Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/00767

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 4 сарын 01 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00767                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК холбогдох,

гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,400,000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК-ийн захирал миний бие М ХХК-ийн захирал Ж.Дашдэмбэрэлтэй 2015 оны 3 сарын 26-ны өдөр үр тарианы комбайн худалдан авах, тосны ургамал хамтран тариалах талаар харилцан тохиролцож 5 тоот гэрээг байгуулсан. И ХХК нь 5 тн сайн чанарын тосны ургамалын үр нийлүүлж, үүний 2 тн үрийг тариалж, 3 тн үрийг М ХХКнь 1 тн ургамлыг 2,800,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон. Тухайн гэрээний хугацаа өнгөрсөнөөс хойш М ХХКнь тухайн гэрээний 1 дүгээр хэсэгт зааснаар хугацаандаа үрийн үнийг төлөөгүй 2016, 2017 оныг хүртэл явсан ба 2017 оны 02 сарын 06-ны өдөр гэрээг дүгнэсэн тооцоо нийлсэн акт талууд үйлдсэн. Тухайн актаар өмнөх тосны ургамлын тооцоог дүгнэж тэглэсэн. Харин тооцоо нийлсэн актын 2 дахь хэсгээр худалдан авсан комбайны үнэ, зээлээр авсан 3 тонн тосны ургамалын үрийн үнийг нийлүүлээд 128,400,000 төгрөгийг ямар нэг маргаангүй төлөхөөр тохиролцсон. Тухайн тооцоо нийлсэн актыг үйлдсэнээс хойш М ХХК-иас ямар 1 төлбөр хийгдээгүй тул Тариалан эрхлэлтийг дэмжих сантай тохиролцон М ХХКруу комбайныг 120,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн. Ингээд М ХХК нь 3 тонн тосны ургамлын үрийн үнэ 8,400,000 төгрөгийн төлбөртэй үлдсэн. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээг харилцан тохиролцож уншиж ойлгосноор гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан. Иймд М ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид тосны ургамал хамтран тарихаар харилцан тохиролцож, манай газар дээр тосны ургамал тарьсан. Худалдан авсан комбайн маань И ХХК-ийн эзэмшлийнх биш, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлээр авсан комбайн байсан. Гэтэл би тухайн комбайны үнэд хэдэн төгрөг ТЭДС-д төлөх талаар шалгалгүй гарын үсэг зурсан. Тэгээд би Тариалан эрхлэлтийг дэмжих санд И ХХК-иас худалдаж авсан комбайныг өөрийн нэр лүү шилжүүлье гэж хүсэлт гаргатал И ХХК нь 2010 оноос хойш ХХААЯ-ы харьяа ТЭДС-д 1 ч төгрөг төлөөгүй байсан тул хүү тооцон бидний тохирсон 120,000,000 төгрөгөөс давсан байсан тул би тухайн комбайныг авахгүй гэдгээ хэлсэн. Комбайны үнийг төлөхөөр гэрээгээр хариуцлага хүлээсэн компани нь И ХХК, эзэмшигч нь ХХАА-н яамны харьяа ТЭДСан юм. 5 тонн үрээр тосны ургамал тариалсан гэрээ хуулийн шаардлага хангахгүй гэж бодож байна. И ХХК-иас аваад 2 тн үрийг би хэрэглээд, 3 тн үрийн мөнгийг буцааж төлнө гэсэн гэрээ болон гарын үсэг байхгүй, хамтарч тосны ургамал тарья, үрийг И ХХК гаргана, харин М ХХК-ийн газар дээр, хавар тариалалтаас намарын хураалт хүртэлх бүх зардал, техник, түлш шатахуун, хүн хүчийг бид хариуцсан, тэгээд ямар ургац хураана, түүнийгээ хувааж авна гэж тохиролцсон. Түүнээс биш тэдэн тонн ургац гарна, түүний тэрийг ингэж хуваана, тэгэхгүй бол тийм хариуцлага хүлээнэ гэж тохирсон зүйлгүй. Мөн тосны ургамлын үрийг 1 тонныг 2,800,000 төгрөг гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Тосны ургамал болон бусад улаан буудай ч гэсэн ялгаагүй таримал ургамал тул ямар үнэтэй, ямар чанартай үр талаар шинжээчээр тогтоолгох шаардлагатай болов уу. Намар ургацаа хуваагаад арван хэдэн сая төгрөгийн тосны ургамал И ХХК аваад явсан. И ХХК үр нийлүүлсэн гэж байна. Бид ИХХК-ийн нийлүүлсэн үргүй ч гэсэн үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой. Манайх И ХХК-ийн төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Намрын ургацнаас 1 тонныг нь 1,0 сая төгрөгөөр бодож 10 гаран сая төгрөгийн рапс өгсөн. Комбайны асуудал болон тосны ургамлын талаар ярьсан гар бичмэл байдгийг гэрээ гэж үзэхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

И ХХК нь М ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Хамтран ажиллахаар тохиролцсон, үүндээ 2 дахь заалтад 3 тонн үрийг зээлээр худалдсан тул гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь 3 тн үрийн мөнгийг буцааж төлнө гэж гэрээ болон гарын үсэг байхгүй, хамтарч тосны ургамал тарья, үрийг И ХХК гаргана, харин М ХХК-ийн газар дээр, хавар тариалалтаас намарын хураалт хүртэлх бүх зардал, техник, түлш шатахуун, хүн хүчийг бид хариуцахаар тохирсон, төлбөрийг намрын ургацаас тн-ыг 1,0 сая төгрөгөөр бодож 10 гаран сая төгрөгийн рапс өгч бүрэн барагдуулсан гэж маргасан байна.

 

Зохигч талууд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тосны ургамал тариалалт дээр хамтран ажиллах зорилгоор гэж гэрээний зорилгыг тодорхойлж, М ХХК нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь өөрийн эзэмшлийн уринштай 200 га талбайд И ХХК-ийг тосны ургамал тариулах бөгөөд тариалалтын ажиллагааг өөрийн техникээр хийх, И ХХК нь шаардагдах шатахууныг хариуцахаар тохиролцсон, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Дээрх гэрээг хэрэгжүүлэхийн тулд үр тарианы комбайныг 119,600,000 төгрөгийн үнэ бүхий комбайныг И ХХК-иас М ХХКнь худалдан авах, нэхэмжлэгч нь тосны ургамлын 2 тонныг өөрөө тарих, хариуцагч нь нэхэмжлэгчээс 3 тонныг зээлээр авахаар тохиролцжээ.

 

 

Талууд гэрээний 1.1 болон 2.2 дахь заалтаар маргаж байх бөгөөд тухайн үеийн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний нөхцөл, гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн акт болон хэргийн үйл баримтаар дээрх заалтын хүрээнд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Уг заалтуудаар үр тарианы комбайн худалдан авах, тосны ургамлын үрийг худалдахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

 

Худалдан авсан комбайны талаар хариуцагч нь И ХХК-ийн эзэмшлийнх биш, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлээр авсан комбайн байсан гэж маргаж байх ч нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй байна.

 

Харин хариуцагч тухайн комбайны төлбөрт хэдэн төгрөг ТЭДС-д төлөх талаар шалгалгүй гарын үсэг зурсан гэж тайлбар гаргаснаас дүгнэхэд эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Гэрээний 2.2 дахь заалтаар М ХХКнь 1 тонн үрийг 2,800,000 төгрөгөөр тохиролцон, 3 тонн үрийг зээлээр худалдан авч, 8,400,000 төгрөгийг намар рапсаар эсвэл борлуулалтаасаа шууд төлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд 3 тонн үрийг хүлээн аваагүй талаар хариуцагч маргахгүй байх тул дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч нь худалдсан хөрөнгийн үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч 5 тонн үрээр тосны ургамал тариалсан гэрээ хуулийн шаардлага хангахгүй, үрийн мөнгийг буцааж төлнө гэсэн гэрээ болон гарын үсэг байхгүй, төлбөрийг намрын ургацаас 10 гаран сая төгрөгийн рапс өгч бүрэн барагдуулсан гэж маргасан тайлбарыг гаргасан атлаа түүнтэй холбоотой баримтыг цуглуулах бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Талууд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 05 тоот гэрээг дүгнэж, тосны ургамлын үрийг тарьж ургуулсан ба хурааж авсан зардал, түүнээс олсон орлого, бусад тооцоог тэглэж, худалдан авсан комбайны үнэ, зээлээр авсан тосны ургамалын үнэ 2-ыг нийлүүлээд 128,400,000 төгрөгийг өгч авалцахаар талууд харилцан тохиролцсон байна.

 

Хэрэгт авагдсан ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 332 тоот Тооцоо нийлсэн актаар М ХХКруу комбайныг 120,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн байгаагаар хариуцагчийн комбайны үнэнд хүү тооцон тохирсон 120,000,000 төгрөгөөс давсан талаархи тайлбар няцаагдаж байна.

 

Талууд  2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 05 тоот гэрээг дүгнэхдээ комбайн болон үр тарианы төлбөрт 128,400,000 төгрөгийг төлөхөөр тооцсон байгаа боловч төлбөрийн нийт /119,600,000+8,400,000/ дүн нь 128,000,000 төгрөг байх тул 332 тоот Тооцоо нийлсэн актын дагуу хариуцагчийн шилжүүлсэн 120,000,000 төгрөгийг хасч, үлдэх 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, шаардлагаас үлдэх 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 149.350 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагчаас 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулан, И ХХК-д /РД:2564564/  олгож, шаардлагаас үлдэх 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 149,350 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагчаас 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ