Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/02080

 

 

 

 

 

 

 

 

 

            2021        07          09

                                 101/ШШ2021/02080

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Т-ын гаргасан,

 

Хариуцагч: Ч.И,

 

Хариуцагч: Ц.О нарт холбогдох,

 

Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шилжүүлсэн 1 га газар, түүн дээрх дуусаагүй барилга, норт бенз маркийн автомашин болон чиргүүлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай үндсэн болон 118,549,500.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч Ч.И, Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, 2010 оноос хойш хариуцагч Ч.И болон түүний найз хариуцагч Ц.О нартай хамтран ажиллах замаар аливаа төрлийн бизнес эрхэлсэн бөгөөд хамтын үйл ажиллагааны явцад бий болсон ашгийг 3-лаа хувааж авч байсан ч алдагдлыг нь зөвхөн надад үүрүүлсэний улмаас уг хамтын ажиллагаа нь 2013 онд дуусгавар болсон. Хариуцагч нар намайг 2015 оны 02 дугаар сард өөрсдийгөө залилсан гэж үзэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах замаар маш их сэтгэл зүйн дарамтанд оруулж, хуулийн байгууллагаар далайлган сүрдүүлсэний эцэст миний өмчлөлийн бүх эд хөрөнгийг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ гэгч баримт бичигт гарын үсэг зуруулж булаан авсан гэж хэлж болно.

 

Өөрөөр хэлбэл дээр дурдсанаар хамтын үйл ажиллагааны явцад үүссэн алдагдлыг зөвхөн намайг төл, өөрсдөө хохирогч мэтээр яриад байхаар нь би тухайн үедээ монгол эр хүний уужуу ухаан гаргаж, за яахав би төлье гэж 60,000,000.00 төгрөг зээлж авсан мэт хуурамч гэрээг 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нотариат дээр үйлдсэн бөгөөд 2015 оныг хүртэл уг төлбөрийг нь төлөхийг хичээсэн боловч улс орон даяар хамарсан эдийн засгийн хямралд өртөн өгч чадаагүй байхад хуулийн байгууллагад залилсан гэж хандсан байна.

 

Ингээд хуулийн байгууллагад бүх үнэн учрыг нь хэлж, хамтын үйл ажиллагааны алдагдал болохыг нотолсон боловч прокурор нь нэгэнт зээлийн гэрээ хийсэн юм бол төлбөрийг нь заавал барагдуул гэж шахсанаар аргагүйдэн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ үйлдэж, өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн ******* сумын нутагт байрлах шатахуун түгээх станцын зориулалтаар тохижуулсан 0.1 га газрыг түүний дээрх колонкын зориулалттай тоног төхөөрөмжийн хамт, мөн “Э” ХХК-ийн өмчлөлийн дугаартай хүнд даацын автомашиныг чиргүүлийн хамтаар тус тус шилжүүлсэнээр 2015 оны 07 дугааар сарын 03-ны өдөр эрүүгийн хэргийг гэрээний эрх зүйн харилцаа, иргэний харилцаагаар зохицуулна” гэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Гэхдээ хариуцагч нар 2013 онд зээлийн хуурамч гэрээ байгуулсаныхаа дараа нэхэмжлэгч *******ын “Э” ХХК-иас түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан дугаартай хүнд даацын 2 автомашиныг хууль бусаар хүч түрэн булаах байдлаар эзэмшиж, уг автомашинуудаар ******* аймгийн ******* нүүрсний ордоос нүүрс тээвэрлэн МУ-ын ******* боомтоор БНХАУ-д хүргэх ажлыг 2013 оны 01 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр cap хүртэл хийснээр төлбөр барагдуулах гэрээнд заасан 118,549,500.00 төгрөгийг бүрэн хэмжээгээр олсон байсан нь илэрсэн юм.

 

Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглах замаар ашиг олж, өөрийн хохирол гээд байгаа мөнгөө бүрэн олсон байж, ахин цагдаагийн байгууллагаар далайлган сүрдүүлж, хууль зөрчсөн хэлцэл хийх замаар хөрөнгөжсөн байна. Дээрх байдалд хууль зүйн дүгнэлт хийвэл газар эзэмшигч нь Үндсэн хуульд зааснаар өмчлөгч нь төр байхад түүний зөвшөөрөлгүйгээр өр төлбөрт тооцон шилжүүлсэн нь холбогдох хуулийн зохицуулалтыг бүрэн зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгч Н.Т нь автомашиныг өмчлөх эрхгүй, захиран зарцуулах эрхгүй атлаа мөн бусдад шилжүүлэхээр хэлцэл хийсэн нь мөн хуулийг зөрчсөн үйлдэл мөн.

 

Үүнээс гадна дээрх 2 төрлийн эд хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлэх хэлцлийг хийх үедээ хариуцагч нарыг өөрийнх нь эзэмшлийн автомашинуудыг ачаа тээвэрт явуулан өр төлбөрөөс нь их хэмжээний мөнгө олсон гэдгийг огт мэдээгүй байсан нь мөн нотлогдож байна. Эдгээр нөхцөл байдлууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.4, 56.1.8, 56.1.10 зэрэг хэлцэл хүчин төгөлдөр бус байх бүхий л нөхцөл байдал илэрч байна. Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасны дагуу төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагч нарт шилжүүлсэн Дорноговь аймгийн ******* сумын нутагт байрлах шатахуун түгээх станцын зориулалтаар тохижуулсан 0.1 га газрыг түүний дээрх колонкийн зориулалттай тоног төхөөрөмжийнх нь хамт, мөн “Э” ХХК-ийн өмчлөлийн дугаартай гэрчилгээтэй дугаартай хүнд даацын авто чирэгч, арлын дугаартай хүнд даацын авто чиргүүлийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Т-т олгуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь авсан, өгсөн зүйлээ буцаахыг зөвшөөрч байгааг үзвэл үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрсөнтэй адил гэж ойлгож байна. Талуудын байгуулсан төлбөр барагдуулах гэрээнд заасан эд хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагч нарт хүлээлгэн өгсөн. Ер нь бол тухайн гэрээг байгуулахаас өмнө хариуцагч нар хүнд даацын автомашиныг чиргүүлийн хамт ашиглаж тодорхой хэмжээни ашиг олсон гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрдөг.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас төлбөр барагдуулах гэрээ болон зээлийн гэрээнд дурдсан шиг 118,549,500.00 төгрөгийг хүлээн аваагүй, харин дансны хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримтын хүрээнд авч үзвэл 40 гаруй сая төгрөгийг авсан байдаг. Мөн хариуцагч нар нэхэмжлэгчийн Дорноговь аймаг, ******* сумд байрлах 0.1 газар дээрх шатахуун түгээх станцад 46,000,000.00 төгрөгийг хөрөнгө оруулалт хийгээгүй, гэрчийн мэдүүлгээр нотлон гэдэг боловч хангалттай нотолгоо биш, хариуцагч нар хожим тухайн газар байршуулсан эд хөрөнгөө аваад явсан тул хохирсон гэсэн ойлголт гарахгүй.

 

“Э” ХХК-ийн өмчлөлийн дугаартай автомашины хувьд хариуцагч нар уг автомашиныг аль эрт хүлээн авч тодорхой хэмжээний орлого олсон гэсэн тайлбарыг өгсөн байдаг тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй.

 

Гэвч Иргэний хуульд зааснаар талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус тул гэрээг цуцлах гэсэн зүйл яригдахгүй. Иймээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар зохигчдын өгсөн, авсан зүйлийг харилцан буцаахыг зөвшөөрч байгаа боловч 118,549,500.00 төгрөгийг хүлээн аваагүй бөгөөд авсан хэмжээгээр буцаан төлөхийг зөвшөөрч болох юм” гэв.

 

Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч Н.Т-ын гаргасан төлбөр барагдуулах гэрээгээр шилжүүлсэн Дорноговь аймгийн ******* сумын нутагт байрлах шатахуун түгээх станцын зориулалтаар тохижуулсан 0.1 га газар, колонкийн зориулалттай тоног төхөөрөмж, мөн дугаартай хүнд даацын авто чирэгч, хүнд даацын авто чиргүүл зэргийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Учир нь, хариуцагч Ч.И би өөрийн найз Ц.О-тай 2010 онд мах бэлтгэлийн адуу авч *******ын махны үйлдвэрт нийлүүлж байсан ба уг ажлаа 2011 онд үргэлжлүүлэхээр шийдсэн байсан юм. Тэгтэл бидний танил Н.Т нь Дорноговь аймгийн ******* сумаас агт бэлтгэж өгье гэж хэлэхээр нь түүнд итгээд 25,000,000.00 төгрөг өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа түүн рүү ярьж агтны адуу бэлэн болсон эсэхийг асуухад тэрээр адуунууд бэлэн болсон. Ирээд туугаад яв гэж хэлсэн ба би түүнд нь итгээд Улаанбаатар хотоос адуу туух тууварчид аваад хүрч очиход тэр бүх зүйлийг худлаа хэлсэн байсан ба ганц ч адуу байхгүй, бидний мөнгийг ч үрэн таран хийсэн байсан. Бид түүнээс мөнгөө шаардахад тэрээр өгнө гэдэг боловч удаа дараагийн үйлдлээр биднийг залилан мэхэлж нэмж их хэмжээний хохирол учруулсан.

 

Бидэнд мөнгөний хэрэгцээ их байсан тул Н.Т-аас өрөө төлөхийг байнга шаардаж байсан бөгөөд тэрээр өмнөх өр зээлээ оролцуулаад нийт 60,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээ хийх санал тавьсан бөгөөд уг гэрээнд хүү алданги тооцохоор яригдаж байсан тул нэмэлт төлбөр төлөхгүйн тулд бидний мөнгийг тэр удаахгүй өгөх байх гэж итгэсэн.

 

Ингээд бид мөн л туүний залилан мэхлэх арга болох, хуурч мэхлэх үйлдлийнх нь халхавч болсон зээлийн гэрээг Улаанбаатар хотод нотариатын газарт очиж хийснээр 28,600,000.00 төгрөгийг 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Гэтэл уг мөнгөнөөс ганц ч төгрөг төлөгдөөгүй. Тэрээр дээрх зээлийн гэрээг хийхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ бас өгнө гэсэн нь мөн л худал байсан төдийгүй уг гэрчилгээгээ гаргуулан аваагүй байхдаа авсан мэтээр бидэнд ойлгуулсан байсан.

 

Энэ мэтээр Ц.О, Ч.И бид хоёр Н.Т-ын дээрх удаа дараагийн залилангийн шинжтэй үйлдэлд нь хууртагдан мэхлэгдэж өөрийн их хэмжээний мөнгийг залилуулсан үйлдлийг шалгуулахаар 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хандан гомдол гаргасан билээ. Бидний гомдлыг шалгаад 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Г эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд Н.Т нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа, өөрийн төлөх төлбөрийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож энэхүү төлбөр барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд бид түүнд ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй.

 

Гэтэл эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа бидний дарамт шахалтанд өртөн энэхүү гэрээг байгуулсан мэтээр үнэмшил муутай зүйл ярьж нэхэмжлэл гаргаж байгаад бид ихээхэн гайхаж байна. Хэрвээ Н.Т нь нэхэмжлэлдээ заасанчлан биднийг хуулийн байгууллагаар далайлган сүрдүүлсэн, прокурорын дарамт шахалтаас болж уг гэрээг байгуулахад хүргэсэн гэж тайлбарлаж байгаа бол тухайн үед эрх бүхий байгууллагад хандан гомдол гаргах боломжтой байсан. Тэр эрх нь ч түүнд нээлттэй байсан. Гэтэл тухайн үед энэ талаар гомдол гаргаж асуудлыг шийдвэрлүүлээгүй атлаа хоёр жилийн дараа энэ асуудлыг хөндөж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Түүнчлэн Н.Т нь бидэнтэй харилцан тохиролцож сайн дураараа төлбөр барагдуулах гэрээ байгуулсан болохыг түүнтэй харилцан тохиролцсон 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн баталгаагаар давхар нотлогдох юм. Уг баталгаа бичгээр Н.Т нь Ханги Мандалын хилийн боомтод байрлах шатахуун түгээх станцийн зориулалт бүхий 0.1 га газрыг барилгын хамт,  дугаартай ачааны шалаанз машиныг 118,500,000.00 төгрөгийн тооцоонд харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлж өр авлагын асуудлыг дуусгавар болгосон гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийн гараараа нотлон бичсэн.

 

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Ц.О, Ч.И нараас 118,549,500.00 төгрөгийг хүлээн аваагүй мэт тайлбар өгч байна. Гэтэл тэрээр өмнө нь болсон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа талуудын хооронд 118,000,000.00 гаруй төгрөгийн төлбөр тооцоо байгаагаа хүлээн зөвшөөрсөн, үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд үзлэг хийх байдлаар баталгаажуулсан тул нотлох баримтаар үнэлэх ёстой.

 

Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг сайтар нягтлан үзэж, нэхэмжлэгч Н.Тогтохбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

Мөн Ч.И, Ц.О биднээс Н.Т нь 2011 онд анх 20,000,000.00 төгрөг зээлж байсан ба түүнээс хойш бага багаар мөнгө зээлсээр байгаад 2013 он дуусахад түүний бидэнд өгөх өглөгийн хэмжээ нийт 118,549,500.00 төгрөг болсон. Улмаар түүнээс зээлсэн мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч удахгүй өгнө гэж худал хэлсээр 2 жил орчимын хугацаа өнгөрхөд өгөөгүй тул 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хандаж, түүнийг биднийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр түүний хууль бус үйлдлийг шалгуулахаар өргөдөл гаргасан. Уг гомдлыг эрүүгийн журмаар шалгах ажиллагааны явцад Н.Т нь Ц. О, Ч.И нарт 118,549,500.00 төгрөгийн өртэй болохоо хүлээн зөвшөөрч, уг төлбөртөө эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг санал болгосон байдаг.

 

Ингээд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр түүнтэй тохиролцсоны дагуу төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д төлбөр төлөгч нь энэхүү гэрээний 1.1-д заасан төлбөр болох 118,549,500.00 төгрөгийн төлбөрт дараах эд хөрөнгийг төлбөр авагч нарын өмчлөлд 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн өгөхөөр тохиролцов. Үүнд:

 

-ГД:******* гэрчилгээтэй, Дорноговь аймгийн ******* сумын *******ыи орчимд байрлах 0,1 га шатахуун түгээх станцын зориулалттай эзэмших эрх бүхий газар,

-тус газар дээр байрлах шатахуун түгээх станцын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

-ГД:*******, LBZ446DB1ВА026967 арлын дугаартай North benz маркийн автомашин,

-чиргүүлийн дугаар АЯ02611177, LA99XE51190HT3491 арлын дугаартай авточиргүүл гэж тус тус заасны дагуу Н.Т нь дээр нэр дурдсан эд хөрөнгийг төлбөр авагч Ч.И, Ц.О нарын нэр дээр 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн.

 

Гэрээний дагуу Н.Т нь шатахуун түгээх станцын зориулалттай газрыг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлэн өгсөн бөгөөд үлдэх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Н.Т нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д заасны дагуу үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэрээ байгуулагдсаны дараа гэрээнд заасан хугацаанд Н.Т нь дээрх эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн бол шатахуун түгээх станцыг ашиглалтад оруулж, өнөөдрийг хүртэлх хугацаанд нэлээдгүй ашиг олох боломжтой байлаа. Одоо клонкийн тоног төхөөрөмжийг авсан ч тухайн газрын ойролцоо хэд хэдэн шатахуун түгээх станцууд ашиглалтад орсон тул ашиг олох боломжгүй нөхцөл байдал үүссэн.

 

Тиймээс Ч.И, Ц.О нар нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу Н.Т-тай байгуулсан төлбөр барагдуулах гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу Н.Т-аас авсан газрыг буцаан өгч, түүнээс 118,549,500.00 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тус шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 19696 дугаартай захирамжаар Н.Т-ын нэхэмжлэлтэй Ц.О, Ч.И нарт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Э” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар болсон. Мөн шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан төлбөр барагдуулах гэрээг хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэл дурдаж, улмаар дугаартай авто машиныг буцаан нэхэмжилсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар тухайн авто машины эзэмшигчээр “Э” ХХК гэх хуулийн этгээд бүртгэлтэй байна. Иймд, шүүхээс гарах шийдвэр тухайн компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлж болох тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаар шийдвэрлэв” гэжээ.

 

Иймээс манай тал Авто тээврийн үндэсний төвөөс 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдөр авсан лавлагаагаар “Э” ХХК дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийлвэрлэх тухай хуулийн 29.5-д “шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй” хэмээн заасан ба “Э” ХХК-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл байхгүй байх тул тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 19696 дугаартай захирамжийн “Э” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т-аас хариуцагч Ц.О, Ч.И нарт холбогдуулан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 0.1 га газар, түүн дээр баригдсан дуусаагүй барилга, “” маркийн автомашин болон чиргүүлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.О, Ч.И нараас нэхэмжлэгч Н.Т-т холбогдуулан төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэдэг үндэслэлээр гэрээг цуцалж, 118,549,500.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н.Т 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Ц.О, Ч.И нартай төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, тэдгээрт 118,549,500.00 төгрөгийн өр төлбөрт тодорхой төрлийн эд хөрөнгө шилжүүлэн өгөхөөр тохирсон байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч нараас урьд өмнө зээлсэн 60,000,000.00 төгрөг, баримт бичиг бүрдүүлэхэд зориулж 5,000,000.00 төгрөг, шатахуун түгээгүүрийн барилга барихад 46,000,000.00 төгрөг, нүүрс нийлүүлэхэд 6,871,500.00 төгрөг, шатахууны төлбөрт 678,000.00 төгрөг, нийт 118,549,500.00 төгрөгийн зээлийн өр төлбөртөө Дорноговь аймгийн ******* сумын *******од байрлах 0.1 га газрын эзэмших эрх, тус газар дээр баригдсан шатахуун түгээгүүрийн зориулалтай 80 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн дугаартай “” маркийн автомашиныг чиргүүлийн хамт тус тус шилжүүлэхээр болжээ /1-р х.х-ийн 7, 8 хуудас/.

 

Гэтэл нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зохигчдын хооронд зээлтэй холбоотой төлбөр тооцоо байгаагүй учраас энэ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.4, 56.1.8, 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус тул гэрээний дагуу хариуцагч нарт өгсөн дээрх эд хөрөнгийг буцаан авах шаардлага гаргаж байна гэсэн.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө аль эсхүл бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

 Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н.Т 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Ч.Итай зээлийн гэрээ байгуулж 60,000,000.00 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ /1-р х.х-ийн 6 хуудас/.  

 

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Т-ын хамааралтай буюу хувьцааг нь эзэмшдэг “Э” ХХК-ийн “Ш” ХХК-нд төлөх ёстой байсан шатахууны үлдэгдэл 6,900,200.00 төгрөгийн өр төлбөрийг хариуцагч Ч.И, Ц.О нарын “И” ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн бол хариуцагч Ч.И-аас 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Н.Т-т 28,000,000.00 төгрөг, мөн нэхэмжлэгч Н.Т-ын хүсэлтээр хариуцагч Ч.И нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Т.Т-ийн дансанд 5,000,000.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна /1-р х.х-ийн 47, 48, 49, 155 хуудас/.

 

Үүнээс гадна хариуцагч Ч.И-аас нэхэмжлэгч Н.Т-ын “Х банк” ХХК дахь дансанд 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн бол хариуцагч Ц.О-аас нэхэмжлэгч Н.Т-т 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн нь тус тус хэрэгт авагдсан дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна /1-р х.х-ийн 173, 2-р х.х-ийн 24 хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийг үндэслэн О.Г-аас гэрчийн мэдүүлэг авахад тэрээр нэхэмжлэгч Н.Т-ыг шатахуун түгээгүүрийн барилга барихад нь хариуцагч Ч.И, Ц.О нараас 46,000,000.00 төгрөгийн үнэ бүхий эд зүйлээр хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдүүлсэнийг нэхэмжлэгч нь үгүйсгээгүй /2-р х.х-ийн 83 хуудас/.

 

Мөн нэхэмжлэгч Н.Т нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зохигчдын хооронд 118,000,000.00 төгрөгийн төлбөр тооцоо байгааг хүлээн зөвшөөрсөн байх тул тэрхүү тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх учиртай /2-х.х-ийн 177-181, 203 хуудас/.

 

Гэтэл нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Ч.И, Ц.О нараас 6,900,200.00 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй бөгөөд “И” ХХК-иас төлсөн байсан, тухайн төлбөр нь нэхэмжлэгч Н.Т-ын бус харин “Э” ХХК-ийн төлөх ёстой төлбөр байсан, 5,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Н.Т-ын биш Т.Т-ийн дансанд шилжүүлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж, мөн  211 дүгээр зүйлийн 211.1-т “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө”, мөн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хэдийгээр хариуцагч Ч.И, Ц.О нар биечлэн нэхэмжлэгч Н.Т-ын хамааралтай буюу хувьцааг нь эзэмшдэг “Э” ХХК-ийн “Ш” ХХК-нд төлөх ёстой байсан 6,900,200.00 төгрөгийг төлөөгүй боловч тэдгээрийн хувьцаа эзэмшдэг “И” ХХК-иас төлсөн байх тул үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн гэж тооцох бол, харин 6,900,200.00 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Н.Т хүлээн аваагүй хэдий ч түүний “Э” ХХК-ийн төлөх ёстой төлбөр ийнхүү төлөгдсөн, нэхэмжлэгч Н.Т-ын хүсэлтээр Т.Т-ийн дансанд 5,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн тул үүргийг эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөн гэж үзнэ.

 

Тийм ч учраас энэ тохиолдолд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэсэн зарчим үйлчлэх тул эдгээр төлбөр тооцоог нэхэмжлэгч Н.Т хүлээн авсан гэдгээ зөвшөөрсөн тул хожим буюу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Ц.О, Ч.И нартай төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулсан байна. 

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 118,549,500.00 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан гэж дүгнэв.

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “.......................шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” зааснаар нэхэмжлэгч Н.Т-ын хувьд 118,549,500.00 төгрөгийг хариуцагч Ц.О, Ч.И нарт буцаан төлөх үүрэгтэй. Гэвч зохигчид 118,549,500.00 төгрөгийн өр төлбөрийг мөнгөөр бус харин үнэ бүхий эд зүйлээр барагдуулахаар ийнхүү 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулжээ.

 

Энэ тохиолдолд тус хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д “Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно” гээд 236.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” гэж зааснаар хариуцагч Ц.О, Ч.И нар төлбөр барагдуулах гэрээний дагуу Дорноговь аймгийн ******* сумын *******од байрлах 0.1 га газрын эзэмших эрх, тус газар дээр баригдсан шатахуун түгээгүүрийн зориулалтай 80 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн дугаартай “” маркийн автомашиныг чиргүүлийн хамт тус тус шилжүүлэн авсанаар нэхэмжлэгч Н.Т болон хариуцагч Ц.О, Ч.И нарын зээлийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болсон байна.

 

Өөрөөр хэлбэл, анхнаасаа талуудын хооронд 118,549,500.00 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан бөгөөд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь төлбөр барагдуулах гэрээний зүйлүүдийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй, харин гэрээг хэд хэдэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцсэн боловч энэ нь нотлогдохгүй байна. Учир нь:

 

Нэгдүгээрт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг чухам хуулийн ямар хориглосон хэм хэмжээ зөрчсөн болон ямар хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, түүнчлэн яаж үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, хүсэл зоригоо илэрхийлсэн гэдгээ тус тус баримтаар нотлохгүй байна.

 

Хоёрдугаарт,  Хэдийгээр зохигчдын маргааны зүйл болох дугаартай “” маркийн автомашин нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан боловч тухайн автомашиныг ирээдүйд өмчлөх эрхийг шилжүүлэн авах нөхцөлтэйгээр нэхэмжлэгч Н.Т-ын  хувьцааг нь эзэмшдэг “Э” ХХК нь “Э” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, улмаар нэхэмжлэгч Н.Т нь уг автомашиныг ашиглаж байгаад хариуцагч Ц.О, Ч.И нарт шилжүүлэн өгчээ /1-р х.х-ийн 11-18 хуудас/.

 

Энэ тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Э, Д.Б, Ц.Б нарын мэдүүлэгт тодорхой тусгагдсан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ХХК-ийн зүгээс дугаартай автомашинтай холбоотой тайлбар гаргахаас татгалзсан тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэхэд учир дутагдалтай байна /1-р х.х-ийн 78-80, 143-145, 2-р х.х-ийн 39-46 хуудас/.

 

Гуравдугаарт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байна заасан боловч нэхэмжлэгч нь энэ талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй тул шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Дөрөвдүгээрт, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно” гэж заажээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах гэрээг байгуулахдаа хариуцагч нарын дарамтад байсан тул гарын үсэг зурсан гэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар буюу шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар зохигчдын хооронд 118,549,500.00 төгрөгийн үүргийн харилцаа байсан учраас тухайн гэрээ байгуулагдсан байна.

   

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н.Т 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Ч.И-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, төлбөр барагдуулах гэрээний зүйл болох Дорноговь аймаг, ******* сумын *******ын орчимд байрлах 0.1 га газрын эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд тус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг хариуцагч Ч.И-ын нэр дээр бүртгэжээ /1-р х.х-ийн 134-140 хуудас/.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар газрыг зөвхөн хуульд заасны дагуу эзэмшиж ашиглах бөгөөд төрийн өмчийн газрыг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрх үүсгэх, эрхийг цуцлах, дуусгавар болгох харилцаа гагцхүү хуулиар бий болж, зохицуулагдах юм.

 

Үүнээс гадна Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "Газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгоно гэжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан нь зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр эзэмших эрх үүсч, эрх зүйн үр дагавар буюу шаардах эрх бий болох бөгөөд хариуцагч Ц.О, Ч.И нар төлбөр барагдуулах гэрээний зүйл болсон газрын эзэмших эрхийг зохих ёсоор шилжүүлэн авсан байна. 

 

Мөн талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч Ц.О, Ч.И нар төлбөр барагдуулах гэрээг байгуулахаас өмнө дугаартай “” маркийн автомашиныг чиргүүлийн хамт өөрсдийн эзэмшилдээ шилжүүлэн авч ашиглаж байгаад 2016 оны намар бусдад хүлээлгэн өгсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Т-ын хувьцааг нь эзэмшдэг “Э” ХХК нь “Э” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, улмаар нэхэмжлэгч нь уг автомашиныг ашиглаж байгаад хариуцагч Ц.О, Ч.И нарт шилжүүлэн өгчээ.

 

Энэ талаар гэрч Ц.Э, Д.Б, Ц.Б нарын мэдүүлэгт тодорхой дурдсан бөгөөд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч нарын нэр дээр шилжүүлээгүй гэж тайлбарласан нь хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн үйлдлийг үгүйсгэхгүй ба Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.2-т “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаарэд хөрөнгийг шилжүүлсэнд тооцох зарчмыг харгалзах учиртай.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.

 

Тодруулбал, зөрчлийн улмаас аль нэг талаас гэрээнээс татгалзсан тохиолдолд тус хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар зохигчид өгсөн болон авсан зүйлээ буцаах үүрэг үүсдэг.

 

Гэвч хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н.Т нь төлбөр барагдуулах гэрээний зүйл буюу 0.1 газрын эзэмших эрх болон дугаартай “” маркийн автомашиныг чиргүүлийн хамт болон Ц.О, Ч.И нарт шилжүүлсэн байх тул түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ

 

Харин хариуцагч нар тус ” маркийн автомашиныг төлбөр барагдуулах гэрээг байгуулах хүртэлх хугацаанд ашигласан болон нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй гэсэн тайлбар нь тусдаа асуудал бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах нь тэдгээрийн эрх байсан. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.4, 56.1.8, 56.1.10-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О, Ч.И нарт холбогдох төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 0.1 га газар, түүн дээрх дуусаагүй барилга болон дугаартай “” маркийн автомашиныг чиргүүлийн хамт буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.О, Ч.И нарын гаргасан нэхэмжлэгч Н.Т-т холбогдох төлбөр барагдуулах гэрээг цуцалж 118,549,500.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 750,700.00 төгрөг, хариуцагч нарын төлсөн 750,700.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг үүгээр дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР