Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 98

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

 

           

         

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа

Улсын яллагч: Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Г.Лхам

Шүүгдэгч: А.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох 1922002140103 тоот хэргийг 2019 оны 11 сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Цогтчандмань /одоогийн Эрдэнэдалай сум гэх/ суманд 1955.12.30-нд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, радист телеграфчин мэргэжилтэй гэх, тэтгэвэрт гарсан гэх, ам бүл 1, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р баг Цагаан-Усны 14-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт А.Б нь хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг Далайн 6-26 тоотод оршин суух иргэн Р.Батбаярын байшингийн цонхыг хагалан орж, эд зүйлс хулгайлж нийт 2.004.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Хохирогч Р.Б-ын “Би 2019 оны 8-р сарын 7-ны өдөр гэрээ эзэнгүй цоожилж орхиод гэрээсээ би эхнэр Насандэлгэрийн хамт бид хоёр тус аймгийн Гурвансайхан сумын Их газрын чулуунд болох наадамд яваад 2019-08-12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед ирээд гэртээ орох гэтэл манай байшингийн хаалганы урд байх зүүн талын цонх хагарсан, хүн орсон байдалтай байсан, байшин руугаа орж үзэхэд манай эхнэр Насандэлгэрийн ээмэг бөгж савтайгаа алга болсон байсан. Тэгээд мөн байшингийн дотор талд цонхны шил бутарсан байсан. Тэгээд эд зүйлээ шалгаж үзэхэд толины тавиур дээр байсан саван дотор нь эмэгтэй хүний трагерц чулуун зүүлт 1 ширхэг, бугуйвч 1 ширхэг, утаат манан чулуун зүүлт, ээмэг, усан болор ээмэг, кулон,хаан бугуйвч хатан сүйхтэй хос мөнгөн бөгж, эмэгтэй хүний нарийн мөнгөн гинж, эмэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг, улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж кулон гэх зэрэг зүйл байсан мөн шургуулганд байсан эрэгтэй хүний буудаг булган малгай, эден гэх нэртэй 07 грамын 2 шил архи , ногоон цагаан өнгийн алагласан индүү, хоёр ууттай чихэр , мөнгөн ёншгод 4 ширхэг, Rumion маркын авто машины смарт түлхүүр, хүүхдийн бэлэгний уутан дотор байсан гадуураа шоколадтай хүрэн бөөрөнхий хэлбэртэй пичень, хүрэн чемодан гэх зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан. Би хулгайд эд зүйлээ алдсандаа гомдолтой байна, алдагдсан эд зүйлээ тооцож үзэхэд нийтдээ 2,084,000 төгрөг болсон байсан гэх мэдүүлэг /хх-13/
  • Гэрч Э.Насандэлгэрийн “Би нөхөр Батбаярын хамт 2019-08-07-ны өдөр гэрээ түгжээд эзэнгүй орхиод Гурвансайхан сумын Их газрын чулуунд болох наадамд яваад 2019-08-12-ны шөнө 02 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы хажууд байх зүүн талын цонхыг хагалсан хүн орсон байдалтай байсан. Тэгээд орж үзэхэд цонхны шил байшингийн дотор талд бутарсан байсан.  Тэгээд эд зүйлээ шалгаж үзэхэд толины тавиур дээр байсан миний ээмэг зүүлт савтайгаа байхгүй байсан гэх мэдүүлэг /хх-15/
  • Гэрч Б.Балдан-Осорын “А.Б нь 2019-08-12-ноос 13-нд шилжих шөнө хаана байсныг сайн мэдэхгүй байна харин 2019-08-12-нд А.Б нь яг ямар гуталтай байхыг сайн анзаараагүй манай гэрийн хойд амбаарт сүүлийн 5,6 хоногт хувцсаа хийчихсэн байсан. Тэгээд л хувцас, гутлаа солиод л гардагийг л мэдэж байна би бас ах дүүгийн холбоотой болохоор хамаагүй хөөж чаддаггүй юм, сүүлийн үед нэг хагас түрийтэй хар өнгийн гутал өмсөөд явж байсан. А.Бгийн эхнэр нь 2018 онд нас барсан, ер нь нэг охин, нэг хүүтэй хүн, хүү нь хөдөө тусдаа амьдралтай малчин, охин нь саяхан хүнтэй гэр бүл болоод Хулд суманд амьдардаг, тэгээд одоо өөрөө ганцаараа амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хх-17/
  • Гэрч Д.Цогтбаярын : 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би Сүхээ гэх хүнтэй хамт Туслахын хашаанд байшингийн дээвэр буулгаж, банзны хадаасыг авч цэвэрлэх ажил хийж байхад 9 цагийн үед Д.Батбуян Сүхээ бид хоёр дээр ирээд би ярихдаа “урд өдөр жаахан юм уусан дотор эвгүй байна шараа тайлмаар байна” гэхэд Д.Батбуян шар тайлах амархан ш дээ гэж хэлчихээд яваад өгсөн. Төд удалгүй 0,7 грамын Эден гэх архи авчирч Сүхээ бид хоёрт өгөхөөр нь Сүхээ , Батбуян , Дэжид гэх хүмүүстэй хамт тэр авчирсан архийг хувааж уусан, тэр архинаас Д.Батбуян 2 удаа татчихаад би одоо болно гээд яваад өгсөн, тэгээд Сүхээ бид хоёр хийж байсан ажлаа үргэлжлүүлж хийгээд орой 18 цаг гээд тараад гэр гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх-18/
  • Гэрч Б.Санжаасүрэнгийн: “2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би найз Цогтбаярын хамт Туслахын хашаанд хөлсөөр байшингийн дээвэр буулгаж банзны хадаасыг авч цэвэрлэх ажил ажил хийж байхад 09 цагийн үед Д.Батбуян нь бид хоёр дээр ирээд , Батбуян Цогтбаяр бид гурав юм ярьж байгаад Цогтбаяр жаахан юм уусан чинь дотор эвгүй байна шараа тайлмаар байна гэхэд Д.Батбуян шар тайлах амархан ш дээ гэж хэлчихээд яваад өгсөн удалгүй 700  граммын эден гэх архи авчирч Цогтбаярт өгөхөөр нь Цогтбаяр , Батбуян , Дэжид гэх хүмүүстэй хамт тэр авчирсан эден гэх архийг хувааж уусан, Батбуян их уугаагүй ганц нэг л татчихаад би болно гээд явсан, Тэгээд үлдсэн архийг нь ууж дуусчихаад бид хоёр хийж байсан ажлаа үргэлжлүүлж хийгээд орой 18 цаг гээд тараад гэр гэрлүүгээ явцгаасан  гэх мэдүүлэг /хх-19/
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:  уг хэрэг учрал болсон гэх газар нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р багийн нутаг дэвсгэр Далайн 6-26 тоот хашаа байв. Уг хашаан дотор Г хэлбэртэй блокоор барьсан ертөнцийн зүгээр урд хэсэг нь граж хойд хэсэг нь хүн амьдрах зориулалтын байшин нь Г хэлбэртэй, граж байшин хоёр нийлсэн байв. Байшингийн үүд болон урд хэсэгт байх цонх хагарсан, байшингийн дотор ертөнцийн зүгээр урд хүрэн өнгийн  хувцасны шкаф байв. Хагарсан цонхны шил нь дотор талруугаа бутарч хагарсан хэлтэрхийнүүд хувцас нь шкафны урд бутарч шалан дээр унасан байв. Байшингийн урд хүрэн өнгийн буйдан байв. Буйдангийн баруун талд хуванцар хувцасны шүүгээ байв. Шүүгээний баруун дээд хэсгийн шүүгээн дотор буудаг орос булган малгай байсан гэх, мөн байшингийн баруун хананд модон тавилга, тавилган дээр телевизор, бурхан гэх зэрэг эд зүйл байв. Ертөнцийн зүгээр байшин дотор баруун хананд байх тавилганы баруун хойд талд тольтой шургуулгатай тавилга байв. Тавилга дээр нүүрний тос,  4 талтай малгай гэх эд зүйл байв. Уг малгайны хажууд эмэгтэй хүний монетон бөгж, ээмэг, зүүлт гэх зэрэг эд зүйлсээ хийсэн ягаан өнгийн  хайрцагтай зүүсгэл, эдлэл байсан гэх. Урд талд байрлах буйдангийн  хойд талд байсан хүрэн өнгийн чемодан байхгүй болсон. Байшингийн хойд талд хүрэн улаан өнгийн буйдан, сандал дунд нь шаргал өнгийн бүтээлгээр бүтээсэн ширээ байв. Байшингийн ертөнцийн зүгээр зүүн хойд талд ус цэвэршүүлэгч, хөргөгч, шарах шүүгээ гал тогооны шаргал өнгийн модон тавилга байв. Үзлэгийн явцад эд мөрийн баримтаар ямар нэгэн эд зүйл хураан аваагүй, ямар нэгэн ул мөр илрээгүй болно. Үзлэгийн үед хөндлөнгийн гэрч оролцогч нараас ямар нэгэн  санал, хүсэлт гаргаагүй гэжээ /хх-3/
  • Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6/
  • Шүүгдэгч А.Бгаас 2019 оны 8 сарын 14-ний өдөр “эрэгтэй хүний буудаг булган малгай 1 ширхэг, трагерц чулуун зүүлт, ээмэг, хос мөнгөн бөгж, эмэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг, утаат манан ээмэг, зүүлт, улаан чулуун шигтгээтэй мөнгөн  бөгж, ээмэг, кулон, усан болор ээмэг, кулон, эмэгтэй хүний мөнгөн гинж, индүү, чихэр, ягаан өнгийн  ээмэг, бөгжний сав, чемодань, Rumion маркийн машины смарт түлхүүр, 4 ширхэг мөнгөн зоос” хураан авсан тэмдэглэл /хх-9/
  • Хохирогч Р.Батбаярт дээрх эд зүйлийг тоо ёсоор нь 2019 оны 8 сарын 15-нд хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-10/
  • Үнэлгээний комиссын  эд зүйлд үнэлгээ хийсэн актад: эрэгтэй хүний буудаг булган малгай хуучин-360.000 төгрөг, трагерц чулуун зүүлт, бугуйвч тус бүр 1 ширхэг шинэ-120.000 төгрөг, утаат манан ээмэг, зүүлт тус бүр 1 ширхэг шинэ-70,000 төгрөг, усан болор ээмэг, кулон тус бүр 1 ширхэг хуучин-15,000 төгрөг, хос мөнгөн бөгж, хуучин-30,000 төгрөг, мөнгөн бөгж 2 ширхэг хуучин-20,000 төгрөг, мөнгөн гинж 1 ширхэг- 15,000 төгрөг, улаан чулуун шигтгээтэй ээмэг, бөгж, кулон-150,000 төгрөг, мөнгөн зоос 4 ширхэг хуучин-240.000 төгрөг, индүү 1 ширхэг шинэ -40,000 төгрөг, Rumion маркийн автомашины смарт түлхүүр 1 ширхэг хуучин-700,000 төгрөг, чемодан 1 ширхэг хуучин-60,000 төгрөг, Эдэн архи 0.7 литр 2 шил задлаагүй-54,000 төгрөг, Чихэр 2 уут задалсан-30.000 төгрөг, 60x80 хэмжээтэй вакум цонхны шил хуучин-100.000 төгрөг,  нийт-2.004.000 төгрөг гэжээ /хх22-23/

              Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг Далайн 6-26 тоотод оршин суух иргэн Р.Б-ын байшингийн цонхыг хагалан орж, булган малгай, ээмэг, зүүлт, бөгж, зоос, архи, чихэр автомашины смарт түлхүүр зэрэг нийт 16 нэр төрлийн эд зүйлсийг хулгайлан, чемоданд хийн авч гарсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-3/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-9/, хохирогч Р.Батбаяр /хх-13/, гэрч Э.Насандэлгэр нарын мэдүүлэг /хх-15/ шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг бусдын орон байранд нэвтрэн орж үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь хулгайлсан эд зүйлсийг мөрдөгчид хураалган, хохирогчид буцааж хүлээлгэн өгсөн /хх-10/ ба хохирогчоос цагдаагийн байгууллагад 2019.08.26-ны өдөр гаргасан хүсэлтдээ “алдагдсан эд зүйлээ Цагдаагийн байгууллагаас тоо ёсоор бүрэн бүтэн хүлээн авсан, миний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-49/ гэжээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн  1.9 дэх хэсэгт зааснаар “хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар “иргэний нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж, мөн зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар “шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үед иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болох ба хүсэлтийг шүүх хангана” гэж тус тус заажээ.

         Хуулийн дээрх заалтыг үндэслэн хохирогч хохирлоо бүрэн барагдуулсан шалтгаанаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хангаж,  холбогдох иргэний  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй  байна.

         Шүүгдэгч А.Б нь үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэг байна.

          Хэдийгээр  гэмт хэрэг үйлдсэн этгээд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, мөн хохирогч нь гомдол саналгүй гэж эвлэрэх хүсэлт гаргасан хэдий ч хүнд гэмт хэрэгт холбогдсон тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

           Харин шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шударгаар мэдүүлэн, бусдад төлбөргүй. хохирогч “гомдолгүй” гэж эвлэрэх санал гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэн оногдуулах хуулийн заалтыг хэрэглэх үндэслэл болж байна.

          Шүүгдэгч А.Б нь хохирогчийг “айлгах, хашраах зорилгоор эд зүйлийг нь авсан” гэж мэдүүлсэн нь баримтаар тогтоогдсонгүй.

           Шүүгдэгч А.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “гомдолгүй” гэсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлөх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч А.Б 64 настай, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

             Шүүгдэгч А.Б-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн Дундговь аймгийн Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл,

36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Боржигин А.Б-г орон байранд нэвтэрч 2.044.000 төгрөгийн эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан болгон Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигин овогт А.Б-д /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан Боржигин овогт А.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Р.Батбаяр хулгайлж авсан эд зүйлээс Эдэн архи, чихрээс бусад эд зүйлийг биетээр буцаан хүлээлгэж өгсөн, хохирогч Р.Б иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэсэн ба шүүгдэгч А.Б бусдад төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Б-ын эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулахтай холбогдох иргэний нэхэмжлэлийг бүрэн хангагдсан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

6.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан шийдвэрлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ