Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01361

 

 

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01361

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/01217 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б Г- ХХК-д холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 92 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б Г- ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхантай 2007 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт байрлах Шувуун фабрик гэх газарт байрлах 100 метрийг харьцах 20 метрийн харьцаатай гурван барилга, 64 метрийг харьцах 20 метрийн нэг барилга, 24 метрийг харьцах 20 метрийн нэг барилга, 6х2 метрийн харьцаатай бетонон хавтангуудаар тойруулан 800 метр хашааг тус тус буулган Б Г- ХХК-аас ирүүлсэн унаанд ачуулж дуусгах ажлыг хийхээр тохиролцсон. Б Г- ХХК нь манаач ажиллуулах, унаагаар хангаж ажлын хөлсөнд жип автомашин болон 10 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байхад надад өгөх хөлсөө өөрчилж ажилласан хугацааны хөлсийг сарын 625 000 төгрөгөөр тооцож олгохоор болсон. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлөх хөлсөндөө барилга буулгасан газар, хашааны 100 ширхэг бетонон шон өгөхөөр өөрчилж үргэлжлүүлэн ажиллуулсан. Барилга, хашаа буулгуулан ачуулах ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгаж ажлыг нь хүлээлгэн өгөх гэсэн боловч Б Г- ХХК-ийн захирал олдохгүй, нягтлан болон бусад ажилтан нар хариу өгөхгүй байсаар байгаад 2020 оны 6 дугаар сард тус компанийн хүний нөөцийн ажилтан шонгуудыг бүртгэж хүлээн авсан. Иймд Б Г- ХХК-аас нэг сарын хөлсийг 625 000 төгрөгөөр тооцож 2007 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 150 сарын ажлын хөлс 93 750 000 төгрөгөөс Б Г- ХХК-аас 2013 оны 5, 6 сарын хөлсөнд төлсөн 1 250 000 төгрөгийг хасаж 92 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Т.Э-той ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүсгээгүй тул түүнд төлбөр төлөх үүрэггүй. Б Г- ХХК нь Сөгнөгөр хайрхан ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гэрээний үүрэг дуусгавар болсон. Тус компанийн захирал нь Т.Э- юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э-ын хариуцагч Б Г- ХХК-д холбогдуулан гаргасан 92 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Миний бие Б Г- ХХК-тай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсан. Гэрээ хуульд шаардлагыг хангасан тул ажлын хөлсөө шаардах эрхтэй. Шүүх 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 250 000 төгрөгийг Хөх ган ХХК-аас 5, 6 сарын цалин гэх утгаар мөнгөн хөрөнгө шилжүүлсэн нь Б Г- ХХК-аас төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Хөх ган ХХК нь хариуцагч Б Г- ХХК-тай хамаарал бүхий компани гэж тайлбарлаж байх боловч энэ талаар баримт авагдаагүй гэж дүгнэсэн. Гэтэл гэрч Д.Энхмаа шүүх хуралдаанд Б Г- ХХК нь Хөх ган ХХК-тай хамааралтай гэж мэдүүлсэн байхад шүүх хоорондоо хамааралгүй гэж дүгнэсэн.

Мөн нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон ажлыг гүйцэтгэсэн боловч хөлс төлөхөөр тохиролцсон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн. Б Г- ХХК нь шувуун фабрик гэх газарт байсан барилгыг мануулахаар харуул ажиллуулж байсан. Тус барилга Б Г- ХХК-ийнх байсан талаар хариуцагч маргаагүй. Б Г- ХХК Т.Э-оор ажил хийлгэж барилгыг нураалгасан нь тогтоогдсон байхад ажлын хөлсийг төлсөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч ажил хийсэн талаарх баримтыг гаргаж өгсөн гэтэл хариуцагч үүнийг баримтаар няцаагаагүй.

Түүнчлэн, шүүх ... нэхэмжлэгч Б Г- ХХК-д сахиулаар ажиллаж байсан В.Тогоодулам, Б.Очирпүрэв нарын мэдүүлгээр тогтоогдоно гэж тайлбарлаж байх боловч гэрчийн мэдүүлэг нь дангаараа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох хангалттай баримт болохгүй... гэж нарын мэдүүлгийг үнэлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болдог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч Б Г- ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 92 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... нэхэмжлэгчтэй гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул хөлс төлөх үүрэггүй... гэж маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Шувуун фабрик гэх газарт байрлах Б Г- ХХК-ийн 100 х 20 метр хэмжээтэй 3 барилга, 64 х 20 метр хэмжээтэй 1 барилга, 24 х 20 метр хэмжээтэй 1 барилга, 6 х 2 метр харьцаатай 800 метр бетонон хавтангаар барьсан хашааг буулгах ажлыг гүйцэтгэсний төлбөрт хариуцагч нь жип автомашин болон 10 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй, 1 сар ажилласан хөлсийг 625 000 төгрөгөөр тооцож 150 сарын хөлс 93 750 00 төгрөгөөс 2013 оны 5, 6 сарын 1 250 000 шилжүүлснийг хасаж 92 500 000 төгрөг гаргуулна... гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Т.Э- нь Б Г- ХХК нь Хөх Ган ХХК-тай харилцан хамааралтай гэж гэрч мэдүүлсэн байхад шүүх хоорондоо хамаарал бүхий компани биш гэж дүгнэсэн, ажлын хөлсийг хариуцагч төлсөн эсэхийг дүгнээгүй, гэрчийн мэдүүлгийг үндэслэлгүйгээр үнэлээгүй гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Шүүх хуралдаанд талууд хөлсөөр ажиллах гэрээний үүрэг үүссэн эсэх талаар маргаж, хариуцагчаас Т.Э-той ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. Б Г- ХХК Сөгнөгөр хайрхан ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан гэсэн тайлбар гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Харин хэргийн 79-80 дахь талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр Сөгнөгөр хайрхан ХХК-ийн захирал Т.Э- болох нь тогтоогджээ.

Мөн ХААН банк ХХК дахь Т.Э-ын эзэмшлийн дансанд Хөх ган ХХК-аас 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 5,6 сарын цалин гэсэн утгатай шилжүүлэг хийсэн баримт хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгч уг мөнгийг Б Г- ХХК-аас өгсөн ажлын хөлс гэж тайлбарласан. Энэ тохиолдолд Б Г- ХХК, Хөх ган ХХК-иуд хоорондоо ямар хамааралтай, улмаар Хөх ган ХХК, Т.Э- нарын хооронд үүрэг үүссэн эсэхийг тодруулах шаардлагатай бөгөөд эдгээр нь талуудын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч талаас шүүхэд диск, рапорт гэх дэвтрийг нотлох баримтаар гаргасныг хэрэгт хавсаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт ...хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасныг шүүх хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх баримтыг нэхэмжлэгч шинжлэн судлуулах шаардлагагүй гэсэн тайлбар гаргасан хэдий ч шүүх уг баримт нь талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай эсэх, нотлох баримтаар үнэлэх эсэх талаар дүгнэн, хамааралгүй бол хэргийн баримтаас хасах учиртай.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/01217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 620 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА