Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01198

 

2021 оны 05 сарын 31 өдөр 183/ШШ2021/01198 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ........... тоот хаягт оршин суух, Ц овогт Ж-гийн Г /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............, өөрийн байранд байрлах, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ /РД:............./-т холбогдох,

 

Ажилгүй байсан бүхий л хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие З ОНӨААТҮГазарт 2012 онд ажилд орж, улмаар 2016 оны 02 сарын 22-ны өдрийн 0000 дүгээр тушаалаар тус газрын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад тус газрын даргын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 00 дугаар тушаалаар 2018 оны 11 сарын 13-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан. Улмаар ажилдаа эргэн орох өргөдлөө тус газрын даргад гаргасан боловч ажилд авахгүй миний эрхийг зөрчиж байсан тул шүүхэд хандсан. 2019 оны 08 сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ201900000 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан ба Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/0000 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул миний бие албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Шинээр томилогдсон дарга надтай хамтарч ажиллахгүй гэж хэлсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй намайг хохироосоор байна. Иймд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан бүхий л хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр болох Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаал нь байгууллагын захирлын 2020 оны 12 сарын 00 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт орсон бөгөөд ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгч тус албан тушаалыг эрхлэхэд тавигдах мэргэжил, мэргэшлийг хангахгүй байсан. Нэхэмжлэгчид ажил олгогчоос 2 удаа 2 ажлын байр санал болгосон хэдий ч хүлээн аваагүй. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч З-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч ...нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр болох Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд бүтцийн өөрчлөлт орсон бөгөөд ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгч тус албан тушаалыг эрхлэхэд тавигдах шаардлага хангахгүй. Түүнд өөр ажлын байр санал болгосон боловч хүлээн аваагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.Г-ийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 29-ны өдрийн 183/ШШ2019/0000 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13 729 560 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Ажил олгогч буюу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/0000 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй ба ажил олгогч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь өмнөх хөдөлмөрийн нөхцөлийг нь сэргээн тогтоож байгаа ойлголт тул хариуцагчийн ...нэхэмжлэгчид хоёр удаа өөр ажлын байр санал болгосныг хүлээн аваагүй... гэх татгалзал үндэслэлгүй юм. Мөн байгууллагын захирлын 2020 оны 12 сарын 0 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөн гэх татгалзлын үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч З л ОНӨААТҮГ-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч дахин шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, х эрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгодог. Өөрөөр хэлбэл ажил олгогч түүнийг ажилд нь эгүүлэн авах үүрэгтэйгээс гадна түүний ажилгүй байсан бүхий л хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 08 сарын 29-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 29-ны өдрийн 183/ШШ2019/000 шийдвэрээр нэг хоногт ногдох цалин хөлс 81 240 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр тооцон ажилгүй байсан 438 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 35 583 120 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Ж.Ганцэцэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч З ОНӨААТҮГ-т үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгохоор заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 265 665 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 335 865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан З  ОНӨААТҮГ /РД:5893704/-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 35 583 120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г/РД:.............-т олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Ж.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч З  ОНӨААТҮГ-т даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 265 665 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 335 865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ