Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01456

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Пмын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01273 дугаар шийдвэртэй, Б.Пмын нэхэмжлэлтэй Б.Злд холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Зл нь Б.Пм надад Буянт-Ухаа 2 хотхон буюу түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдуулан орон сууцад оруулж өгнө гэж хэлсний улмаас түүний хүсэлтээр эхний гурван сарын түрээсийн төлбөр гэж ойлгоод 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр түүний эзэмшлийн 5007853944 тоот дансанд 4,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Гэвч одоог хүртэл уг орон сууцны талаар тодорхой шийдвэр гараагүй тул 4,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Пм миний эзэмшлийн дансанд 4 500 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Б.Пмаас авсан 4,500,000 төгрөгийг би н.Дд 3,500,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Уг асуудалтай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа тул иргэний хэргийг эрүүгийн журмаар шалгаж дуустал түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Злаас 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Пмд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрхийг эдлүүлээгүй.

Б.Пм надад 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2021 оны 08 сарын 10-ны өдөр Б.Зл намайг яллагдагчаар татсан байгаа.

Би анхан шатны шүүх хуралдааны үед эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгийг хэлсэн боловч шүүх уг хүсэлтийг хайхралгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Мөн энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүссэн байгаа тохиолдолд иргэний хэргийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа шийдэх байхад шууд шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Пм нь хариуцагч Б.Злд холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хаан банк дахь Б.Пмын эзэмшлийн 5085051245 тоот дансаас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б.Злын эзэмшлийн, мөн банкны 5007853944 тоот дансанд “Баярсайхан Пүрэвдулам ЙБ89111502” гэх утгаар 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх4, 11/

 

Б.Зл нь Б.Пмыг түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулах зорилгоор 4,500,000 төгрөгийг авч н.Дд шилжүүлсэн, энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул энэ иргэний хэргийг түдгэлзүүлэх учиртай гэх тайлбарыг гаргаж маргасан.

 

Б.Пм 4,500,000 төгрөгийг Б.Злд шилжүүлэх болсон үндэслэл нь хэлцэлийн хуулиар зөвшөөрөгдсөн байх агуулгад нийцээгүй тул тэдгээрийн хооронд хэлцэл хийгдсэн гэж дүгнэхгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэх үндэслэл байх тул Б.Зл нь шилжүүлэн авсан 4,500,000 төгрөгийг Б.Пмд буцаан өгөх үүрэгтэй.

 

Б.Пмаас 4,500,000 төгрөгийн шилжүүлсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тогтоол, Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийг баримтаар хавсаргасан байх боловч уг баримтууд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах гомдол гаргахдаа гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй юм. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргасан шийдвэрийг хянах учиртай.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

 

                                           ШҮҮГЧИД                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА