Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01140

 

Ж.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01198 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Гийн хариуцагч З Т НОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөслтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие З Т НОНӨААТҮГ-т 2012 онд ажилд орж, улмаар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/174 дүгээр тушаалаар тус газрын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад тус газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан. Улмаар ажилдаа эргэн орох өргөдлөө тус газрын даргад гаргасан боловч ажилд авахгүй миний эрхийг зөрчиж байсан тул шүүхэд хандсан. 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/01790 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан ба Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/0044 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул миний бие албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Шинээр томилогдсон дарга надтай хамтарч ажиллахгүй гэж хэлсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй намайг хохироосоор байна. Иймд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан бүхий л хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр болох Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаал нь байгууллагын захирлын 2020 оны 12 сарын А/70 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт орсон бөгөөд ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгч тус албан тушаалыг эрхлэхэд тавигдах мэргэжил, мэргэшлийг хангахгүй байсан. Нэхэмжлэгчид ажил олгогчоос 2 удаа 2 ажлын байр санал болгосон хэдий ч хүлээн аваагүй. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан З Т НОНӨААТҮГ /РД:5893704/-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 35 583 120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г /РД:ДС74022402/-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Ж.Гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч З Т НОНӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 265 665 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 335 865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ж.Гт хоёр удаа ажлын санал тавьж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч энэ асуудалд маргаангүй байдаг. Гэвч Ж.Г нь санал болгох ажлыг хүлээж аваагүй. Түүнчлэн ажилдаа эргэж орох талаар ямар ч идэвх санаачилга гаргаагүй, зөвхөн ажилгүй байх хугацааны цалингаа л шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гаргуулж авсан зэргээс харахад ажилдаа эргэж орох хүсэл сонирхолгүй байгаа нь тодорхой харагддаг. Эдгээр нөхцөл байдал тодорхой харагдсаар байтал нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигч хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч З Т НОНӨААТҮГхолбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

            Нэхэмжлэгч Ж.Г нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 29-ны өдрийн 183/ШШ2019/01790 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1775 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00441 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ж.Гийг З Т НОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13 729 560 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 7-13 дугаар тал/

Дээрх шүүхийн шийдвэрээр Ж.Гийн сарын дундаж цалин хөлсийг 81 240 төгрөгөөр тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 438 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт           35 583 120 төгрөгийг хариуцагч З Т НОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Ж.Гт олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус нийцсэн байна.

 

            Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болох давж заалдах гомдлын үндэслэлээ “...бүтцийн өөрчлөлт орсон, нэхэмжлэгчид хоёр удаа ажлын санал тавьсан боловч хүлээж аваагүй” гэх агуулгаар тайлбарласан байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул түүний гомдлыг хангах үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрт заасан ажилд эгүүлэн томилох боломжгүй гэдгээ баримтаар нотлоогүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01198 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 866 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ДАВААДОРЖ

              ШҮҮГЧИД                             Д.НЯМБАЗАР

                                                       С.ЭНХТӨР