Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00932

 

 

 

 

 

 

 

 

2023 05 05 210/МА2023/00932

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00664 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.БР-т холбогдох, 27,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Б.БР-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Б.Б- миний бие 2004 оноос 2 хүний эзэмшлийн гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтайн 13 гудамж, 381А тоот хаягт 229,53 м.кв газар, 100 м.кв амины орон сууцыг өөрийн эцгийн хамт эзэмшиж, өмчилж байсан. Миний эцэг Д.Б- 2017 онд нас барсан. Тухайн газар 2021 оны 08 сарын 11-ний өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж МК ХХК-тай гэрээ байгуулж газар болон амины орон сууцыг нийт 115,000,000 төгрөгөөр үнэлж худалдсан. Газар, амины орон сууцыг худалдахад Б.БР-, Б.Б- нар тус бүр 50, 50 хувиар улсын бүртгэлд бүртгэгдсэн тул миний өөрт ногдох хэсэг 57,500,000 төгрөг байсан. Үүнээс 31,000,000 төгрөгийг өөрийн ах Б.БР-аас бэлнээр авсан. Харин үлдэгдэл мөнгөнд тухайн газар баригдсан 212-р байрнаас 2 өрөө байрыг ашиглалтад ороход нь авсан. Ах Б.БР- 2 өрөө байранд орсон зөрүү мөнгө болох 27,500,000 төгрөгийг надад өгөөгүй. Иймд үлдэгдэл 27,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтайн 13 гудамж, 381А тоот үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа миний 100 хувийн өмчлөлийн хөрөнгө юм. 1995 онд эцэг, эхээс өвлүүлж үлдээсэн уг газарт би өөрөө байшин барьж анх өрх тусгаарласан. Тухайн үед газар хувьчлал болоогүй байсан тул газраа өмчилж аваагүй ба эцэг, эхтэйгээ ам яриагаар л гэрээсэлж байсан. Харин манай эгч, дүү нар эцэг, эхийн орон сууц болох Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Геологийн 96 айлын орон сууцны 3 өрөө байрыг өвлөн авч тэнд амьдрах болсон. Харин газар хувьчлал болох үед манай эгч, дүү надад хэлэлгүй миний өмчлөх эрхийг зөрчин шунахайн сэдлээр миний газрыг дур мэдэн өөрсдийн нэр дээр өмчилж авсан. Мөн эцэг, эх 2 маань Б.Б-д 1 өрөө байр авч өгч өвлүүлэн үлдээсэн боловч уг байрыг зарсан. 2016 онд эцэг Д.Б- нь Дамбадаржаагийн Тоосгоны үйлдвэрийн эцсийн буудалд Б.Б-д хашаа, байшин авч өгсөн. Гэтэл өвлүүлж үлдээсэн эдгээр хөрөнгийг зарж, үрсэн, үгүй хийсэн атлаа миний газар, байшинг луйвардан авсан тул хамтран өмчлөх үндэслэлгүй. Би дүүгээ орон сууцтай болгох гэж барилгын хоёр ч компанитай төлөөлж гэрээ байгуулж байсан. Харин дүүгийн өөрийнх нь хүсэлтээр Дамбадаржаад хашаа, байшин, мөн Приус-20 маркийн автомашин авч өгсөн. Би уг газрыг дүүтэйгээ 50, 50 хувь өмчлөөгүй тул 27,500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.БР-аас 26,500,000 төгрөгийг гаргуулж, Б.Б-д олгож, нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.БР-аас 290,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтайн 13 гудамж 381А тоот 229,53 м.кв газар болон уг газар дээр байх 100 м.кв байшинг өөрийн төрсөн дүү Б.Б-ийн хамт хамтран өмчилдөг байсан. Ингээд уг газар газарт орж бид газраа 100,000,000 төгрөгөөр харин байшингаа 15,000,000 төгрөгөөр тооцон нийт 115,000,000 төгрөгөөр үнэлэн МК ХХК-д 2021 оны 08 сарын 12-ны өдөр худалдаж, хүн тус бүр 50 хувь буюу хүний 57,500,000 төгрөгийн хөрөнгийг авахаар болсон. Б.Б-д 31,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд мөнгийг авсан болохоо шүүх хуралдаанд хэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан. Мөн Б.Б- нь 15,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 100 м.кв байшингаа бүхэлд нь буулгаад авч явсан бөгөөд уг байшингийн мөнгийг хасч тооцохоор тохирсноо үгүйсгээд байгаа юм. Миний бие байшинг бүхэлд нь өөртөө авч зарсан мөнгөө хасч тооцох ёстой талаар шүүх хуралдаанд хэлсэн боловч шүүх анхаарч үзээгүй. Б.Б- нь өөрт ногдох хувийн 15,000,000 төгрөгтөө тооцож байшинг буулгаж авахаар болсон юм. Гэтэл Б.Б- нь мод үнэтэй байгаа өнөө үед палк болон шал, дээврийн бүх модон материал болон хаалга цонх гэх мэт бүх зүйлийг авч худалдсан ба эдгээр нь хангалттай 15,000,000 төгрөгт хүрсэн боловч дөнгөж 2,500,000 төгрөгт зарсан гэх худал тайлбарыг шүүхэд гаргасан. Бидний тохирсноор Б.Б- нь 15,000,000 төгрөгийн байшин, мөн бэлнээр 31,000,000 төгрөг, нийт 46,000,000 төгрөгийн хөрөнгийг авсан. Одоо түүнд үлдэгдэл 11,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 16,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 11,500,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Тухайн байшинг 2017 онд 2,500,000 төгрөгөөр худалдаж байсан. Манай эцгийн бие нь өвдсөн учраас эмчилгээний зардлыг нь олох зорилгоор 2,500,000 төгрөгөөр худалдсан талаар Б.БР- мэднэ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Б.БР-т холбогдуулан 27,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 1/

Хариуцагч Б.БР- нь анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбар гаргасан бол давж заалдах шатны шүүхэд 11,500,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. /34-42, 60-62, 89-90/

 

3.   Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 13 гудамж, 381а тоот хаягт байршилтай 229,53 м.кв талбайтай газар, 100 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр Б.БР-, Б.Б- нар улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба тус бүр 50%-ийн өмчлөгч байна. /хх 14, 16/

Иймд Б.БР-, Б.Б- нарыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар газар, хувийн сууцыг дундаа хэсгээр өмчлөгч гэж үзнэ.

 

4.   Б.БР-, Б.Б- нар 2021 оны 08 сарын 12-ны өдөр Г.З-той худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмнө дурдсан газрыг 100,000,000 төгрөг, хувийн сууцыг 15,000,000 төгрөгөөр тус тус худалдаж, нийт 115,000,000 төгрөгийг Б.БР- өөрийн дансанд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон. /хх 17-18, 22-23/

Иймд дундаа хэсгээр өмчлөгч Б.Б- нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар Б.БР-аас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлжээ.

 

5.   Нэхэмжлэгчид ногдох хэсгийн үнэ 115,000,000 : 2 = 57,500,000 төгрөг байх ба үүнээс нэхэмжлэгч 31,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, мөн 100 м.кв талбайтай хувийн сууцыг буулган авч явсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь хувийн сууцыг бусдад 2,500,000 төгрөгөөр худалдсан гэж, хариуцагч нь хувийн сууцыг 15,000,000 төгрөгт тооцсон гэж тус тус харилцан адилгүй тайлбарладаг.

Хэргийн 22-23-р талд авагдсан худалдах, худалдан авах гэрээнд 100 м.кв талбайтай хувийн сууцны үнийг 15,000,000 төгрөг гэж тодорхойлсон байх тул хариуцагч талын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэв.

 

6.   Иймд хариуцагч Б.БР-аас 57,500,000 31,000,000 15,000,000 = 11,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00664 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...26,500,000 төгрөгийг... гэснийг ...11,500,000 төгрөгийг... гэж, ...1,000,000 төгрөгт... гэснийг ...16,000,000 төгрөгт... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...290,450 төгрөг... гэснийг ...198,950... төгрөг гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 233,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Д.НЯМБАЗАР