Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01273

 

2021 оны 06 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2021/01273 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ...............тоот хаягт оршин суух Н  овогт Б-ы П  /РД:............../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................тоотод оршин суух, Б овогт Б-ийн Зул /РД:........................./-т холбогдох,

 

4 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие Б.З-д Бунт-Ухаа 2 хотхонд түрээсийн орон сууцны хөтөлбөрийн дагуу байранд оруулж өгнө гэж хэлсний улмаас 4 500 000 төгрөгийг 2019 оны 02 сарын 20-ны өдөр Хаан банкны ...................дансанд шилжүүлсэн. Гэвч одоог хүртэл шийдвэрт хүрээгүй тул 4 500 000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжилж байна... гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний дансанд 4 500 000 төгрөг нь орсон боловч уг мөнгийг би өөрийн данснаасаа төрийн орон сууцанд оруулж өгнө гэсэн Д-д дансаар болон бэлнээр өгсөн. Уг мөнгийг миний бие өөртөө зарцуулсан зүйлгүй. Миний бие 2 000 000 төгрөгөө мөн өгсөн хохирогч болсон. Энэ хэрэг нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.П  нь хариуцагч Б.З-д холбогдуулан 4 500 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Б.Зул 4 500 000 төгрөг өгвөл Буян-Ухаа-2 түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж хэлсний дагуу шилжүүлсэн боловч одоо хүртэл байранд орж чадаагүй тул мөнгөө буцаан гаргуулна... гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...тухайн мөнгийг би захиран зарцуулаагүй, цааш нь Доржсүрэн гэх хүнд дамжуулан өгсөн. Нэхэмжлэгч энэ мөнгийг түрээсийн байранд орох хахуулийн мөнгө гэдгийг анхнаасаа мэдэж байсан... гэж тус тус тайлбарлав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч тэдгээрийн тохиролцоо нь хуульд нийцсэн байх учиртай.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд түрээсийн орон сууцанд хамрагдах зорилгоор маргааны зүйл 4 500 000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон нь хуулиар хориглосон, гэмт хэргийн шинжтэй зүйл хэлцлийн объект болсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 2 сарын 20-ны өдөр хариуцагч Б.З-ын эзэмшлийн Хаан банк дахь 500785944 тоот дансанд Б  П гэх утгаар 4 500 000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Пүрэвдулам нь хариуцагч Б.Зулаас 4 500 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн тус мөнгийг бусдад шилжүүлсэн тул хариуцахгүй гэх татгалзал үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагчаас 4 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэвдуламд олгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 86 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.З-с 4 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.П-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 86 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ