| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/00552/И |
| Дугаар | Дугаар 183/ШШ2021/01196 |
| Огноо | 2021-05-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар Дугаар 183/ШШ2021/01196
2021 оны 05 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2021/01196 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............... тоот хаягт байрлах, Э ХХК /РД....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............ тоот хаягт байрлах, Э ХХК /РД:...../-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 29 310 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гэрч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч Э ХХК нь Д ХХК-тай 2019 оны 11 сарын 18-ны өдөр 1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагч Э ХХК-ийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хажуу улааны уурхайн талбайд гүйцэтгэгч********* ХХК нь өрөмдлөгийн цэг зааж, гүнийн худгийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, үйлдвэрлэлийн зориулалттай гүнийн худаг хүлээлгэн өгөх ажилд манай компани туслан гүйцэтгэгчээр орж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ажиллах хүчээр хангаж ажилласан. Бид ажлыг нь гэрээнд заасан хугацаанд, нөхцөлийн дагуу гүйцэтгэж хүлээлгэн өгсөн бөгөөд улмаар 2020 оны 01 сарын 17-ны өдөр захиалагч Э ХХК-тай тооцоо нийлж, талуудын хооронд үүссэн харилцаа дуусгавар болсон. Гэтэл ажил хүлээн авснаас хойш буюу 2020 оны 01 сарын 28-ны өдөр өрөмдлөг хийгээд үлдээсэн цооногт 118-128 метрийн хооронд сул хөрс буюу тэсэлгээ хийгдэж байсны улмаас суларсан хэсэгт нуралт үүссэн нөхцөл байдлыг мэдэгдэж хоёр талаас харилцан тохиролцож нэмэлт шүүрийн хоолойг 159 мм ган труба гагнаж суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Уг нэмэлт ажлын хөлс 24 480 000 төгрөг болсон. Мөн дээрх гүйцэтгэсэн ажлаас гадна 2020 оны 01 сарын 30-ны өдөр уг уурхайн талбайд цахилгааны шонгийн суурийн цооног өрөмдөх 273 мм-ийн диаметр бүхий 7 газарт тус бүр 3 метрийн гүнтэй цооногийг буюу 21 тууш метр гүн өрөмдөх ажлыг амаар харилцан тохиролцон хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Тус ажлын хөлс 4 830 000 төгрөгийг хариуцагч нь манай компанид мөн л төлөөгүй. Иймд амаар тохиролцон гүйцэтгэсэн хоёр ажлын хөлс нийт 29 310 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...манай компани Хэнтий аймгийн Дархан сумын нутагт жонш баяжуулах үйлдвэр ажиллуулдаг бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай усны хэрэглээг хангахын тулд гүнийн худаг гаргуулах шаардлагатай болж 2019 оны 11 сарын 18-ны өдөр********* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь усны эрэл хайгуул хийж гүний худаг гарах магадлал 75 хувьтай гэсэн дүгнэлтийг гаргаж өгсөн бөгөөд өрөмдлөгийн ажлыг ***** Б ХХК-иар хийлгэх талаар мэдэгдэж, тус компанитай шинээр гэрээ байгуулан ажилласан. Ажлын үр дүнгээ хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч ЭХХК-тай манай компани ямар нэгэн гэрээ байгуулаагүй.********* ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн хувиар уурхайн гүнийн худгийн ажилд оролцсон гэж үзэж байгаа бөгөөд тус компаниар амаар тохиролцож ажил гүйцэтгүүлсэн асуудал байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 29 310 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн уурхайн талбайд гүний худгийн өрөмдлөгийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллан, ажлыг хүлээлгэн өгч тухайн гэрээний харилцаа дуусгавар болсны дараа хариуцагчийн хүсэлтээр 2020 оны 01 сарын 28-ны өдөр өрөмдлөг хийж үлдээсэн цооногт 159 мм ган труба суулгах нэмэлт ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсний хөлс 24 480 000 төгрөг, 2020 оны 1 сарын 30-ны өдөр мөн амаар тохиролцон цахилгааны шонгийн суурийн цооног 21 тууш метр өрөмдсөн ажлын хөлс 4 830 000 төгрөг, нийт 29 310 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж тайлбарлаж байна.
Хэрэгт нотлох баримтаар Э ХХК болон Д ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 01 дугаар ажил гүйцэтгэх гэрээ авагдсан ба уг гэрээгээр эрэл хайгуулын өрөмдлөгийн цэг зааж, гүнийн худгийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, үйлдвэрлэлийн зориулалттай гүнийн худаг хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгч Д ХХК нь усны эрэл хайгуулын ажлын гиофизикийн дүгнэлт тайлан, 220 м өрөмдлөгийн ажил /273 мм 10 инч хэмжээтэй 220 м гүнтэй/ өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч******ХХК нь ажлын хөлсөнд нийт 59 500 000 төгрөгийг төлөх, худгийн нацосыг захиалагч тал авахаар бол гүйцэтгэгчид төлөх үнийн дүнд бууруулах байдлаар зөвшилцөхөөр харилцан тохиролцжээ. /хх-6-8/
Дээрх гэрээний 4 дүгээр зүйлд гүйцэтгэгч Д ХХК-ийн үүргийг тодорхойлсон ба 4.7-д гүйцэтгэгчийн заасан цэгт тухайн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэн үр дүнгүй бол захиалагчийн хувьд төлбөртөө багтсан ажлын үр дүнг нэмэлт төлбөргүйгээр шаардах шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. гэж заасан байна.
Нэхэмжлэгч Э ХХК болон Д ХХК-ийн хооронд 2019 оны 11 сарын 20-ны өдөр өрөмдлөгийн ажил туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч буюу Д ХХК-ийн ажил гүйцэтгэх газарт худгийн цооног өрөмдөж түүнтэй холбоотой гүнийн насос суулгах, шавхалт хийх зэрэг гүйцэтгэгч буюу Экспресс трейд ХХК өөрийн машин тоног төхөөрөмжөөр, 53 600 000 төгрөгийн ажлын хөлстэй хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. /хх-9-10/
Уг өрөмдлөгийн ажил туслан гүйцэтгэх гэрээний 29 дүгээр зүйлд хөрсний бүтцээс шалтгаалан цэвдэгтэй, нуралттай г.м байдал илэрвэл түүнд орох нэмэлт халаагч термо кабель, РVC хуванцар болон төмөр хоолой суурилуулах шаардлага үүсвэл түүнтэй холбогдон гарах зардлыг захиалагч талаас гаргуулах бөгөөд ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хойшилно гэжээ.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж зааснаар хариуцагч Э ХХК болон Д ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасан.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас дүгнэхэд хариуцагч Э ХХК-ийн уурхайн талбайд гүйцэтгэсэн гүнийн хутгийн өрөмдлөгийн ажлын ерөнхий захиалагч нь******ХХК, ерөнхий гүйцэтгэгч нь********* ХХК байх ба нэхэмжлэгч Экспресс трейд ХХК нь туслан гүйцэтгэгчийн хувиар********* ХХК-тай эрх зүйн харилцаан орсон байна.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.3-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн өмнө ажлын үр дүнг хариуцна гэж заасан ба ерөнхий ажил гүйцэтгэх гэрээний нөхцөл болох гүйцэтгэгчийн заасан цэгт тухайн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэн үр дүнгүй бол захиалагчийн хувьд төлбөртөө багтсан ажлын үр дүнг нэмэлт төлбөргүйгээр шаардах шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэснийг туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хөрсний бүтцээс шалтгаалан цэвдэгтэй, нуралттай г.м байдал илэрвэл түүнд орох нэмэлт халаагч термо кабель, РVC хуванцар болон төмөр хоолой суурилуулах шаардлага үүсвэл түүнтэй холбогдон гарах зардлыг захиалагч талаас гаргуулах гэсэн нөхцөлтэй харьцуулан дүгнэхэд тухайн өрөмдлөгийн ажилтай холбоотой нэмэлт зардал гарсан тохиолдолд хариуцвал зохих этгээд нь хариуцагч******ХХК гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор нотлох баримтаар гаргаж өгсөн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн0000000 дугаар захирлын тушаал, Ачаа тээврийн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтууд нь Д ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэх гэрээний 29 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлын улмаас бий болсон нэмэлт зардал гэж үзэх үндэслэлтэй байх ба уг гэрээний дагуу шаардах эрх үүсэх боломжтой.
Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба тухайн үр дүн нь ямар шинж чанар, хэмжээтэй байх талаар болон гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга журам, хугацааг талууд хэрхэн тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй, хариуцагчийн нэхэмжлэгч Э ХХК-тай гүнийн худгийн өрөмдлөгийн нэмэлт ажил хийлгэхээр гэрээ байгуулаагүй гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажлын нийт хөлсийг 24 480 000 төгрөгөөр тохирсон, ажлаа бүрэн гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул 24 480 000 төгрөгийн хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй болно.
Харин нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Э ХХК-ийн уурхайд цахилгааны шонгийн суурийн цооног өрөмдлөг 21 тууш метр гүнтэй өрөмдөж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болох нь 2019 оны 11 сарын 30-ны өдрийн Цооног өрөмдсөн ажил хүлээлцсэн 11/30 дугаар актаар тогтоогдож байна.
Дээрх гүйцэтгэсэн ажлын тухайд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нь дээрх 21 тууш метр гүнтэй өрөмдлөгийн ажлын хөлсийг 1 тууш метрийг 230 000 төгрөгөөр тооцон 4 830 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан ба тухайн ажлын үр дүнг захиалагч буюу хариуцагч Э ХХК-д актаар хүлээлгэж өгснөөс хойш талуудын эрх бүхий нягтлан бодогч нар тооцоо нийлсэн акт үйлдэн, 2019 оны 11 сарын 18-ны өдрөөс 2020 оны 01 сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд хоёр байгууллагын хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд******ХХК нь өргүй гарсныг харилцан баталгаажуулснаас үзэхэд тус ажлын хөлс төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Экспресс трейд ХХК-ийн хариуцагч******ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 29 310 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 3434.1, 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 29 310 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ