Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 101/2020/03879/И |
Дугаар | Дугаар 183/ШШ2021/01316 |
Огноо | 2021-06-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар Дугаар 183/ШШ2021/01316
2021 оны 06 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2021/01316 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, А овогт Д-ын Д /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1.........тоот хаягт оршин суух, Б овогт Э-гийн Ж /РД:.............../-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч М.Ү, нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие анх 2017 оны 04 сард үнэгүй.мн сайтаас баригдсан барилгын зураг хараад Э.Ж-тай холбогдож, маргааш нь худалдах, худалдан авах гэрээ байгуулан бэлэн 120 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед өөр хүн авах гээд байна бэлэн мөнгөөр авна гэвэл зарна гэхээр нь зээл авч байгаад төлсөн. Уг байшиндаа засвар хийхээр очиход анхны өмчлөгч гэх Г.Б нь энэ байшин миний өмчлөлийн эд хөрөнгө, чи залилуулсан байна гэж хэлсэн. Тэгээд Э.Жавхлантай холбогдож, энэ байшин нь маргаантай, асуудалтай юм байна наймаагаа буцаая гэхэд тийм асуудал байхгүй. Удахгүй гэрчилгээ гаргаж өгнө гэхээр нь хүлээсэн. Гэрчилгээ гаргаж өгөхгүй байхаар нь би Хан-Уул дүүргийн шүүхэд биет байдлын доголдолтой тул худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/.....дугаар шийдвэр гарснаас хойш Д.Д миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой /13130/ гудамж, 133/.... тоот хаягт байрлах, 185 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хаягжилтыг тодруулж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс, Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Хот байгуулалт, хөгжлийн газарт удаа дараа өргөдөл, гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдаж, Э.Жавхлангаас худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө нь 113/... тоот гэж бүртгэх байсныг 133/... тоот гэж Хот байгуулалтын мэдээллийн санд 2009 онд бүртгэгдсэн болохыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн хариугаас мэдсэн. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Э.Ж, Г.Б нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, ... тоот үл хөдлөх эд хөрөнгө нь Баянзүрх дүүргийн .................. тоот гэсэн хаягт бүртгэлтэй байх тул энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тухайн үед хаягийн талаар ерөөсөө мэдээгүй ба дараа нь байшин дээрээ очиход ..... тоот гээд цаасан дээр наачихсан байсан тул холбогдох төрийн байгууллагуудаас тодруулахад ... тоот биш, ... тоот байшин гэж хэлсэн. Улсын бүртгэлд бүртгэхдээ ......гэж тэмдэглэх ёстой байсныг ......... гэж тэмдэглэсэн байсан бөгөөд үүнийг засаж өгөх боломжтой гэж хэлсэн. Одоогийн байдлаар биет байдлын доголдолтой гэдэг дээр маргаад явж байна. Э.Жавхлангийн надад үзүүлсэн байшин бол 113-9 тоот гэдэг байшин. Иймд худалдах, худалдан авах гэрээ нь цаашид бодитоор хэрэгжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж 120 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч миний бие эрхийн улсын бүртгэлийн Ү-................. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой /13130/ гудамж, ........ тоот, 185 м.кв талбай бүхий, 55 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Э.Ж-д буцаан шилжүүлэн өгөхөд бэлэн гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Г.Б, Э.Ж нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн ................ гэх хаягт байх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхийг Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Г.Б нараас татгалзаж, хариуцагч Э.Ж-д холбогдох шаардлагаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 120 000 000 төгрөгөө буцаан гаргуулах гэж өөрчлөн, энэхүү шаардлагаа дэмжиж мэтгэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлсон этгээд хариуцагч болох юм.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Э.Ж нь ............. тоот хаягт байрлах, бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зургийг үнэгүй.мн сайтад байршуулж, тухайн эд хөрөнгийг надад үзүүлэн 120 000 000 төгрөгөөр худалдаж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ өөр газар байрлах 55 хувийн гүйцэтгэлтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамжны ........... тоотын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж өгсөн авсан зүйлээ харилцан буцаахыг шаардаж байна... гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...миний бие Б.Алтангэрэл, Алтай таван богд хайрхан ХХК нараас гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, бодитой үзүүлж буй барилга, бичгээр гаргаж өгсөн баталгааг үндэслэн шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид 120 000 000 төгрөгөөр худалдсан. Хаягийн зөрчил алдаа байдаг бол миний бие үүнд буруугүй... гэж тус тус тайлбарлаж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талууд 2017 оны 05 сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан, уг гэрээгээр худалдагч тал буюу хариуцагч Э.Ж нь Баянзүрх дүүргийн ..............тоот хаягт байршилтай, 185,4 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.Д нь 5 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Зохигчдын хэн аль нь гэрээний зүйлийн үнэ 120 000 000 төгрөг болох, уг мөнгийг өгсөн, авсан үйл баримтын талаар маргаагүй болно.
Худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлагын хувьд гэрээний зүйлийн шинж байдлаас шалтгаалан тусгай нөхцөл тавигддаг ба тодруулбал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар бичгийн хэлбэрээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага хангасан байвал зохих бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч буюу худалдан авагч нь гэрээний үнэд 120 000 000 төгрөгийг хариуцагч буюу худалдагчид шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбар болон Голомт банкны мемориалын баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 22/
Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Баянзүрх дүүргийн ..................тоот хаягт байрлалтай, 185,4 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Д-ийг эрхийн Улсын бүртгэлийн.............. дугаарт бүртгэн, ................ дугаар гэрчилгээг 2017 оны 05 сарын 04-ний өдөр олгожээ. /1-р хх-ийн 237-239/
Дээрх Баянзүрх дүүргийн .................... тоот хаягт байрлалтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анх бүртгэхдээ хаягийг Хар усан тохой /13130/ гудамжны .......... тоот гэж Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Мэдээлэл технологийн хэлтсийн 2012 оны ..........тоот албан бичгээр ирүүлснийг .......... гэж алдаатай бүртгэсэн, мөн Хар усан тохой /13130/, 133/13 гэх хаягтай барилга хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлгүй болох талаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн .... тоот, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 01 сарын 27-ны өдрийн ........тоотод тус тус дурдсан байна.
Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын байцаагчийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 2356 дугаар дүгнэлтээс үзэхэд Улсын бүртгэлийн ................ дугаартай, Баянзүрх дүүргийн ................ тоот хаягт байрлах, 55 хувийн гүйцэтгэлтэй, хувийн сууцны анхны өмчлөгчөөр Г.Б бүртгэгдэн, улмаар 2013 оны 12 сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Э-ын өмчлөлд шилжин, Б.Э-ын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өргөдөл, мэдүүлгийг үндэслэн 100 болсныг бүртгэсэн байна. Улмаар өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээгээр хэд хэдэн этгээдэд шилжжээ. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Эрхийн Улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой ...................тоотод байрлах барилга нь дутуу гүйцэтгэлтэй, 55 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 100 хувь гэж бүртгүүлсэн, үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна. /2-р хх-ийн 2-4, 123-132, 1-р хх-ийн 18-19/
Хариуцагчийн гэрээ байгуулах саналын дуудлага болгон үнэгүй.мн сайтад байрлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн зураг, нэхэмжлэгчид бодитойгоор үзүүлж, худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болсон үл хөдлөх эд хөрөнгө нь Хар усан тохой ................тоот хаягт орших, иргэн Ч.А-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох нь хэрэгт авагдсан кадастрын зураг, хаягийн лавлагаа, 2020 оны 06 сарын 26-ны өдрийн ............ дугаар Улсын байцаагчийн дүгнэлт, үзлэгийн тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 19-20, 24, 122-126, 2-р хх-ийн 5-18, 126-132/
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд талууд гэрээний зүйл болох Эрхийн Улсын бүртгэлийн Ү-...................... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, ..........оот буюу .........тоотод орших үл хөдлөх хөрөнгө нь дутуу гүйцэтгэлтэй, зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй болно.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгчээс 2021 оны 03 сарын 26-ны өдөр гэрээнээс татгалзах мэдэгдлийг хариуцагчид баталгаат шуудангаар хүргүүлсэн нь мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасантай нийцнэ.
Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.2-т худалдагч тал худалдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн чанар, ашиглалтын хугацаанд гарсан элэгдэл, доголдлын талаар холбогдох мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй. гэж заасан ба хариуцагч нь хаягийн зөрүү гарсанд буруугүй гэж татгалзал үндэслэлгүй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг хариуцан буцаан өгнө гэж заасан.
Иймд гэрээнээс татгалзсаны үр дагавар болох хариуцагч Э.Жавхлангаас гэрээний үнэнд хүлээн авсан 120 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-т олгож, нэхэмжлэгчээс Эрхийн Улсын бүртгэлийн Ү-........... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой ................... тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Э.Ж-д буцаан шилжүүлэхийг даалгах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т заасан шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтын талаар дахин нэхэмжлэл гарган маргасан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Э.Ж-гаас 120 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-вт олгож, нэхэмжлэгчээс Эрхийн Улсын бүртгэлийн Ү-......... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ........ тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Э.Ж-д буцаан шилжүүлэхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Г.Б нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Г.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ж-гаас улсын тэмдэгтийн хураамж 757 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ