Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2023/00176

 

А.Өын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2023/00073 дугаар магадлалтай,

А.Өын нэхэмжлэлтэй

Х.С, Д.Ж нарт холбогдох  

“Киа-Вонго маркийн АААА БӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах” тухай иргэний хэргийг

Хариуцагч Х.С, Д.Ж, хариуцагч нарын өмгөөлөгч Я.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, өмгөөлөгч А.С, хариуцагч А.С, Д.Ж, хариуцагч нарын өмгөөлөгч Я.С, орчуулагч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч А.Өын нь Х.С, Д.Ж нарт холбогдуулан “Киа-Вонго маркийн АААА БӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Киа-Вонго маркийн АААА БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Х.С, хамтран хариуцагч Д.Ж нарын хууль бус эзэмшлээс гаруулж нэхэмжлэгч А.Өт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.С, Д.Ж нараас 267,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Өт олгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2023/00073 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагч Х.С, Д.Ж, хариуцагч нарын өмгөөлөгч Я.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд А.Өын нэхэмжлэлтэй Х.С, Д.Ж нарт холбогдох хонжворт сугалаагаар хожсон автомашины өмчлөлийн тухай маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

“Уг маргааны агуулгыг дэлгэрэнгүй байдлаар тайлбарлавал: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг Д.Ж нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг, “Эгнэшгүй-Их” ХХК-иас зөвхөн Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хонжворт сугалаа явуулах тухай зарыг сонсоод тус аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт жолооч А.Өтай хамт 2022 оны 09 дүгээр сарын дунд үед аймгийн төв талбайгаас 4 ш сугалаа худалдаж авсан. А.Ө Д.Жын нөхрөөр байнга автомашин засуулдаг, ирж явдаг учраас танил болсон байна. Д.Ж АААА, АААА серийн дугаартай 2 ш сугалааг, А.Ө нь өөр дугаартай хоёр сугалаа авсан. Талбайгаас хонжворт сугалаа худалдаж авах үед А.Ө Д.Жт хандаж “Энэ 4 сугалаан миний нэрийг бүхэлд нь бичүүлье, харин хүн тус бүрт хоёр сугалаа тусдаа байгаа учраас тухайн үед аз таарсан нь авья” гэж тохиролцсон.

Бодит байдалд Д.Жын худалдаж авсан сугалаа АААА, АААА гэсэн серийн дугааруудтай байсан ба эдгээр сугалааг Д.Ж гэртээ хадгалж байсан. Хонжворт сугалааны тохирол 2022.10.16-ны өдөр аймгийн төв талбайд явагдаж тохирлыг аймгийн “Дербес” зурагтаар шууд нэвтрүүлсэн. Д.Ж тухайн өдөр төв талбайд очоогүй, тохирлыг зурагтаар харж байтал Д.Жын худалдаж авсан АААА серийн дугаартай сугалаанд Вонго-3 маркийн автомашин таарсан. Д.Ж нь энэхүү гэнэтийн үйл явдалд маш их баярлаж гадаа А.Өын автомашин засч байсан нөхөр Х.Сд хэлсэн. Нөхөр Х.С А.Өын эхнэр н.З-тай уулзаж, “Серийн АААА дугаартай автомашин манай эхнэр Д.Жын худалдаж авсан сугалаанд таарсан байна. Жанар үүнийг зурагтаас харж надад хэлсэн. Харин та нарын сугалаанд хонжвор таараагүй байна”. гэж хэлсэн. Тэр өдрийн орой А.Ө, эхнэр н.Зоягын хамт Х.С, Д.Ж нарын гэрт ирж баяр хүргэн, хоол унд идээд авсан. Ингээд 2022.10.16-ны өдрөөс 2022.10.17-нд шилжих шөнө буюу шөнийн 4 цаг өнгөрч байхад А.Ө эхнэртэйгээ дахин ирж биднийг сэрээн бидэнд “Хонжворт сугалааны авто машиныг өглөө талбайгаас би авч гарья, учир нь сугалаанд миний нэр бичээстэй байгаа” гэж хэлэхэд би тэдэнд “Болохгүй. Автомашин таарсан сугалаа миний гарт байна. Би өглөө нөхөртэйгөө хамт очиж хожсон машиныг өөрөө авна. Та нарт итгэхгүй байна” гэж хэлсэн. Тэр үед А.Ө нь би танд 5,0 сая төгрөгийг шилжүүлнэ гэж хэлээд 04:10 минутын үеэр Д.Ж миний ХААН Банк дахь ХХХХХХ дугаартай дансанд 5,0 сая төгрөг шилжүүлж гарын баримт өгсөн. Уг гарын баримтанд “Талбайгаас таны автомашиныг авчирч өгөөд, одоо таны дансанд шилжүүлсэн 5,0 сая төгрөгийг буцааж авна” гэж бичсэн байсан. Ингээд Д.Ж, Х.С бид А.Өын хэлсэн үгэнд итгэж, гэртээ хадгалж байсан АААА дугаартай хонжворт сугалааны эх хувийг А.Өт өгсөн. Маргааш өглөө А.Ө нь төв талбайгаас хонжворын авто машин хүлээн авсны дараа бид түүнтэй утсаар холбогдохоор олон удаа оролдсон боловч тэрээр утсаа авахгүй байсан. Тэр өдрийн орой А.Өын эхнэр н.Зоя Д.Ж над руу утсаар залгаад ”Та нар сайн байна уу. Өдөржингөө ажил төрөл гарч тантай холбогдож чадсангүй. Бид уг автомашины татварт 4,0 сая төгрөг төлж, автомашины дугаар, бусад зардалд 140,000 төгрөг тушаасан. Манай хамаатнууд А.Өд “Чи бусдын хожсон машиныг авчхаад яагаад хүргэж өгөхгүй байна” гэж загнаж байна. Иймээс та 9,140,000 төгрөг авч ирээд автомашиныг манай гэрээс аваад яваарай” гэж хэлсэн. Тэгээд Д.Ж би, хөрш зэргэлдээ орших Б.С, Х.Х, С.Б, Х.Х, хадам дүү Х.Е, түүний эхнэр Б.Р нарын 7 иргэн А.Өын гэрт 2022.10.17-ны өдрийн 19 цагийн үед очсон. Энэ үед А.Өын гэрт цай уугаад тэгээд 9,140,000 төгрөгийг А.Өд өөрт нь Д.Ж би бэлнээр хүлээлгэн өгсөн. Ингээд А.Ө автомашиныг өөрөө унаад хажуудаа хүүхдээ суулгаад манай хашаанд авчирч, өнгөрсөн шөнө бичсэн гарын баримтаа буцаан авсан. Д.Ж би тэр өдрийн орой нь ХААН банкнаас 6 удаагийн үйлдлээр 8,570,000 төгрөгийг бэлнээр гарган авч, үлдсэн 570,000 төгрөг гэрт бэлэн байсныг нийлүүлэн 9,140, 000 төгрөг болгон А.Өт хүлээлгэн өгсөн. Тэр үед А.Ө нь автомашины дугаар, гэрчилгээний үнэ төлсөн баримт, утасны дугаар бичсэн жижиг шар цаас надад өгч, “энэ утасны дугаар рүү ярьж машинаа өөрийн нэр дээр болгож аваарай” гэж хэлсэн. Ингээд А.Өын хэлснээр 99429752 дугаартай утас рүү залгахад эмэгтэй хүн байсан ба тэрээр “Би Улаанбаатар хотод явж байна. 7 хоногийн дараа ирнэ, тэгээд та машиныг өөрийн нэр дээр болгож аваарай” гэж хэлсэн. Долоо хоногийн дараа нөгөө эмэгтэй рүү залгаад “Та Өлгийд ирсэн үү” гэж хэлэхэд тэр эмэгтэй “Би Өлгийд ирээгүй байна. Таны машины улсын дугаар манай гэрт байна. Гэрээс очоод аваарай” гэж хэлсний дагуу утсаар асууж байгаад гэрийн хаягийг тодруулан АААА БӨҮ дугаарыг авч автомашинд хадсан. Ингээд хэдэн хоногийн дараа аймгийн автотээвэрт ажилладаг эмэгтэй уулзаад “Ө-ын өгсөн жижиг шар цаасыг” үзүүлж машины техникийн гэрчилгээ бичүүлж авья гэсэн. Гэтэл тэр байцаагч эмэгтэй ”Энэ автомашин маргаантай байна. Би танд гэрчилгээ өгөхгүй” гэж хэлсэн.

4.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан буюу хэрэгсэхгүй болгох ёстой дараах үйл баримтууд буюу нотлох баримтуудыг шүүхүүд үнэлээгүй явдалд гомдолтой байна. Үүнд:

-Анхан болон давж заалдах шатны шүүхэд хариуцагч Х.С, Д.Ж нар бид нараас гаргасан дэлгэрэнгүй тайлбарууд

-Анхан шатны шүүхэд гэрчээр асуугдсан А.Е, Х.Х, С.Б, Б.Р, Х.Г, Б.С, Х.Е нарын мэдүүлгүүд

-Х.С, Д.Ж нарын шүүхэд гаргаж өгсөн серийн АААА, АААА дугаартай хонжворт сугалааны бичгүүдийг

-Д.Ж миний хувийн фэйсбүк олон нийтийн сүлжээнд тавигдсан пост буюу танил иргэдээс биднийг автомашин хожсон тухай баярт үйл явдлыг тохиолдуулан баяр хүргэсэн мэдээлэл

-Маргаан бүхий гэх автомашин нь Х.С, Д.Ж нарын хашаанд 2022.10.17-ны өдрөөс 2022.12.23-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2 сар, 6 хоног буюу 66 хоногт А.Ө нь автомашиныг буцаан авах тухай ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй нөхцөл байдал

-А.Өаас 2022.10.16-ны өдрөөс 2022.10.17-нд шилжих шөнийн 04 цаг, 10 минутын үеэр Д.Жын ХААН Банк дахь ХХХХХХ дугаартай дансанд 5,0 сая төгрөг шилжүүлсэн асуух ХААН Банкны депозит дансны хуулга

-Х.С, Д.Ж нарт 2022.10.17-ны өдрийн 19 цагийн үед А.Өын өгсөн жижиг шар цаас буюу уг бичигт дугаар 70 к, гэрчилгээ 14700, даатгал 29000, татвар 31500, 99429752 гэсэн үг бичигдсэн нөхцөл байдал

-А.Ө нь уг асуудлын учир байдлыг огт мэдэхгүй хүн Е.М гэгчид итгэмжлэл өгөөд өөрөө шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй байгаагаас мэтгэлцэх асуудал хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн.

-Уг автомашины 0091 БӨТ улсын дугаарыг Д.Ж авто тээврийн байгууллагаас авч машинд хадсан нөхцөл байдал

-Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхэд мэдүүлэг өгсөн гэрчүүд гэх М.Ж, А.А, М.З нараас тухайн үед хэрүүл маргаан гарсан, автомашины түлхүүрийг хүчээр булааж авсан гэх зэрэг нь үнэмшил муутай, зохиомол эргэлзээтэй нөхцөл байдал

-Уг маргаан бүхий хонжворын сугалаанд А.Өын нэр байгаа, уг автомашиныг компаниас А.Ө хүлээж авсан асуудалд талууд маргаагүй байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Өын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.09.21-ний өдрийн 001/ШХТ2023/00971 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч Х.С, Д.Ж, хариуцагч нарын өмгөөлөгч Я.С нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч Х.С, Д.Ж, тэдний өмгөөлөгч Я.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч А.Ө нь Х.С, Д.Ж нарт холбогдуулан “Киа-Вонго маркийн АААА БӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “2022.10.16-ны өдөр “Эгнэшгүй-Их” ХХК-аас зохион байгуулсан “Хийморьтой-20” сугалааны тохирол болсон, ... миний нэр дээр бичигдсэн АААА дугаартай сугалаанд Вонго-3 маркийн машин таарч азтан болсон. Гэтэл иргэн Х.Сээс сугалаанд нэмэрлэсэн гэх шалтгаанаар Киа Вонго-3 маркийн АААА БӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг дундын өмч гэж үзэн авч явсан. Х.С, түүний эхнэр Д.Ж нар надаас машины тал үнийг төлөхийг шаардсан.” гэж тайлбарласан.

8. Хариуцагч Х.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Уг автомашиныг “Эгнэшгүй-Их” ХХК-аас зохион байгуулсан “Хийморьтой-20” хонжворт сугалаагаар 2022.10.16-ны өдөр манай эхнэр Д.Ж хожиж авсан. Машин 2022.10.16-ны өдрөөс хойш одоо хүртэл манай хашаанд байгаа. Уг асуудал нь манай эхнэр Д.Ж болон А.Ө нарын хооронд болсон үйл явдал тул би уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш. Уг сугалааг би биш, манай эхнэр Д.Ж татсан.” гэж тайлбар ирүүлсэн.

9. Хариуцагч Д.Ж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... А.Ө бид хоёр 2022 оны 09 дүгээр сарын дунд үед төв талбайд очиж 4 ширхэг сугалаа худалдаж авсан. ... Би АААА, АААА дугаартай сугалааг, харин А.Ө нь өөр дугаартай хоёр сугалаа аваад тус тусын сугалааг гэртээ аваад явсан. Талбайгаас сугалаа худалдаж авах үед А.Ө надад хандаж энэ 4 сугалаанд миний нэрийг бичье, харин юм таарвал өөр өөрсдийн дугаартай сугалаагаар таарсан зүйлээ авъя гэж хэлсэн. ... Д.Ж миний худалдаж авсан сугалаа АААА, АААА дугаартай байсан ба уг 2 сугалааг гэртээ авч ирж хадгалсан. ... тохирол 2022.10.16-ны өдөр аймгийн төв талбайд явагдаж АААА дугаартай сугалаа тээврийн хэрэгсэл хожсон. ... ярилцан ойлголцсоны үндсэн дээр А.Ө хонжворын машиныг бидний эзэмшилд өөрөө шилжүүлж авчирсан.” гэж маргасан.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч А.Ө нь азын тохирлын дагуу Киа Вонго-3 загварын тээврийн хэрэгсэл хожсон, ... тээврийн хэрэгслийн үнийн дүнд ноогдох татварыг төлж хүлээн авсан, авто тээврийн хэрэгслийг бүртгэх байгууллагад бүртгүүлж, улсын дугаар авснаар түүнд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн. ...” гэж дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ба магадлалд “... Kиа Вонго маркийн, АААА БӨҮ улсын дугаартай автомашин таарсан АААА дугаартай сугалааг хариуцагч Д.Ж худалдаж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, ... А.Ө нь сугалаагаар хожсон автомашиныг Д.Жт шилжүүлэх үүрэг хүлээгээгүй ... нэхэмжлэгч А.Өаас 2022.10.17-ны өдөр 5 сая төгрөгийг шилжүүлсэн боловч энэ нь хариуцагч Д.Жаас машин таарсан гэх сугалааг авахын тулд шилжүүлсэн гэдгийг нотлохгүй.” гэж үзсэн байна.

11. Талууд 2022 оны 09 дүгээр сард “ЭИ” ХХК-ийн зохион байгуулсан Хийморьтой-20 хонжворт сугалаанаас нэхэмжлэгч А.Өын нэрээр бүртгэгдсэн АААА серийн дугаартай сугалаанд Киа Вонго-3 маркийн автомашины хонжвор таарсан үйл баримтын тухайд маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч А.Ө нь тохирлын маргааш өглөө буюу 2022.10.17-ны өдөр 5,000,000 төгрөгийг Д.Жын дансанд шилжүүлсэн, холбогдох татварыг төлөн сугалаа зохион байгуулагчдаас тээврийн хэрэгслийг хүлээн авч, АА-АА БӨҮ улсын дугаарт бүртгүүлсэн, мөн өдрийн орой Д.Ж түүний нөхөр Х.С нараас 9,140,000 төгрөгийг хүлээн авч автомашиныг тэдний эзэмшилд шилжүүлсэн үйл баримтууд зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогджээ.

Нэхэмжлэгч А.Ө маргаан бүхий тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч тул бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй гэж, хариуцагч Д.Ж хонжвор таарсан сугалаа бодит байдалд түүний өмчлөлийн зүйл тул автомашиныг өмчлөх эрхтэй гэж маргасан байна. Өөрөөр хэлбэл, сугалаа хэний нэр дээр бүртгэгдсэнээс үл хамааран зохигчийн эзэмшиж байсан сугалаанд таарсан хонжворыг уг сугалааг бодитой эзэмшигч өмчлөх эрхтэй эсэх талаар зохигч маргажээ.

Хоёр шатны шүүх маргааны зүйлийг зөв тогтоосон байх боловч сугалааны бүртгэлд суурилан нэхэмжлэгч А.Ө тээврийн хэрэгслийг дангаар өмчлөх эрхтэй гэж үзэхдээ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бусад үйл баримтуудтай харьцуулан дүгнэсэнгүй.

12. Зохигч Д.Ж, А.Ө нар 2022.09 сард 4 ширхэг Хийморьтой-20 сугалааг хамтран худалдан авсан гэх Д.Жын тайлбарыг нэхэмжлэгч А.Ө үгүйсгээгүй, харин хонжвор таарсан АААА дугаартай сугалаа түүний эзэмшилд буюу Х.Сд засуулахаар өгсөн автомашин дотор байсныг хариуцагч нар дур мэдэн авсан гэх агуулга бүхий тайлбар гаргасан бол хариуцагч нар АААА дугаартай сугалаа анхнаасаа буюу худалдаж авсан үеэс эхлэн түүний эзэмшилд байсан гэж тайлбарлан маргаж байна. Хэрэгт авагдсан баримтаар А.Өын автомашинд дээрх сугалаа байсан гэх, сугалааг Д.Ж, Х.С нар дур мэдэн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, харин А.Ө 2022.10.17-ны өглөө 5,000,000 төгрөг шилжүүлсэн, сугалаа таарсан тээврийн хэрэгслийг хүлээн авсны дараа Д.Ж нарт хүргэж өгсөн нөхцөл байдлуудаас нэгтгэн үзвэл АААА дугаартай сугалаа худалдан авсан үеэс Д.Жын бодит эзэмшилд байсныг буюу талууд уг сугалааг хамтран худалдан авсан, уг сугалаа тэдний дундын өмчийн зүйл болохыг илтгэж байна.

Харин хариуцагч Д.Жын гаргасан хүн тус бүр хоёр сугалааг эзэмшилдээ байлгаснаар тухайн сугалаанд таарсан хонжворыг сугалаа эзэмшигч дангаараа авах эрхтэй, талууд энэ талаар тохирсон гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд хэрэгт авагдсан эргэлзээгүй баримтаар тогтоогдож буй үйл баримт болох хонжвор таарсан АААА дугаартай сугалаа нь нэхэмжлэгч А.Ө, хариуцагч Д.Ж нарын дундын өмчийн зүйл байх тул уг сугалаанд таарсан хонжвор АА-АА БӨҮ улсын дугаартай, Киа Вонго-3 маркийн автомашиныг нэхэмжлэгч А.Ө, хариуцагч Д.Ж нар адил хэмжээгээр дундаа хэсгээр өмчлөх эрхтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасантай нийцнэ.

13. Талуудын хооронд үүссэн дундын өмчийн харилцааг зөв тодорхойлоогүйгээс Нэхэмжлэгч А.Өыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан гаргуулахын тулд маргааны зүйлийн тухайд хариуцагчийн эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай. Тус хэргийн хувьд тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч А.Ө, хариуцагч Д.Жын дундын өмчийн зүйл байх тул Д.Жын эзэмшлийг хууль бус гэж дүгнэх боломжгүй. Иймд нэхэмжлэгч А.Өын бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан гаргуулахаар хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дундаа хэсгээр өмчлөгчид эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтын талаар харилцан тохиролцох шаардлагатай бөгөөд ийнхүү тохиролцож чадахгүй бол өөрт ногдох хэсгээ худалдан борлуулах, уг хэсгийг нөгөө тал тэргүүн ээлжинд худалдан авах, ийнхүү худалдаж авах эрхээ хэрэгжүүлээгүй бол гуравдагч этгээдэд борлуулах гэх мэт байдлаар дундын өмчийн харилцаагаа зохицуулах боломжтой.

Хариуцагч Д.Ж нь нэхэмжлэгч А.Өын хамт автомашиныг дундаа өмчлөх эрхтэй байх тул эзэмшилдээ байлгах хууль зүйн боломжтой. Хариуцагч Х.С нь Д.Жын нөхөр буюу түүнтэй нэг гэрт амьдарч байх тул Х.С хууль бус эзэмшлийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш байна. Нэгэнт хөдлөх эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн талаарх түүний гэр бүлийн гишүүний эзэмшлийг хууль ёсны гэж үзсэн тул уг эд хөрөнгийн талаарх Х.С эзэмшлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй. Иймд тээврийн хэрэгслийг Х.Сий эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.     

14. Эд хөрөнгийг дундаа өмчлөгчид эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтын талаар харилцан тохиролцсон бөгөөд уг тохиролцоогоо эс биелүүлсэн болон бусад үндэслэлээр эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, зардлын талаар маргаан үүсгэхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

15. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Х.С, Д.Ж, тэдгээрийн өмгөөлөгч Д.Сьезд нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2023/00073 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан Киа-Вонго маркийн АААА БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч А.Ө, хариуцагч Д.Ж нар адил тэнцүү хувиар дундаа хэсгээр өмчлөгч болохыг тогтоож, хариуцагч Д.Ж, Х.С нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгч А.Өын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын орлого болгон хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Ж нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.06.22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                        Н.БАЯРМАА

                                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД