Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Чд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй  

Прокурор Т.Төмөртулга

            Шүүгдэгч Ж.Ч

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам   

           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нарыг оролцуулан хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор Ж.Чд холбогдох эрүүгийн 1922002660118 тоот хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

           Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 1995.04.17-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн баг тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЛ/ Х овогт Ж Ч.

 

         Ж.Ч нь 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 12 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Тагнуулын хэлтсийн урд талын 315 дугаар байранд иргэн Ц.Эыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас Ж.Чгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Х овогт Жы Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж. Чд 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Ж.Ч нь цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид 90.000 /ерэн мянган/ төгрөг хүлээлгэн өгсөн,  хохирогч гомдолгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эы эрүүл мэндэд учирсан гэм хор бүрэн арилсан үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.

      Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн. хохирогч Ц.Э гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр гаргасан байгаа. Ж.Чгийн холбогдсон эрүүгийн хэрэг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх саналтай, аймгийн Прокуророос анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" санал гаргасан байхад анхан шатны шүүхээс “Нийтэд тустай ажил хийлгэх ял”-аар шийтгэсэн тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Ж.Чг анхан шатны шүүхээс торгуулийн ял биелүүлэх боломжгүй гэж дүгнэсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ж.Ч Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 46 км газарт хувийн компанид засварчин ажилтай байсан.

Иймд Ж.Чд анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цагийн Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар өөрчилж өгнө үү гэв.

Прокурор Т.Төмөртулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгох ялыг биелэгдэх боломжгүй гэж үзэж 240  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Чд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

         Шүүгдэгч Ж.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 315 дугаар байранд архи ууж  согтуурсан үедээ иргэн Ц.Эыг зодож түүний биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг бөгөөд  Ж.Чд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр прокурорт шилжүүлж, хяналтын прокуророос 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

       Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, яллагдагчид торгох ял оногдуулах саналаа хэргийн хамт шүүхэд ирүүлсэн байхад шүүх хэргийг хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан явуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 4,5 дахь заалтуудыг зөрчжээ.

        Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа”... улсын яллагчийн санал болгож буй торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй этгээд байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонголоо” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэв.

        Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өөрчлөхдөө шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтлийн шинж байдал, хохирогчийн гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгчээс гэм хорын хохирлыг төлж барагдуулсан байдал  зэргийг харгалзан үзсэн болно.

        Анхан шатны шүүх “...хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хор бүрэн арилсан  үндэслэлээр” иргэний нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь буруу байна. Нэхэмжлэл үндэслэлгүй, нотлогдоогүй  тохиолдолд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бөгөөд харин хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд нэхэмжлэлийг хангагдсан гэж үзэх эсхүл хохирогчид төлөх төлбөргүй  болохыг дурьдаж шийдвэрлэх нь хуульд нийцэхийг цаашид анхаарах нь зүйтэй.

 

                       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг гэж, мөн ...240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх” гэснийг “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох” гэж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “...нийтэд тустай ажил хийлгэх” гэснийг “торгох” гэж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.6 дугаар зүйлийн 9-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж, тогтоолын 6 дугаар заалтын “...Ц.Эы эрүүл мэндэд учирсан гэм хор бүрэн арилсан үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал болох  90.000 /ерэн мянган/ төгрөгийг төлж, хохиролгүй болгосон болохыг дурьсугай“ гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоосугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                   Т.БЯМБАЖАВ