Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2023/00166

 

Б.Бийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00664 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2023/00932 дугаар магадлалтай,

Б.Бийн нэхэмжлэлтэй

Б.Бат холбогдох

   27,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Бэ нь Б.Бат холбогдуулан 27,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00664 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д заасныг баримтлан хариуцагч Б.Бааас 26,500,000 төгрөгийг гаргуулж, Б.Бэд олгож, нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бааас 290,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бэд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2023/00932 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00664 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...26,500,000 төгрөгийг... гэснийг ...11,500,000 төгрөгийг... гэж, ...1,000,000 төгрөгт... гэснийг ...16,000,000 төгрөгт... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...290,450 төгрөг... гэснийг ...198,950... төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 233,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Б.Бэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

       Магадлалд “Нэхэмжлэгч нь хувийн сууцыг бусдад 2,500,000 төгрөгөөр худалдсан гэж, хариуцагч нь хувийн сууцыг 15,000,000 төгрөгт тооцсон гэж тус тус харилцан адилгүй тайлбарладаг. Хэргийн 22-232 дугаар талд авагдсан худалдах, худалдан авах гэрээнд 100 м.кв талбайтай хувийн сууцны үнийг 15,000,000 төгрөг гэж тодорхойлсон байх тул хариуцагч талын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэв” гэж дүгнэсэн нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ:

       4.1. Иргэн Б.Бэ, Б.Ба бидний дундын өмчлөлийн газар нь дахин төлөвлөлтийн газарт орсны улмаас барилгын компанид газрыг 100,000,000 төгрөг, орон сууцыг 15,000,000 төгрөг гэж тохиролцон худалдсан. Ийнхүү худалдсан шалтгаан нь газрыг дангаар нь үнэлж худалдаж болохгүй тул дээрх үл хөдлөх хөрөнгөтэй нь худалдаж байгаа гэсэн гэрээг хийх шаардлагатай болсон. Учир нь барилгын компанийн хувьд газар дээрх барилга нь ямар ч үнэ цэнгүй байсан бөгөөд харин ч тухай барилгыг буулгахад нэмж зардал гарах тул өөрсдөө газраа чөлөөлж өгөхийг хүсч байсан. Тухайн барилга нь хэрэв газартайгаа хамт байсан бол 15 сая төгрөг хүрч болох байсан боловч газраас салгамагц зориулалт нь алдагдаж үндсэндээ модны түүхий эд болон хувирсан.

       4.2. Уг байшинг 15 сая төгрөгийн үнэд хүрэхгүй гэдэг бас нэг нотолгоо нь барилгын компани анх тохиролцсон 115 сая төгрөгөөс байшингийн үнийг хасч тооцоогүй явдал байна. Хэрэв үнэхээр 15 сая төгрөгийн үнэтэй байсан бол байшингаа нүүлгэсэн гэх шалтгаанаар зөрүү мөнгийг биднээс нэхэмжлэх байсан юм. Харин ч эсрэгээр газраа чөлөөлж байшингаа нүүлгэвэл барилгын компанийн хувьд зардал хэмнэнэ гэсэн байр суурьтай байсан.

       4.3. Уг байшинг хэзээ хэрхэн буулгаж нүүлгэсэн талаар хариуцагч миний төрсөн ах Б.Ба үнэндээ ямар ч ойлголтгүй явж байна. Газраа чөлөөлөх нь тодорхой болмогц нэгэнт нураагдах нь тодорхой байшинг буулган модных нь үнээр 2,5 сая төгрөгөөр зарж аавынхаа эмчилгээнд зарцуулж байх үед хожим ийм маргаан гарна гэдгийг би огт гадарлаагүй. Ер нь энэ мөнгийг би ч аваагүй бөгөөд газар, байшингийн 50 хувийн өмчлөгч байсан бидний эцэг Д.Бд зориулагдсаныг харамсалтай нь миний ах огт оролцоогүйн улмаас ойлгохгүй явжээ. Хожим нь барилгын компанитай байгуулсан гэрээн дээрх дүнг ашиглан нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсанд гомдолтой байна. Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зөрүүтэй байх тул Улсын дээд шүүхийн хуралд намайг болон миний ахыг биечлэн оролцуулж нүүрэлдүүлэн асууж энэ маргааныг үнэн зөв бодитой шийдвэрлэж өгөхийг хүсье. Эцэст нь тэмдэглэхэд дүүргийн шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн бодитой судалж маргааныг шийдвэрлэсэн бол Нийслэлийн шүүх дэндүү хайхрамжгүй хандаж шийдвэр гаргасанд туйлын харамсалтай байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.09.15-ны өдрийн 001ШХТ2023/00916 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Б.Бийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Б.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах үндэстэй байна.

7. Нэхэмжлэгч Б.Бэ нь хариуцагч Б.Бат холбогдуулан 27,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “... гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд эцэг Д.Бн хамт өмчилж байсан амины сууц, газрыг бусдын өмчлөлд шилжүүлэх болсон. Эцэг Д.Б 2017 онд нас барсан. ... би өөрт ногдох өвийн хэсгээсээ татгалзаж ах Б.Бат шилжүүлсэн. Газрыг 100,000,000 төгрөг, байшинг 15,000,000 төгрөгт тооцон Г.З-д худалдан ... нийт 115,000,000 төгрөгийг адил тэнцүү хувааж авахаар тохирсон. Энэ төлбөрөөс надад ногдох хэсэг 57,500,000 төгрөг болох ба үүнээс 31,000,000 төгрөгийг хүлээн авсан. ... газар, хувийн сууцыг шилжүүлсний хариу төлбөрт ирсэн орон сууцыг ах Б.Ба шилжүүлж авсан учраас үлдэх 27,500,000 төгрөгийг түүнээс гаргуулна” гэж тайлбарласан байна.

8. Хариуцагч Б.Ба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, үндэслэлээ тайлбарлахдаа “... маргаж буй газар, амины сууц нь анхнаасаа миний өмчлөлийн зүйл. Эцэг, эхээс эгч, дүү хоёрт хөрөнгө буюу хашаа байшин, орон сууц өгсөн боловч үрэн таран хийсэн. ... энэ газар надад үлдэх учиртай боловч өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулсан байна, ... амины сууцыг миний бие өөрөө барьсан. Дүү Б.Бэд би хашаа байшин, машин худалдаж авч өгч байсан боловч түүнийг эгч өөрийн хүүхдүүддээ өгсөн. ...эгч дүү нар минь эцэг эхээс үлдээсэн үнэ цэнтэй зүйлсийг дур мэдэн үгүй хийдэг. Энэ газар, байшин нь дүү бид хоёрын 50, 50 хувийн өмчлөлийн зүйл биш, миний өмчлөлийн зүйл” гэж маргасан байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 26,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... Б.Бэ, Б.Ба нар нь үл хөдлөх эд хөрөнгийг дундаа адил хэмжээгээр өмчлөгч. Ийнхүү өмчилж байхдаа газар, байшинг 115,000,000 төгрөгөөр бусдад худалдсан байх тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 50 хувь болох 57,500,000 төгрөг нь өмчлөгч тус бүрт ногдоно. Нэхэмжлэгч Б.Бэ өөрт нь ногдох хэсгээс 31,000,000 төгрөгийг хүлээн авсан болохыг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн учир үлдэх 26,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг, 108.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлоогүй” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 16,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 11,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч амины сууцыг бусдад 2,500,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарласан нь баримтаар тогтоогдсонгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын Г.З-той байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд амины сууцны үнийг 15,000,000 төгрөг гэж үнэлсэн байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж үзсэн байна.  

11. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар адил дүгнэж, нэхэмжлэгч Б.Бэ, хариуцагч Б.Ба нар нь Нийслэлийн ...... хаягт байршилтай 100 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХ дугаартай хувийн орон сууц, мөн хаягт байрлалтай ХХХХХХ нэгж талбарын дугаартай, 229.53 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн угаартай газрыг адил хэмжээгээр дундаа хэсгээр өмчилж байсан нөхцөл байдлыг үндэслэл бүхий тогтоожээ. Хариуцагч Б.Ба маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд түүний дангаар өмчлөлийн зүйл болох талаар тайлбар гарган мэтгэлцсэн байх боловч энэ талаарх тайлбараа нотолж чадаагүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна. Эцэг эхээс хүүхдүүдэд оноон өмчлүүлсэн, бэлэглэсэн, тусламжийн байдлаар өөр эд хөрөнгө шилжүүлсэн нь дээрх эд хөрөнгийг Б.Ба дангаараа өмчлөх эрхтэй гэж үзэх хангалттай хууль зүйн үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч Б.Бэ эцэг Д.Бн хамт дундаа өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг эцэг Д.Бг нас барсны дараа ах Б.Баын хамт адил хэмжээгээр дундаа өмчлөх болсон, Б.Бэ эцгийн хөрөнгөөс түүнд өвлөгдөх хувиасаа татгалзаж ах Б.Бат 50 хувийн өмчлөх эрх үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн гэх тайлбар гаргаж, холбогдох хэлцэл, улсын бүртгэлийн баримтуудыг нотлох баримтаар гаргасан байх ба эдгээрийг үгүйсгэх баримт хэрэгт авагдсангүй. Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасныг баримтлан Б.Бэ, Б.Ба нар нь газар ба амины сууцыг адил хэмжээгээр дундаа хэсгээр өмчлөх эрхтэй байсан гэх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

12. Талууд маргаан бүхий хоёр үл хөдлөх эд хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Г.З гэх гуравдагч этгээдэд газрыг 100,000,000 төгрөгөөр, амины сууцыг 15,000,000 төгрөгт үнэлэн, нийт 115,000,000 төгрөгөөр худалдсан үйл баримтын тухайд маргаагүй. Харин үл хөдлөх эд хөрөнгүүд нь дундын өмч байгаагүй гэх үндэслэлээр дээрх үнийн дүнгээс нэхэмжлэгч Б.Бэд ногдох хэсгийг төлөхөөс хариуцагч Б.Ба татгалзсан нь маргааны зүйл болжээ. Дээр дурдсанчлан газар ба амины сууц нь дундын өмч мөн тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, 115,000,000 төгрөгөөс ногдох хэсэг болох 57,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бэ шаардах нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д нийцнэ.

Зохигч нь Б.Бэ өөрт ногдох хэсгээс 31,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй, үлдэх 26,500,000 төгрөгийг өгөх үндэстэй эсэх асуудлаар маргасан ба ийнхүү маргах гол шалтгаан нь 15,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн амины сууцыг нэхэмжлэгч буулгасан нь нэхэмжлэгчид ногдох хэсгээс уг 15,000,000 төгрөгийг хасах үндэслэл болох эсэхээс үүдэлтэй байна. Анхан шатны шүүх 26,500,000 төгрөгийг хариуцагчаас бүхэлд нь гаргуулж шийдвэрлэснээрээ нэхэмжлэгч байшинг буулгасан нь түүнд ногдох төлбөрийн хэмжээг энэ дүнгээр багасгах үндэслэл болохгүй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 11,500,000 төгрөгийг гаргуулснаараа ийнхүү буулгасны төлөөх хариуцлагыг нэхэмжлэгчид хүлээлгэж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Шүүхийн аль аль шийдэл үндэслэл бүхий болж чадсангүй. 

13. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газар ба түүний дээрх амины сууцыг эрх бүхий этгээд худалдан авч байгаа нь уг газарт нийтийн зориулалттай орон сууц барих, нийтийн ашиг сонирхлын тусын тулд газрыг дахин төлөвлөх зорилготой нь нийтэд илэрхий үйл баримт. Энэ агуулгаар газарт баригдсан амины сууцыг дахин төлөвлөлт хийх үндэслэлээр худалдан авч байгаа этгээдүүд зориулалтаар нь ашиглалгүйгээр буулгаж, зөвхөн газрыг дахин ашиглах зорилготой байдаг. Иймд уг байшинг буулгах явдал нь худалдагчид ямар нэг ашиг бий болгоогүй, илүүтэй худалдан авагчийн тусын тулд худалдах, худалдан авах гэрээний зорилгод нийцүүлсэн үйлдэл байсан гэх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй. Иймд уг сууцыг буулгаснаар гэрээнд тохирсон үнэлгээ болох 15,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч Б.Бийн орлого нэмэгдээгүй тул дундын хөрөнгийг зарж борлуулан олох орлогын нэхэмжлэгчид ногдох хэсгээс 15,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

Харин ийнхүү амины сууцыг буулгаснаар 115,000,000 төгрөгөөс илүү гарсан ашиг болсон 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бэ хүлээн авсан, уг мөнгийг дундын хөрөнгийн өмчлөгч Б.Батай хуваалцаагүй, дангаар хэрэглэсэн байх тул энэ хэсгээр нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ. Амины сууцыг буулгаж, модон материалыг бусдад худалдаж олсон 2,500,000 төгрөгийн орлогыг эцэг Д.Бн эмчилгээнд зарцуулсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч энэ тайлбараа нотолж чадсангүй. Хэдийгээр 2,500,000 төгрөгийн тал хувийг нэхэмжлэгч Б.Бэ өөртөө үлдээх хууль зүйн үндэстэй боловч анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр энэ дүнгийн тухайд маргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг болон шүүх хуралдааны явцад хүлээн авсан болохоо зөвшөөрөн тайлбарласан 1,000,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

14. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бийн хяналтын журмаар гаргасан “байшинг 15 сая төгрөгийн үнэд хүрэхгүй гэдэг нотолгоо нь барилгын компани анх тохиролцсон 115 сая төгрөгөөс байшингийн үнийг хасч тооцоогүй явдал байна. Хэрэв үнэхээр 15 сая төгрөгийн үнэтэй байсан бол байшингаа нүүлгэсэн гэх шалтгаанаар зөрүү мөнгийг биднээс нэхэмжлэх байсан” гэх агуулга бүхий гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2023/00932 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00664 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг баримтлан хариуцагч Б.Бааас 24,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай”. гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “290,450” гэснийг “277,950” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Бэ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.06.06-ны өдөр төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД