Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0605

 

 

 

 

    

 

   2022          08           18                                    128/ШШ2022/0605

                                                 

                                     

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А. даргалж
тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "АБ".... СӨХ / /,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ш.Н....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Ж....,

Хариуцагч: Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н....,

Гуравдагч этгээд: Л.М..,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О. нарын хооронд орон сууц өмчлөх эрх олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Н...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж...., гуравдагч этгээд Л.М..-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч "АБ".... СӨХ-оос Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дах хэсгийн “Баянзүрх дүүргийн дугаар хороо, -р хороолол, -р байрны  тоот өрөөг иргэн Л.М..-т хувьчилсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 00 дугаар хороолол, 1112 дүгээр байрны 0 тоот өрөөг Л.М..-т хувьчлан шийдвэрлэсэн байна.

2.2 “а” СӨХ нь Баянзүрх дүүргийн  дугаар хороо, дугаар хороолол, дүгээр байрны  тоот өрөөг бусдад өмчлүүлсэн шийдвэр гарсан эсэх талаар лавлагаа авахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байх бөгөөд тус газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 6/729 дүгээр албан бичгээр “Таны хүсэлтэд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Баянзүрх дүүргийн 1 дугаар хороо, 1 дугаар хороолол, дүгээр байрны  тоот хаягаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 12 дугаар тогтоолоор олгосон орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлд орон сууцны зориулалтайгаар бусдын өмчлөлд бүртгэгдсэн байна...” гэж хариу өгчээ.

2.3. Улмаар "АБ".... СӨХ нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22/8 албан бичгээр гомдол гаргасан боловч, тус газраас хуулийн хугацаанд хариу өгөөгүй байна.

2.4. Иймд нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 

3.1. Нэхэмжлэгч "АБ".... СӨХ-ны гүйцэтгэх захирал Ш.Н.... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

...Mанай "АБ".... СӨХ нь Баянзүрx дүүргийн  дугаар xоpооны  дугаар xоpoололын 1, 2, 3 дугаар байрнуудын дундын өмчлөлийн эд xөрөнгийг дундаа xамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, туxайн орон сууцны байшингийн ашиглалтын xэвийн байдлыг xaнгax, сyyц өмчлөгчдийн эpx, ашиг сонирxлыг xамгаалаx, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд xөрөнгийн эзэмшил, ашиглалт, xамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүxий өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр хана босгож, орон сууцны зориулалттай өрөө болгон ашиглаж, улмааp үл xөдлөx эд xөрөнгийн улсын бүртгэлийн газарт xандаж, өмчлөх эрxийг баталгаажуулсaн "Y" дугаартай гэрчилгээ олж авсан байна.

Орон сууц xувьчлаx товчоо нь туxайн байрны сууц өмчлөгч нарын дундын өмчийн эд xөрөнгө, талбайг бусдад өмчлүүлэх шийдвэр гаpгаxдаа бүx өмчлөгч нарын xурлаас гарсан тодорxой албан ёсны шийдвэр байxгүй атал сууц өмчлөгч нарын дундын өмчлөлийн талбайг xууль бусаар иргэнд өмчлүүлж, үл xөдлөx хөрөнгө өмчлөх эрxийн гэрчилгээг олгосон байна .

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө” гэж заасан бөгөөд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай зэрэг хөрөнгө хамаардаг.

Тодруулбал, Иргэний xуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасны дагуу тухайн техникийн өрөөг сууц өмчлөгчид хуулиар дундаа өмчилж байгаа юм. Мөн хуулийн 108.4-д “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэж заасны дагуу зөвхөн бүх өмчлөгч хүлээн зөвшөөрснөөр тодорхой нэг этгээдэд тухайн дундын өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэх боломжтой.

Гэтэл Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо хууль бусаар өмчлөгч нарын дундын өмчийн эд хөрөнгийг бусдад өмчлүүлэх шийдвэр гаргаж, хууль ёсны өмчлөгч нарын эрх ашгийг ноцтой хохироож байна. Түүнчлэн Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлд хуулиар тусгайлан иргэнд хувьчлах орон сууцыг зааж өгсөн бөгөөд Баянзүрх дүүргийн  дугаар хорооны дүгээр байр нь энэ хуулийн хувьчлах орон сууцад хамаарахгүй.

Ямар журмаар, сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгийг тэдний зөвшөөрөл, хууль ёсны шийдвэргүйгээр Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 12 дугаар тогтоолын дагуу сууцны бус зориулалттай үйлчилгээний өрөөг бусдад өмчлүүлэх шийдвэр гаргаад байгаа нь огт тодорхойгүй. Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо сууц өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчиж, иргэдийн өмчийн талбайг төрийн өмчийн орон сууц гэж үзэж хууль бусаар иргэнд өмчлүүлэх шийдвэр гаргасан байна.

"АБ".... СӨХ нь сууц өмчлөгч нарын эрx, xууль ёсны ашиг сонирxлыг xамгаалаx үүрэгтэй тул уr xууль бус шийдвэрийг Улсын бүртгэлийн ерөнxий газраас ирүүлсэн албан бичгийн дагуу мэдсэн даруй xуулийн xугацаанд xарьяалаx дээд шатны байгууллага Төрийн өмчийн бодлого, зоxицуулалтын газарт гомдол гаpraсaн боловч хариу өгөөгүй.

Иймд Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо 2014 оны 12 дугаар тогтоолыг  xyуль бус болоxыr тогтоож, шийдвэрийг xүчингүй болгон өмчлөгч нарын дундын өмч хөрөнгөө заxиран зарцуулаx, эзэмшиx, ашиглаx эрxийг сэргээж өгнө үүгэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Н.... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Энэхүү байранд 131 өрх амьдардаг. Энэ 131 өрх хурлаараа асуудлуудыг шийдвэрлэж, гүйцэтгэх захирал гишүүдийн ашиг сонирхлын дагуу хурлаа хийгээд гаргасан шийдвэрийн дагуу гүйцэтгэх ёстой болохоос өөрөө дангаараа эрх мэдлээ хэтрүүлэн хэн нэгэнд өмлүүлсэн нь буруу юм. Оршин суугчид бүгд мэдээгүй байж байгаад сая мэдэж байгаа. Одоо ч хувьчлагдаагүй хэсгүүд байгаа. Ингээд авчхаж болдог юм бол бусад техникийн давхар нойл тоотуудыг бид нар ч гэсэн авъя, энэ байранд 30 жил амьдарч байна гэсэн асуудал оршин суугч нарын дунд яригдаж байгаа. Оршин суугчид дэмжихгүй байгаа” гэв.

3.3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ж.... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Гуравдагч этгээдийн төлөөлөгч байрны дундын өмчлөлийн хэсэг байхгүй, орон сууц өмчлөгч нар болон төрийн өмч гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэтэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд нэг байранд хоёр ба түүнээс дээш сууц байгаад тухайн сууц өмчлөгчтэй бол орон сууц нийтийн орон сууц болохоор заасан байдаг. Нийтийн орон сууцанд өмчлөгч нарт өмчлүүлснээс бусад хэсэг сууц өмчлөгч нарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн талбай байхаар заасан. Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө юм. Тодорхойлбол орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. Дундын өмчлөлийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу захиран зарцуулна. Үүнд ямар нэг байдлаар төр орж ирэх боломжгүй. Төр тухайн байранд нэг ч байр эзэмшдэггүй. Гэрчилгээ ч байхгүй. Зөвхөн хувь иргэдийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууц юм. Орон сууцны байрыг өмчлөгч нар өмчлөөд эхэлснээс хойш өмчлүүлээгүй бусад хонгил, гарц, орцны хэсэг бүгд дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч нар эрх бүхий шийдвэр гаргах, бусдад бэлэглэх, өгөх, шилжүүлэх эрхтэй этгээдүүд нь шийдвэр гаргаагүй байтал тухайн үед СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд болон СӨХ-ийн удирдах зөвлөлд ажиллаж байсан этгээдүүд шийдвэр гаргасан байдаг. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчиж тодорхой нэг иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргасан байна. Мөн 2003, 2004 оны шийдвэртэй холбоотой зүйлүүдийг ярьж байна. 2003, 2004 оноос өмнө Л.М..гэдэг хүнд эзэмших эрхийн гэрчилгээ байсан юм уу? байгаагүй 2014 онд гарсан гэсэн. Тэгвэл 2003, 2004 оны шийдвэр тухайн үед эзэмших эрхийн гэрчилгээтэй хүмүүст хамаарч, тухайн үед эзэмших эрхийн гэрчилгээтэй хүмүүст өмчлүүлсэн асуудал юм. 2014 онд эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон байж болно. Энэ нь хууль зөрчиж гарсан. Төрийн өмчийг хувьчилж авсан гэж яриад байна. Энэ нь  үндэслэлгүй юм.

 Мөн тухайн өрөө нь орон сууц байгаагүй. Маргаан бүхий 30 м.кв талбай анх хүүхдийн, дугуй тэрэг тавих зорилгоор ашиглахад зориулагдсан талбай байсан. Үүнийг хожим засаж янзлаад цонх гаргаад иймэрхүү байдлаар орон сууцтай ижил болгож хожим дүгнэлт гаргуулан авч гэрчилгээ гаргуулчихсан асуудал юм. Анхнаасаа магадлал хэсгийн дүгнэлт дээр ч хууль бус үндэслэлгүй зүйлс байдаг. Тодруулбал энэ орон сууцыг өмчлүүлэхэд СӨХ оршин суугч нараас ямар нэг асуудал гаргахгүй гэсэн гээд биччихсэн байдаг. Асуудал гаргахгүй гэж бичих болсон үндэслэл нь хаана байгаа юм бэ? Нотлох баримт шинжлэн судлуулсан тэмдэглэл дээр ч байдаг. Нэг иргэн би ч гэсэн авмаар байна би энэ байранд 30 жил амьдарсан, анхнаасаа төрийн орон сууцыг өмчилж авсан талаар хэлсэн байсан. Хүн болгон ийм хүсэл, сонирхолтой байгаа. Гэтэл тодорхой нэг иргэнд хууль бусаар гаргаад өгчихсөн орон сууцыг бидний хувьчилж, өмчилчихсөн нь зөв гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн хуульд дундын өмчлөлийн талбай гээд заачихсан байхад дундын өмчлөлийн талбай биш гэж тайлбарлаж байгаагаас нь ичиж байна. Мөн хэдэн оноос хойш ажилласантай холбоотой асуудал байдаг. 2002 оноос ажилласан гэж тайлбар бичсэн байдаг ч 2005 оноос хойш амьдарсан гэдэг тодорхойлолт бичээд өгчихсөн байдаг. 2016 оны магадлах хэсгийн ажлын дүгнэлтэд 8 жил амьдарсан байна гэж бичсэн байдаг. 2006, 2005 оноос хойш байгаа юм байна. Түүнээс бүр анх орон сууц хувьчилж байх үед 2003, 2004 онд тухайн орон сууцанд амьдарч байсан гэсэн нотлох баримт байхгүй байна.

 Мөн гуравдагч этгээдийн төлөөлөгч өөр хүн амьдарч байсан талаар ч хэлсэн. Өөр хүн байсан орон сууцанд  өөр хүн оронгуутаа сэргэлэнтээд СӨХ-ийн даргатайгаар ярьж байгаад бичгээ авхуулчхаад гаргуулчихсан байна. СӨХ өөрийн өмчлөлийн зүйлээ шаардаад байгаа юм биш. Сууц өмчлөгч нарын дундын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар бусдад шилжүүлсэн асуудалтай холбоотой маргаж байгаа юм. Түүнээс энэ СӨХ-ийн өмчлөлийн зүйл биш. Холбооны гишүүдийн дундын өмчлөл биш юм. Холбооны гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг СӨХ өөрөө ч захиран зарцуулдаггүй. Үүнийг СӨХ-ийн өмчлөл юм шиг буруугаар тайлбарлаад байна. Төр бол өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэн авах бүрэн эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан байдаг. Харин хууль бусаар авахгүй гэдэг зохицуулалт байгаа. Үүнийг хууль ёсны дагуу явагдсан гэх үндэслэл байхгүй байна. Магадлах хэсгийн дүгнэлт дээр тулгуурлан гарсан тогтоолын үндэслэл болсон магадлал хэсгийн дүгнэлт өөрөө хууль бус байна. Иймд дээрх магадлах хэсгийн 12 дугаар дүгнэлтийн Л.М..-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв.

3.4. Хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн өмчийн хорооны дарга, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/583, А/05 тоот хамтарсан тушаал, захирамжаар байгуулагдсан Магадлан шинжлэх хэсгийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 1 дугаар хороо, 1 дугаар хорооллын  дүгээр байрны тоот өрөөг иргэн Л.М..-ын хүсэлтээр үзлэгт хамруулж хүн амьдрах шаардлага хангана гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас олгосон 2011 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн иргэн Л.М..-т 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 тоот тогтоолоор хувьчилж 0116808 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 12 дугаар тогтоолд  дүгээр байрны 0 тоот өрөөнөөс гадна өөр орон сууцтай холбоотой асуудал хамтдаа шийдвэрлэгдсэн тул хүчингүй болгох боломжгүй” гэжээ.

3.5. Гуравдагч этгээд Л.М..шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  "АБ".... СӨХ нэхэмжлэлийн үндэслэлээ “...бусдад өмчлүүлэх шийдвэр гаргахдаа бүх өмчлөгч нарын хурлаас гаргасан тодорхой албан ёсны шийдвэр байхгүй атал сууц өмчлөгч нарын дундын өмчлөлийн талбайг хууль бусаар иргэнд өмчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна” гэсэн нь хэн гэдэг сууц өмчлөгчийн ямар эрхийг яаж зөрчөөд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн ямар хууль, тогтоолд бүх өмчлөгч нараас зөвшөөрөл авахаар зохицуулсан нь тодорхойгүй байна.

Харин Улсын Их хурлын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан.

Энэхүү заалтыг үндэслэн Засгийн газрын 2004 оны 140 дүгээр “Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай” тогтоолоор төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байна.

Дээрх тогтоолуудын үндсэн дээр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар шийдвэрүүдээ гаргасан.

Тус байрыг төрийн өмчөөр барьсан бөгөөд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хувьчилсан харин тус байранд СӨХ гэх хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй.

Надад орон сууц хувьчлах шийдвэр 2014 онд гарсан бөгөөд тухайн үеийн СӨХ-ны дарга, удирдах зөвлөлөөс хувьчлах шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин 2019 онд тус СӨХ-ны дарга болсон хүнээс дахин зөвшөөрөл авах ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Миний хувьд эерэг үйлчлэлтэй захиргааны актыг СӨХ нь 8 жилийн дараа хүчингүй болгуулахаар маргаж байх бөгөөд /маргаан бүхий өрөө нь миний өмчлөлд шилжсэн хойно/ шаардах эрхийн үндэслэл нь тодорхойгүй байна. Харин Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан байх бөгөөд 5 жилээс хойш хэтэрсэн тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгож болохгүй байхаар хуульчилсан байна.

СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг шаардаж байгаа бол холбоо нь бүх оршин суугчдыг төлөөлөн маргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хууль бус ямар нэг гэмт хэргийн шинжтэй зүйл байхгүй. Л.М..шударга эзэмшигч. Өмчийг шударгаар олж авсан. Ямар нэг хууль, дүрэм, журам зөрчсөн талаар хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хувьчлал шударга явагдсан. 2014 оны магадлан дүгнэлтээр долоон 0 тоотыг хувьчилсан байна. Өнөөдрийг хүртэл хувьчлал явагдаж байгаа. Төр барьсан өмчөө хувьчилж байгаа асуудал юм. Бүх гишүүдийн хурал хийгээгүй хувьчилчихсан гэдэг. Тийм хурал хийх ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Дундын өмч гэж тайлбарладаг бөгөөд дундын өмч биш хувийн өмч гэдгийг улсын бүртгэлийн газар баталгаажуулж эрх бүхий байгууллагууд нь шийдчихсэн асуудал юм. Нэхэмжлэл үндэслэлгүй нэхэмжлэл юм. Хуулийг буруу ойлгож тайлбарлаад байна. Нийтийн өмч болох орц гарц нээлттэй байгаа. Эзэмшил болохоос өмч биш. Энэ бол Л.М..-ын өмч гэдгийг улс шийдээд өмчлөөд өгчихсөн. Түүнээс орцыг хувьчилчихсан зүйл байхгүй. Хүн амьдарч болно гээд магадлан шинжлэх дүгнэлтийг эрх бүхий байгууллагаас нь гаргасан. Орон сууц хувьчлах хуульд магадлан итгэмжлэх дүгнэлтийг үндэслэн техникийн өрөөг хувьчилж болохыг Улсын Их Хурал, Засгийн газраас шийдчихсэн. Тэнд цахилгааны шийд болон дугуй хадгалж байхаар хэн нэгнийг амьдруулъя, ард иргэдийг орон сууцтай болгоё гэсэн бодлоготой байсан бөгөөд тэр бодлогынхоо хүрээнд хэрэгжээд явж байгаа. Тэнд дугуй хадгалах хүн нэг ширхэг ч байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тус төлөөлөгч шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хийхийг зөвшөөрсөн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/944 дүгээр албан бичгийг шүүхэд ирүүлснийг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
  2. Нэхэмжлэгч а СӨХ-оос, хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дах хэсгийн “Баянзүрх дүүргийн  дугаар хороо, р хороолол, -р байрны тоот өрөөг иргэн Л.М..-т хувьчилсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээдээс нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлан маргаж байна.
    1.  Нэхэмжлэгчээс “...хариуцагч нь туxайн байрны сууц өмчлөгч нарын дундын өмчийн эд xөрөнгө, талбайг бусдад өмчлүүлэх шийдвэр гаpгаxдаа бүx өмчлөгч нарын xурлаас гарсан тодорxой албан ёсны шийдвэр байxгүй атал сууц өмчлөгч нарын дундын өмчлөлийн талбайг xууль бусаар иргэнд өмчлүүлж, үл xөдлөx хөрөнгө өмчлөх эрxийн гэрчилгээг олгосон нь хууль бус... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасныг тус тус зөрчиж нэхэмжлэгч СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж дундын өмчөө зориулалтын дагуу ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарласан...” гэж,
    2.  Хариуцагчаас “...Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангана гэсэн дүгнэлтийг гаргасан. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас олгосон 2014011 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн иргэн Л.М..-т 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 тоот тогтоолоор хувьчилж 01- дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон хууль зөрчөөгүй...”,
    3.  Гуравдагч этгээд “...Надад орон сууц хувьчлах шийдвэр 2014 онд гарсан бөгөөд тухайн үеийн СӨХ-ны дарга, удирдах зөвлөлөөс хувьчлах шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин 2019 онд тус СӨХ-ны дарга болсон хүнээс дахин зөвшөөрөл авах ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргаж байна.
  3. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолын 2-т “Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасугай” гэж шийдвэрлэсэн, Уг тогтоолын үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай” тогтоол гаргаж “Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгаж шийдвэрлэсэн байдал тогтоогдож байна.
  4. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Гуравдагч этгээдэд ”Баянзүрх дүүргийн 1- дугаар хороо, -р хороолол, --р байрны “-” тоот 28 м.кв сууцны тайлбай бүхий 1 өрөө сууцыг хувьчлахыг зөвшөөрч шийдвэрлэн, уг шийдвэрийг үндэслэн Орон сууц өмчлөх эрхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 0-8 дугаар гэрчилгээг олгож, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Н.-/, Н.Са- -/, Н.-г - нарыг бүртгэж, энэхүү гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн мэдүүлэг, түүнд хавсарган ирүүлсэн баримтыг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн өмчлөгчийн Ү-22040-2 дугаарт бүртгэсэн байна.
  5. Маргаан бүхий тогтоол гарахаас өмнө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02-07-90/714 дугаар “Барилга байгууламжийн ашиглалтын тухай” дүгнэлт гаргах, Орон сууц нийтийн аж ахуйн ус сувгийн инженер Б.Лха-гийн 2014 оны 05 дугаар сарын           12-ны өдрийн /үзлэг хийж/ Барилга байгууламжийн ашиглалтын тухай тодорхойлолт гаргах, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орон сууц хариуцсан мэргэжилтэн Д.Ш-ийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн, Магадлан шинжлэх комиссын гишүүн, Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Л.Б-ны 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Магадлан шинжлэх ажлын хэсэгт хүргүүлэх” дүгнэлт гаргах, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар дүгнэлт гаргах ажиллагаанууд хийгдэж дээрх ажиллагаануудаар “...Баянзүрх дүүргийн хороо, 1-р хороолол, -р байрны ..” тоот ... байранд үзлэг хийхэд орон сууцны 1 дүгээр давхарт байрладаг тусдаа орц, гарцтай инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, ариун цэврийн өрөөтэй, ердийн агааржуулалтын системтэй, байгалийн гэрэлтүүлэг хүрэлцээтэй байхаар засаж тохижуулсан байгаа нь орон сууцны зориулалтаар ашиглаж хүн амьдрах нөхцөл бүрдсэн болохыг тус тус тогтоож, дээрх Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолыг хууль ёсны дагуу хэрэгжүүлж ажилласан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
  6. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Баянзүрх дүүргийн дугаар хороо, р хороолол,байрны ” тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн баримтуудаар анх өмчилж авсан иргэдийн нэр дээр бүртгэлтэй, тус хувийн хэргийн баримтад нэхэмжлэгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар албан бичгээр дээрх байрыг хувьчлахыг зөвшөөрсөн, уг зөвшөөрөл мөн Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос гаргасан маргаан бүхий актыг гаргахаас өмнөх ажиллагаануудад нэхэмжлэгчийн зүгээс дэмжиж байсан байдал, уг үйл баримтыг тухайн үед тус СӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Ггэж хүнээс шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн “...”А Б” СӨХ-ны дундын өмчлөлийн хөрөнгийг өмчлүүлэхдээ нийт гишүүдийн хурлаар хэлэлцүүлээгүй, зориулалтын дагуу ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарласан нь хууль бус учир гуравдагч этгээд нь өмчлөх эрхгүй...” гэх тайлбар, уг тайлбараа дэмжиж нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
  7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө . . . зэрэг эд хөрөнгө хамаарна” гэж 15.4-т “Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчилнө”, мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэж заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч зөрчсөн гэж буруутгах боловч энэ тохиолдолд дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын тогтоол, түүнийг үндэслэж гарсан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж төрийн өмчийн хөрөнгөөр баригдсан Баянзүрх дүүргийн 1дугаар хороо, дугаар хороолол, дүгээр байрны “” тоот өрөөг а СӨХ-ны дундын өмч байсан гэж үзэх боломжгүй, төрийн өмчийн хөрөнгөөр бариагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, мөн тус байрны өмчлөгч болохыг тогтоосон баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, үүнийгээ ч нэхэмжлэгчийн зүгээс нотлоогүй, зөвхөн хуулийн дээрх заалтыг үндэслэн маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар маргасан нь дээр дурдсан үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна.
  8. Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Орон сууц хувьчлах товчоо орон сууц хувьчлах ажлыг хэрэгжүүлэхдээ дараах бүрэн эрхтэй. 11.1-д “. . . хувьчлах орон сууц бүрт магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах”, 11.6-д “өмчлөх эрхийн гэрчилгээ олгох”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын хамтын шийдвэрээр хувьчлах орон сууцны чанар, аваарь, осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож, тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах бүрэн эрхтэй орон тооны бус магадлан шинжлэх хэсгийг байгуулна” 17 дугаар зүйлийн 17.1. Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж заасан байна.
  9. Дээрх хэм хэмжээнүүдээс үзэхэд хариуцагч байгууллага нэн тэргүүнд хувьчлах орон сууцны чанар, аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэх, хүн амьдрах нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох магадлан шинжлэх ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах үүрэгтэй байх ба хэрэгт авагдсан дээр дурдсан ажиллагаануудыг хийснээрээ тухайн орон сууцанд хүн амьдрах боломжтой нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан болохыг тогтоож, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчилгүйгээр /гуравдагч этгээдэд өмчлүүлэхийг дэмжсэн зөвшөөрлийг нэхэмжлэгч СӨХ-оос тухайн үед нь авсан, оролцоог нь хангасан/ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу гуравдагч этгээдэд Баянзүрх дүүргийн  дугаар хороо, -р хороолол, -р байрны “” тоот орон сууцыг өмчлүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн шийдвэр болсон байна.
  10. Орон сууц хувьчлах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хувьчлагдсан сууцыг өмчлөх эрх нь сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үүснэ” гэж зааснаас үзэхэд гуравдагч этгээдийн өмчлөх эрх нь Баянзүрх дүүргийн  дугаар хороо, -р хороолол, -р байрны “” тоот орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн үүссэн болох нь мөн тогтоогдож байна.
  11. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа хууль тогтоомж зөрчиж, түүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дах хэсгийн “Баянзүрх дүүргийн  дугаар хороо, -р хороолол, -р байрны  тоот өрөөг иргэн Л.М..-вт хувьчилсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6, 13 дугаар зүйлийн 13.1, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "АБ".... СӨХ-ийн Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дах хэсгийн “Баянзүрх дүүргийн дугаар хороо, хороолол, р байрны  тоот өрөөг иргэн Л.- вт хувьчилсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

           Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ