Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01217

 

021 оны 06 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2021/01217 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ............ тоот хаягт оршин суух Б овогт Т-ийн Э/РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............. байр, ... хаягт байрлах, Б ХХК /РД:2...2/-д холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 92 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Ц /ШТЭҮД-0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гэрч Д.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2007 оны 04 сарын 01-ний өдөр Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-тай хугацаагүй аман гэрээ хийж Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт байрлах Шувуун фабрик гэх газарт байрлах 100 метрийг харьцах 20 метрийн харьцаатай гурван барилга, 64 метрийг харьцах 20 метрийн нэг барилга, 24 метрийг харьцах 20 метрийн нэг барилга болон тус барилгуудыг 6х2 метрийн харьцаатай бетонон хавтангуудаар тойруулан 800 метрт барьсан хашааг тус тус буулган Б ХХК-ийн заасан газарт, ирүүлсэн болон хэлсэн унаанд ачуулж дуусгах хөлсөөр ажиллах гэрээний үүрэг хүлээсэн. Б ХХК-ийн хүлээх үүрэг нь манаач ажиллуулах, дотор явах унаагаар хангах, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасны дагуу ажлын хөлсөнд надад жип машин дээр 10 сая төгрөг өгөхөөр амлан ажлаа эхлүүлсэн. 2011 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байхад надад өгөх хөлсөө өөрчилж сарын 625 000 төгрөгөөр тооцон ажилласан хугацааны хөлсийг бөөнд нь олгохоор тохирсон. Гэтэл 2016 оны 04 сарын 01-ний өдөр төлөх хөлсөндөө барилга буулгасан газар, хашааны 100 ширхэг бетонон шонтой өгөхөөр өөрчлөлт оруулж үргэлжлүүлэн ажилсан. Барилга, хашаа буулгуулан ачуулах ажлаа 2019 оны 11 сарын 01-ний өдөр албан ёсоор дуусгаж ажлыг нь хүлээлгэн өгөх гэсэн боловч Б ХХК-ийн захирал олдохгүй, нягтлан болон бусад ажилтан нар хариу өгөхгүй байсаар байгаад 2020 оны 06 сард тус группийн хүний нөөцийн ажилтан ирж үлдэгдэл шонгуудыг бүртгэн авч хүлээлгэн өгсөн. Иймд хариуцагчаас нэг сарын хөлс 625 000 төгрөгөөр тооцон 2007 оны 04 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл 150 сарын ажлын хөлс 93 750 000 төгрөгөөс 2013 оны 5, 6 сарын хөлс 1 250 000 төгрөгийг Бэрэн групп ХХК надад шилжүүлсэн тул үлдсэн 92 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани Т.Энхболдтой ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүсгээгүй. Бэрэн групп ХХК-ийн зүгээс Т.Э-д төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. С ХХК-тай Бэрэн групп ХХК ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гэрээний үүрэг дуусгавар болсон зүйл байдаг. Тухайн компанийн захирал нь Т.Э юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 92 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээг амаар тохиролцон байгуулж, хэлэлцэн тохирсон ажлыг 2007 оны 04 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн. Б ХХК-ийн захирал хөлс төлөх нөхцлөө 3 удаа өөрчилсөн бөгөөд хөлс төлөөгүй тул 2013 оны 5, 6 сарын цалин 1 250 000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг үндэслэн нэг сарын хөлсийг 625 000 төгрөгөөр тооцон 148 сарын хөлс 92 500 000 төгрөг гаргуулна... гэж, хариуцагч ...иргэн Т.Э-од төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Түүнтэй гэрээ байгуулаагүй... гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Хаан банк дахь дансны хуулга, Бэрэн групп ХХК-иас 2012.08.07, 2013.01.22, 2013.09.19-ний өдөр тус тус Т.Энхболдод олгосон итгэмжлэл, гэрч В.Т, Б.О нарын мэдүүлэг, Бэрэн групп ХХК-ийн гүйцэтгэх захирлын В.Т-ыг сахиулын ажилд авсан болон чөлөөлсөн тушаал, эдгээр баримтуудаар шаардлагын үндэслэл нотлогдоно гэж тайлбарлан, харин хэрэгт хавсаргасан СД, рапорт гэж хаягласан дэвтэр нотолгооны ач холбогдолгүй, үзлэг хийлгэн шинжлэн судлуулах шаардлагагүй гэв.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр нэг талаас ажиллагч нь хэлэлцэн тохиролцсон ажил үйлчилгээг үзүүлэх, нөгөө талаас ажиллуулагч нь тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хөлсөөр ажиллах гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул хэлцэлд тавигдах нийтлэг зохицуулалт үйлчлэх ба Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд Бэрэн групп ХХК-иас 2011 оны 11 сарын 22-ны өдөр 170 000 төгрөг кадастрын зургийн үнэ гэх утгаар, 2013 оны 05 сарын 30-ний өдөр 1 000 000 төгрөг Б-с гэх утгаар, 2013 оны 11 сарын 14-ний өдөр 350 000 төгрөг нүүрсний үнэ гэх утгаар тус тус шилжүүлэг хийсэн байх ба 2013 оны 06 сарын 20-ны өдрийн 1 250 000 төгрөгийг Хөх ган ХХК-с 5, 6 сарын цалин гэх утгаар шилжүүлсэн нь хариуцагч Б ХХК-иас хөлс төлсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Хөх ган ХХК нь хариуцагч Бэрэн групп ХХК-тай хамаарал бүхий компани гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 04 сарын 01-ний өдөр төлөх хөлсөндөө барилга буулгасан газар, хашааны 100 ширхэг бетонон шон өгөхөөр тохиролцсон нь Бэрэн групп ХХК-иас олгосон итгэмжлэлүүдээр нотлогдоно гэж тайлбарлаж байх ба Бэрэн групп ХХК-иас 2012.08.07, 2013.01.22, 2013.09.19-ний өдөр тус тус олгосон итгэмжлэлийн агуулгаас үзэхэд шувуун аж ахуйн цогцолбор барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг компанид эзэмшүүлэх эрхийн захирамж, гэрчилгээг гаргуулан авах эрхийг Т.Э-дод итгэмжлэлээр олгож байжээ. Өөрөөр хэлбэл газар эзэмших, өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх хүсэл зориг илэрхийлэгдээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Б ХХК-д сахиулаар ажиллаж байсан В.Т, Б.О нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно гэж тайлбарлаж байх боловч гэрчийн мэдүүлэг дангаараа нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг хангалттай нотлох баримт болохгүй юм.

 

Хөлсөөр ажиллах гэрээний хөлс төлөх тохиролцоо нь тухайн гэрээний гол нөхцөл бөгөөд гол нөхцлийг тохирсноор гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжтой ба нэхэмжлэгч нь хэлэлцэн тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн болон хөлс төлөхөөр тохиролцсон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Иймд хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Э-ын хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 92 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 76 дугаар зүйлийн 76.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э-дын хариуцагч Бэрэн групп ХХК-д холбогдуулан гаргасан 92 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ