Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01476

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01476

 

 

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/02080 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.И, Ц.О нарт холбогдох төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шилжүүлсэн 1 га газар, түүн дээрх дуусаагүй барилга, норт бенз маркийн автомашин болон чиргүүлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, 118 549 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Т нь 2010 оноос хойш хариуцагч Ч.И болон түүний найз хариуцагч Ц.О нартай хамтран ажиллах замаар аливаа төрлийн бизнес эрхэлсэн бөгөөд хамтын үйл ажиллагааны явцад бий болсон ашгийг гурвуулаа хувааж авч байсан ч алдагдлыг нь зөвхөн надад үүрүүлсэний улмаас уг хамтын ажиллагаа нь 2013 онд дуусгавар болсон. Хариуцагч нар Н.Т ыг 2015 оны 02 дугаар сард өөрсдийгөө залилсан гэж үзэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах замаар маш их сэтгэл зүйн дарамтанд оруулж, хуулийн байгууллагаар далайлган сүрдүүлсэний эцэст миний өмчлөлийн бүх эд хөрөнгийг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ гэгч баримт бичигт гарын үсэг зуруулж булаан авсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл дээр дурдсанаар хамтын үйл ажиллагааны явцад үүссэн алдагдлыг зөвхөн намайг төл, өөрсдөө хохирогч мэтээр яриад байхаар нь би тухайн үедээ монгол эр хүний уужуу ухаан гаргаж, за яахав би төлье гэж 60 000 000 төгрөг зээлж авсан мэт хуурамч гэрээг 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нотариат дээр үйлдсэн бөгөөд 2015 оныг хүртэл уг төлбөрийг нь төлөхийг хичээсэн боловч улс орон даяар хамарсан эдийн засгийн хямралд өртөн өгч чадаагүй байхад хуулийн байгууллагад залилсан гэж хандсан байна. Ингээд хуулийн байгууллагад бүх үнэн учрыг нь хэлж, хамтын үйл ажиллагааны алдагдал болохыг нотолсон боловч прокурор нь нэгэнт зээлийн гэрээ хийсэн бол төлбөрийг нь заавал барагдуул гэж шахсанаар аргагүйдэн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ үйлдэж, өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах шатахуун түгээх станцын зориулалтаар тохижуулсан 0.1 га газрыг түүний дээрх колонкийн зориулалттай тоног төхөөрөмжийн хамт, мөн “Э” ХХК-ийн өмчлөлийн 41-72 ДГО улсын дугаартай хүнд даацын автомашиныг чиргүүлийн хамтаар тус тус шилжүүлсэнээр 2015 оны 7 дугааар сарын 03-ны өдөр эрүүгийн хэргийг гэрээний эрх зүйн харилцаа, иргэний харилцаагаар зохицуулна гэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ хариуцагч нар 2013 онд зээлийн хуурамч гэрээ байгуулсаныхаа дараа нэхэмжлэгч Н.Т-ын “Э” ХХК-иас түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан 41-72 ДГО болон 41-38 ДГО улсын дугаартай хүнд даацын 2 автомашиныг хууль бусаар хүч түрэн булаах байдлаар эзэмшиж, уг автомашинуудаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Таван толгойн нүүрсний ордоос нүүрс тээвэрлэн Монгол Улсын Гашуун сухайт боомтоор БНХАУ-д хүргэх ажлыг 2013 оны 01 дүгээр сараас 2014 оны 9 дүгээр cap хүртэл хийснээр төлбөр барагдуулах гэрээнд заасан 118 549 500 төгрөгийг бүрэн хэмжээгээр олсон байсан нь илэрсэн юм. Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглах замаар ашиг олж, өөрийн хохирол гээд байгаа мөнгөө бүрэн олсон байж, ахин цагдаагийн байгууллагаар далайлган сүрдүүлж, хууль зөрчсөн хэлцэл хийх замаар хөрөнгөжсөн байна. Дээрх байдалд хууль зүйн дүгнэлт хийвэл газар эзэмшигч нь Үндсэн хуульд зааснаар өмчлөгч нь төр байхад түүний зөвшөөрөлгүйгээр өр төлбөрт тооцон шилжүүлсэн нь холбогдох хуулийн зохицуулалтыг бүрэн зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгч Н.Т нь 41-72 ДГО автомашиныг өмчлөх эрхгүй, захиран зарцуулах эрхгүй атлаа мөн бусдад шилжүүлэхээр хэлцэл хийсэн нь мөн хуулийг зөрчсөн үйлдэл мөн. Үүнээс гадна дээрх 2 төрлийн эд хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлэх хэлцлийг хийх үедээ хариуцагч нарыг өөрийнх нь эзэмшлийн автомашинуудыг ачаа тээвэрт явуулан өр төлбөрөөс нь их хэмжээний мөнгө олсон гэдгийг огт мэдээгүй байсан нь мөн нотлогдож байна. Эдгээр нөхцөл байдлууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.4, 56.1.8, 56.1.10 зэрэг хэлцэл хүчин төгөлдөр бус байх бүхий л нөхцөл байдал илэрч байна. Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасны дагуу төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагч нарт шилжүүлсэн ГД000421461 гэрчилгээтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах шатахуун түгээх станцын зориулалтаар тохижуулсан 0.1 га газрыг түүний дээрх колонкийн зориулалттай тоног төхөөрөмжийнх нь хамт, мөн “Э” ХХК-ийн өмчлөлийн 41-72 ДГО улсын дугаартай АЯ0261602 гэрчилгээтэй LBZ446DB1BA026967 арлын дугаартай хүнд даацын авто чирэгч, LA99XE51190HT3491 арлын дугаартай хүнд даацын авто чиргүүлийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Т т олгуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь авсан, өгсөн зүйлээ буцаахыг зөвшөөрч байгааг үзвэл үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрсөнтэй адил гэж ойлгож байна. Талуудын байгуулсан төлбөр барагдуулах гэрээнд заасан эд хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагч нарт хүлээлгэн өгсөн. Ер нь бол тухайн гэрээг байгуулахаас өмнө хариуцагч нар хүнд даацын автомашиныг чиргүүлийн хамт ашиглаж тодорхой хэмжээний ашиг олсон гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас төлбөр барагдуулах гэрээ болон зээлийн гэрээнд дурдсан шиг 118 549 500 төгрөгийг хүлээн аваагүй, харин дансны хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримтын хүрээнд авч үзвэл 40 гаруй сая төгрөгийг авсан байдаг. Мөн хариуцагч нар нэхэмжлэгчийн Дорноговь аймаг, Хатанбулаг сумд байрлах 0.1 газар дээрх шатахуун түгээх станцад 46 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийгээгүй, гэрчийн мэдүүлгээр нотлон гэдэг боловч хангалттай нотолгоо биш, хариуцагч нар хожим тухайн газар байршуулсан эд хөрөнгөө аваад явсан тул хохирсон гэсэн ойлголт гарахгүй. “Э” ХХК-ийн өмчлөлийн 41-72 ДГО улсын дугаартай автомашины хувьд хариуцагч нар уг автомашиныг аль эрт хүлээн авч тодорхой хэмжээний орлого олсон гэсэн тайлбарыг өгсөн байдаг тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй. Гэвч Иргэний хуульд зааснаар талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус тул гэрээг цуцлах гэсэн зүйл яригдахгүй. Иймээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар зохигчдын өгсөн, авсан зүйлийг харилцан буцаахыг зөвшөөрч байгаа боловч 118 549 500 төгрөгийг хүлээн аваагүй бөгөөд авсан хэмжээгээр буцаан төлөхийг зөвшөөрч болох юм гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хариуцагч Ч.И би өөрийн найз Ц.Отай 2010 онд мах бэлтгэлийн адуу авч Багануурын махны үйлдвэрт нийлүүлж байсан ба уг ажлаа 2011 онд үргэлжлүүлэхээр шийдсэн байсан юм. Тэгтэл бидний танил Н.Т нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас агт бэлтгэж өгье гэж хэлэхээр нь түүнд итгээд 25 000 000 төгрөг өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа түүн рүү ярьж агтны адуу бэлэн болсон эсэхийг асуухад тэрээр адуунууд бэлэн болсон. Ирээд туугаад яв гэж хэлсэн ба би түүнд нь итгээд Улаанбаатар хотоос адуу туух тууварчид аваад хүрч очиход тэр бүх зүйлийг худлаа хэлсэн байсан ба ганц ч адуу байхгүй, бидний мөнгийг ч үрэн таран хийсэн байсан. Бид түүнээс мөнгөө шаардахад тэрээр өгнө гэдэг боловч удаа дараагийн үйлдлээр биднийг залилан мэхэлж нэмж их хэмжээний хохирол учруулсан. Бидэнд мөнгөний хэрэгцээ их байсан тул Н.Т аас өрөө төлөхийг байнга шаардаж байсан бөгөөд тэрээр өмнөх өр зээлээ оролцуулаад нийт 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийх санал тавьсан бөгөөд уг гэрээнд хүү алданги тооцохоор яригдаж байсан тул нэмэлт төлбөр төлөхгүйн тулд бидний мөнгийг тэр удаахгүй өгөх байх гэж итгэсэн. Ингээд бид мөн л түүний залилан мэхлэх арга болох, хуурч мэхлэх үйлдлийнх нь халхавч болсон зээлийн гэрээг Улаанбаатар хотод нотариатын газарт очиж хийснээр 28 600 000 төгрөгийг 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Гэтэл уг мөнгөнөөс ганц ч төгрөг төлөгдөөгүй. Тэрээр дээрх зээлийн гэрээг хийхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ бас өгнө гэсэн нь мөн л худал байсан төдийгүй уг гэрчилгээгээ гаргуулан аваагүй байхдаа авсан мэтээр бидэнд ойлгуулсан байсан. Энэ мэтээр Ц.О, Ч.И нар нь Н.Т-ын дээрх удаа дараагийн залилангийн шинжтэй үйлдэлд нь хууртагдан мэхлэгдэж өөрийн их хэмжээний мөнгийг залилуулсан үйлдлийг шалгуулахаар 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хандан гомдол гаргасан. Бидний гомдлыг шалгаад 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Г эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд Н.Т нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа, өөрийн төлөх төлбөрийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож энэхүү төлбөр барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд бид түүнд ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Гэтэл эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа бидний дарамт шахалтанд өртөн энэхүү гэрээг байгуулсан мэтээр үнэмшил муутай зүйл ярьж байна. Хэрвээ Н.Т нь нэхэмжлэлдээ заасанчлан биднийг хуулийн байгууллагаар далайлган сүрдүүлсэн, прокурорын дарамт шахалтаас болж уг гэрээг байгуулахад хүргэсэн гэж тайлбарлаж байгаа бол тухайн үед эрх бүхий байгууллагад хандан гомдол гаргах боломжтой байсан. Гэтэл тухайн үед энэ талаар гомдол гаргаж асуудлыг шийдвэрлүүлээгүй атлаа хоёр жилийн дараа энэ асуудлыг хөндөж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Н.Т нь бидэнтэй харилцан тохиролцож сайн дураараа төлбөр барагдуулах гэрээ байгуулсан болохыг түүнтэй харилцан тохиролцсон 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн баталгаагаар давхар нотлогдох юм. Уг баталгаа бичгээр Н.Т нь Ханги Мандалын хилийн боомтод байрлах шатахуун түгээх станцийн зориулалт бүхий 0.1 га газрыг барилгын хамт, ДГО 41-72 улсын дугаартай ачааны шалаанз машиныг 118 500 000 төгрөгийн тооцоонд харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлж өр авлагын асуудлыг дуусгавар болгосон гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийн гараараа нотлон бичсэн. Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Ц.О, Ч.И нараас 118 549 500 төгрөгийг хүлээн аваагүй мэт тайлбар өгч байна. Гэтэл тэрээр өмнө нь болсон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа талуудын хооронд 118 000 000 гаруй төгрөгийн төлбөр тооцоо байгаагаа хүлээн зөвшөөрсөн, үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд үзлэг хийх байдлаар баталгаажуулсан тул нотлох баримтаар үнэлэх ёстой. Иймд дээрх нөхцөл байдлуудыг сайтар нягтлан үзэж, нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Мөн Ч.И, Ц.О нараас Н.Т нь 2011 онд анх 20 000 000 төгрөг зээлж байсан ба түүнээс хойш бага багаар мөнгө зээлсээр байгаад 2013 он дуусахад түүний бидэнд өгөх өглөгийн хэмжээ нийт 118 549 500 төгрөг болсон. Улмаар түүнээс зээлсэн мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч удахгүй өгнө гэж худал хэлсээр 2 жил орчмын хугацаа өнгөрхөд өгөөгүй тул 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хандаж, түүнийг биднийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр түүний хууль бус үйлдлийг шалгуулахаар өргөдөл гаргасан. Уг гомдлыг эрүүгийн журмаар шалгах ажиллагааны явцад Н.Т нь Ц.О, Ч.И нарт 118 549 500 төгрөгийн өртэй болохоо хүлээн зөвшөөрч, уг төлбөртөө эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг санал болгосон байдаг. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр түүнтэй тохиролцсоны дагуу төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д төлбөр төлөгч нь энэхүү гэрээний 1.1-д заасан төлбөр болох 118 549 500 төгрөгийн төлбөрт дараах эд хөрөнгийг төлбөр авагч нарын өмчлөлд 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Үүнд, ГД:000421461 гэрчилгээтэй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтын орчимд байрлах 0,1 га шатахуун түгээх станцын зориулалттай эзэмших эрх бүхий газар, тус газар дээр байрлах шатахуун түгээх станцын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ГД:АЯ0261602, LBZ446DB1ВА026967 арлын дугаартай North benz маркийн автомашин, чиргүүлийн дугаар АЯ02611177, LA99XE51190HT3491 арлын дугаартай авточиргүүл гэж тус тус заасны дагуу Н.Т нь дээр дурдсан эд хөрөнгийг төлбөр авагч Ч.И, Ц.О нарын нэр дээр 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу Н.Т нь шатахуун түгээх станцын зориулалттай газрыг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлэн өгсөн бөгөөд үлдэх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Н.Т нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д заасны дагуу үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэрээ байгуулагдсаны дараа гэрээнд заасан хугацаанд Н.Т нь дээрх эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн бол шатахуун түгээх станцыг ашиглалтад оруулж, өнөөдрийг хүртэлх хугацаанд нэлээдгүй ашиг олох боломжтой байсан. Одоо клонокийн тоног төхөөрөмжийг авсан ч тухайн газрын ойролцоо хэд хэдэн шатахуун түгээх станцууд ашиглалтад орсон тул ашиг олох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс Ч.И, Ц.О нар нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Т тай байгуулсан төлбөр барагдуулах гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Т аас авсан газрыг буцаан өгч, түүнээс 118 549 500 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 19696 дугаартай захирамжаар Н.Т-ын нэхэмжлэлтэй Ц.О, Ч.И нарт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Э” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Иймээс манай тал Авто тээврийн үндэсний төвөөс 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр авсан лавлагаагаар “Э” ХХК-д ямар нэгэн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийлвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй хэмээн заасан ба “Э” ХХК-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл байхгүй байх тул тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 19696 дугаартай захирамжийн “Э” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.4, 56.1.8, 56.1.10-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О, Ч.И нарт холбогдох төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 0.1 га газар, түүн дээрх дуусаагүй барилга болон 41-72 ДГО улсын дугаартай Beiben маркийн автомашиныг чиргүүлийн хамт буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.О, Ч.И нарын гаргасан нэхэмжлэгч Н.Т т холбогдох төлбөр барагдуулах гэрээг цуцалж 118 549 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 750 700 төгрөг, хариуцагч нарын төлсөн 750 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна. 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Норт бенз /North benz/ маркийн автомашин болон чиргүүл нь нэхэмжлэгч Н.Т-ын өмчлөлийн тээврийн хэрэгслүүд биш бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг “Э” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан, төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагч нарт албан ёсоор шилжүүлээгүй, өмчлөгч “Э” ХХК-аас албан ёсны зөвшөөрөл аваагүй зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхийн сацуу хожим нь Норт бенз /North benz/ маркийн автомашин болон чиргүүлийг өмчлөгч болох “Э” ХХК нь хариуцагч нараас буцаан авсан нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогддог. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээнээс татгалзаж, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн, авсан зүйлээ буцаан гаргуулах тухай шаардлага гаргасныг нэхэмжлэгч талаас ГД000421461 гэрчилгээтэй, Дорноговь аймаг, Хатанбулаг сумын Ханги боомт орчимд байрлах 0,1 га шатахуун түгээх станцын зориулалттай эзэмших эрхтэй газрыг буцаан авахын зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, харин 118 459 500 төгрөгийг төлбөр барагдуулах гэрээний дагуу хүлээн аваагүй тул уг мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Дээрх үйл баримтад дүгнэлт өгч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ГД000421461 гэрчилгээтэй, Дорноговь аймаг, Хатанбулаг сумын Ханги боомт орчимд байрлах 0,1 га шатахуун түгээх станцын зориулалттай эзэмших эрхтэй газрыг буцаан авах нь нэхэмжлэгчийн хүсэл зориг байсан, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээнээс татгалзаж дээрх газрын буцаан өгөх нь хариуцагч нарын хүсэл зориг байсаар атал анхан шатны шүүх зохигчдын нэг хүсэл зоригийн эсрэг шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Н.Т-ын зүгээс ямар ч байдлаар шатахуун түгээгүүрийн барилга барихад хэн нэг этгээдээс хөрөнгө оруулалт аваагүй бөгөөд харин Ч.И, Ц.О нар нь Н.Т-ын эзэмшлийн газрыг шилжүүлэн авсан даруйд иргэн О.Г шатахуун түгээгүүрийн газарт ёонкс суурилуулсан бөгөөд хариуцагч нар суурилуулсан ёонксоо зөөж авч явсан нь тухайн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог бөгөөд О.Ганбатын 46,0 сая төгрөгөөр хөрөнгө оруулсан хэмээн мэдүүлсэн тайлбар нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байгааг шүүх анхаараагүй зөвхөн гэрчийн мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Ч.И, Ц.О нарт холбогдуулан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шилжүүлсэн 1 га газар, түүн дээрх дуусаагүй барилга, Норт бенз маркийн автомашин болон чиргүүлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гарсныг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэгч төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн тул 118 549 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Н.Т , Ч.И нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ч.И нь 60 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй Н.Т т зээлдүүлэхээр тохиролцсон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 6 дах талд авагдсан 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр тогтоогдсон байна.

 

Мөн Н.Т хувьцааг нь эзэмшдэг “Э” ХХК-ийн “Ш” ХХК-д төлөх байсан шатахууны үлдэгдэл 6 900 200 төгрөгийн өр төлбөрийг Ч.И, Ц.О нарын “Их онь” ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн, Ч.Иаас 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Н.Т т 28 600 000 төгрөг, Н.Т-ын хүсэлтээр Ч.И нь 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Т.Т-ийн дансанд 5 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, Ч.Иаас Н.Т-ын “Хаан банк” ХХК дах дансанд 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн, Ц.Оаас Н.Т т 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт хэргийн 47-49, 155, 173, 2 дугаар хавтасны 24 дэх талд авагдсан “Шунхлай говь” ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, “Их онь” ХХК, “Эрдэнэ овоо хайрхан” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Гэрч О.Г шүүхэд “...2013 оны 4 сард колонк барьж өгсөн, 46 000 000 төгрөгийг Н.Т-ын хамтрагч Ч.И, Ц.О нараас Улаанбаатар хотод очиж авсан...” гэж мэдүүлсэн байна.

 

Дээрх өр төлбөрийг тооцож талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Н.Т нь Ч.И, Ц.О нараас урьд өмнө зээлсэн 60 000 000 төгрөг, баримт бичиг бүрдүүлэхэд зориулж 5 000 000 төгрөг, шатахуун түгээгүүрийн барилга барихад 46 000 000 төгрөг, нүүрс нийлүүлэхэд 6 871 500 төгрөг, шатахууны төлбөрт 678 000 төгрөг, нийт 118 549 500 төгрөгийн зээлийн өр төлбөртөө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтод байрлах 0.1 га газрын эзэмших эрх, тус газар дээр баригдсан шатахуун түгээгүүрийн зориулалтай 80 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн 41-72 ДГО улсын дугаартай Beiben маркийн автомашиныг чиргүүлийн хамт тус тус шилжүүлэхээр тохиролцжээ. /хх7-8 дах тал/

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар дээрх төлбөр тооцоог нэхэмжлэгч Н.Т хожмоо хүлээн зөвшөөрч өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, төлбөр барагдуулах гэрээ, “Ш” ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, “И” ХХК, “Э” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэж талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 118 549 500 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

Н.Т-ын хамаарал бүхий “Э” ХХК-ийн “Ш” ХХК-д төлөх байсан 6 900 200 төгрөгийг Ч.И, Ц.О нар биечлэн төлөөгүй боловч тэдгээрийн хувьцаа эзэмшдэг “И” ХХК-иас төлсөн байх тул үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн гэж үзнэ. Мөн 6 900 200 төгрөгийн төлбөрийг Н.Т хүлээн аваагүй хэдий ч түүний хамаарал бүхий “Э” ХХК-ийн төлөх төлбөр ийнхүү төлөгдсөн, Н.Т-ын хүсэлтээр Т.Т-ийн дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул үүргийг эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөн гэж тус тус дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч Ц.О, Ч.И нар төлбөр барагдуулах гэрээний дагуу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтод байрлах 0.1 га газрын эзэмших эрх, тус газар дээр баригдсан шатахуун түгээгүүрийн зориулалтай 80 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн 41-72 ДГО улсын дугаартай Beiben маркийн автомашиныг чиргүүлийн хамт тус тус шилжүүлэн авснаар талуудын зээлийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох талуудын хооронд байгуулагдсан  төлбөр барагдуулах гэрээ хууль зөрчсөн, хэлцлийг халхавлах зорилгоор хийсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн гэх нөхцөл байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 9 дэх талд авагдсан Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар маргааны зүйл болох 41-72 ДГО тоот улсын дугаартай Beiben маркийн автомашин нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан боловч тухайн автомашиныг ирээдүйд өмчлөх эрхийг шилжүүлэн авах нөхцөлтэйгээр Н.Т-ын хувьцааг нь эзэмшдэг “Э” ХХК нь “Э” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ачааны машин түрээслэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Н.Т нь автомашиныг ашиглаж байгаад Ц.О, Ч.И нарт шилжүүлж өгөхөөр тохиролцсон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 11-18 дах талд авагдсан 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ачааны машин түрээслэх гэрээгээр тогтоогджээ.

 

  Н.Т , Ч.И нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр төлбөр барагдуулах гэрээний зүйл болох Дорноговь аймаг, Хатанбулаг сумын Ханги боомтын орчимд байрлах 0.1 га газрын эзэмших эрхийг шилжүүлж, тус сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/80 тоот захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг Ч.Иын нэр дээр бүртгэсэн болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 134-141 дэх талд авагдсан Дорноговь аймаг, Хатанбулаг сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/80 тоот захирамж, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 000572636 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2636 тоот иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байна.  

 

Хариуцагч Ц.О, Ч.И нар дээрх газрын эзэмших эрхийг хууль болон гэрээнд заасан үндэслэлээр буюу зохих ёсоор шилжүүлэн авсан болох нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасантай нийцсэн талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Н.Т нь төлбөр барагдуулах гэрээний зүйл буюу 0.1 газрын эзэмших эрх болон 41-72 ДГО улсын дугаартай Beiben маркийн автомашиныг чиргүүлийн хамт Ц.О, Ч.И нарт шилжүүлсэн, түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж нэхэмжлэгч Н.Т-ын хариуцагч Ц.О, Ч.И нарт холбогдуулан гаргасан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 0.1 га газар, түүн дээрх дуусаагүй барилга болон 41-72 ДГО улсын дугаартай Beiben маркийн автомашиныг чиргүүлийн хамт буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Гэрч Ц.Э, Д.Б, Ц.Б нар шүүхэд “тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч нарын нэр дээр шилжүүлээгүй” гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

 

Бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт хөрөнгийг бүртгэх гэрчилгээ дугаар олгох, шилжилт хөдөлгөөн хийх, улсын бүртгэлээс хасах үйл ажиллагаа хамаардаг байна. Харин өмчлөх эрх хууль буюу гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд хөдлөх хөрөнгийн хувьд эд хөрөнгийг Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарын эзэмшилд өр төлбөртөө тооцож маргаж буй автомашиныг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн тэдгээрийг өмчлөгч гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Ц.О, Ч.И нарын нэхэмжлэгч Н.Т т холбогдуулан гаргасан төлбөр барагдуулах гэрээг цуцалж 118 549 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Учир нь талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч Н.Т зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийг үндэслэн О.Г-с гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тэрээр Н.Т ыг шатахуун түгээгүүрийн барилга барихад нь Ч.И, Ц.О нараас 46 000 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлээр хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдүүлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/02080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 750 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ                                                                         

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ