Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01219

 

2021 оны 06 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2021/01219 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...хаягт байрлах, Синопийк ХХК /РД:5527368/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1.......... тоот хаягт оршин суух, Г  овогт Ч О-ын А  /РД:.............-т холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 2 198 363 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч.А  нь манай компанийн эзэмшлийн 87,81 м.кв талбай бүхий 4 ороо орон сууцанд 000 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл амьдарч байсан хугацааны түрээсийн төлбөр 2 050 000 төгрөг, ашиглалтын зардал 112 342 төгрөг, СӨХ-ны 10 дугаар сарын төлбөр 36 021 төгрөг, нийт 2 198 363 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн орон сууц хөлслөх гэрээтэй холбоотой маргаан анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Нэг үндэслэлээр дахин дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, борлуулалтын ажилтан Ч.Б нар удаа дараа хуурамч баримт бүрдүүлж шүүхэд хэрэг үүсгүүлж байна гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ч.А-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2 198 363 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Хэрэгт нотлох баримтаар түрээслэгч Ч.А, түрээслүүлэгч Ч.Б нарын хооронд 2019 оны 08 сарын 30-ны өдөр байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 29 дүгээр байрны 233 тоот, 87,81 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Ч.А-лд 12 сарын хугацаатай, сарын 1 500 000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэгч нь ашиглалтын зардал, СӨХ-ын төлбөрийг хариуцан төлөхөөр тохиролцсон байна. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний төрөлд хамаарах ба орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан 2021 оны 01 сарын 29-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 00281 дугаар магадлалаас үзэхэд С ХХК нь Ч.А болон Ч.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 сарын 30-ны өдөр байр түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэг, гэрээ цуцалснаас учирсан хохиролд нийт 10 463 814 төгрөгийг Ч.А-аас гаргуулах шаардлагаас орон сууцны хөлс 3 100 000 төгрөг, олох ёстой орлого буюу хохиролд 4 150 000 төгрөг нийт 7 250 000 төгрөгийг хариуцагч Ч.А-аас гаргуулахаар шийдвэрлэжээ. Тус магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн 2020 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй гэрээний зүйл болох орон сууцыг ашигласан хугацааны олох ёстой байсан хохирлыг түрээсийн гэрээгээр тохирсон хөлсөөр тооцон гаргуулсан. Одоо дээрх хугацаа буюу 2020 оны 09 сарын 15-ны өдрөөс орон сууцыг хүлээн авсан 2020 оны 10 сарын 26-ны хүртэлх хугацааны олох ёстой орлогоо гэрээгээр тохирсон хөлсөөр тооцон шаардаж байгаа... гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаар заасан ба мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцаан өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ч.А нь 2020 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл гэрээний зүйл болох орон сууцыг ашигласан, буцаан өгөх хугацааг хойшлуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч байр хүлээн авсан 2020 оны 10 сарын 26-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдоно гэж тайлбарлаж байх боловч хариуцагч тус баримтыг хуурамч гэж маргаж байгаа тохиолдолд нэг талын үйлдсэн тухайн тэмдэглэл гэх баримт нь дангаараа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хангалттай нотлох баримт болохгүй.

 

Түүнчлэн Ч.Амаржаргал болон Ч.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 сарын 30-ны өдөр байр түрээслэх, түрээслүүлэх гэрээг түрээслүүлэгч Ч.Б нь С ХХК-ийг төлөөлөн байгуулсан, эсхүл Ч.Б тус гэрээний шаардах эрхээ Синопийк ХХК-д шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул хариуцагч Ч.А-д холбогдуулан гаргасан 2 198 363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Ч.-д холбогдуулан гаргасан 2 198 363 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ