Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01138

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01138

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/01219 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Ч.Ад холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2 050 000 төгрөг, ашиглалтын зардалд 112 342 төгрөг, СӨХ-ны төлбөрт 36 021 төгрөг нийт 2 198 363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.А нь манай компанийн эзэмшлийн 87.81 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцанд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл амьдарч байсан. Иймд дээрх хугацааны түрээсийн төлбөр 2 050 000 төгрөг, ашиглалтын зардал 112 342 төгрөг, СӨХ-ны 10 дугаар сарын төлбөр 36 021 төгрөг, нийт 2 198 363 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн орон сууц хөлслөх гэрээтэй холбоотой маргаан анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж, Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргасан, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Нэг үндэслэлээр дахин дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, борлуулалтын ажилтан Ч.Б нар удаа дараа хуурамч баримт бүрдүүлж шүүхэд хэрэг үүсгүүлж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Ч.Ад холбогдуулан гаргасан 2 198 363 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, бодитой үнэлж дүгнэлгүй шийдвэр гаргасан. Тодруулбал, талууд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээг байгуулсан бөгөөд хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч Ч.А нь энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх амьдарч байсан орон сууцны ашиглалтын зардал, түрээсийн төлбөрийг төлөөгүй.

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байр хүлээлцсэн тэмдэглэлийг хуурамч гэдгийг хэн, хэрхэн няцааж байгаа талаарх нотлох баримт байхгүй байхад шүүх энэ талаар үнэлээгүй үндэслэлгүй шийдвэрлэсэн.

С ХХК-ны ажилтан, гэрээ байгуулах эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь түрээслэгчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх нь С ХХК-д байгаа болно. Нэхэмжлэлийг С ХХК-ийг төлөөлж борлуулалтын ажилтан Ч.Б гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон 2 198 363 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С ХХК, хариуцагч Ч.Ад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2 050 000 төгрөг, ашиглалтын зардалд 112 342 төгрөг, СӨХ-ны төлбөрт 36 021 төгрөг нийт 2 198 363 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ гэх гэрээ нотлох баримтаар авагдсан байна. /хх3-4/ Уг баримтаас үзвэл, түрээслэгч талаас Ч.А, түрээслүүлэгч талаас иргэн Ч.Б нар харилцан тохиролцоод түрээслүүлэгч нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 29 байр, 233 тоотод байрлах, 87.81 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн хөлсийг 2 сараар төлөх үүргийг тус тус хүлээж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Дээрх гэрээнд Ч.Б гарын үсэг зурсан байх ба нэхэмжлэгч С ХХК-ийг төлөөлж байгуулсан, компанийг төлөөлж гарын үсэг зурсан, эсхүл Ч.Б тус гэрээний шаардах эрхийг нэхэмжлэгч компанид шилжүүлсэн гэх агуулга тусгагдаагүй байна. Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, тэрээр нэхэмжлэгч компани нь Ч.Бд хариуцагч Ч.Атай гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр олгосон гэх үйл баримтын талаар нотолсон баримт хэрэг авагдаагүй байна.

Хэргийн 14 дэх талд буй Байр хүлээн авсан тэмдэглэл гэх баримт нь нэхэмжлэгч С ХХК-ийн шаардах эрхийг эргэлзээгүйгээр нотлоогүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд нэхэмжлэгч компани гэрээний тал биш учир уг гэрээний үүргийг шаардах эрхгүй.

Гэрээний тал болох этгээд зохих журмын дагуу нэхэмжлэлээ гаргахад энэ магадлал саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байхаас гадна нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэхдээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул С ХХК-ийн ажилтан, гэрээ байгуулах эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б түрээслэгчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний биелэлтийг С ХХК шаардах эрхтэй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн талуудын хоорондын орон сууц хөлслөх гэрээтэй холбоотой маргаан өөр шүүхэд хэлэлцэгдэж байгаа талаар баримт байхгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/01219 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 50 124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Ч.ЦЭНД