Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1519

 

МАГАДЛАЛ

 

2018.06.29                                                     Дугаар 1519                               Улаанбаатар хот

 

 

 

 

М.У, М.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/00961 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.У, М.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Л-д холбогдох,

 

Орон сууц захиалгаар худалдах гэрээний төлбөр 98 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э, Ж.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нар нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгаар худалдах гэрээ байгуулсан. Талууд гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Маршал таун, Кинг тавор хотхонд байрлах 72 м.кв 2 өрөө байрыг 258 300 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Гэрээний 2 дугаар зүйлд нийт үнийг хэсэгчлэн төлөх хугацаа болон хүүг тохирсон, 3 дугаар зүйлд орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэх тухай агуулгаас нь харагдана. Хэдийгээр орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Нэхэмжлэгч нар нь дараах төлбөрийг төлсөн. Гэрээний 2А дахь хэсэгт заасан 50 000 000 төгрөгийг 2 хувааж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 25 000 000 төгрөгийг, 2015 оны 2 дугаар сард 25 000 000 төгрөгийг тус тус Д.Л-д бэлнээр өгсөн. Гэрээний 2b-д зааснаар 124 100 000 төгрөгийг Д.Л-ын Худалдаа хөгжлийн банкны ипотекийн 8%-ийн орон сууцны зээлийн төлбөрийг сар бүр 1 050 000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Уг төлбөрийг 2014 оны 12 дугаар сараас эхлэн 2017 оны 07 дугаар сар хүртэл нийт 33 600 000 төгрөгийг Д.Л-д болон түүний эхнэрийнх нь дансанд тушааж байсан. Өөрөөр хэлбэл, 2 жилийн хугацаанд Худалдаа хөгжлийн банкинд Д.Л-ын орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулж байсан. Гэрээний 2С-д заасан 84 200 000 төгрөгөөс 8%-иар төлөхөөр тохирсон байдаг. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын    09-ний өдөр хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 600 000 төгрөгийг төлсөн. Нийтдээ Д.Л-д 2014 оны 12 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарыг дуустал 98 000 000 төгрөгийг төлж, барагдуулсан байдаг. Хэдийгээр нэхэмжлэлдээ 98 000 000 төгрөг гэсэн боловч даатгалын төлбөр болох 780 000 төгрөгийг манайх төлөөгүй, Д.Л өөрөө төлсөн болохоор нэхэмжлэлийн үнийн дүнгээс 780 000 төгрөг хасаж 97 220 000 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Д.Л нь нэхэмжлэгч нарт орон сууц захиалгаар худалдах гэрээний 2С дахь заалт зөрчигдсөн, 54921 ам.долларыг төлж барагдуулна гэсэн агуулгатай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь долларын ханшны зөрүүгээс болж талууд маргаж, улмаар гэрээг цуцалсан. Хариуцагч талаас гэрээнээс татгалзаж, орон сууцыг хүлээж авсан. 2017 оны 09 дүгээр сард би хүлээлгэж өгсөн. Гэрээнээс татгалзсан учраас орон сууцаа хүлээж авсан учраас гэрээгээр төлсөн мөнгийг нэхэмжлэгч нар нь шаардах эрхтэй. Ийм учраас 97 220 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: М.У, М.Г нартай энэ гэрээг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Талууд гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Уг гэрээний дагуу 2016 оны 06 дугаар сараас эхлэн гэрээний 2С заалтад заагдсан 84 200 000 төгрөгийг төлөөч гэж нэхэмжлэгч нарт сануулж хэлэхэд 12 дугаар сард төлнө гэсэн. Тухайн үед нэг ам.доллар 1874 төгрөг байсан болохоор 44934 доллар болж байсан. Нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл өгөх хүртлээ төлнө гэж байсан. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлөгдөх ёстой байсан төлбөр төлөгдөөгүй болохоор нэхэмжлэгч нартай холбогдоход “бид нар байрыг нэг мөсөн худалдаж авна, Японоос ирсэн байна, бэлэн мөнгөтэй байна, байраа ипотекийн зээлээс нь чөлөөлчих гэж хэлсэн. Тэгээд би 130 гаруй сая төгрөгийг жилийн 30%-ийн хүүтэй зээлж, ипотекийн зээлээс нь чөлөөлж, 2 000 000 төгрөг дутуу үлдээсэн. Яагаад 2 000 000 төгрөг дутуу үлдээсэн гэхээр ипотекийн зээл нь мөнгө төлөгдсөнөөс хойш 3,4 сарын дараа орон сууц барьцаанаас чөлөөлөгддөг. Улмаар нэхэмжлэгч нарыг байраа ав гэхэд өмгөөлөгч нь “би баталгаа гаргаж байна, мөнгө нь бэлэн байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь ипотекийн зээлээс нь чөлөөлж, дүүдээ итгэмжлэл өгч худалдах худалдан авах гэрээгээ дуусгавар болгоё гэтэл нэхэмжлэгч нар алга болсон. Би нийтдээ 18 удаа захиа явуулсан боловч ганц 2 нь буцаж ирсэн. 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 13 сарын хугацаанд нэг ч удаа байрыг авахгүй гэсэн санал хэлээгүй. Нэхэмжлэгч нар 2-3 жил хүний 250 000 000 гаруй төгрөгийн үнэтэй орон сууцанд суучихаад нэг ч төгрөг төлж болохгүй гэж үзэж байна. Түрээс бус эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар явж байгаа бөгөөд тухайн байранд амьдарч байсан бол төлбөрөө төлөх ёстой, үнийн дүнгээс 25 000 000 төгрөг, 19 800 000 төгрөг тус тус хасагдах ёстой. Харин үлдсэн мөнгийг нь гаргуулахаар шийдвэрлэх боломжтой. Нэг ч имэйл болон хариу өгөөгүй, сүүлдээ миний утсыг блоколсон байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Л-аас 97 220 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.У, М.Г нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Л-аас 644 049 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.У, М.Г нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 648 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хавтаст хэргийн 11, 12, 13, 14, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 36, 38, 113, 114, 115, 116, 117, 118, 119, 120, 121, 122, 123, 124, 125, 126 дугаар хуудсанд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг нотолсон баримт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагджээ. Дээрх 28 баримт нь нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг нотолж байхад шүүх дээрх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй байна. Шүүх дээрх 28 ширхэг баримтыг нотлох баримтаар үнэлэхээс татгалзсан, нотлох баримтаас хассан захирамж байхгүй тул давж заалдах шатны шүүх дээрх 28 ширхэг баримтыг үнэлж шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч М.У, М.Г нар хариуцагч Д.Л-д холбогдуулан орон сууц захиалгаар худалдах гэрээний төлбөрт шилжүүлсэн 98 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээний зүйлийн үнийг 19 жил 6 сарын хугацаанд төлөх нөхцөлтэй байгуулагдсан Орон сууц захиалгаар худалдах гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Маршал таун, Кинг тавор хотхонд байрлах 72 м.кв 2 өрөө байрыг         258 300 000 төгрөгөөр худалдах, гэрээний зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх хугацаа, хүүг гэрээний 2 дугаар зүйлээр, худалдан авагч буюу нэхэмжлэгч нар орон сууцны үнийг хугацаанд нь төлөөгүйгээс шалтгаалан гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний хүчинтэй байх хугацаанд худалдан авагч нь тус байрыг 2014 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн сарын 3 000 000 төгрөгөөр түрээслэн суусанд тооцохоор талууд тохиролцсон.  

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нар нийт 97 220 000 төгрөг төлсөн гэх ба гэрээний 2с дэх заалт зөрчигдсөнтэй холбоотойгоор хариуцагч нь уг гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч нарт шуудангаар хүргүүлж байсан, гэрээнд заасан орон сууцыг М.У, М.Г нар 33 сарын хугацаанд эзэмшиж байсан гэх хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгч нар маргаагүй, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчид орон сууцыг хүлээлгэн өгч бичгээр баримтжуулсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл болох орон сууцны үнийг хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацаа, хүү зэргийг тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байна. Гэрээний зүйлийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих талаар талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийн заалтад нийцжээ.

Хүчин төгөлдөр гэрээний үүргийг талууд харилцан шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нар гэрээний 2с-д заасан 84 200 000 төгрөг буюу 44 931 ам.долларыг 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлөх үүргээ биелүүлээгүй байх тул 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс гэрээг цуцлах тухай мэдэгдлийг М.У, М.Г нарт хүргүүлж, үүргийн зөрчлийг арилгах хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй байх тул дээх гэрээг хариуцагч цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

Гэрээ цуцлагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нар хариуцагчид төлсөн мөнгийг гаргуулахаар шаардаж байх ба хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг “худалдан авагч үүргээ зөрчсөнөөс шалтгаалан цуцлах нөхцөлд” заасан түрээсийн төлбөрийг сарын 3 000 000 төгрөгөөр, 33 сарын хугацаагаар тооцно гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.    Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь нэхэмжлэгч нар орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй үүргийн зөрчлөөс шалтгаалан цуцлагдсан байх тул хариуцагч нь гэрээнд зааснаар нэхэмжлэгч нараас түрээсийн төлбөр шаардах эрхтэй. Тодруулбал, худалдагч, худалдан авагч талаас гэрээг цуцлах тохиолдолд нэхэмжлэгч нар 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс сарын 3 000 000 төгрөгийн төлбөртэйгөөр орон сууцыг эзэмших гэсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасантай нийцсэн байна. Түүнчлэн орон сууцны үнийг хугацаанд нь төлөөгүйгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд нэхэмжлэгч нарыг орон сууц түрээслэн суусанд тооцох, сар бүр төлөх төлбөрийн хэмжээг гэрээнд бичсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд орон сууцны үнэ төлөх үүргийг түрээсийн төлбөр төлөх үүргээр солихоор тохиролцсон гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа цаашид үргэлжлэхгүй болсон тохиолдолд хариуцагчийн өмчлөлийн орон сууцанд нэхэмжлэгч нар байсан хугацаанд сарын 3 000 000 төгрөг төлөх нөхцөлтэй хийгдсэн гэрээ нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Хэдийгээр зохигчид гэрээндээ “түрээсийн төлбөр” гэж бичсэн боловч гэрээний заалтаас үзэхэд гэрээний зүйл, түүнийг ашиглах хугацааны төлбөрийн хэмжээ зэрэг гэрээний гол нөхцлийг тохиролцсон байх тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууцны хөлс төлөх үүрэг нэхэмжлэгч нарт үүссэн байна. Түрээсийн гэрээ байгуулагдаагүй учир хариуцагч нь төлбөр шаардах эрхгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцэхгүй.

Нэхэмжлэгч нар 33 сарын хугацаанд гэрээний зүйл болох орон сууцыг эзэмшилдээ байлгасан, сард 3 000 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж тооцвол хариуцагчид 99 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдлын тайлбартаа “М.У, М.Г нар хариуцагчид бодитойгоор хүлээлгэн өгөөгүй 25 000 000 төгрөг, орон сууцны зээлийн хүүд төлсөн 19 800 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, үлдэх мөнгийг төлөх үндэслэлтэй” гэж тайлбарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэрэгжих бөгөөд нэхэмжлэгч нар 25 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, орон сууцны зээлийн хүүд төлсөн мөнгөн дүнгийн хэмжээнд талууд маргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдлын тайлбарын хэмжээнд орон сууцны хөлсний үнийг тооцон нэхэмжлэгчийн хариуцагчид төлбөл зохих мөнгөн дүнгээс хасч тооцох боломжтой байна.

Хариуцагч нь орон сууцны хөлс 3 000 000 төгрөгийг 33 сараар тооцсон 99 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байснаас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт заасан 44 800 000 төгрөгийг хасвал 54 200 000 төгрөг үлдэж байгааг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Энэ хэмжээнд нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй.  

Нэхэмжлэгч анх 98 000 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа 780 000 төгрөгөөр багасгасан байх тул нэхэмжлэлээс үлдэх 43 020 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/00961 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Л-аас 54 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.У, М.Г нарт олгож, үлдэх 43 020 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...644 049...” гэснийг “...428 950...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 644 049 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                             М.НАРАНЦЭЦЭГ