Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01376

 

 

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01376

 

Ц.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/01377 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Ж-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.З-д холбогдох хувьцаа эзэмшүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанаас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зарлан дуудах мэдэгдэл ирсний дагуу Ц.Ж нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Д.О-тай очиж уулзахад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр шүүгчийн захирамжаар Ж ХХК-иас 308 265 709 төгрөг гаргуулж Хадгаламж банкнд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаар мэдсэн. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлээс ирүүлсэн лавлагаагаар Ж ХХК-ийн 55 хувийн хувьцааг Ц.Ж эзэмшдэг бүртгэлтэй болох нь тогтоогдож байна гэх үндэслэлээр түүний хөрөнгийг битүүмжилж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Д.З-т, Ц.Ж нарын хооронд 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээгээр компанийн 550 ширхэг энгийн хувьцааг Д.З-тоос Ц.Ж д шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь Ж ХХК-ийг үүсгэн байгуулж байгаагүй бөгөөд компани үүсгэн байгуулах ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй, улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаагүй, компанийн хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж байгаагүй, тус гэрээнд зурсан гарын үсэг Ц.Ж-ын гарын үсэг биш юм. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Ж ХХК-ийн хувьцааг мэдэгдэлгүйгээр хууль бусаар нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигч болгон Хадгаламж банкинд 308 265 709 төгрөгийн өр төлбөр хариуцах болсонд гомдолтой байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолох буюу 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Д.О-тай уулзаж өөрийн эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн тул хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй байна гэж үзэж байна. Иймд Ц.Ж , Д.З-т нарын хооронд байгуулагдсан хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Ж-ын нэхэмжлэлтэй Д.З-д холбогдох хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үйл баримт нь 2005 оны үйл явдал. Хүний бичгийн хэлбэр насжилтаас хамаараад өөрчлөгдөж болох учраас шинжээчийн дүгнэлт ташаа гарсан. Тухайн үед Улсын бүртгэлийн байгууллагаас шаардсан бүх баримтуудыг бүрдүүлээд хүргүүлсний дараа хувьцаа Ц.Ж д шилжсэн. 2005 онд хувьцааг шилжүүлээд энэ асуудал шийдэгдсэн тул манайхаас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ж  хариуцагч Д.З-т холбогдуулан гаргасан 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Ж гэх ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж байгаагүй, энэ талаар огт мэдээгүй байж уг компанийн өр төлбөрийг хариуцах болоод байна. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын хууль бус бүртгэлээс болж миний эрх ашиг зөрчигдөж байна. Уг компанийг байгуулахдаа миний зөвшөөрөлгүй 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээг би хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурсан шүүхийн шинжилгээний байгууллагаас гарын үсэг тохирохгүй байна гэж дүгнэсэн байхад шүүгч өөрийн хараагаар харьцуулан хэрэгт авагдсан баримтуудыг дурдаж гарын үсэгний татмалтай адил байна гэсэн нь үндэслэлгүй, мөн Ц.Ж-ын хаяг мэдээлэл нь иргэний үнэмлэх дэх хаягийн мэдээлэлтэй тохирч байна гэсэн нь ойлгомжгүй бөгөөд тухай гэрээг хийх үед Ц.Ж нь Д.З-тын жолооч хийж байсан учир түүнд иргэний үнэмлэхний хуулбар нь байсан болно. Мөн иргэний үнэмлэхний нэр зөрүүтэй гэсэн нь ойлгомжгүй бөгөөд иргэний үнэмлэх солихдоо нэг а үсэг дутуу бичигдсэнд буруутгаж байгаа нь үндэслэлгүй, регистрийн дугаар хэвээр байгаа болно. Шүүх 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэлд Ц.Ж-ын зурсан гарын үсэг, шинжилгээнд явуулсан гарын үсэгтэй төстэй байна гэж шийдвэрлэсэнд харамсалтай байна. Гарын үсгийг төсөөтэй гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гарын үсгийг нь зурж байгаа хүн аль болох төсөөтэй зурахыг л оролдох нь ойлгомжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч Д.З-д холбогдуулан 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зохицуулсан байна.

 

Талуудын хооронд 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Ж ХХК-ийн энгийн хувьцаанаас Д.З-тын эзэмшдэг нэг бүрийн үнэ 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 550 ширхэг хувьцааг Ц.Ж д шилжүүлэн өгөх, Д.З-т нь Ж ХХК-ийн хувь нийлүүлэгч гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, уг эрхийг Ц.Ж д шилжүүлж байгаа тухай өргөдлөө тус компанийн захирлуудын зөвлөлд гаргах, Ц.Ж нь цаашид Ж ХХК-ийн хувь нийлүүлэгч гишүүний бүрэн эрхийг бусад хувь нийлүүлэгч гишүүдийн нэгэн адил эдлэх, хувьцаа шилжүүлэх үйл ажиллагаа бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор тус тус тохиролцсон байна.

 

Дээрх 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээнд нэхэмжлэгч талаас зурагдсан гарын үсэг нь Ц.Ж-ын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. Уг хүсэлтийг анхан шатны шүүх хангаж, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2020/09505 дугаар захирамжаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээч нь 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ гэсэн баримтын доод хэсэгт Гэрээ байгуулсан: гэсэн хэсгийн Иргэн Ц.Ж  гэсний дор зурагдсан гарын үсэг нь Ц.Ж-ын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ. /хх-45, 47, 55-63 дах тал/

 

Шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, хэрэгт Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Ж ХХК-ийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа ирүүлсэн бөгөөд уг нотлох баримтуудад зурсан Ц.Ж-ын гарын үсэг шинжилгээний гарын үсгийн загвартай зөрүүтэй гэж дүгнэж 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2020/15631 шүүгчийн захирамжаар дахин шинжээч томилж, энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10/447 тоот албан бичгээр шинжлэх баримтын огноо, захирамжинд заасан огноо зөрүүтэй, Ц.Ж-ын гарын үсгийн загварыг нэмэлтээр ирүүлэх шаардлагатай байсныг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10/7434 тоот албан бичгээр огноог засах, нэмэлтээр загвар ирүүлэхийг хүсэхэд өнөөдрийг хүртэл ирүүлээгүй тул шинжилгээ хийхээс татгалзаж буцаажээ.

 

Анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2020/15631 шүүгчийн захирамжаар дахин шинжээч томилсон атлаа уг захирамжид заасан шинжээчийн дүгнэлт гараагүй байхад түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэж дүгнэж 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/06303 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа нөхцөлд дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Ж ас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Н-ыг томилсон 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэлд Ц.Ж гэсний доор зурсан гарын үсэг, шинжилгээнд явуулсан Ц.Ж-ын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь хэргийн 90 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн анкет дахь гарын үсгийн татмалтай төсөөтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан бөгөөд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган дахин шинжээчийг томилж дүгнэлт гаргах боломжтой, шинжээч томилох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/01377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ