Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0589

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т********* ХХК /РД:********* /

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Г*********,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б*********,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*********

Маргааны төрөл: “Т********* ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV*********- дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*********, өмгөөлөгч Б.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т********* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгахаар маргасан.

2. Ашигт малтмалын хайгуулын XV-********* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 177 дугаар шийдвэрээр Т********* ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн.

Т********* ХХК-ийн ашигт малтмал хайгуулын XV-********* дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 668 дугаар шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг, Ашигт малтмалын хайгуулын XV-********* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 667 дугаар шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл тус тус 3 жилийн хугацаагаар сунгажээ.

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21/101 тоот албан бичгээр хугацаа сунгуулахаар хандахад Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 8/4971 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргаагүй улмаас тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 02, 04-ний өдрөөр дуусгавар болсон талаар мэдэгджээ.

Мөн нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/21 тоот албан бичгээр хандсан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5528 тоот албан бичгээр хуулийн хугацаа өнгөрсний дараа хүсэлт ирүүлсэн гэх хариу өгсөн.

Т********* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0732 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан “Т********* ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

4.Нэхэмжлэгч Т********* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших “Замын дагуух” нэртэй 1115.98 га талбай бүхий XV-*********, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших “Зүүн” нэртэй 3579.58 га талбай бүхий XV-********* болон бусад хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан болно.

Манай Т********* ХХК 1 хувьцаа эзэмшигчтэй ба хувьцаа эзэмшигч иргэн Ч.Г********* миний бие компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах ялангуяа компанийн эзэмшиж байгаа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах чиглэлээр холбогдох хууль тогтоомжоор хүлээлгэсэн бүхий л үүргийг хүлээн ажилладаг байсан.

Дээрх ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* дугаартай тусгай зөвшөөрөл 2021 оны 11 дүгээр сарын 02, 04-ний өдөр дуусгавар болсон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: 22.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; гэж заасны дагуу холбогдох баримт бичгүүдийн бүрдүүлбэрийг ханган ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг 2021 оны 10 дугаар сарын 02, 04-ний өдрөөс өмнө гаргах ёстой байсан.

Гэвч хуульд заасан хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ сунгуулах өргөдөл гаргаагүй доор дурдсан нөхцөл, хүчин зүйлсээс болсон.

Манай компани нь дээрх хоёр тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хийгдэх Хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хянуулахаар цахимаар илгээсэн.

Гэтэл Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас хамааран Улсын онцгой комисс, Монгол байгууллагуудын ажиллах цагийн хуваарь, хорио зэргээс шалтгаалан зайнаас ажиллаж байна. Улсын засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу Ашигт малтмал газрын тосны газрын, МХЕГ зэрэг гэсэн нэрийдлээр ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөөг баталж өгөхгүй нэлээн удаасны эцэст 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын холбогдох албан тушаалтан, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр МХЕГ-ын холбогдох албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарснаар баталгаажсан.

Хайгуулын ажлын малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд зайлшгүй хавсаргадаг Байгаль төлөвлөгөө хэвлэмэл хувилбараар батлагдсан даруйд ашигт орчны менежментийн төлөвлөгөөг тухайн аймаг, сумдын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нараар батлуулахаар Дорноговь аймаг руу зорчих хүсэлтийг 2021 оны 10 сарын 13-ны өдөр гаргасан боловч цар тахлын байдлаас болоод зорчих зөвшөөрөл олгоогүй энэ байдал мөн Дорнод аймагт давтагдсан ба дээр нь нэрмээс болж тэр үед үүссэн Улаанбаатар хот болон орон нутагт бензин шатахууны хомсдол болж хөдлөх боломжгүй болсон. Бид бүх буруу КОВИД-19 цар тахал руу өгөөд байгаа мэт боловч тухайн үед /2021 оны сард/ бодит нөхцөл байдал ийм байсан тухайлбал “Т*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г********* миний хүүхдүүд КОВИД-19 өвдөж, нэгэнт халдвар авсан нь тодорхой байсан тул гэр бүлээрээ КОВИД-19 эмчилгээ хийн өөрсдийгөө бусдаас тусгаарласан байдаг.

Татварын ерөнхий хуулийн 6.1.41 “хүндэтгэн үзэх шалтгаан; гэж: 6.1.41.а.эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа; Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн өөрчлөлтөөр “4.1.2. аюулт үзэгдэл; гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг; гэж өөрчилсөн ба иргэн, хуулийн этгээд нь дээрх нөхцөл байдал тохиолдвол хөнгөлөлт эдлэх боломжийг хуулиар олгожээ.

Тухайлбал Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаас татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх боломжтой байна. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид цар тахал; гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.28. цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх, 7.1.29.төрийн байгууллага хооронд болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай цахим хэлбэрээр албан бичиг илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлсэн солилцооны дундын системийг ашиглах; гэж заасныг Ашигт малтмал, газрын тосны газар огт хэрэгжүүлээгүй.

Бидний зүгээс ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг цахимаар Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад заавал биечлэн гарга гэсэн утгагүй тайлбар гаргах гэтэл e-mongolia-д Ашигт малтмал, газрын тосны газрын нэг ч бүртгэл байхгүй байсан хэлсэн болно.

Цар тахалтай одоо уед ч гэсэн Ашигт малтмал, газрын тосны газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтын өргөдлийг биечлэн гаргуулж, гардаж аваад байгааг үнэхээр ойлгож, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, зүйлийн 5.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд дараах зарчим баримтална: 5.1.2.шуурхай, ил тын хариуцлагатай байх; зарчмыг хэрэгжүүлж ажиллахгүй өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5528 дугаар албан бичигт “... Коронавируст халдварын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэж байгаа...; гэсэн боловч дээрх мэдээ, мэдээллийг нийтэд огт мэдээлээгүй тэр ч бүү хэл сунгуулах өргөдлийг хүлээн авдаг мэргэжилтэн нь тухай үед мэдээгүй заавал өргөдлийн бүрдүүлбэрийг хангахыг шаардаж байсан ба хэрэв ил тод байх зарчмыг хангаж нийтэд мэдээлсэн бол бид заавал хайгуулын ажлын төлөвлөгөө батлахыг хүлээгүй мөн хөл хорио тогтоосон орон нутаг руу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар явах зэргээр цаг хугацаа алдахгүй байх байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгуулах” эрхтэй гэж заасан байдаг.

Дэлхий дахиныг хамарсан цар тахал болох COVID-19 -ын хор нөлөө, манай компанийг тойроогүй ба үйл ажиллагаа хэвийн явуулах ямар ч боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон байхад Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5528 дугаар албан бичигт Коронавируст халдварын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэж байгаа...” хэмээн коронавируст халдвар /КОВИД-19/-ыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулахаа мэдэгдсэн боловч Ашигт малтмал газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс ойлгож, хүлээн авахгүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхийг зөрчин, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосонд гомдолтой байна.

Ашигт малтмал, газрын тосны газар коронавируст халдвар /КОВИД-19/-ын үе хэмээн ажилтан, албан хаагчдаа төрийн байгууллагын нийтлэг жишгээр 2021 оныг дуустал зайнаас ажиллуулж байна хэмээн өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмж нь эрс дордсон байтал энэхүү үйлчилгээг нь цаг тухайд нь авч чадаагүй иргэн, хуулийн этгээд мөн адил коронавируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдлаас шалтгаалан эрх нь зөрчигдөх нөхцөл үүсэхэд үл хайхарч, ойлгож хүлээн авахгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т*********” ХХК-ийн эзэмших байсан ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* дугаартай тусгай зөвшөөрөл 2021 оны 11 дүгээр сарын 02, 04-ний өдөр дуусгавар болсон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”,  22.1.3 дах заалтад “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;” гэж заасны дагуу холбогдох баримт бичгүүдийн бүрдүүлбэрийг ханган ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг 2021 оны 10 дугаар сарын 02, 04-нөөс өмнө гаргах ёстой байсан гэдэг үндэслэлээр дуусгавар болгосон. Энэ үйл явдлуудтай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацаанд буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ өгч байсан боловч Ашигт малтмал, газрын тосны газар нь баримт бичгийн бүрдүүлбэр хангаагүй гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс үүнийг яагаад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаанд нь өгөөгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байгаа вэ гэхээр Зөрчлийн тухай хуулийн 5.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу хорио цээрийн дэглэмээ дагахгүй бол зөрчлийн арга хэмжээ авна гэж сануулж байсан. Хариуцагч байгууллагаас манайх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг бүрдүүлбэр дутуу ч хүлээж авдаг байсан гэсэн хариу өгсөн. Гэтэл баримт бичгийг бүрдүүлбэр дутуу хүлээж авч байсан гэх нийтэд ил баримт, мэдээлэл огт байдаггүй. Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал /цаашид "цар тахал" гэх/ аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”,  Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.28 дах заалтад “цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх,”, 7 дугаар зүйлийн 7.1.29 дэх заалтад “төрийн байгууллага хооронд болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай цахим хэлбэрээр албан бичиг илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлсэн солилцооны дундын системийг ашиглах;” гэж заасныг Ашигт малтмал, газрын тосны газар огт хэрэгжүүлээгүй. Тус байгууллагын мэдээллүүд нь хаалттай, заавал хайгуулын тусгай тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлийн биечлэн ирж авах ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. Нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх энэ шаардлага нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгчид үзүүлж байгаа бодит нөлөөллийг буруулах талаар арга хэмжээ авч ажилласангүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

“Ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хугацаанд гаргаагүй нь цар тахлаас болсон хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, зөвшөөрүүлэх. Ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг “Замын дагуух” нэртэй талбайд орших 1115,98 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-********* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ ийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 916 дугаар шийдвэрээр “Б*********” ХХК-д, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг “Зүүн” нэртэй талбайд орших 3579,58 га бүхий ашигт малтмалын хайгуулын XV-********* дугаартай тусгай зөвшөөрлийг мөн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 922 дугаар шийдвэрээр “Т*********” ХХК-д тус тус олгосон байна.

Ашигт малтмалын хайгуулын XV-********* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 177 дугаар шийдвэрээр Т********* ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Т********* ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-********* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасныг хянан үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 668 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг, ашигт малтмалын хайгуулын XV-********* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасныг хянан үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 667 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл тус тус 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахаар заасан байдаг ашигт Хуулийн дээрх шаардлагын дагуу “Т*********” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-********* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс, малтмалын хайгуулын XV-********* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтыг хавсарган ирүүлэх байжээ.

10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө хуулийн 22.1 Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдэж “Т*********” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “мэдэгдэлд”гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэтэл “Т*********” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг кадастрын системд бүртгэсэн байна.

Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасан. Тус компани нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө нь төрийн захиргааны байгууллагад ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төрийн захиргааны байгууллагад хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй талаар хүсэлт ирүүлж байгаагүй байна. Иймд Ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хугацаанд гаргаагүй нь цар тахлаас болсон хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, зөвшөөрүүлэх. Ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

1.“Т*********” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож,  XV-*********, XV-********* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгчийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-********* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 11 дүгээр сарын 04-ний өдөр, XV-********* дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусахаар байсан бөгөөд XV-********* дүгээр тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 10 дугаар сарын 25-ны өдөр,  XV-********* дугаар тусгай зөвшөөлтэй талбайд 2021 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус холбогдох байгаль орчны хяналтын байцаагч нар баталсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хуульд заасан өргөдөл гаргах хугацааг хэтрүүлэн батлагдсан нь нэхэмжлэгчээс үл хамаарах бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

3. Нэхэмжлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн аваад тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаанд хуульд заасан баримт бичгийг хавсарган, хугацаа сунгуулах өргөдөл гаргахад хүлээн аваагүй нь хуульд нийцээгүй гэж үзлээ.

4. Хариуцагч байгууллага тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгээгүй тул нэхэмжлэгч компаний тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өргөдөл гаргасан хугацааг тус компаний 2021 оны 10 дугаар сарын 20-ны 21/101 дүгээр албан бичиг болон мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27/21 дүгээр албан бичигт үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд өргөдөл гаргасан гэж дүгнэлээ.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: … 11.1.17.тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх;”, 11.2.”Төрийн захиргааны байгууллагын …. кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ.”, 22 дугаар зүйлийн 22.1.“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: …”, 22.2.“Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж зааснаас үзвэл хариуцагч байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийн бүртгэлийг хөтлөх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй буцаах эрхийг хуулиар олгоогүй байна. 

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын тухайн асуудлыг хариуцсан ажилтан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэсний дараа  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т зааснаар өргөдлийн бүрдэл хангасан эсэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан шаардлагыг хангасан эсэх зэргийг хянаж зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, хэрэв зөрчилтэй бол мөн зүйлийн 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” зааснаар сунгахаас татгалзах шийдвэр гаргах юм. 

5. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д  заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон гэж ойлгох боломжгүй бөгөөд хариуцагч байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэх боломжит хугацаа олгосон зохицуулалт юм.  

Иймд хуульд өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байх зохицуулалт байхгүй,  нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 20, 25-ны өдөр хугацаа сунгуулахаар өргөдөл гаргасан нь хуульд заасан 1 сарын өмнө өргөдөл гаргах хуулийн зохицуулалтад нийцээгүй боловч тус зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд багтаж хариуцагч өргөдлийг шийдвэрлэх боломжит хугацааны өмнө гаргасныг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, XV-*********, XV-********* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ашигт малтмалын тухай хуулийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч  “Т*********” ХХК-иас Ашигт малтмалын газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ашигт малтмалын хайгуулын XV-*********, XV-********* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  XV-*********, XV-********* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.



 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.ДАМДИНСҮРЭН