Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 119/ШШ2022/0027

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Ууганцэцэг даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Я овогтой Ц, Ч овогтой С нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОАУБХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Х,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э нарын хоорондын

“2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг үндэслэн хийсэн барьцааны эрх дуусгавар болгосон улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2020/0009/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Ц, Ч.С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.С, Б.Д, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,  иргэдийн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Я.Ц, Ч.С нар ОАУБХ-т холбогдуулан “2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-...-... тоот үл хөдлөх эд хөрөнгийг Г.Ц-д шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Я.Ц, Ч.С бидний хууль ёсны эрх ашиг, өмчлөх эрхийг сэргээж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Г.Ц-гийн төрсөн эгч Г.С-д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүйд тооцож өгнө үү” гэж,  мөн “ОАУБХ-т 2019 оны 12 дугаар сарын 24 / засвартай/-ний өдөр бүртгэсэн барьцааны гэрээг бүртгүүлсэн бүртгэл, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барьцаалбар чөлөөлүүлэх тухай мэдүүлгийг бүртгэсэн бүртгэлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилж байжээ /1 дэх хавтаст хэргийн 1, 109-100, 233 дахь тал/.

            2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нар болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагуудаа “ОАУБХ-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “барьцааны гэрээ бүртгүүлэх”, “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “барьцаалбар чөлөөлөх”, “худалдах худалдан авах гэрээ бүртгүүлэх” тухай эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаартай шийдвэр давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэх үндэслэлээр хүчингүй болж хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.

            3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нар  нь “2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийг үндэслэн хийсэн бүртгэл, мөн барьцааны гэрээг дуусгавар болгосон бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэгчийн эс үйлдэхүйтэй холбоотой дээрхи бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн шүүхэд ирүүлсэн боловч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг үндэслэн хийсэн барьцааны эрх дуусгавар болгосон улсын бүртгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаагаа бичгээр болон шүүх хуралдааны явцад илэрхийлсэн /2 дахь хавтаст хэргийн 144-145 дахь тал/.

            4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Барьцааны гэрээг дуусгавар болгосон бүртгэлийг 2020 оны 01 дүгээр сарын 02-нд хийхдээ Ч овогтой С-гаар мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй, түүнийг байлцуулахгүйгээр мэдүүлэгт Я.Ц-ын гарын үсгийн зуруулсан нь өмчлөгч Ч.С-гийн өмчлөх эрхийг зөрчсөн, хоёр өмчлөгч байхад нэг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаа чөлөөлсөн бүртгэл хийсэн нь хууль бус байх тул хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлов.

5. Нэхэмжлэгч Я.Ц шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “Миний бие 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г.Ц-тай зээлийн гэрээгээ дуусгавар болгоё гэж 45.000.000 төгрөгөөр тохиролцон эвлэрүүлэн зуучлалд хандаж бид нар 38.500.000 төгрөг болгож зөвшилцөлд хүрсэн. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээ дуусгавар болгож улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнийг бид нар хууль бус гэж үзэж байна. Уг үл хөдлөх хөрөнгө нь 2 өмчлөгчтэй байхад Ч.С-г оролцуулахгүйгээр намайг ажилтай байхад ажлын цагаар “Яаралтай Улсын бүртгэлийн хэлтэс дээр хүрээд ир мөнгө зээлэх хүн оллоо” гэж над руу Г.Ц ярьсан. Үүний үндэс дээр би Улсын бүртгэлийн хэлтэс дээр очсон. Яваад очиход “Гарын үсгээ зурчих, би мөнгө зээлэх хүн олсон учраас зээлийг чинь барьцаанаас чөлөөлж байна” гэж хэлсэн. Би тухайн үедээ Ч.С-тай холбогдож амжаагүй. Ажлын цагаар яараа давчуу явсан. Гэтэл Г.Ц Ч.С-д хэлэхгүйгээр ганцхан миний бие Я.Ц-оор гарын үсэг зуруулж, үл хөдлөх хөрөнгийг өөрийн төрсөн эгч болох Г.С гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байсан. Үүнийг хууль бус гэж үзэж байгаа учраас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барьцаа чөлөөлсөн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. Би 1999 оны 01 дүгээр сараас хойш өнөөг хүртэл 4-....-..... тоот орон сууцанд оршин сууж, амьдарч байгаа. Ч.С бид хоёр Г.Ц-гаас байраа барьцаалж мөнгө зээлдэж авсан. Тухайн үед Г.Ц-тай байраа зарна гэж яриа хэлцэл хийгээгүй. Зөвхөн барьцаанд тавьж мөнгийг нь буцааж өгөхөөр мөнгө зээлсэн. Б.А нотариат дээр мөнгө зээлдэж авахад итгэмжлэл, барьцааны гэрээ хийсэн. Тэр итгэмжлэлийг үндэслэж өөрийн төрсөн эгч Г.С-ийн нэр дээр байрыг шилжүүлж, Б.Х гэж хүнд зарсан. Г.Ц энэ байрыг худалдах гэж хоёр хүн дагуулж ирэхэд Э.Э цуг ирж байсан байх. Тэгээд би Г.Ц, Б.Х нарт “Би өөрийн орон гэр, гал голомтоо зарахгүй, мөнгийг чинь буцааж олж өгнө” гэж байр сууриа илэрхийлсэн” гэв.

Нэхэмжлэгч Я.Ц-ын өмгөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Г.Ц гэх хүнээс 33.000.000 төгрөг Я.Ц, Ч.С нар зээлсэн байдаг. Тухайн үед мөнгө зээлсэн хүн нь сарын 45 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөнгө зээлдүүлсэн. Г.Ц зээлийн гэрээг дуусгавар болгоё 45.000.000 төгрөг төл гэж мөнгөө нэхээд шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан байдаг. Эвлэрүүлэн зуучлал дээр 45.000.000 төгрөг хэтэрхий өндөр байна. Сарын 45 хувийн хүү гэж байхгүй гээд 38.500.000 төгрөг дээр эвлэрэх ажиллагаа хийж, уг ажиллагааг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Ингээд 38.500.000 төгрөгийг яаж төлөх талаараа эдгээр хоёр хүн Г.Ц-тай тохиролцсон. Барьцаа хөрөнгийг зарахгүй, барьцаа хөрөнгийг чөлөөлж аваад өөр зээлийн барьцаанд тавиад 38.500.000 төгрөгийг өгье гэсэн тохиролцоонд хүрээд 2019 оны 12 дугаар сард барьцаа хөрөнгөө суллах талаар Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргаж зээлийн болон барьцааны гэрээний бүртгэлийг дуусгавар болгосон байдаг. Г.Ц “Та хоёр мөнгөө олж өг, барьцаагаа дахиж бүртгүүлье” гээд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр барьцааны болон зээлийн гэрээ дахин хийсэн. Ингэхдээ 38.500.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн мэт гэрээ хийсэн байсан. Ингээд зээлийн гэрээгээ үндэслээд барьцааны гэрээ дахин хийж, Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргуулаад барьцаагаа бүртгүүлсэн. Нэхэмжлэгч нар барьцаатай болоё гэж байгаа учраас барьцаа бүртгүүлчихлээ гэж ойлгоод явсан. Бүртгэл дээр 12 дугаар сарын 26-ны өдөр гэсэн засвар хийгдсэн байдаг. Үүнийг би 12 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн гэж харж байгаа. Ингээд Я.Ц, Ч.С нар мөнгөө олоод өгвөл болчихно, шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар ороод шүүгч баталгаажуулаад шийдвэрийн адил захирамж гарсан учраас гээд байж байтал 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Г.Ц Я.Ц-ыг дуудаад “Зээл чөлөөлөх хүн оллоо, чи үүн дээр гарын үсэг зураад өг” гээд мэдүүлэг гаргуулсан байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Я.Ц-ын гарын үсэгтэй Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан мэдүүлэг нь хавтаст хэрэгт байгаа. Энэ хугацаанд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн Ч.С-г дуудаагүй. Энэ мэдүүлгийг үндэслэж Г.Ц 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр барьцаа хөрөнгийг худалдаж мөнгөө авна гэсэн хүсэлт бичээд эдгээр баримтыг үндэслээд Улсын бүртгэлийн хэлтэс 2020 оны 01 дүгээр сарын  02-ны өдөр барьцаалбар дуусгавар болсон бүртгэлийг хийсэн. Ч.С-гийн хувьд барьцаалбар дуусгавар болсон мэдүүлгийг ч мэдээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулж судалж үзээд нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт орох шаардлагатай болсон. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барьцаалбар дуусгавар болгосон улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус учраас хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэдэг шаардлагыг гаргаж байгаа юм. Улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгч барьцаа дуусгавар болгох бүртгэлийг хийхдээ бүртгэл хөтлөх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд барьцаа дуусгавар болох талаар зааж өгсөн байна. Гэтэл шүүхийн шийдвэрээр барьцаалбар дуусгавар болоогүй. Талууд тохиролцсон гэж үзэх юм бол улсын бүртгэгч үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нарын тохиролцсон баримт байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй байсан. Улсын бүртгэгч бүртгэлийг хөтлөхдөө холбогдох нотлох баримт хавсаргасан эсэхийг заавал шалгах шаардлагатай. Баримт бичгийн бүрдэл дутуу байхад улсын бүртгэгч 2018 онд гарсан Засгийн газрын бүртгэл хөтлөх журмын дагуу “Таны энэ зүйл чинь бүрдэл дутуу байна” гээд бүртгэхэээс татгалзах ёстой байсан. Гэтэл яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм. Улсын бүртгэгчийн тайлбар нь барьцаалагч өөрөө хүсэлт гаргасан. Нэг өмчлөгч мэдүүлэг гаргасан учраас хууль зөрчсөн зүйл байхгүй, манай бүртгэл хуульд заасан журмын дагуу явагдсан гэж байна. 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсон. Тухайн үед хүчин төгөлдөр бус гэж шүүхээр тогтоогдоогүй байлаа гэж үзэхэд барьцааны гэрээ дуусгавар болж байгаа улсын бүртгэлийг хийхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон улсын бүртгэлийн хууль, журмыг баримтлах ёстой байсан. Улсын бүртгэлийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хуульд нийцсэн байх ёстой. Журмаа зөрчөөд хийгээд байгаа акт нь хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй. Энэ бүртгэлийн улмаас өмчлөгчөөр бүртгэгдсэн Ч.С, Я.Ц нарын өмчлөх эрх зөрчигдөж байна. Үүгээр өөрийн өмчлөлийн эд зүйлээ өмчлөх, ашиглах, захиран зарцуулах гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байна. Иймд Улсын бүртгэл хэлтэс эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийх журмаа зөрчсөн учраас уг захиргааны акт нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г.Ц намайг Булганаас дуудаад “Барьцаалбар хийлгэх шаардлагатай байна, барьцаалбар хийлгэхэд заавал та хоёр байх хэрэгтэй юм байна” гэж дуудсан. Ингээд тухайн өдөр Ачит захын хажуу талын нотариатад барьцааны гэрээ хийлгэсэн. Тэгэхэд нэг бичиг баримт нь дутуу болчихлоо гэж хэлээд гүйж ороод байрны үнэ дээр өөрчлөлт оруулсан байсан. Өөр ямар юм дээр өөрчлөлт оруулсан талаар мэдэхгүй байна. Дараа  нь засвартай 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэсэн гэрээ өгсөн байсан. Засвар хийсэн гэдэгт гомдолтой байна. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр заавал та хоёр гарын үсэг зурж байж барьцаалбар хийлгэх ёстой гэсэн. Гэтэл барьцаанаас чөлөөлөх үедээ хоёуланг нь байлгахгүй ганцхан Я.Ц-ын гарын үсгээр барьцаалбар чөлөөлөөд байрыг минь зарчихсан байгаа юм. Энэ нь миний өмчлөх эрхийг 100 хувь зөрчсөн гэж үзээд шүүхэд хандаж байгаа юм. Иймд барьцаалбар чөлөөлсөн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв .

Нэхэмжлэгч Ч.С-гийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийгдсэн гэх барьцаалбараас чөлөөлөөд байгаа үйл ажиллагаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгуулах юм. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь Улсын бүртгэлийн тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.2, 11.6-т заасныг зөрчсөн. Мөн үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн маягтад Улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.1.4-т заалтад заасан мэдээлэл хангалттай тусгагдаагүй байдаг. Барьцаалбартай холбоотой үйлдлийг улсын бүртгэгч нягтлан шалгаагүй зөрчлүүд байдаг. Үүнийг шүүх анхаарч үзээрэй гэж хэлэх байна. Тухайн барьцаалбартай холбоотой барьцаа чөлөөлж, нэхэмжлэгч нарын тайлбарлаж байгаагаар 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр барьцаанд тавьсан, барьцаалбарт  байгаа хөрөнгө хоёр дахь хүний нэр дээр шилжсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү. Барьцаалбарыг хоёулаа бүртгүүлсэн. Буцаад барьцаалбараас гарахад хоёулаа очих ёстой гэсэн итгэл үнэмшил нэхэмжлэгч нарт байхад хэн нэгнийг нь байлцуулахгүйгээр барьцаалбарыг гаргаад ийм байдалд хүргэж байгаа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэл хууль бус юм.

Хэргийн материалд байгаа улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн Г.Ц-гийн нотариатаар гэрчлүүлсэн барьцаалбараас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт байдаг. Үүнд анхаарал бүхий дүгнэлт хийх хэрэгтэй байна. Уншаад үзэх юм бол “Барьцаалсан байрыг худалдаад зээлийн мөнгөө олж авахад хүрээд байна. Барьцаанаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт байгаа юм. Г.Ц авах ёстой мөнгөө авч чадаагүй гэсэн хүсэл зориг явж байхад хоёр өмчлөгчийг оролцуулж байж хийх ёстой. Улсын бүртгэгч нь зөвхөн Улсын бүртгэлийн хуулиас гадна журмаа бариад хоёр хүнийг хоёуланг нь байлцуулах ёстой байсан. Гэтэл үндэслэлгүйгээр барьцаанаас чөлөөлсөн нь дараагийн үр дагаврыг үүсгээд байгаа юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

7. Хариуцагч ОАУБХ-ээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Улсын бүртгэлийн Ү-210.......... дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол ... байрны ... тоот орон сууцны өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар иргэн Б.Х бүртгэлтэй байна. Нэхэмжлэгчид уг орон сууцыг барьцаалан иргэн Г.Ц-тай 2019 оны 11 сарын 25-ны өдөр 33 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 2019 оны 12 сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.  2019 оны 12 сарын 13-ны өдөр дээрх гэрээний үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл хийж барьцааны гэрээг дуусгавар болгох бүртгэл хийлгэсэн байна. 2019 оны 12 сарын 26-ны өдөр дахин Г.Ц-тай зээлийн гэрээ байгуулан уг орон сууцанд үүрэг ногдуулсан бүртгэл хийлгэж, 2020 оны 01 сарын 02-ны өдөр орон сууцыг барьцааны үүргээс чөлөөлсөн бүртгэл, 2020 оны 01 сарын 02-ны өдөр нотариатч Д.Эын гэрчилсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр өмчлөх эрхийг Г.С-д, 2020 оны 01 сарын 09-ний өдөр нотариатч Б.Б-ын гэрчилсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр Б.Х-д өмчлөх эрхийг тус тус шилжүүлэн бүртгүүлсэн байна.

Дээрх бүртгэлүүд нь “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 11 дүгээр зүйл, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6 дугаар зүйлийн дагуу холбогдох нотлох баримтыг үндэслэн бүртгэгдсэн байна. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.7 “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна” гэсэн заалтын дагуу дээрх бүртгэлээс үүсэх эрх зүйн үр дагаврыг мэдүүлэг гаргагч хариуцах үүрэгтэй.

Иймд дээрх бүртгэл нь бүртгэлийн тухай хууль, журмын дагуу бүртгэгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна” гэжээ /1 дэх хавтаст хэргийн 14, 170 дахь тал/.

Хариуцагч ОАУБХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн хариу тайлбарыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 518 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Уг  хүргүүлсэн тайлбарыг дэмжиж байна. 4-10 дугаар байрны 04 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Х улсын бүртгэлд бүртгэгдсэн. Барьцааны гэрээ дуусгавар болгоход хоёр үндэслэл байдаг. Барьцаалагч тал хүсэлт гаргаснаар буюу үүрэг дуусгавар болсон хэлцэл хийснээр дуусгавар болно. Эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэрээр дуусгавар болно. Эрх бүхий этгээдийн шийдвэр гэдэгт нь шүүх, арбитр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал ордог. Барьцаалагч тал хүсэлт өгснөөр буюу үүрэг дуусгавар болсон хэлцэл хийснээр гэдэгт барьцаалагч тал өөрсдөө тодорхойлолт гаргаж энэ талаар өмчлөгч мэдүүлэг гаргаж улсын бүртгэлд бүртгүүлдэг. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үүрэг дуусгавар болсон хэлцэл дээр өмчлөгч өөрөө гарын үсэг зурсан байдаг. Г.Ц нь барьцааны гэрээг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтээ нотаритаар гэрчлүүлж өмчлөгч мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Барьцааны гэрээг дуусгавар болгоход нотлох баримт дутуу гэж ярьж байна. Барьцааны эрх дуусгавар болгоход ганцхан нотлох баримт авдаг. Тэр нь барьцааны гэрээ дуусгавар болсныг гэрчилсэн хүсэлт, эсхүл хэлцэл, тодорхойлолт гаргаад өмчлөгч ирж гарын үсэг зурдаг. Үүн дээр хянаж шалгаад байх зүйл байхгүй. Энэ хэргийн хувьд Г.Ц-гийн гаргасан хүсэлтийг нотариат гэрчилсэн, өмчлөгч ирээд гарын үсэг зурсан. Хүн барьцааны гэрээгээ дуусгавар болгоё гэж байхад өөр зүйл шаардаад байх боломжгүй. Бүртгэлтэй холбоотой ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Гуравдагч этгээд Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьж Г.Ц-гаас зээл авч, зээлийн гэрээнд заасан хугацаандаа эргүүлэн төлж чадаагүйн улмаас хууль ёсны итгэмжлэлийн дагуу Г.Ц өөрийн эгч Г.С-д худалдсан ба эгч Г.С нь хууль ёсны худалдах худалдан авах гэрээ хийж надад худалдсан болно. Дээрх худалдан авах ажиллагаануудад хийгдсэн улсын бүртгэл нь хууль, дүрэм журмын дагуу хийгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ...Нэхэмжлэгч нар ялихгүй асуудлаар давж заалдах гомдол гаргаж мөн л хугацаа хожих нь тодорхой байна” гэжээ /2 дахь хавтаст хэргийн 150 дахь тал/.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг бараг 3 жил болох гэж байна. Эдгээр хүмүүс өнөөдөр гаргаж байгаа нэхэмжлэл тайлбараараа Г.Ц-тай Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Л.Ариунцэцэг шүүгчийн гаргасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ямар нэгэн хууль, дүрэм зөрчөөгүй гэсэн шийдвэр гарсан. Миний зүгээс эдгээр хүмүүсийг байранд үнэгүй суух хугацаа авах гээд байна гэж харж байна. Манай талаас гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч талын шаардлагыг хүлээж авах боломжгүй” гэв.

Иргэдийн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд дүгнэлтээ танилцуулахдаа: “Иргэн Я.Ц нь юун дээр гарын үсэг зурж байгаагаа сайн нягтлах ёстой байсан байх. Мөн байраа барьцаалан зээл авч байж цаад газрын тавьсан нөхцлийг сайн уншаагүй юм болов уу гэж бодлоо. Захиргааны үйл ажиллагаанд бол дутагдалтай зүйл харагдсангүй” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нараас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг үндэслэн хийсэн бүртгэл, мөн барьцааны гэрээг дуусгавар болгосон бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэгчийн эс үйлдэхүйтэй холбоотой дээрхи бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг үндэслэн хийсэн барьцааны эрх дуусгавар болгосон улсын бүртгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаагаа бичгээр болон шүүх хуралдааны явцад илэрхийлэн тайлбар гаргаж, мэтгэлцсэн болно.

2. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэгч Я.Ц, Ч.С нар нь иргэн Г.Ц-тай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 33 сая төгрөг зээлсэн байх бөгөөд Орхон аймаг, Баян-Өндөр сум, 4-р баг, Хүрэнбулаг, ....-р  байрны .... тоотод байрлах 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, мөн өдөр “Барьцааны гэрээ” байгуулсан. Улмаар ОАУБХ-т 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр барьцааны гэрээг бүртгүүлэхээр “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1 дэх хавтаст хэргийн 17-19 дахь тал/

4. Я.Ц, Ч.С, Г.Ц нар нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл” хийж, мөн өдрөө ОАУБХ-т барьцаа чөлөөлүүлэхээр “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гаргаж, улсын бүртгэл хийлгэсэн. Энэхүү улсын бүртгэлийг хийлгэх үндэслэл болсон “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл”-ийг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Я.Ц, Ч.С, барьцаалагч Г.Ц нар харилцан тохиролцож хийсэн ба Улсын бүртгэлийн хэлтэст хамтран мэдүүлэг гаргаж улсын бүртгэлийг хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал/

5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч буюу барьцаалуулагч болон барьцаалагч нарын хооронд хийсэн хэлцэл, хамтран гаргасан мэдүүлгийн үндсэн дээр дээрх барьцааны эрх дуусгавар болжээ.

6. Хэргийн оролцогч нар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хийсэн “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл”-үүдэд үндэслэн хийгдсэн улсын бүртгэлүүдтэй маргаагүй тул дээрх бүртгэлүүд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “Бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” зарчимд нийцсэн гэж үзнэ.

            7. Нэхэмжлэгч нар нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн Г.Ц-тай “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” байгуулан 2019 оны 12 дугаар сарын 24-ний /”26” гэж засварласан/ өдөр барьцааны гэрээ бүртгүүлэх “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Г.Ц нь ОАУБХ-т барьцаа чөлөөлүүлэх хүсэлтийг бичгээр гаргаж, барьцаа чөлөөлүүлэх “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-т Я.Ц гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1 дэх хавтаст хэргийн 22-29 дахь тал/

            8. Нэхэмжлэгч нар нь ОАУБХ нь дээрх бүртгэлийг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Я.Ц, Ч.С нар байхад өмчлөгч Ч.С-гаар барьцаа чөлөөлүүлэх мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй, Г.Ц-гийн гаргасан хүсэлт, хууль зөрчиж гаргасан мэдүүлгийг үндэслэн барьцаа чөлөөлсөн бүртгэлийг хийсэн нь хууль бус гэж үзэн тус бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлж маргав.

            9. ОАУБХ-ийн улсын бүртгэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны эрх дуусгавар болгох бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2 /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; /-т гэж заасан нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;” зарчимд нийцсэн байна.

            10. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно” гэж зааснаар барьцааны эрхийг дуусгавар болгох хүсэлт, мэдүүлгийг барьцаалбарын хууль ёсны эзэмшигч /барьцаалбар хэний эзэмшилд байгаа тэр этгээд/, эсхүл барьцаалагчийн хүсэлтээр дуусгавар болгож, мөн хуулийн 21.2-т “Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болж, энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэнэ” гэж зааснаар хувийн хэрэгт тэмдэглэл хийхээр зохицуулжээ.

            11. Тухайн бүртгэл хийх үед Я.Ц, Ч.С, Г.Ц нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн  “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” хүчин төгөлдөр байсан ба уг барьцааны гэрээгээр тухайн маргаан бүхий бүртгэлд бүртгэгдсэн орон сууцыг барьцаалагч нь Г.Ц байна. Тиймээс Г.Ц-гийн  барьцаа дуусгавар болгох хүсэлт болон тухайн үед хүчин төгөлдөр болсон гэрээ, хэлцэлд үндэслэн улсын бүртгэл хийсэн улсын бүртгэгчийн үйлдэл нь хууль зөрчөөгүй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан “...барьцаалагчийн хүсэлт...-ийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно” гэсэнд нийцжээ.

12. Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж байгаа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барьцаа чөлөөлсөн улсын бүртгэлийг хийх үндэслэл болсон иргэний эрх зүйн хэлцлүүд болох Я.Ц, Ч.С, Г.Ц нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2021/00726 дугаартай шийдвэрээр хүчин төгөлдөр бусад тооцож, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /2 дахь хавтаст хэргийн 28, 35-43 дахь тал/

            13. Иргэн Я.Ц, Ч.С нар нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн тойргийн нотариатч Б.А-ээр гэрчлүүлсэн бүртгэлийн .... дугаарт бүртгэсэн 6 сарын хугацаатай “итгэмжлэл”-ээр  “...иргэн Г.Ц-д өөрсдийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол .... дугаар байр .... тоот, 1 өрөө, 18 мкв орон сууцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримт хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах  үйлдэл хийх  бүрэн эрх”-ийг олгосон байдаг. /1 дэх хавтаст хэргийн 214, 217 дахь тал/

            14. Дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хүчин төгөлдөр итгэмжлэлээр эрх олгогдсон төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн үндсэн дээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Г.С, Б.Х нар өөрчлөн бүртгэгдсэн гэж дүгнэжээ. Энэхүү иргэд хоорондын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн талаар үүссэн иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс дүгнэхэд Я.Ц, Ч.С нарын Орхон аймаг, Баян-Өндөр сум, 4-р баг Хүрэнбулаг, ... дугаар байр ... тоот, 1 өрөө, 18 мкв орон сууцыг өмчлөх эрх дуусгавар болсон байх тул уг маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын өмчлөх эрх зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

            15. Нэхэмжлэгч нарын анх шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн тодруулсан нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд Я.Ц, Ч.С, Г.Ц нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн  “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсоноор тухайн иргэний эрх зүйн гэрээнүүдийн үндсэн дээр хийгдсэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны эрх бүртгэсэн бүртгэл болон 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барьцаа чөлөөлсөн эрхийн улсын бүртгэлүүд дагаад хүчингүй болох боломжтой хэдий ч эдгээр бүртгэлүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын өмчлөх эрх сэргэхгүй, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол дээрх бүртгэлүүдийн улмаас зөрчигдөөгүй болох нь тогтоогдож байна. 

            16. Иймд дээрх хууль зүйн үндэслэл болон иргэдийн төлөөлөгчийн “Захиргааны үйл ажиллагаанд дутагдалтай зүйл харагдсангүй” гэх  дүгнэлтийг харгалзан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Я.Ц, Ч.С нарын ОАУБХ-т холбогдуулан гаргасан “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг үндэслэн хийсэн барьцааны эрх дуусгавар болгосон улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                             Б.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                                Б.БАТЧИМЭГ