Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 А.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Т.Төмөртулга

            Шүүгдэгч А.Б

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам  

           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нарыг оролцуулан хийж,          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор А.Бд холбогдох эрүүгийн 1922002140103 тоот хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

           Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Цогтчандмань /одоогийн Эрдэнэдалай сум гэх/ суманд 1955.12.30-нд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, радист телеграфчин мэргэжилтэй ,өндөр насны тэтгэвэрт байдаг, Дундговь аймгийн тоотод ам бүл ганцаар оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗП / Боржигин овогт Аийн Б.

 

           А.Б нь 2019 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг Далайн 6-26 тоотод байх иргэн Р.Бын байшингийн цонхыг хагалан орж, эрэгтэй хүний буудаг булган малгай, индүү, 2 шил Эден архи,трагерц чулуун бугуйвч зүүлт, утаат манан ээмэг зүүлт, усан болор ээмэг зүүлт, хаан бугуйвч хатан сүйхтэй хос мөнгөн бугуйвч, 2 ширхэг эмэгтэй мөнгөн бөгж, 4 ширхэг мөнгөн зоос /ёншгойт/, машины смарт түлхүүр зэрэг эд зүйлс хулгайлж,  2.004.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

           Боржигин овогт Аийн Бг орон байранд нэвтэрч 2.044.000 төгрөгийн эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан  А. Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хулгайлж авсан эд зүйлээс Эдэн архи, чихрээс бусад эд зүйлийг хохирогч Р.Бт биетээр буцааж өгсөн, хохирогч Р.Б иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Бын эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулахтай холбогдох иргэний нэхэмжлэлийг бүрэн хангагдсан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдож Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019-11-14-ны өдрийн 98 тоот шийтгэх тогтоолоор 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэгдсэн.

А.Бд оногдуулсан ял нь хууль зүйн хувьд хүнддээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь ам бүл ганцаараа амьдардаг. Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг ойлгон, гэмшиж дүгнэлт хийж байгаа. Биеийн эрүүл мэндийн хувьд 10-аад жилийн өмнө хэлгүй болж ямар ч хүнтэй ярилцаж чадахгүй болж ах, эгч дүү нарынхаа асрамжинд хувийн эмнэлэг, уламжлалын аргаар эмчилгээ сувилгаа хийлгэж 3 жилийн өмнө хэлд орж одоо зүгээр ярьдаг болсон. Гэр бүлийн хүн нь 2019 онд нас барсан. Эмнэлгийн шугамаар явж эмчилгээ хийлгээгүй болохоор сум орон нутгийн эмнэлгийн байгууллага А.Бг ямар өвчнөөр өвдөж байсныг мэдэхгүй байгаа юм. Урьд өмнө нь ямар нэгэн хэрэг, зөрчил гаргаж байгаагүй. Өсөх наснаасаа эхлэн мал аж ахуй эрхэлж байсан. Одоо өндөр настан болчихоод хулгайлах гэмт хэрэгт холбогдоод ял шийтгэл аваад цоожтой савны цаана эрх чөлөөгөө хасуулаад, сууж байгаадаа үнэхээр харамсаж байна.

Иймд А.Бд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Прокурор Т.Төмөртулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан, шүүхээс Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг журамлан  доош татаж 1 жилийн хорих ял оногдуулсан  тул  шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Тус шүүхээс  шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд  заасан эрх хэмжээнийхээ хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах болон анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн  бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг, Далайн 6-26 тоот хашаанд байх иргэн Р.Бын байшингийн цонхыг хагалан орж, эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүхээс А.Бгийн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хулгайлсан эд зүйлсийг биет байдлаар нь хохирогчид буцаан өгсөн зэргийг анхааран үзсэнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг доош татаж 1 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн ялыг хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийг 14 нэр төрлийн эд зүйл хулгайлж, 2.004.000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  “... 2.004.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж, шийтгэх тогтоолын  тогтоох хэсэгт  “...2.044.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж хохирлын хэмжээг зөрүүтэй бичсэн байгаа боловч хохирлын зөрүү бага, хулгайлсан эд зүйлсийг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн зэргийг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаагүй болно.

Шүүгдэгч нь хулгайлж авсан зүйлсээсээ 2 шил архи, 2 уут чихрийг ууж, идсэн  бөгөөд хохирогч Р.Бын малын хороог засч, бэлчээрийн талбайн торон хашааны банзыг хадаж өгсөн хөдөлмөрийн хөлсөө хохиролд тооцуулсан тухайгаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтаар Р.Бын эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулахтай холбогдох иргэний нэхэмжлэлийг бүрэн хангагдсан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Р.Б нь хулгайд алдсан эд зүйлсээ 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр биет байдлаар хүлээн авсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон байцаалт өгөхдөө эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, А.Бгаас эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хуу-09/, хохирогч Р.Бт эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хуу-10/ нотлогдсон байхад шүүхээс нэхэмжлэлийг бүрэн хангагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Харин шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлсийг хохирогчид биет байдлаар буцаан өгч хохиролгүй болгосныг дурьдаж шийдвэрлэх ёстой  байсан талаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болтол 100 хоног цагдан хоригдсон байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 100 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны    шүүхийн  магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                  

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                   Т.БЯМБАЖАВ