн хэсгийг тэмдэглэсэн/ фото зураг зэргийг гаргуулах шаардлагыг гарган, шаардлагын үндэслэлээ тус компанитай 2020.08.10-ны өдөр байгуулсан 20-71, 20-73 дугаартай ажил гүйцэтгэх гэрээтэй холбон тайлбарласан. Нэхэмжлэгч “... талуудын хооронд байгуулсан 20-71 дугаартай гэрээгээр Говьсүмбэр аймагт баригдаж буй 100 ортой эмнэлгийн гадна талбайн ажлыг 247,090,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, ажлын хөлсний 50 хувийг мөнгөөр, 50 хувийг эд зүйлээр хүлээн авахаар тохирсон, ... 20-73 дугаартай гэрээгээр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилгад гадна зам талбайн ажлыг 251,862,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, хариу төлбөрийг дээрх гэрээний нэгэн адил 50 хувийг мөнгөөр, 50 хувийг эд зүйлээр төлөхөөр тохирсон, ... гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэсэн боловч төлбөрийг бүрэн төлөөгүй, ... тохиролцоо ёсоор бидэнд шилжүүлэх орон сууцны бичиг баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй тул хууль ёсны эзэмшигч М.Бөд бичиг баримтыг гаргуулахыг даалгуулахаар шаардана” гэжээ.

7.2. Хариуцагч ЭЭПД ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18,624,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, шаардлагын үндэслэлээ “... тус компанитай 2020.08.10-ны өдөр 20-72 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн Вайт хилл резиденсийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон, ажлыг хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгэсэн боловч үлдэгдэл хөлс 18,624,350 төгрөгийг өгөөгүй” гэж тайлбарласан.

8. Хариуцагч ТЧ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... 20-71 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт 97,978,500 төгрөг, 20-73 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт 65,000,000 төгрөгийг төлж, ...... тоот, 3 орон сууцыг эдгээр гэрээний төлбөрт тооцон эзэмшил, ашиглалтад нь шилжүүлэн, ажлыг хүлээн авснаар өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. ... хоёр гэрээний дагуу ажлыг 2020.09.25-ны өдрийн дотор хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч нэг ч ажлыг гэрээний дагуу хүлээлгэн өгөлгүй ажлыг дутуу, доголдол, зөрчилтэйгөөр хийж орхин явсан. ... 20-73 дугаар гэрээний дагуу хийсэн ажлаас 11,226,582 төгрөгийн гадна зам талбайн тохижилтын ажлыг, 20-71 тоот гэрээний дагуу хийсэн ажлаас 5,194,539 төгрөгийн барилгын гадна явган зам талбайн ажлыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжтой.” гэж тайлбарлан маргасан байна.

9. Улмаар ТЧ ХХК нь нэхэмжлэгч МТЗ ХХК-д холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    1. Хоёр гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 146,557,379 төгрөг, доголдолтой ажлыг буулгахад гарах зардал 2,098,903 төгрөг, нийт 148,656,282 төгрөгийг гаргуулах,
    2. ...... тоот, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх.

Хариуцагч ТЧ ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “МТЗ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн асфальтан болон бетон зам нь чанар стандартын шаардлага хангахгүй, ... тус ажлыг хийх тусгай зөвшөөрөлгүй атлаа өөрсдийгөө туршлагатай, чадвартай гэж хуурч мэхлэн гэрээ байгуулж, их хэмжээний хохирол учруулсан, ... доголдолтой ажил хийж гүйцэтгэсэн” гэж тайлбарласан.

10. Хариуцагч ЭЭПД ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...2020.08.10-ны өдөр 20-72 дугаартай Зайсангийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны гадна зам, талбайн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрт 88,987,400 төгрөгийг төлсөн. Гүйцэтгэгч нь ажлыг 2020.09.25-ны өдрийн дотор хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч гэрээний дагуу хүлээлгэн өгөөгүй, ажлыг дутуу, доголдолтой хийж, доголдлоо засахыг шаардахад ажлыг орхин явсан. Гүйцэтгэгч өнөөдрийн байдлаар автозамын ажил 51,183,447 төгрөг, явган замын ажил 25,718,612 төгрөг, нийт 76,902,060 төгрөгийн ажил хийсэн бөгөөд үүнээс 5,546,292 төгрөгөөр үнэлэгдэх явган замын ажлыг хүлээн авах боломжтой, бусад 71,355,768 төгрөгийн гүйцэтгэсэн гэх ажил нь чанар стандартын шаардлага хангахгүй, доголдолтой тул хүлээн авах боломжгүй.” гэж тайлбарласан.

Улмаар дээрх тайлбартаа үндэслэн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 83,441,108 төгрөг, доголдол зөрчилтэй ажлыг буулгахад гарах зардал 4,432,851 төгрөг, нийт 87,873,959 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

11. Нэхэмжлэгч МТЗ ХХК сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... хариуцагч нар Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахаас зайлсхийсэн ... доголдолтой эсэхийг шалгаагүй, мэргэжлийн байгууллагаар доголдлыг тогтоолгоогүй. ... иймд доголдлоос шалтгаалан гэрээ цуцлах боломжгүй. ... үе шатны ажлуудыг гүйцэтгэлээр хүлээн зөвшөөрч, дараагийн шатны санхүүжилтийг хийж явсаар өнөөдөр нийт 399,253,500 төгрөгийн ажлын хөлсийг манай компанид төлсөн. ...нэхэмжлэгч нь 2019.03.29-ний өдрөөс хайрган хучилттай зам барих, бүх төрлийн зам, гүүр тунель, газар доогуур нүхэн гарам засварлах, замын байгууламжийн арчлалтын ажил, зам талбайн тохижилтын ажил хийх, засварлах, замын тоноглол, тэмдэг тэмдэглэгээний ажил хийх тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу 3 жилийн хугацаатай авсан ба дээрх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хүрээнд гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхэд хатуу хучилттай зам барихад тусгай зөвшөөрөл шаардахгүй. ... иймд эрхгүй атлаа  үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомж зөрчсөн, хууран мэхэлсэн үйлдэл огт байхгүй.” гэж мэтгэлцсэн байна.  

12. Гуравдагч этгээд М.Б хариуцагч ТЧ ХХК-д холбогдуулан ...... тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардагдах бүхий л баримт бичгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “... тус орон сууц нь 2020.09.10-ны өдрөөс хойш иргэн М.Бийн эзэмшил, ашиглалтад байгаа. ... орон сууцыг 2020.08.27-ны өдөр МТЗ ХХК-тай байгуулсан “Бартерын орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, уг гэрээг үндэслэн хүсэлт тавьсны дагуу 2020.09.07-ны өдөр ТЧ ХХК-тай байгуулсан “Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдан авч, төлбөрийг МТЗ ХХК-д бүрэн төлж, тооцоо нийлсэн. ... МТЗ ХХК, ТЧ ХХК нарын хооронд үүссэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаан нь орон сууц худалдан авсан иргэн надад хамааралгүй. ... ТЧ ХХК нь гэрээний дагуу миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах үүргээ биелүүлээгүй тул гэрээний 4.6, 4.7-д заасны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүхий л баримт бичгийг гаргаж өгөхийг шаардана.” гэж тайлбарласан.

13. Хариуцагч ТЧ ХХК гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, үндсэн нэхэмжлэлийг эсэргүүцсэнтэй адил агуулгаар татгалзаж байна.

14. Анхан шатны шүүх нэхэмжлэгч МТЗ ХХК-ийн хариуцагч ТЧ ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр М.Бийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд болох төлбөрийн тооцоогүй тухай албан бичиг, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршил, хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн план зураг, барилгын гадна талын /өмчлөлийн хэсгийг тэмдэглэсэн/ фото зураг зэргийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч ТЧ ХХК-иййн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг чөлөөлүүлэх болон 33,322,097 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 115,334,185 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх 20-71, 20-73 дугаартай хоёр гэрээ байгуулагдсан, хариуцагч ТЧ ХХК нь урьдчилгаа төлбөрт бэлэн мөнгөөр 162,978,500 төгрөг болон 197,775,000 төгрөгт тооцон орон сууц шилжүүлсэн ... нэхэмжлэгч нь  20-71 тоот гэрээний дагуу 116,285,000 төгрөгийн ажил, 20-73 тоот гэрээний дагуу 11,272,500 төгрөгийн ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн, доголдолтой ажлыг буулгахад гарсан зардал 2,098,903 төгрөг болсон нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэн сөрөг шаардлагаас  33,322,097 төгрөгийг болон орон сууцыг нэхэмжлэгч МТЗ ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, үлдэх 115,334,185 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх хариуцагч ЭЭПД ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 1,604,850 төгрөгийг хангаж, үлдэх 17,019,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүх нэхэмжлэгч МТЗ ХХК болон хариуцагч ЭЭПД ХХК-тай байгуулсан 20-72 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу МТЗ ХХК нь 87,583,250 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, тус гэрээгээр ЭЭПД ХХК урьдчилгаа төлбөрт 85,977,400 төгрөг шилжүүлсэн гэж дүгнэн зөрүү 1,605,850 төгрөгийг ханган, үндсэн нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон, ЭЭПД ХХК-ийн  сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Гуравдагч этгээд М.Бийн хариуцагч ТЧ ХХК-д холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо орон сууц худалдах, худалдан авах гэрээ МТЗ ХХК ба М.Бийн хооронд байгуулагдсан бөгөөд энэ гэрээгээр ажил гүйцэтгэх гэрээний үүрэг хэрэгжсэнээр орон сууцыг шаардах эрх худалдан авагчид үүсэхээр тохирсон. ... ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул ТЧ ХХК-аас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрх М.Бөд үүсээгүй гэж дүгнэсэн байна.

15. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ хариуцагч ТЧ ХХК-д холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаарх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагч ТЧ ХХК-ийн сөрөг шаардлагаас 27,958,000 төгрөгт холбогдох хэсгийг ханган, үлдэх хэсгийг болон орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “хариуцагч ЭЭПД ХХК-аас 17,583,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсэг болон ЭЭПД ХХК-ийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээд М.Бийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон хуулийн заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилсөн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч ТЧ ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа талуудын хооронд байгуулсан 20-73 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээний хувьд ялгаатай дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүх энэ ажлын хэмжээг 11,272,500 төгрөг гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх 18,735,000 төгрөг гэж үзсэн байна. Энэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүхийн хангасан дүнг бууруулан өөрчлөх үндэслэл болжээ. Түүнчлэн бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн орон сууц нь нэхэмжлэгчийн эзэмшилд байхгүй атал түүний эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг шаардлагыг хангасан нь үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулсан. Хариуцагч ЭЭПД ХХК-нд холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд өөрчлөлт оруулахдаа тэдгээрийн хооронд байгуулсан 20-72 дугаартай гэрээний дагуу нэхэмжлэгч 87,583,250 төгрөгийн ажил гүйцэтгэж, 70,000,000 төгрөг хүлээж авсан байх тул зөрүү төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэжээ.

Бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, ийнхүү шийдэх үндэслэл болсон хуулийн холбогдох заалтыг тогтоох хэсэгтээ баримтлах нь зүйтэй гэж үзэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж заалтыг удирдлага болгон шийдвэрт өөрчлөлт оруулсан.

16. Үндсэн ба сөрөг шаардлагын талаарх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч, хариуцагч нар хяналтын журмаар гомдол гаргаагүй, харин бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээд М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О хяналтын журмаар гомдол гаргасан байна. Тэрээр зохигчийн хооронд өрнөсөн ажил гүйцэтгэх гэрээний зөрчил, түүнээс үүдэлтэй шаардах эрхийн хэрэгжилт нь М.Б болон МТЗ ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу гаргах гуравдагч этгээдийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцжээ.

Гэвч гуравдагч этгээд М.Бийн хариуцагч ТЧ ХХК-д холбогдуулан гаргасан ...... тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гаргуулахад шаардагдах бүхий л баримт бичгийг гаргуулах тухай бие даасан шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Гуравдагч этгээд М.Б нь нэхэмжлэгч МТЗ ХХК-тай  2020.08.27-ны өдөр Бартерын орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ...... тоотод байрлах 79.11 м.кв, 3 өрөө орон сууцыг худалдан авагч талд шилжүүлэх, худалдан авагч тал хариу төлбөрт 197,750,000 төгрөгийг  төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт, тооцоо нийлсэн актаар МТЗ ХХК-ийн М.Бөд төлөх 132,000,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцож, үлдэх 65,750,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон үйл баримт, М.Б нь 197,775,000 төгрөгийг МТЗ ХХК-д төлж барагдуулсан гэх үйл баримтын тухайд зохигч ба гуравдагч этгээд тус тус маргаагүй байна.

17. Түүнчлэн ТЧ ХХК, М.Б нар 2020.09.07-ны өдөр НТ-88 дугаартай “Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр дээрх орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, орон сууцны үнэ төлбөрийг МТЗ ХХК-тай ТЧ ХХК-ийн байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэснээр төлж барагдуулсанд тооцохоор заажээ.

Гуравдагч этгээд М.Б нь МТЗ ХХК-тай орон сууц худалдаж худалдан авахаар гэрээ байгуулж тус гэрээний дагуу худалдагч талд төлбөрийг төлж барагдуулсан боловч уг гэрээг байгуулах үедээ гэрээний зүйл болох орон сууц нь МТЗ ХХК-д шилжиж ирээгүйг мэдэж байсан гэх нөхцөл байдал түүний ТЧ ХХК-тай Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах худалдан авах гэрээ байгуулснаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, худалдагчийн өмчлөлд тухайн хөрөнгө байхгүй, ирээдүйд түүний өмчлөлд шилжих эсэх нь худалдагчийн бусдын өмнө хүлээсэн үүргийн биелэлтээс хамаарахыг мэдэж гуравдагч этгээд МТЗ ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

Худалдах, худалдан авах гэрээ нь үүргийн эрх зүйн хэлцэл болох хувьдаа өмчийн хэлцлээс ялгаатай тул ийнхүү болзол заах зарчмаар үүргийн хэлцэл байгуулах нь хууль зөрчихгүй. Ирээдүйд өмчлөх эрх олж авах гэрээний нөхцөл биелээгүй тул худалдагчид байхгүй хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрх хэрэгжих боломжгүй. Энэ үндэслэлээр гуравдагч этгээд М.Б нэхэмжлэгч МТЗ ХХК-аас орон сууцны өмчлөх эрхийг шаардан нэхэмжлэх боломжгүй. Харин тус хэлцэл түүнээс үл хамаарах шалтгаанаар биелэх боломжгүй болсны үр дагаврыг арилгуулах хууль зүйн боломжтой.

18. Гуравдагч этгээд М.Б нь хариуцагч ТЧ ХХК-тай Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу ТЧ ХХК-нд холбогдуулан шаардлага гаргасан байх боловч гэрээнд хариу төлбөрийг МТЗ ХХК-ийн ТЧ ХХК-ийн өмнө хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт байхаар тохиролцсон нь гэрээний 3.2-д “******* ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу барагдуулна.” гэж зааснаар тогтоогдож байна. Гэвч хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтээр МТЗ ХХК нь ТЧ ХХК-тай байгуулсан 20-71, 20-73 тоот гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцлан, дуусгавар болсон байх ба энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

19. Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилт түүний МТЗ ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний биелэлтэд нөлөөлөхгүй гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй, ТЧ ХХК-д холбогдуулан гаргасан гуравдагч этгээд М.Бийн ...... тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гаргуулахад шаардагдах бүхий л баримт бичгийг гаргуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

20. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн хүлээн авсан тул холбогдуулан гомдолд дурдсан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн хэсэгт дүгнэлт өгөх шаардлагагүй болно.  

21. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/00870 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.О нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.06.02-ны өдөр төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                          Н.БАЯРМАА

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД