Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/01773

 

 

 

 

 

 

 

 

 

            2021        06          10

                                 101/ШШ2021/01773

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Ц-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “С” ХХК,

 

            Хариуцагч: С.Х нарт холбогдох

 

            Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 119,810,355.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц, өмгөөлөгч Б.Д, хариуцагч С.Х, нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч “С” ХХК-ийн инженер ажилтай С.Х-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж *******ын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гадна болон дотор заслын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн бол хариуцагч "С" ХХК нь ажлын үр дүнг хүлээж авах, ажлын хөлсөнд 115,867,600.00 төгрөгийг өгөхөөр тус тус тохиролцсон юм.

 

Би, тус гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ өөрийн багаас гадна мэргэжлийн 4 баг, мөн орон нутгаас туслах ажилтныг оролцуулаад нийт 21-32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, тохирсон ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч "С" ХХК нь гэрээний хэрэгжилтийн явцад болон ажил дууссанаас хойш хугацаанд ажлын хөлсөнд 44,433,880.00 төгрөгийг өгснөөс өөр мөнгө өгөөгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч С.Х нь миний ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, ажлын хөлсний талаар тооцоо нийлсэн.

 

Ингээд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бид гэрээнд заасан ажлаа бүрэн дуусгаад ажлын үр дүнг инженер С.Х-ад хүлээлгэн өгч, үлдэгдэл хөлсөө авах гэхэд тэрээр “манай компани одоо мөнгө муутай байна, ажлын хөлсний үлдэгдэл 71,433,720.00 төгрөг болсныг захиралд хэлсэн, Улсын комисс ажиллаагүй байна” гэж хэлсэн. Түүнээс хойш намайг ажлын хөлсөө удаа дараа шаардахад тус компанийн захирал н.Г нь “ажлын хөлсний талаар санаа зоволтгүй, өгөх болно, инженер С.Х-тай ярь” гэдэг, харин инженер С.Х нь “захиралтай ярьсан, мөнгөний боломжгүй гэнэ, хүлээж бай” гэж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн.

 

Иймд, миний бие 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71,433,720.00 төгрөгийг хариуцагч “С” ХХК, С.Х нараас нэхэмжилсэн.

 

Мөн намайг ******* аймагт тус ажлыг гүйцэтгэж байх үед 2017 оны 09 дүгээр сарын дундуур хариуцагч “С” ХХК-ийн инженер С.Х “та нар энэ ажлаа түр орхиод ******* аймаг руу яаралтай очиж тэнд ажил хийх боллоо, би хамт явж гүйцэтгэлийг чинь хянах болно, захирал та нарын ажлын хөлсийг *******д гүйцэтгэж буй ажлын нөхцөлөөр тооцож өгнө, одоо явах бэлтгэлээ ханга” гэсний дагуу бид нар бэлтгэлээ хангаад ажлын байраа битүүмжлээд  ******* аймаг руу явсан юм.

 

Би, ******* суманд очсоны дараагаар инженер С.Х-тай хийх ажлаа хэмжиж үзээд 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ******* аймгийн ******* сумын Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч “С” ХХК нь ажлын үр дүнг хүлээж авах, ажлын хөлсөнд 22,206,800.00 төгрөгийг өгөхөөр тохиролцсон.

 

Миний бие уг гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэхдээ өөрийн багаас гадна нэмж 2 багийн хамтаар 9-13 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан ба хариуцагч “С” ХХК нь ажлын хөлсний урьдчилгаанд 13,766,950.00 төгрөгийг өгснөөс өөр мөнгө өгөөгүй бөгөөд энэ талаар тус компанийн инженер С.Х-тай тооцоо нийлж баталгаажуулсан.

 

Ингээд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай бригад ******* аймаг дахь гэрээнд заасан ажлаа бүрэн дуусгаад ажлын үр дүнг хариуцагч “С” ХХК-нд хүлээлгэн өгөөд ажлын хөлсөө авах гэхэд инженер С.Х “........ энд захирал н.Г, түүний эхнэр 2 ирээд явсан, та нар мэдэж байгаа, бас би энэ компанийн төлөөлөгч, хэн ч та нарыг хуурахгүй, ******* аймгийн ажлаа хийж дуусгасны дараа ажлын чинь хөлсийг хамтад нь тооцож өгнө гэж захирал хэллээ, та нарын хоол, унд, байрны зардлыг компани хариуцаж байгаа, тийм болохоор нэгэнт эхэлсэн ******* аймгийн ажлаа дуусгах хэрэгтэй” гэсэн. Үүний дагуу би,  ******* аймгаас ******* аймаг руу явж, тэнд ажлаа үргэлжлүүлэн хийж дуусгасан юм.

 

Иймээс нэхэмжлэгч би, дээрх үндэслэлээр буюу 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 8,439,850.00 төгрөгийг хариуцагч “С” ХХК, С.Х нараас нэхэмжилсэн. Үүнээс гадна талуудын байгуулсан гэрээнд алданги тооцохоор заасныг үндэслэн хариуцагч “С” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тул алдангид 35,716,860.00 төгрөг, мөн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн биелүүлээгүй тул алдангид 4,219,925.00 төгрөг, алдангийн нийт хэмжээ 39,936,785.00 төгрөг, гэрээний үүрэгт 71,433,720.00 төгрөг, нийт 119,810,355.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч би, ажлын хөлсний урьдчилгаанд хариуцагчаас авсан мөнгийг туслан гүйцэтгэгч бригад болон ажилтнуудынхаа цалин хөлсөнд тооцож өгсөн. Гэвч хариуцагч С.Х-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан тайлбарыг үндэслэн түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

 

Хариуцагч С.Х-аас тус шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч “С” ХХК-тай байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу *******ын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна болон дотор заслын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад доголдолгүй ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн. Тухайн үед би, “С” ХХК-ийн инженерээр ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг өдөр тутам хянаад гүйцэтгэлийг хүлээн авч байсан.

 

Анх 2017 оны 02 болон 03 дугаар сарын үед захирал н.Г намайг дуудаж уулзаад ******* аймгийн 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гадна болон дотор заслын ажлыг Ш.Ц-гийн бригадаар хийлгэнэ, туршлагатай, мэргэжлийн хувьд сайн хүмүүс, түүнтэй уулзъя гэсний дагуу бид түүнийг дуудаж уулзсан. Ингээд уулзалтын эцэст ******* аймаг руу явж дээрх ажлыг танилцуулж, хэмжилт хийхээр болсон. Тэгээд би, нэхэмжлэгч Ш.Ц-тэй хамт тус аймаг руу явж цэцэрлэгийн шинэ барилгыг үзүүлж, хийх ёстой бүх ажлын хэмжилтийг гаргасан.

 

Ингээд хотод ирсний дараа би, нэхэмжлэгчийн хийх ёстой нийт ажлын хэмжээг захирал н.Г-д танилцуулж, баримтыг түүнд өгсөн. Түүнээс хойш 1 cap гаруй хугацааны дараа захирал н.Г нь нэхэмжлэгч Ш.Ц-г дуудаж, миний дэргэд уулзахдаа ажлын хөлсний талаар нэг бүрчлэн тохиролцсон бөгөөд тэр бүрийг нь би тэмдэглэж авсан, захирал н.Г нь надад “та ******* аймаг руу явах бэлтгэлээ хангаарай, Ш.Ц-гийн бригадын ажилчдын хоол хүнс, байрыг манай компани бүрэн хариуцна, харин энэ хүмүүсийн ажлыг та хянаж, гүйцэтгэлийг хүлээж авах учир гэрээгээ байгуулаарай, тань руу компаниас мөнгө шилжүүлнэ, тооцоогоо нягтланд өгч байгаарай” гэсэн юм. Ийм учраас миний бие нэхэмжлэгч Ш.Ц-тэй компаниа төлөөлөн гэрээ байгуулсан.

 

Миний хувьд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна болон дотор заслын ажлыг эхнээс нь дуустал хугацаанд компаниа төлөөлөн өдөр тутам хяналт тавьж, гүйцэтгэлийг хүлээж авч байсан. 2017 оны 09 дүгээр сард захирал н.Г над руу утсаар холбогдоод ******* аймгийн цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар асуугаад “та нар ажлаа түр орхиод ******* аймагт яаралтай ирж, ******* сумын Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын заслын ажлыг хийж дуусгах хэрэгтэй байна, заслын ажил нь эхлээгүй, яаралтай оч гэсэн. Тэгэхэд би, Ш.Ц зөвшөөрөх болов уу гэхэд захирал маань ******* аймгийн нөхцөлөөр ажлын хөлсийг тооцож өгнө гэж хэл, би ч бас түүнтэй ярина” гэсэн.

 

Ийнхүү бид нар ******* аймгийн ажлаа түр орхиж ******* сумд очиж хийж гүйцэтгэх ажлыг нэхэмжлэгч Ш.Ц-тэй хамт хэмжиж дуусаад би компаниа төлөөлөн түүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээ нь ******* аймаг дахь 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гэрээний нөхцөлөөр ажлын хөлсийг тооцсон бөгөөд захирал н.Г нь эхнэрийн хамт ******* аймагт ирэхэд би түүнд гэрээний хувийг өгсөн. Нэхэмжлэгч Ш.Ц нь ******* аймгийн ******* сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгын заслын ажлыг бүрэн хийж дуусгаад ажлын үр дүнг надад буюу компанид хүлээлгэж өгсөн.

 

Хариуцагч “С” ХХК болон нэхэмжлэгч Ш.Ц нарын хооронд байгуулсан ******* аймгийн 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гадна болон дотор заслын ажлын гэрээний үнэ 115,867,600.00 төгрөг, ******* аймгийн ******* сумын Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын заслын ажлын гэрээний үнэ 22,206,800.00 төгрөг байсан. Манай компаниас нэхэмжлэгчийн ажлын хөлс болон түүний бригадуудын ажилчдын хоол, байрны зардлыг миний данс руу шилжүүлж байсан тул шилжүүлсэн мөнгөнөөс би нэхэмжлэгчид ******* аймгийн заслын ажлын хөлсөнд тооцож 44,433,880.00 төгрөг, ******* аймгийн заслын ажлын хөлсөнд тооцож 13,766,950.00 төгрөгийг тус тус өгч, үлдсэн мөнгийг хоол хүнс, байр, тээвэр зэрэг бусад зардалд зарцуулсан.

 

Энэ талаарх баримтыг захиралдаа танилцуулж, нягтланд өгч байсан. Компаниас над руу шилжүүлсэн мөнгийг миний бие зөвхөн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зарцуулж байсан, тухайн гарсан зардалтай холбоотой мэдээллийг захиралд танилцуулж, нягтланд жагсаалтыг нь өгч байсан. Нөгөө талаар компаниас шилжүүлсэн мөнгийг буруу зарцуулсан байна гэж өнөөдрийг хүртэл хугацаанд компани болон хэн нэг эрх бүхий албан тушаалтнаас надад мэдэгдээгүй нь миний гаргаж буй дээрхи тайлбарын үнэнийг нотолсон баримт гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь надад хамааралгүй тул түүнийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна” гэв.

 

Хариуцагч “С” ХХК-иас тус шүүхэд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч Ш.Ц нь тухайн үед “С” ХХК-нд талбайн инженерээр ажиллаж байсан С.Х-тай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн гэж ярьдаг бөгөөд энэ гэрээ нь манай компанид ирээгүй, захирлаар батлуулж байгаагүй тул бид энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ц-гээс хариуцагч “С” ХХК, С.Х нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 119,810,355.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүссэн ба шүүх хуралдааны явцад хариуцагч С.Х-ад холбогдох хэсгээс татгалзсан. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбар, нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Энэхүү хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр товлосон талаар зохигч нарт мэдэгдсэн. Гэвч хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Н.Г нь хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах шаардлагатай байна гэснийг үндэслэн шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулсан.

 

Гэтэл тэрээр шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хэргийн материалтай танилцан гэсэн боловч танилцахаас татгалзсан байна. Энэ тухай тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн захирамжид хэргийн оролцогчийн хэрэгтэй танилцах эрхийг албадан хэрэгжүүлж болохгүй гэж тодорхой дурджээ.

 

Иймд, уг хэргийг нэхэмжлэгч Ш.Ц-гийн хариуцагч “С” ХХК-ийн төлөөгчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ш.Ц 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч “С” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж *******ын нутаг дэвсгэрт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна, дотор талын засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон байна.

 

Мөн талууд 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна, дотор талын засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ /1-р х.х-ийн 7-13 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Ц нь *******ын нутаг дэвсгэрт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна, дотор талын засал чимэглэлийн ажлыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 6 сарын хугацаанд 115,867,600.00 төгрөгөөр, ******* аймгийн ******* сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна, дотор талын засал чимэглэлийн ажлыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд 22,206,800.00 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын тохиролцсон ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гүйцэтгэгчид хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх ба тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх учиртай.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч Ш.Ц-гийн зүгээс эдгээр ажлыг хугацаанд нь зохих ёсоор хийсэн гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар ******* аймгийн ******* сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгыг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр  ашиглалтад оруулахаар, *******ын нутаг дэвсгэрт баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ашиглалтад оруулахаар тус тус улсын комисс хүлээн авсан байна /1-р х.х-ийн 97-99 хуудас, 2-р х.х-ийн 11-20 хуудас/.

 

Иймд, нэхэмжлэгч Ш.Ц болон хариуцагч “С” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, зохигчдын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг холбогдох улсын комисс шалган ашиглалтад оруулахаар хүлээн авсан байх тул нэхэмжлэгчийг ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагч С.Х нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Учир нь, хэдийгээр хариуцагч С.Х нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, мөн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан боловч тэрээр эдгээр гэрээг өөрийн нэрийн өмнөөс бус, харин хариуцагч “С” ХХК-ийн ажилтны хувьд тус компанийн төлөөлөн байгуулсан байна /1-р х.х-ийн 68-72 хуудас/.

 

Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г нь хариуцагч С.Х-ыг нэхэмжлэгч Ш.Ц-тэй гэрээ байгуулахыг зөвшөөрсөн, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж зааснаар хариуцагч С.Х-ыг хариуцагч “С” ХХК-ийг төлөөлсөн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч С.Х-ыг нэхэмжлэгч Ш.Ц-гийн өмнө үүрэг хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний захиалагч гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж зааснаар тэрээр хариуцагч этгээд биш юм.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Ц нь ажил гүйцэтгэгч болохын хувьд гэрээнд заасан ажлыг тохирсон хугацаанд заавал гүйцэтгэх, хариуцагч “С” ХХК нь захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд ажлын үр дүнг бий болоход нь хүлээн авах, тийнхүү хүлээн авсан тохиолдолд тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээдэг.

 

Энэ талаар тус хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д “Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ” гээд 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” гэж, мөн 351 дүгээр зүйлийн 351.1-д “Захиалагч дараахь үүрэг хүлээнэ” гээд 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагч “С” ХХК нар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч нь *******ын нутаг дэвсгэрт баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна, дотор талын засал чимэглэлийн ажлын хөлс 115,867,600.00 төгрөгөөс 44,433,880.00 төгрөгийг төлж, үлдэх 71,433,720.00 төгрөгийг, ******* аймгийн ******* сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна, дотор талын засал чимэглэлийн ажлын хөлс 22,206,800.00 төгрөгөөс 13,766,950.00 төгрөгийг төлж, үлдэх 8,439,850.00 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлөхөөр тохиролцсон байна /1-р х.х-ийн 14 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, мөн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх хөлсний үлдэгдэл нийт 79,873,570.00 төгрөг гэдгийг үүгээр баталгаажуулсан байгааг хариуцагч “С” ХХК-ийн зүгээс үгүйсгээгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар тус компанийг энэ талаар маргаагүйд тооцно.

 

Гэтэл хариуцагч “С” ХХК-иас тус шүүхэд гаргасан тайлбартаа 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга болон Иргэдийн хөгжлийн төвийн барилгыг захиалан бариулсан захиалагч нараас ажлын хөлсийг авч чадахгүй байгаагаа үндэслэн нэхэмжлэгч Ш.Цгийн хөлсийг төлөхгүй гэж маргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч “С” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн засаг даргатай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 851,565,272.00 төгрөгөө, мөн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн засаг даргатай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ******* аймгийн ******* сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгыг 359,214,484.00 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэхээр тохирсон байна /1-р х.х-ийн 93-96 хуудас, 230-235 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч “С” ХХК нь тухайн барилгуудыг бүрэн хэмжээгээр захиалагч болох тухайн аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг хүлээж, харин тэдгээр барилгын гадна, дотор талын засал чимэглэлийн ажлыг нэхэмжлэгч Ш.Ц-гээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байна.

 

Үүнээс үзвэл Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж, мөн 347.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж тус тус зааснаар хариуцагч “С” ХХК нь захиалагч ******* аймгийн засаг дарга болон ******* аймгийн засаг дарга нарын өмнө ерөнхий гүйцэтгэгч бол нэхэмжлэгч Ш.Ц-гийн өмнө захиалагч болох юм.

 

Гэвч зохигчид дээр дурдсанаар ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч болсон нь хариуцагч “С” ХХК-ийг захиалагч ******* аймгийн засаг дарга, мөн ******* аймгийн засаг даргаас ажил гүйцэтгэх гэрээний хөлсөө хугацаандаа авч чадахгүй байгаа нь нэхэмжлэгч Ш.Ц-д хөлс төлөх үүргээ хойшлуулах үндэслэл болохгүй.

 

Учир нь, тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Иргэний хуулийн Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч “С” ХХК болон нэхэмжлэгч Ш.Ц нарын хооронд ******* аймгийн засаг дарга, түүнчлэн ******* аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд зохигчид хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар тэдгээр захиалагч нарын өмнө үүрэг хүлээгээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагч “С” ХХК нарыг  ******* аймгийн засаг дарга болон ******* аймгийн засаг дарга нарын өмнө хамтран үүрэг хүлээсэн этгээд гэж үзэхгүй.

 

Үүнээс гадна талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд гэрээний хөлсийг төлөх үүргийг хойшлуулах үндэслэлийн талаар тухайлан тохиролцоогүй байна. Иймээс хариуцагч “С” ХХК нь дээрх хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д “Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж зааснаар захиалагч нараас авах ёстой хөлсөө аваагүй эрсдэлийг нэхэмжлэгч Ш.Ц-д хуваарилах боломжгүй болно.

 

Иймд, нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч “С” ХХК-иас Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний хөлс 79,873,570.00 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар хариуцагч буюу захиалагч “С” ХХК нь нэхэмжлэгч болох гүйцэтгэгч Ш.Ц ажлыг хөлсийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөх үүргийг хүлээсэн байна. Гэвч нэхэмжлэгч нь тус компанид гэрээнд заасан ажлыг 2017 оны 10 болон 12 дугаар сард тус тус хүлээлгэн өгсөн, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, мөн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус тус ашиглалтад оруулахаар хүлээн авсан байхад хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 79,873,570.00 төгрөгийг төлөөгүй байна.

  

Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ажил гэрээний үлдэгдэл хөлс 71,433,720.00 төгрөгийг 150 хүүхдийн цэцэрлэгийг хүлээн авсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс, мөн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан ажил гэрээний үлдэгдэл хөлс 8,436,850.00 төгрөгийг Иргэдийн хөгжлийн төвийн барилгыг хүлээн авсан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш хугацаанд төлөөгүй байх тул алдангийг нэхэмжлэл гаргах өдөр болох 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 39,936,785.00 төгрөгөөр тогтоов /71,433,720x0.1%=71,433x839=59,932,890, 8,439,850x0.1%=8,439x1,102=9,299,778 төгрөг/.

 

 Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 79,873,570.00 төгрөг, алдангид 39,936,785.00 төгрөг, нийт 119,810,355.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч “С” ХХК-иас 119,810,355.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ц-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч С.Х-ад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 783,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 783,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР