Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0731

 

 

Я.Ц, Ч.С нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг үндэслэн хийсэн барьцааны эрх дуусгавар болгосон улсын бүртгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар 16-ны өдрийн 27 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Я.Ц

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.С, Б.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 119/2020/0009/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Я.Ц, Ч.С нараас Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг үндэслэн хийсэн барьцааны эрх дуусгавар болгосон улсын бүртгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            2. Орхон аймаг дахь Захиргааны анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Я.Ц, Ч.С нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны эрх дуусгавар болгон улсын бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох гэсэн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль үндэслэлгүй гээд үүнийгээ 7 гэж дугаарласан хэсэгт: 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Г.Ц нь барьцаа чөлөөлүүлэх хүсэлтийг бичгээр гаргаж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт Я.Ц гарын үсэг зурж, бүртгэлд бүртгүүлжээ.

3.2. 9 гэж дугаарласан хэсэгт “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны эрх дуусгавар болох бүртгэлийн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн бүртгэл хийлгэх тухай хүсэлт нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах гэж заасан нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн нь мөн хуулийн 4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд нийцүүлсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар барьцааны эрхийг дуусгавар болгох хүсэлт, мэдүүлгийг хууль ёсны эзэмшигч, эсвэл барьцаалагчийн хүсэлтээр дуусгавар болгож, мөн хуулийн 21.2-т дуусгавар болгосныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болж, хувийн хэрэгт тэмдэглэнэ гэж зааснаар хувийн хэрэгт тэмдэглэл хийхээр зохицуулжээ. Бүртгэл хийх үед 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байсан, уг гэрээгээр Г.Ц нь барьцаалагч байсан. Тиймээс Г.Ц барьцаа дуусгавар болгох хүсэлт болон тухайн үед хүчин төгөлдөр болсон гэрээ, хэлцэлд үндэслэн улсын бүртгэл хийсэн улсын бүртгэгчийн үйлдэл хууль зөрчөөгүй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасантай нийцнэ.

3.3. 12 дугаарт 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 726 дугаартай шийдвэрээр хүчин төгөлдөр бусад тооцож уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Энэ шийдвэрт итгэмжлэлээр олгогдсон төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн үндсэн дээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Г.С, Б.Х нар өөрчлөн бүртгэгдсэн гэж дүгнэснээс үзэхэд Я.Ц, Ч.С маргаан бүхий бүртгэлийн улмаас өмчлөх эрх зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

3.4. 15 дугаарт 2019 оны 12 дугаар сарын 24-ний зээлийн болон барьцааны гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсоноор уг гэрээнүүдийн үндсэнд хийгдсэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны барьцааны эрх бүртгэсэн бүртгэл болон 2020 оны 01 дүгээр сарын 02-ны барьцаа чөлөөлсөн бүртгэлүүд дагаад хүчингүй болох боломжтой хэдий ч эдгээр бүртгэлүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын өмчлөх эрх сэргэхгүй тэдний ашиг сонирхол зөрчигдөөгүй нь тогтоогдож байна...” гэсэн шүүхийн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасан “...хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэсэн шаардлагад нийцсэнгүй.

3.5. Анхан шатны шүүхийн шүүгчийн хийсэн дүгнэлт нь хариуцагчийн үйл ажиллагаа тайлбарт хязгаарлан хэтэрхий ерөнхий байдлаар дүгнэж, захиргааны актын хууль зүйн үндэслэл түүнд өгөх тайлбар хангалтгүй, хуулийн хэм хэмжээнээс хэрхэн тусгаж хэрэглэсэн нь тодорхойгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай болжээ.

3.6. Нэхэмжлэгч нар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээг дуусгавар болгосон улсын бүртгэгчийн бүртгэл нь уг бүртгэлийг хийхдээ зохих журмыг баримталсан эсэхэд ямар ч дүгнэлт хийсэнгүй. Гэтэл улсын бүртгэгч улсын бүртгэлийг хийхдээ 3асгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтын:

2.1.4-д “... хавсаргасан нотлох баримтын бүрдлийг хянаж,...”

2.1.2-т “... мэдүүлэгт хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг нотлох, шаардлагатай тохиолдолд баримтыг холбогдох иргэнээс гаргуулах хавсаргах.”

3.1.1-д “...мэдүүлэг гаргагч мэдүүлгийг асуултын дагуу бүрэн гүйцэт бөглөсөн эсэх, мэдүүлэгт хавсаргасан зохих нотлох баримтыг хавсаргасан эсэхийг нягтлан шалгах.”

4.1-д “мэдүүлгийг 2.1.4, 2.1.5, 2.1.7, 3.1.1-д заасны дагуу нягтлан шалгахад 8.1-д заасан үндэслэл байвал мэдүүлэг гаргагчид тайлбарлаж, хүлээн авахаас татгалзсан хариуг өгч, мэдүүлэг болон баримт бичгийг буцаана.” гэсэн журмыг огт хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн талаар дүгнэлт хийсэнгүй.

Дээрх журмын 6.5-д “...барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах замаар Yл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална гэжээ. Мөн хуулийн 11.5-д “Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн барьцааны тухай хуульд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэгт тооцож авсан бол энэ тухай тэмдэглэж тэдгээртэй холбоотой бусад баримт бичиг хавсаргана”, 11.6-д “... Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэгт тооцож авсан бол энэ тухай тэмдэглэл, тэдгээртэй холбогдох бусад баримт бичиг мэдүүлэгт хавсаргаж...” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж бүртгэл хийсэн байгаад дүгнэлт хийхгүй, зохих хуулийн хэм хэмжээг шүүх хэрхэн тайлбарлаж байгаа, хариуцагчийн тайлбар дээрх хуулийн заалтад хэрхэн нийцэж буй талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21.1-д заасныг баримтлахдаа “Г.Ц барьцаалагч байсан байна. Тэрээр хүсэлт гаргасан байгаа нь энэ заалтад нийцнэ” гэж хариуцагчийн гаргасан тайлбараар хэтэрхий ерөнхий дүгнэлт хийсэн.

3.7. Хэргийн бодит байдалд 21.1-д заасан хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь Я.Ц, Ч.С нар байхад Г.Ц-д 4-10-4 тоот орон сууцыг хүчин төгөлдөр бус хэлцэл, гэрээ гэж шүүхээс тогтоосон гэрээний үнийг тооцож өгөхөөр баримт болон хүсэл зоригоо илэрхийлсэн тэмдэглэл бусад баримтыг үйлдээгүй юм. Энэ хэргийн нөхцөл байдлыг дээрх хуулийн заалтад нийцэхгүй байгааг шүүх огт дүгнэсэнгүй.

3.8. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчдийн бүх тайлбар, нотлох баримт, бүртгэл хөтлөх журмын талаарх тайлбар зэргийг яагаад үндэслэлгүй байгааг хуулийг тайлбарлах аргаар шүүх няцаасангүй. Мөн иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр энэ захиргааны хэргийг шийдвэрлэхээс өмнө 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийн эх зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байна, тухайн хэлцэл хийх үед 38 500 000 төгрөгийг зээлээгүй талаарх хүчин төгөлдөр шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг шүүх зөвхөн итгэмжлэлээр олгосон төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн өмчлөгчийг өөрчлөн бүртгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ шийдвэрт дурдагдсан дүгнэлт Г.С, Б.Х нартай байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн гуравдагч этгээдэд холбогдуулан гаргасан шаардлагад хийсэн дүгнэлт юм. Захиргааны байгууллага бүртгэлийг хийхэд хуулийг дээдлэх үндсэн хуулийн болон Эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн заалтыг зөрчсөний улмаас хууль бус бүртгэл хийсний улмаас нэхэмжлэгч Ч.С, Я.Ц нар нь үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхээ бүрэн алдаж байгааг хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байгаа юм.

3.9. Я.Ц, Ч.С, Г.Ц нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Т.Д нотариатч дээр үдээс өмнө очиж хийсэн ба гэрээний эхний нүүр нь буруу бичсэн байна залруулна гэж Г.Ц ороод 40 минут хиртэй болсон. Байраа барьцаалж хүнээс мөнгө удаахгүй авч өгөх болохоор барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж ярилцаад салсан. Гэтэл дээрх барьцааны гэрээг 2019 оны 12 дугаар сарын 26-ны /өдөр засвартай/ мэдүүлэгт Ч.С гэж бичвэрийг Г.Ц өөрөө бичиж, Г.Ц санаачилгаараа бүртгүүлсэн. Мэдүүлгийг Ч.С гаргаагүй, гарын үсэг зураагүй юм. Энэ мэдүүлгийг хүлээн авч, Улсын бүртгэгч бүртгэл хийсэн нь илт хууль бус гэдэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

3.10. Ч.С миний хувьд барьцаалбар чөлөөлөх тухай ямар нэгэн тэмдэглэл баримт хийгээгүй, энэ талаар огт мэдээгүй, гэтэл 2019 оны 12 дугаар сарын 13-нд 33 000 000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг дуусгавар болгохдоо Г.Ц, Я.Ц бид 3 үүрэг дуусгавар болгосон тухай хэлцэл хийж тохиролцон энэ баримтаа үндэслэн барьцааны гэрээг дуусгавар болгож байсан. Г.Ц бид хоёртой дээрх гэрээг дуусгавар болгосон шиг 2019 оны 12 дугаар сарын 26-нд мөнгө өгөөгүй мөртлөө мөнгө авсан мэтээр хийсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-нд дуусгавар болгохдоо дээрх шиг тохиролцож баримт үйлдэх байсан. Би энэ талаар ямар ч мэдүүлэг гаргаагүй.  

3.11. Шүүх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн Г.Ц хүсэлт гаргасан байна гэж дүгнэхдээ уг итгэмжлэл нь 2019 оны 12 дугаар сарын 26-нд хийгдсэн хүчин төгөлдөр бус гэж тогтоогдсон зээлийн болон барьцааны гэрээний нөхцөлтэй зөрчилдөж байгааг хэрхэн үзсэн нь ойлгомжгүй байна. Энэ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэл нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр үүсэх эрх үүргийг итгэмжлэн олгоогүй. Энэ итгэмжлэлийг ашиглан хүчин төгөлдөр бус хэлцлээр эвлэрүүлэн зуучлагчид хандаж шүүх уг эвлэрлийг батлаагүй талаар хэрэгт шүүгчийн захирамжийг гарган өгч судлуулсан билээ. Улсын бүртгэгч энэ баримтыг огт хянаж нягтлаагүй, хянан нягтлах үүргээ огт хэрэгжүүлээгүй талаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:     

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Я.Ц, Ч.С нараас “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг үндэслэн хийсэн барьцааны эрх дуусгавар болгосон улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2.2. Нэхэмжлэгч нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг, Хүрэнбулаг, 10 байр, 4 тоотод байрлах, 1 өрөө, 18 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч байсан бөгөөд анх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Г.Ц-тай зээлийн гэрээ байгуулж 33 000 000 төгрөг авч, мөн өдрөө зээлийн гэрээний барьцаанд дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2.3. Дээрх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Ч.С, Я.Ц, Г.Ц нар харилцан тохиролцож дуусгавар болгосон нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцэл болон мөн өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан барьцаа хөрөнгийн чөлөөлүүлэх тухай мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

2.4. Нэхэмжлэгч нараас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дахин иргэн Г.Ц-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээг бүртгүүлэхээр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гарган бүртгүүлжээ.

2.5. Иргэн Г.Ц-гаас 2020 оны 01 дүгээр 02-ны өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “Орон сууц барьцаанаас чөлөөлүүлэх тухай” хүсэлтийг гаргасан бол барьцаалбар чөлөөлөх “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-д Я.Ц гарын үсэг зурсан бөгөөд дээрх хүсэлт, мэдүүлгийг үндэслэн барьцаа чөлөөлсөн бүртгэлийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хийжээ.

2.6. Мөн нэхэмжлэгч Ч.С, Я.Ц нараас анх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үедээ иргэн Г.Ц-д “дээрх хөрөнгийг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримт хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг” 6 сарын хугацаатай итгэмжлэлээр[1] олгосон бөгөөд иргэн Г.Ц 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Г.С-тэй маргаан бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг, Хүрэнбулаг 10 байр, 4 тоотод байрлах 1 өрөө, 18 м.кв орон сууцыг худалдахаар Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна.

2.7. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ч.С, Я.Ц нараас Г.Ц, Г.С нарт холбогдуулан “Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 4-10-4 тоот үл хөдлөх хөрөнгийг Я.Ц, Ч.С нарын өмчлөлд сэргээх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 726 дугаар шийдвэрээр[2] “...нэхэмжлэгч Ч.С, Я.Ц, хариуцагч Г.Ц нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Г.С-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б.Х-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-10-04 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Я.Ц, Ч.С нарын өмчлөлд сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.8.Тодруулбал, дээрх 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж дүгнэн хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Энэ талаар хэргийн оролцогч нарын хэн аль нь маргаагүй, харин нэхэмжлэгч Ч.С, Я.Ц нараас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Г.Ц-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

2.9. Өөрөөр хэлбэл, иргэн Г.Ц нь өөрт олгогдсон хүчин төгөлдөр итгэмжлэлээр маргаан бүхий орон сууцыг иргэн Г.С-д Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлжээ.

2.10. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Ч.С-гаас “... мэдүүлгийг Ч.С гаргаагүй, гарын үсэг зураагүй, ... мэдүүлгийг хүлээн авч, Улсын бүртгэгч бүртгэл хийсэн нь илт хууль бус” гэж давж заалдах гомдолдоо дурдах боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно”, 21.2-т “Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болж, энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэнэ” гэж тус тус зааснаас үзвэл барьцаалбарыг хууль ёсоор эзэмшигч Г.Ц-гийн хүсэлтээр барьцаанаас чөлөөлсөн байгаа энэ тохиолдолд хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх “...үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч буюу барьцаалуулагч болон барьцаалагч нарын хооронд хийсэн хэлцэл, хамтран гаргасан мэдүүлгийн үндсэн дээр дээрх барьцааны эрх дуусгавар болжээ” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                              Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар талд,

[2] 2 дугаар хавтас хэргийн 36-43 дугаар талд,