Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 930

 

105/2017/0931/Э

 

 

 

 

 

 2020         07            23                                              2020/ДШМ/930    

 

Б.А-, Р.А-, В.Б-,

С.Т- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганзориг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох,

иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэг, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн,

яллагдагч Р.Алтанцэцэг,

А-нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/Ш3/2012 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ганзоригийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаартай эсэргүүцлээр Б.А-, Р.А-, В.Б-, С.Т- нарт холбогдох эрүүгийн 201625012456 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.А-, Р.А-, С.Т- нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны Зүүн 4 замын тооцооны төвийн ажилтанг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хууль бус итгэмжлэл ашиглаж, Д.Ариунцэцэгийн эзэмшлийн хадгаламжийг барьцаалан 50.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Р.А- нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Дашсүрэнд “Гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэхэд мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын 9 дүгээр байрны 35 тоот орон сууцыг Б.Пүрэв-Очирт 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, уг мөнгийг авч залилсан,

Б.А- нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны орчимд иргэн Д.Оюунгэрэлд “Төв аймгийн хөшигтийн хөндийд 5000 м2 талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрыг хямд үнээр авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 500 000 төгрөг авч залилсан,

2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г.Ганбат, Ө.Бүжинтуул, Ц.Отгонсүрэн нарт ““Хаан” банкны кредит карт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 6.000.000 төгрөгийг иргэн Н.Мөнх-Амарын Хаан банкны 5012135665 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

В.Б- нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.А-, С.Т- нарт иргэн Д.Ариунцэцэгийн хадгаламж буюу өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатаар гэрчилсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: В.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

С.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Р.А-, Б.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй өөрөөр хэлбэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 378 дугаартай магадлалын "Энэ хэргийн хохирогч гэх Д.Ариунцэцэг нь “Хаан” банктай хадгаламжийн гэрээтэй болох нь тогтоогдож байх бөгөөд “ХААН” банк, иргэн Д.Ариунцэцэг нарын хооронд байгуулсан хадгаламжийн гэрээг хэрэгт бэхжүүлэн авч, энэ гэмт хэргийн улмаас хэн хохирсон, хохирогч нь хэн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн заалтыг биелүүлээгүй, яллагдагч, хохирогч нарт хэргийн материалыг бүрэн танилцуулах шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ганзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 378 дугаартай магадлалын “Энэ хэргийн хохирогч гэх Д.Ариунцэцэг нь “Хаан” банктай хадгаламжийн гэрээтэй болох нь тогтоогдож байх бөгөөд “Хаан” банк, иргэн Д.Ариунцэцэг нарын хооронд байгуулсан хадгаламжийн гэрээг хэрэгт бэхжүүлэн авч, энэ гэмт хэргийн улмаас хэн хохирсон, хохирогч нь хэн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн заалтыг биелүүлэх үүрэгтэй гэж хэргийг буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичлээ.

Үүнд: Тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Пүрэвдорж тус хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хохирогчоор Д.Ариунцэцэгийг тогтоож, улмаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд яллагдагч нарт Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр ял оногдуулсан. Харин 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гомдлоор хэргийг хянан хэлэлцээд “Энэ хэргийн хохирогч гэх Д.Ариунцэцэг нь “Хаан” банктай хадгаламжийн гэрээтэй болох нь тогтоогдож байх бөгөөд “Хаан” банк, иргэн Д.Ариунцэцэг нарын хооронд байгуулсан хадгаламжийн гэрээг хэрэгт бэхжүүлэн авч, энэ гэмт хэргийн улмаас хэн хохирсон, хохирогч нь хэн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэх үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 378 дугаартай магадлалын “гэмт хэргийн улмаас хэн хохирсон, хохирогч нь хэн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн заалтыг хангаж, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Хаан” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохыг хохирогчоор, Д.Ариунцэцэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж хуульчилсан ба яллагдагч С.Т-, Б.А-, Р.А- нарын үйлдлийн улмаас “Хаан” банк эд хөрөнгийн хохирол хүлээсэн. Яллагдагч С.Т-, Б.А-, Р.А- нар нь 60.000.000 төгрөгийг “Хаан” банкнаас авах зорилготой байсан ба 60.000.000 төгрөгийг шилжүүлэн авахын тулд Д.Ариунцэцэгийн “Хадгаламж”-ийг барьцаанд тавьж үйлдлийн арга болгосон үйл баримт тогтоогдсон. Тодруулбал, яллагдагч нар нь Д.Ариунцэцэгийн хадгаламжинд байгаа мөнгийг бус харин “Хаан” банкнаас 60.000.000 төгрөг авах зорилгоо биелүүлэхийн тулд өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг бусдаар гэрчлүүлж, улмаар “Хаан” банкны тооцооны төвийн ажилтанг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Хаан” банкнаас 60.000.000 төгрөг шилжүүлэн авснаар гэмт хэрэг төгссөн. Харин “Хаан” банк Д.Ариунцэцэгийн хадгаламжнаас 60.000.000 төгрөгийг хүүтэй нь татаж байгаа үйлдэл нь үүргийг гүйцэтгэл хангуулах нэг арга хэрэгсэл юм. Анхан шатны шүүхээс тус хэрэгт хохирогчоор тогтоосон С.Гантогтохыг үгүйсгэж байгаа үндэслэлийг дурдаагүй атлаа энэ гэмт хэргийн улмаас хэн хохирсон, хохирогч нь хэн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан нь шүүхийн шатанд хохирогчоор тогтоох боломжтой байна.

Түүнчлэн зарим хохирогч, яллагдагч нарт хэргийн материалыг бүрэн танилцуулах шаардлагатай байх тул мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дурджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Б.А-, Р.А- нар нь “мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцуулаагүй” гэж мэдүүлсэн. Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзээд тус хэргийн яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нарт хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэж, хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд яллагдагч Р.Аптанцэцэг, Б.А- нарт нэг бүрчлэн танилцуулсан тэмдэглэл /8хх 175-183/ хэрэгт авагдсан байна. Түүнчлэн тус хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт 3 удаа шинжлэн судалсан. Мөн шүүгчийн захирамжид “Б.А-г”-г “Б.Ариунгоо” гэж оноосон нэрийг буруу бичсэнийг дурдах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр бичсэн  эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн хохирогч Д.Ариунцэцэг, эсхүл “ХААН” банк юм уу гэдгийг шалгалгүйгээр “ХААН” банкийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй байна. ...” гэв. 

Иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Намайг анх хохирогч гэж анхан шатны шүүх хуралдаанд оруулсан. ...” гэв. 

Иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгийн өмгөөлөгч М.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр давж заалдах шатны шүүхээс “энэ хэрэгт хохирогчийг зөв тогтоох шаардлагатай” гэж үзэн хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг тогтоосон. Гэтэл анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд “ХААН” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “бид хохирогч биш, бидэнд хохирсон зүйл байхгүй” гэж тайлбарлаж эхэлсэн. Ингээд дахин хохирогчийг зөв тогтоо гэж шүүгчийн захирамж гарсан нь хэрэгт байгаа ямар баримтыг үндэслэж байгаа нь тодорхойгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчийг тогтооно” гэж заасан. ...” гэв. 

Яллагдагч Р.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, урьдчилсан хэлэлцүүлгийн үед хохирогчоор тогтоогдсон “ХААН” банкны төлөөлөгч “манайх хохирогч биш, хүчин төгөлдөр гэрээний дагуу А-д мөнгө өгсөн” гэдэг. Тэгэхээр А-, “ХААН” банк нарын хооронд хийсэн гэрээ байгаа. Гэтэл энэ нь хавтас хэрэгт авагдаагүй. Д.Ариунцэцэг, “ХААН” банк нар нь хохирогч биш гэхээр бид мөнгөө хаана төлөх нь тодорхойгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.А-, Р.А-, В.Б-, С.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд шүүгчийн захирамж болон магадлалд дурдсан “Хаан” банк, Д.Ариунцэцэг нарын хооронд байгуулсан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг мөрдөн байцаалтын шатанд гаргуулан авсан нь 3 дугаар хавтас хэргийн 229 дүгээр талд авагдсан байна.

Түүнчлэн “Хаан” банкийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор /3хх 235/, Д.Ариунцэцэгийг 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хохирогчоор /1хх 224/, 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр /3хх 244/ тус тус тогтоосон баримтууд хэрэгт авагдсан. Тэднийг дахин хохирогчоор тогтоох шаардлагагүй бөгөөд энэ хэргийн улмаас өөр хэн нэгний эрх ашиг хохирсон хэмээн үзвэл Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоох боломжтой байхад энэ үндэслэлээр хэргийг /хоёр удаа/ прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Шүүх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шүүхийн хэлэлцүүлгээр бодит байдлыг тогтоохдоо хохирогч хэн нь болохыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой.

Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Б.А-, Р.А-, В.Б-, С.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүгчийн захирамжийн биеийн байцаалт хэсэгт “Б.А-г”-г “Б.Ариунгоо” гэж буруу бичсэнийг анхааруулан тэмдэглэж, 9 дүгээр хавтас хэргийн 1-4 талд яллагдагч нарт хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл байгааг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/2012 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.А-, Р.А-, В.Б-, С.Т- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Б.А-, Р.А-, В.Б-, С.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН