Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01377

 

2021 оны 06 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2021/01377 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ................ тоотод оршин суух, Б овогт Ц-ийн Ж /РД:............./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ...............тоотод оршин суух, Э овгийн Д-ийн З-т /РД:................./-д холбогдох,

 

Хувьцаа эзэмшүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанаас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зарлан дуудах мэдэгдэл ирсний дагуу Ц.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Д.О-тай очиж уулзахад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр шүүгчийн захирамжаар Ж ХХК-иас 308 265 709 төгрөг гаргуулж Хадгаламж банк-нд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаар мэдсэн. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлээс ирүүлсэн лавлагаагаар Ж ХХК-ийн 55 хувийн хувьцааг Ц.Ж эзэмшдэг бүртгэлтэй болох нь тогтоогдож байна гэх үндэслэлээр түүний хөрөнгийг битүүмжилж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Д.З-т болон Ц.Ж нарын хооронд 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээ-ээр компанийн 550 ширхэг энгийн хувьцааг Д.З-оос Ц.Ж-д шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь Жи Эм И ХХК-ийг үүсгэн байгуулж байгаагүй бөгөөд компани үүсгэн байгуулах ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй, улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаагүй, компанийн хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж байгаагүй, тус гэрээнд зурсан гарын үсэг Ц.Ж-ын гарын үсэг биш юм. Одоогийн байдлаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Ж ХХК-ийн хувьцааг мэдэгдэлгүйгээр хууль бусаар нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигч болгон Хадгаламж банкинд 308 265 709 төгрөгийн өр төлбөр хариуцах болсонд гомдолтой байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолох буюу 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Д.Оюутай уулзаж өөрийн эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн тул Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй байна гэж үзэж байна. Иймд Ц.Ж, Д.З-т нарын хооронд байгуулагдсан Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Ж-ын нэхэмжлэлтэй Д.З-д холбогдох Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үйл баримт нь 2005 оны үйл явдал. Хүний бичгийн хэлбэр насжилтаас хамаараад өөрчлөгдөж болох учраас шинжээчийн дүгнэлт ташаа гарсан. Тухайн үед Улсын бүртгэлийн байгууллагаас шаардсан бүх баримтуудыг бүрдүүлээд хүргүүлсний дараа хувьцаа Ц.Жадамбад шилжсэн. 2005 онд хувьцааг шилжүүлээд энэ асуудал шийдэгдсэн тул манайхаас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч Д.З-д холбогдуулан 2005 оны 04 сарын 25-ны өдрийн хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...Ж ХХК-тай холбоотой ямар нэгэн баримт бичиг дээр гарын үсэг зураагүй, хувьцаа шилжүүлэх тухай гэрээ дэх гарын үсэг миний гарын үсэг биш тул уг хэлцэл нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл... гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Маргааны эрх зүйн баримт бичиг болох 2005 оны 04 сарын 25-ны өдрийн Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээг нэг талаас .......... дугаартай иргэний үнэмлэх, .......... регистрийн дугаар бүхий Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ............., 3-1-д оршин суугч Дашзэвэг овогтой Зоригт, нөгөө талаас УБ 0151435 дугаартай иргэний үнэмлэх, ЧП64070312 регистрийн дугаар бүхий Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Ц овогтой Ж нар байгуулж, уг гэрээгээр Ж ХХК-ийн энгийн хувьцаанаас Д.З-ын эзэмшдэг нэг бүрийн үнэ 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 550 ширхэг хувьцааг иргэн Ц.Ж-д шилжүүлэн өгөх, иргэн Д.З-т нь Ж ХХК-ийн хувь нийлүүлэгч гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, уг эрхийг Ц.Ж-д шилжүүлж байгаа тухай өргөдлөө тус компанийн захирлуудын зөвлөлд гаргах, иргэн Ц.Ж нь цаашид Ж ХХК-ийн хувь нийлүүлэгч гишүүний бүрэн эрхийг бусад хувь нийлүүлэгч гишүүдийн нэгэн адил эдлэх, хувьцаа шилжүүлэх үйл ажиллагаа бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор тус тус тохиролцсон байна. /хх-91/

 

Хэлцэл гэж хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгох бөгөөд энэхүү хүсэл зориг, түүний илэрхийлэл хууль зүйн дагуу байх, түүний хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан байх, ингэснээр тэдний хүсэл зориг харилцан нийцсэний үр дүнд аливаа гэрээ байгуулагддаг.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 3270 дугаар шинжээчийн дүгнэлтэд ...2005 оны 04 сарын 25-ны өдрийн Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ гэсэн баримтын доод хэсэгт Гэрээ байгуулсан гэсэн хэсгийн Иргэн Ц.Ж гэсний доор зурагдсан гарын үсэг нь Ц.Ж-ын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна... гэжээ. /хх-55-63/

 

Хэргийн 92 дугаар талд авагдсан 2005 оны 04 сарын 24-ны өдрийн огноотой Жи Эм И компанийн төлөөлөн удирдах зөвлөлд Ц.Ж миний бие Жи Эм И компанийн үйл ажиллагаанд оролцох болсон тул тус компанийн гишүүнээр элсүүлж авна уу гэх өргөдөл, 87 дугаар талд авагдсан Жи Эм И ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн протокол, 93-103 дугаар талд авагдсан Жи Эм И ХХК-ийн дүрэм, эдгээр баримтуудад Ц.Ж гэсний доор зурсан гарын үсгийн татмал нь хэргийн 88 дугаар талд авагдсан Боржигин овогт Ц-ийн Ж /РД:.............../-гийн УБ0151435 дугаар иргэний үнэмлэх дэх гарын үсгийн татмалтай адил байх ба мөн гэрээн дэх Ц.Ж-гийн хаягийн мэдээлэл нь иргэний үнэмлэх дэх хаягийн мэдээлэлтэй тохирч байна.

 

2000 оны 02 сарын 18-ны өдөр олгосон ..... дугаар иргэний үнэмлэх дээр нэхэмжлэгчийн нэр ЖАДАМБАА гэж, 2012 оны 08 сарын 15-ны өдөр олгосон /цахим/ иргэний үнэмлэх дээр ЖАДАМБА гэж зөрүүтэй бичигдсэн байх бөгөөд хэргийн 90 дугаар талд авагдсан хуулийн этгээдийн гишүүний анкетад нэрээ Жадамба гэж бичин гарын үсгээ өөрөөр зурсан байх ба тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч нь гарын үсгээ өөр өөр байдлаар зурдаг байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон 2020 оны 04 сарын 07-ны өдрийн итгэмжлэлд Ц.Ж гэсний доор зурсан гарын үсэг, шинжилгээнд явуулсан Ц.Ж-ын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь хэргийн 90 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн анкет дахь гарын үсгийн татмалтай төсөөтөй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд 2005 оны 04 сарын 25-ны өдрийн Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээнд зурсан гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэж үзэх үндэслэл нотлох баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, талуудын маргааны хувьд нотолгооны үүрэг нэхэмжлэгчид хувиарлагдах тул нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр талууд болон сонирхогч этгээд нэхэмжлэл гаргахдаа хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тохиолдолд үүнтэй холбоотойгоор хохирлоо арилгуулах эсхүл хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаах зэрэг эрх зүйн үр дагаврыг харилцан шаардах эрхтэй байдаг ба нэхэмжлэгч нь хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцуулснаар чухам ямар үр дагавар шаардаж байгаа нь тодорхой бус, энэ талаар шаардлага үндэслэлээ тодруулаагүй болно.

 

Иймд зохигчдын хооронд 2005 оны 04 сарын 25-ны өдөр байгуулагдсан Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2020 оны 06 сарын 26-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон өмгөөлөгч Б.Б нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно. /хх-46/

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ж /РД:.................../-ийн хариуцагч Д.З /РД:........./-д холбогдуулан гаргасан 2005 оны 04 сарын 25-ны өдрийн Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ