Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01704

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01773 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Ц-гийн хариуцагч С- ХХК, С.Х- нарт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 119 810 355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С- ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч С- ХХК-ийн төлөөлөгч Н.Г-, түүний өмгөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч С- ХХК-ийн инженер С.Х-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гадна болон дотор заслын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн бол хариуцагч С- ХХК нь ажлын үр дүнг хүлээж авах, ажлын хөлсөнд 115 867 600 төгрөгийг өгөхөөр тус тус тохиролцсон. Би тус гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ өөрийн багаас гадна мэргэжлийн 4 баг, мөн орон нутгаас туслах ажилтныг оролцуулаад нийт 21-32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, тохирсон ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч С- ХХК нь гэрээний хэрэгжилтийн явцад болон ажил дууссанаас хойш хугацаанд ажлын хөлсөнд 44 433 880 төгрөгийг өгснөөс өөр мөнгө өгөөгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч С.Х- нь ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, ажлын хөлсний талаар тооцоо нийлсэн. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бид гэрээнд заасан ажлаа бүрэн дуусгаад ажлын үр дүнг инженер С.Х-ад хүлээлгэн өгч, үлдэгдэл хөлсөө авах гэхэд тэрээр манай компани одоо мөнгө муутай байна, ажлын хөлсний үлдэгдэл 71 433 720 төгрөг болсныг захиралд хэлсэн, улсын комисс ажиллаагүй байна гэсэн. Түүнээс хойш намайг ажлын хөлсөө удаа дараа шаардахад тус компанийн захирал Н.Г- нь ажлын хөлсний талаар санаа зоволтгүй, өгөх болно, инженер С.Х-тай ярь гэдэг, харин инженер С.Х- нь захиралтай ярьсан, мөнгөний боломжгүй гэнэ, хүлээж бай гэж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд миний бие 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71 433 720 төгрөгийг хариуцагч С- ХХК, С.Х- нараас нэхэмжилсэн. Мөн хариуцагч компанитай 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч С- ХХК нь ажлын үр дүнг хүлээж авах, ажлын хөлсөнд 22 206 800 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Миний бие уг гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэхдээ өөрийн багаас гадна нэмж 2 багийн хамтаар 9-13 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан ба хариуцагч С- ХХК нь ажлын хөлсний урьдчилгаанд 13 766 950 төгрөгийг өгснөөс өөр мөнгө өгөөгүй бөгөөд энэ талаар тус компанийн инженер С.Х-тай тооцоо нийлж баталгаажуулсан. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай бригад Дорноговь аймаг дахь гэрээнд заасан ажлаа бүрэн дуусгаад ажлын үр дүнг хариуцагч С- ХХК-нд хүлээлгэн өгсөн. Дээрх үндэслэлээр буюу 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 8 439 850 төгрөг болно. Үүнээс гадна талуудын байгуулсан гэрээнд алданги тооцохоор заасныг үндэслэн хариуцагч С- ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тул алдангид 35 716 860 төгрөг, мөн 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн биелүүлээгүй тул алдангид 4 219 925 төгрөг, алдангийн нийт дүн 39 936 785 төгрөг, гэрээний үүрэгт 71 433 720 төгрөг, нийт 119 810 355 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч би ажлын хөлсний урьдчилгаанд хариуцагчаас авсан мөнгийг туслан гүйцэтгэгч бригад болон ажилтнуудынхаа цалин хөлсөнд тооцож өгсөн. Гэвч хариуцагч С.Х-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан тайлбарыг үндэслэн түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч С- ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Ц- нь тухайн үед С- ХХК-д талбайн инженерээр ажиллаж байсан С.Х-тай ажил гүйцэтгэх гэрээ байуулсан гэж ярьдаг бөгөөд энэ гэрээ нь манай компанид ирээгүй, захирлаар батлуулж байгаагүй тул бид энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч С.Х- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Ц- нь хариуцагч С- ХХК-тай байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна болон дотор заслын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад доголдолгүй ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн. Тухайн үед би С- ХХК-ийн инженерээр ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг өдөр тутам хянаад гүйцэтгэлийг хүлээн авч байсан. Миний хувьд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна болон дотор заслын ажлыг эхнээс нь дуустал хугацаанд компаниа төлөөлөн өдөр тутам хяналт тавьж, гүйцэтгэлийг хүлээж авч байсан. 2017 оны 9 сард захирал Н.Г- над руу холбогдоод Өвөрхангай аймгийн цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар асуугаад та нар ажлаа түр орхиод Дорноговь аймагт яаралтай ирж, Сайншанд сумын иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын заслын ажлыг хийж дуусгах хэрэгтэй байна, заслын ажил нь эхлээгүй, яаралтай оч гэсэн. Бид Өвөрхангай аймгийн ажлаа түр орхиж Сайншанд сумд очиж хийж гүйцэтгэх ажлыг нэхэмжлэгч Ш.Ц-тэй хамт хэмжиж дуусаад би компаниа төлөөлөн түүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээ нь Өвөрхангай аймаг дахь 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гэрээний нөхцөлөөр ажлын хөлсийг тооцсон бөгөөд захирал Н.Г- нь эхнэрийн хамт Дорноговь аймагт ирэхэд би түүнд гэрээний хувийг өгсөн. Нэхэмжлэгч Ш.Ц- нь Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн хөгжлийн төвийн барилгын заслын ажлыг бүрэн хийж дуусгаад ажлын үр дүнг надад буюу компанид хүлээлгэж өгсөн. Хариуцагч С- ХХК болон нэхэмжлэгч Ш.Ц- нарын хооронд байгуулсан Өвөрхангай аймгийн 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гадна болон дотор заслын ажлын гэрээний үнэ 115 867 600 төгрөг, Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын заслын ажлын гэрээний үнэ 22 206 800 төгрөг байсан. Манай компаниас нэхэмжлэгчийн ажлын хөлс болон түүний бригадуудын ажилчдын хоол, байрны зардлыг миний данс руу шилжүүлж байсан тул шилжүүлсэн мөнгөнөөс би нэхэмжлэгчид Өвөрхангай аймгийн заслын ажлын хөлсөнд тооцож 44,433,880.00 төгрөг, Дорноговь аймгийн заслын ажлын хөлсөнд тооцож 13 766 950 төгрөгийг тус тус өгч, үлдсэн мөнгийг хоол хүнс, байр, тээвэр зэрэг бусад зардалд зарцуулсан. Энэ талаарх баримтыг захиралдаа танилцуулж, нягтланд өгч байсан. Компаниас над руу шилжүүлсэн мөнгийг миний бие зөвхөн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зарцуулж байсан, тухайн гарсан зардалтай холбоотой мэдээллийг захиралд танилцуулж, нягтланд жагсаалтыг нь өгч байсан. Нөгөө талаар компаниас шилжүүлсэн мөнгийг буруу зарцуулсан байна гэж өнөөдрийг хүртэл хугацаанд компани болон хэн нэг эрх бүхий албан тушаалтнаас надад мэдэгдээгүй нь миний гаргаж буй дээрхи тайлбарын үнэнийг нотолсон баримт гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь надад хамааралгүй тул түүнийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч С- ХХК-иас 119 810 355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ц-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.Ц- нь хариуцагч С.Х-ад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 783 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С- ХХК-иас 783 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С- ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаан болохоос 1 цаг 50 минутын өмнө буюу 13 цаг 40 минутад эхнэр маань нас барсан. Миний бие хэдийгээр уй гашуу тохиолдсон ч гэсэн шүүхийг хүндэтгэн өөрт учирсан нөхцөл байдлын талаар шүүгчийн туслах болон хамтран хариуцагч нарт тухайн үед утсаар ярьж мэдэгдсэн билээ. Гэтэл анхан шатны шүүх 2021 оиы 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд мэтгэлцэж, оролцогчдод асуулт тавих, хүсэлт гаргах, шүүхэд тайлбараа амаар болон бичгээр гаргах, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцох зэрэг олон төрлийн эрхийг эдлэхэд мэтгэлцэх зарчим хэрэгжих бөгөөд энэхүү эрхийг хариуцагч С- ХХК-ийн төлөөлөгч Н.Г- би эдэлж чадаагүй, анхан шатны шүүх эрхийг хязгаарласан гэж үзэж байна. С- ХХК-ийн инженер С.Х- нэхэмжлэгч Ш.Ц- нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна болон дотор заслын ажлыг 115 867 600 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэх, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын заслын ажлыг 22 206 800 төгрөг хөлстэйгөөр гүйцэтгэх 2 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсаныг анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Цагаанхуү болон С- ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх ямар ч нотолгооны хэрэгслээр давхар нотлогдоогүй өөрөөр хэлбэл ашиг сонирхол нэгтэй оролцогчдын дан ганц тайлбараар С Хажидыг дээрх 2 гэрээг өөрийн нэрийн өмнөөс бус С- ХХК-ийн ажилтны хувьд төлөөлөн байгуулсан, хариуцагч С- ХХК-ийг төлөөлсөн гэж үзнэ гэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Гэрээ байгуулах эрхийг С. Хажидад олгоогүй, компанийг төлөөлөх эрх түүнд олгогдоогүй, гэрээнд компанийн тамга тэмдэг дарагдаагүй. С- ХХК-д гэрээний үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч Ш.Ц- С- ХХК-иас гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчжээ. Нэхэмжлэгч нь хариуцагч С.Х-ад холбогдуулан хэдэн төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хэдий хэмжээг татгалзсаныг шүүх тодруулахгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй. Хариуцагч С.Х- шүүхэд гаргасан тайлбараараа өөрийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан, ажлын үр дүнг түүнд хүлээлгэн өгсөн, гүйцэтгэгч талд ажлын хөлс өгч төлбөр тооцоо хийж байсан, тухайн хэргийн хариуцагч мөн гэдгээ өөрөө нотолсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Ц- нь хариуцагч С- ХХК, С.Х- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 119 810 355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Х-ад холбогдох шаардлагаасаа татгалзан, хариуцагч С- ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний бие ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, талууд ажлын хөлсний үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулсан боловч хариуцагч С- ХХК нь ажлын хөлсийг бүрэн төлөөгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээ болон тооцоо нийлэх гэрээнд компанийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч нь хийсэн ажлынхаа тооцоог гаргаж өгөөгүй гэсэн үндэслэл заан нэхэмжлэлийг татгалзсан байна.

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Тус гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулахгүй бөгөөд хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж тодорхой хэмжээний ажлын үр дүнг гаргасан, уг үр дүнг хариуцагч хүлээн авсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Ш.Ц- нь хариуцагч С- ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 79 873 570 төгрөг, алданги 39 936 785 төгрөг, нийт 119 810 355 төгрөг нэхэмжилсэн. 2017 оны 5 дугаар сарын 08, 2017 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд захиалагчийг төлөөлж С- ХХК-ийн инженер С.Х-, гүйцэтгэгчийг төлөөлж Ш.Ц- нар гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 4.3-т заасныг үндэслэн алданги нэхэмжилсэн. /хх-ийн 7-8-р тал/

 

Дээрх ажил гүйцэтгэх гэрээнд захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан С.Х- нь хариуцагч компанийн ажилтан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байх боловч хариуцагч С- ХХК-иас түүнд гэрээ байгуулах эрхийг олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан тул нэхэмжлэгч Ш.Ц- нь анзын гэрээг компанийн эрх бүхий албан тушаалтантай бичгээр байгуулсан гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгч Ш.Ц- нь алданги шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Харин ажлын хөлсний үлдэгдэл 79 873 570 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хэргийн 14 дүгээр талд Тооцоо нийлэх гэрээ гэх баримт авагдсан бөгөөд тус баримтад 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын үлдэгдэл төлбөр 71 433 720, Иргэдийн хөгжлийн төвийн барилгын үлдэгдэл төлбөр 8 439 850 төгрөг буюу нийт 79 873 570 төгрөг болно гэж захиалагчийн төлөөлөгч С.Х-, гүйцэтгэгч Ш.Ц- нар гарын үсгээ зурсан, дээрх баримтыг үгүйсгэж няцаасан баримтыг хариуцагч гаргаагүй. Улмаар хариуцагч С- ХХК-ийн захирал Н.Г- нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Ш.Ц-тэй ярилцаж, эвлэрэх хүсэлттэй байна, алдангийг төлөх боломжгүй, үндсэн төлбөрийг одоо шууд өгөх боломжгүй гэсэн тайлбарыг гаргажээ. /2хх-ийн 47-р тал/. Өөрөөр хэлбэл, хариуцагч С- ХХК-ийн захирал Н.Г- нь ажлын хөлсний үлдэгдэл 79 873 570 төгрөг байгааг үгүйсгээгүй харин алдангийг төлөх боломжгүй гэх агуулгаар тайлбар гаргасан байх тул талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, ажлын хөлс шаардах эрхгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иймд талуудын тооцоо нийлж баталгаажуулсан төлбөрийн үлдэгдэл 79 873 570 төгрөгийг хариуцагч С- ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ц-д олгож, нэхэмжлэлээс алданги 39 936 785 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасанд нийцэх юм.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх хуралдаан болдог өдөр манай эхнэрийн бие муудсан, энэ талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн боловч шүүх миний хүсэлтийг хүлээн аваагүй, мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлээгүйд гомдолтой гэжээ. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэх-ээр зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан байна. /хх-ийн 22, 29-р тал/

 

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүрэг болон хэргийн материалыг танилцуулан, зохигчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, иргэний хэрэг үүсгэснээс 1 жил, 19 хоногийн дараа буюу 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд энэ хугацаанд хариуцагчийн төлөөлөгч нь өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж, хэргийн оролцогчийн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байжээ.

 

Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч нь эхнэрийн бие муудаж, нас барсан гэх агуулгаар гомдол гаргаж, холбогдох баримтыг давж заалдах гомдолд хавсаргасан байх боловч анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд шүүх мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С- ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01773 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 119,810,355.00 ... гэснийг 79 873 570 гэж, ...олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэлээс 39 936 785 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дах заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... хариуцагч С- ХХК-иас 783,000.00 ... гэснийг хариуцагч С- ХХК-иас 556 867.85 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч С- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 783 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Г.ДАВААДОРЖ