Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2023/00073

 

 

 

 

 

 

 

А.Ө-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч ***** оршин суух А.Ө-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ****** оршин суух Х.С-, хамтран хариуцагч ***** оршин суух Д. Ж- нарт холбогдох,

 

“Киа-Вонго маркийн **** БӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Х.С-, Д.Ж-, хариуцагч нарын өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч Б.Жанерке нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Эгнэшгүй-их” ХХК-аас зохион байгуулсан Хийморьтой 20 сугалаанаас сугалаа авч Ванго-3 маркийн /22000000 төгрөгийн үнэлгээтэй/ машиныг миний нэр дээр байгаа 000091 дугаартай сугалаа таарч азтан болсон юм.

1.2.. Иргэн Х.С-ээс сугалаанд нэмэрлэж мөнгө зээлсэн учир таарсан Ванго-3 маркийн машиныг дундын өмч хэмээн барьцаалсан ба хууль бусаар хувьдаа ашиглан торгууль гаргасан.

1.3. Миний бие хариуцагч Х.С-д албаны тээврийн хэрэгслийг засуулдаг байсан ба миний худалдаж авсан 4 сугалааны эрх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт машинд байсан. Сугалааны тохирол явагдсан өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай албаны тээврийн хэрэгсэл хариуцагчийн хашаанд байсан. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 16-ны орой хөдөөгөөс ирсний дараа Х.С-ий гэрт очиж сугалааны эрхээ авах гэсэн боловч манай байгууллагын УАЗ фургон маркийн **** БӨА улсын дугаартай машин дотор байсан сугалааны эрхүүдийг хамтран хариуцагч Д.Ж- авсан байсан. Миний бие яагаад миний сугалааны эрхийг машин дотроос авсан юм бэ гэхэд Х.С- нь энэ сугалааг авахад чинь миний бие мөнгө зээлсэн шүү дээ тийм учраас энэ бол бидний дундын өмч байх ёстой гэж бодож байгаа тул сугалааны эрхийг машин дотроос авсан тэр сугалааны эрхүүдийн нэгэнд нь сугалааны тохирлоос Киа Вонго 3 маркийн тээврийн хэрэгсэл таарсан байна гэж хэлсэн.

1.4. Чи энэ сугалааны эрхийг авахыг хүсвэл надад энэ машины тал үнийг шилжүүл гэхэд надад тийм хэмжээний мөнгө байхгүй гэж дансны үлдэгдлээ харуулсан. Х.С- тэгвэл хэдэн төгрөг өгөх боломжтой юм бэ гэж асуухад нь би сугалааны эрхээ буцаан авахын тулд аргагүйн эрхэнд найз болох Х.Д-аас 5 сая төгрөг зээлэн Х.С-ий надад хэлсэн дансанд шилжүүлсэн ба энэ нь Д.Ж-ын данс байсан. Үүний дараа буюу 10 дугаар сарын 17-ны өдөр миний бие машиныг авсны дараа Х.С-ий эхнэр Д.Ж- хамаатан садны хамт ирж хэрүүл өдөж эхнэрийг маань хэл амаар доромжилж айлган сүрдүүлж миний эзгүйд машиныг авч явсан. Дараагаар нь Х.С-ий гэрт очиж 5 сая төгрөгийг нь буцааж өгч тээврийг хэрэгслийг буцааж авах гэсэн боловч өгөөгүй тул шүүхэд хандсан.

1.5. Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.С- болон гэрч нарын мэдүүлгээс харахад хариуцагчийн эхнэр болох Д.Ж- нь хамтран хариуцагч гэж үзэж байна. Иймд Киа Вонго-3 маркийн **** БӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү.

  

2.Хариуцагч Х.С-ий хариу тайлбар, татгалзал:

2.1. Уг Ванго-3 маркийн автомашин нь “Эгнэшгүй-их” ХХК-аас зохион байгуулсан “Хийморьтой-20” хонжворт сугалаагаар 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр Д.Ж- хожиж авсан ба 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш одоо хүртэл манай хашаанд байгаа.

2.2. Уг асуудал нь манай эхнэр Д.Ж- болон А.Ө- нарын хооронд болсон үйл явдал. Ингэхээр би уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш учраас нэхэмжлэлийн шаардлага нь үнэн худал эсэхийг би мэдэхгүй. Уг сугалааг би татаагүй, харин эхнэр Д.Ж- татсан.

Иймд нэхэмжлэгч А.Ө-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Хамтран хариуцагч Д.Ж-ын хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Д.Ж- би “Эгнэшгүй-Их” ХХК-аас Баян-Өлгий аймаг даяар хонжворт сугалаа явуулах тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон. Ингээд Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг, Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт жолооч ажилтай А.Ө- бид хоёр 2022 оны 9 дүгээр сарын дунд үед төв талбайд очиж 4 ширхэг сугалаа худалдаж авсан.

3.2. Ингэхдээ 4 ширхэг сугалааны нэг нь үнэ төлбөргүй байсан ба үлдсэн 3 сугалааны нэг бүрийн үнэ нь 30,000 төгрөг нийт 90,000 төгрөг байсан. А.Ө-тай хамт талбайд очсон нь А.Ө- нь манай нөхөр Х.С-ээр байнга автомашинаа засуулдаг тул манай гэрт байнга ирж явдаг учраас сайн таньдаг байсан. Нэг өдөр манайд ирж байхдаа төв талбайд сугалаа зохион байгуулагдах гэж байгаа юм байна, 3 сугалаа авах юм бол нэг сугалаа үнэгүй өгөх юм байна, хамтарч 3 сугалаа авъя гэхээр нь Д.Ж- би А.Ө-тай хамтарч төв талбайгаас уг компаниас 000091, 000079 дугаартай сугалааг худалдаж аваад, харин А.Ө- нь өөр дугаартай хоёр сугалаа аваад уг сугалаануудыг өөр өөрсдөө гэр лүүгээ аваад явсан.

3.3. Талбайгаас сугалаа худалдаж авах үед А.Ө-аас надад хандаж “Энэ 4 сугалаанд миний нэрийг бичье, харин юм таарвал өөр өөрсдийн дугаартай сугалаагаар таарсан зүйлээ авъя” гэж хэлэхэд би тэр үед ямар нэгэн маргаан гарахгүй гэж зөвшөөрч байсан. Тэр өдөр бодит байдалд Д.Ж- миний худалдаж авсан сугалааны дугаар нь 000091, 000079 дугаартай байсан ба уг 2 сугалааг гэртээ авч ирж хадгалсан.

3.4. Ингээд уг хонжворт сугалааны тохирол нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн төв талбайд явагдсан. Тэр өдөр би гэртээ амарч байсан ба уг сугалааг Дербес зурагтаар аймаг даяар шууд нэвтрүүлсэн. Би тэр өдөр талбайд очоогүй ба зурагтаар харж байтал миний 2022 оны 9 дүгээр сарын дундуур төв талбайгаас худалдаж авсан 000091 дугаартай сугалаанд “Киа Вонго-3” маркийн автомашин таарсан. Би энэ явдалд баярлаж гадаа А.Ө-ын автомашиныг засаж байсан нөхөр Х.С-д хэлсэн. Тэгээд бид бөөн баяр болж, нөхөр Х.С- А.Ө-ын эхнэр дээр очиж “Сая машин хожсон сугалаа манай эхнэрт таарсан байна. Эхнэр үүнийг зурагтаар өөрийн нүдээр шууд харж надад хэлсэн. Харин та нарт сугалаа таараагүй байна” гэж хэлж байсан.

3.5. Тэр өдрийн орой нь А.Ө- нь эхнэртэйгээ хамт манай гэрт ирж, бидэнд баяр хүргэж, хоол унд идээд явсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө буюу шөнийн 4 цаг өнгөрч байхад А.Ө- эхнэртэйгээ дахин манай гэрт ирж, бид нарыг сэрээж бидэнд “Хонжворт сугалааны авто машиныг өглөө талбайгаас би авч гарья, учир нь сугалаанд миний нэр бичигдсэн байгаа, би сугалаа таарсан гээд нэрээ гаргамаар байна” гэж хэлэхэд би тэдэнд “Болохгүй сугалаа миний гарт байна. Би өглөө нөхөртэйгөө хамт очоод хожсон машиныг өөрсдөө авна, та нарт итгэхгүй байна” гэж хэлсэн. Тэр үед А.Ө- нь “би танд 5,0 сая төгрөгийг шилжүүлнэ” гэж хэлээд 04 цаг 10 минутын үеэр Д.Ж- миний ХААН Банк дахь ********* дугаартай дансанд 5,0 сая төгрөг шилжүүлж гарын үсэгтэй баримт өгсөн. Уг гарын үсэгтэй баримтад “Талбайгаас таны автомашиныг авч ирж өгөөд, одоо таны дансанд шилжүүлсэн 5,0 сая төгрөгийг буцааж авна” гэж бичсэн байсан. Ингээд Д.Ж- би А.Ө- болон түүний эхнэрийн хэлсэн үгэнд итгэж гарт байсан 000091 дугаартай сугалааг А.Ө-т өгсөн. Тэгээд А.Ө- нь маргааш нь өглөө төв талбайгаас хонжворын авто машиныг хүлээж аваад тэр өдөр би олон удаа түүнтэй утсаар ярих гэсэн боловч тэрээр утсаа аваагүй. Ингэж байж байтал тэр өдрийн орой нь А.Ө-ын эхнэр Д.Ж- над руу заалгаад "Сайн байна уу. Өдөржингөө ажил төрөл гарч бид тантай холбогдож чадсангүй. Бид уг автомашины татварт 4,0 сая төгрөг төлсөн. Автомашины дугаар бусад зардалд 140,000 төгрөг тушаасан. Манай хамаатнууд А.Ө-ад “Чи бусдын хожсон машиныг авчхаад яагаад хүргэж өгөхгүй байна” гэж загнаж байна. Иймээс та 9,140,000 төгрөгийг бэлнээр авч ирээд автомашиныг манай гэрээс аваарай” гэж хэлсэн.

3.6. Тэгээд Д.Ж- би хөрш зэргэлдээ орших Б.С, Х.Х, С.Б, Х.Х, хадам дүү Х.Е, түүний эхнэр Б.Р нарын 7 хүн А.Ө-ын гэрт 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд очсон. Энэ үед А.Ө-ын гэрт цай уугаад тэгээд 9,140,000 төгрөгийг А.Ө-ын өөрт нь бэлнээр хүлээлгэн өгөөд автомашиныг А.Ө- өөрөө унаад манай хашаанд авч ирж өгч өнгөрсөн шөнө бичиж өгсөн гарын үсэгтэй баримтыг буцаан аваад явсан. А.Ө-ад 2022 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед өгсөн 9,140,000 төгрөгийг Д.Ж- би тэр өдрийн орой нь ХААН банкнаас 6 удаагийн үйлдлээр 8,570,000 төгрөгийг бэлнээр гарган авч үлдсэн 570,000 төгрөгийг гэртээ бэлнээр байсныг нийлүүлээд 9,140,000 төгрөгийг А.Ө-ад хүлээлгэн өгсөн.

3.7. Тэр үед А.Ө- нь жижиг шар цаасанд бичигдсэн автомашины дугаар, гэрчилгээний үнэ төлсөн баримтыг надад өгсөн. Тэр үед А.Ө- нь надад жижигхэн шар цаасанд бичигдсэн утасны дугаар руу ярьж та маргааш машинаа өөрийн нэр дээр буулгаж аваарай гэж хэлсэн. Ингээд А.Ө-ын хэлснээр би жижиг шар цаасанд бичигдсэн ********дугаартай утас руу залгахад эмэгтэй хүн байсан ба тэрээр “Би Улаанбаатар хотод явж байна. 7 хоногийн дараа ирнэ, тэгээд та машиныг өөрийн нэр дээр буулгаж аваарай” гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа нөгөө эмэгтэй рүү дахин залгаад “Та Өлгийд ирсэн үү” гэж хэлэхэд тэр эмэгтэй “Би Өлгийд ирээгүй байна, таны машины улсын дугаар нь манай гэрт байна. Гэрээс очоод аваарай” гэж хэлэхээр нь утсаар асууж байгаад гэрийн хаягийг тодруулан **** БӨҮ улсын дугаарыг авч автомашинд хадсан. Ингээд хэд хоногийн дараа аймгийн Авто тээврийн газарт ажилладаг эмэгтэйтэй уулзаад “А.Ө-ын өгсөн жижиг шар цаасыг үзүүлж машины техникийн гэрчилгээ бичүүлж авъя” гэсэн. Гэтэл тэр байцаагч эмэгтэй “Энэ машин маргаантай байна. Би танд гэрчилгээ өгөхгүй” гэж хэлсэн. Ингээд би буцаад гэр лүү явсан. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бид А.Ө-ын гэрт очиход ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй тэнд маш тайван байсан. Бид уг автомашины түлхүүрийг хүчээр булаан аваагүй. А.Ө- нь хажуудаа хүүгээ суулган уг автомашиныг унаад манай хашаанд авч ирсэн. Энэ асуудлын тухай шүүхэд гэрчээр асуугдсан нэр бүхий гэрч нар тодорхой мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Өнөөдөр А.Ө- нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой хэрүүл маргаан болсон мэтээр худлаа зүйл бичиж байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэгч А.Ө-ын “Киа Вонго 3” маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

 4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаар шийдвэрээр:

4.1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Киа-Вонго маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Х.С-, хамтран хариуцагч Д.Ж- нарын хууль бус эзэмшлээс гаруулж нэхэмжлэгч А.Ө-ад олгож,

4.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.С-, Д.Ж- нараас 267950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ө-ад олгож шийдвэрлэжээ.  

 

5. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх А.Ө-ын нэхэмжлэлтэй Х.С-, Д.Ж- нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.

5.2. Өнгөрсөн хугацаанд болсон үйл баримтыг дэлгэрэнгүй дурдаж шүүхэд бодит нөхцөл байдлыг ойлгуулахыг хичээж энэхүү давж заалдах гомдолд дурдах нь зүйтэй гэж үзлээ. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг Д.Ж- би “Эгнэшгүй-Их” ХХК-аас Баян-Өлгий аймгийн хэмжээнд хонжворт сугалаа явуулах тухай зарыг сонсоод аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт жолооч ажилтай А.Ө- бид хоёр 2022 оны 9 дүгээр сарын дунд үед төв талбайд очиж, 4 ширхэг хонжворт сугалаа худалдаж авсан. А.Ө- нь манай нөхрөөр байнга автомашин засуулдаг тул манай гэрт байнга ирж , очдог учраас бид танилын харьцаатай. Д.Ж- би уг компаниас 000091, 000079 дугаартай хоёр ширхэг хонжворт сугалааг худалдаж аваад, харин А.Ө- нь өөр дугаартай хоёр хонжворт сугалаа авсан. Талбайгаас хонжворт сугалаа худалдаж авах үед А.Ө-аас надад хандаж “Энэ 4 хонжворт сугалаануудад бөөндөж миний нэрийг бүхэлд нь бичье, харин хоёр хоёр хонжворт сугалаа тусдаа байгаа учраас тухайн үед аз таарсан нь авъя” гэж тохиролцсон. Бодит байдалд Д.Ж- миний татсан хонжворт сугалааны дугаар нь 000091, 000079 дугааруудтай байсан ба уг 2 хонжворт сугалааг гэртээ аваачиж хадгалж байсан. Ингээд уг хонжворт сугалааны тохирол нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн төв талбайд явагдсан. Тэр өдөр би гэртээ байсан ба уг хонжворт сугалааг “Дербес” зурагтаар орон даяар шууд нэвтрүүлсэн. Би тэр өдөр талбайд очоогүй ба зурагтаар ингээд харж байтал миний 2022 оны 9 дүгээр сарын дундуур худалдаж авсан 000091 дугаартай хонжворт сугалаанд “Вонго-3” маркийн автомашин таарсан. Би энэ явдалд маш их баярлаж гадаа А.Ө-ын автомашин засаж байсан нөхөр Х.С-д хэлсэн. Тэгээд бид бөөн баяр болж, нөхөр маань А.Ө-ын эхнэр дээр очиж “Сая машин хожсон хонжворт сугалаа манай эхнэрт таарсан байна. Ж- үүнийг зурагтаар үзэж надад хэлсэн. Харин та нарт хонжворт сугалаа таараагүй байна” гэж хэлсэн. Ингээд тэр өдрийн орой нь А.Ө- нь эхнэр Зоягийн хамт манай гэрт ирж бидэнд баяр хүргэж, хоол унд идээд явсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө буюу шөнийн 4 цаг өнгөрч байхад А.Ө- эхнэртэйгээ дахин манай гэрт ирж бид нарыг сэрээж бидэнд “Хонжворт сугалааны авто машиныг өглөө талбайгаас би авч гарья, учир нь хонжворт сугалаанд миний нэр бичээстэй байгаа” гэж хэлэхэд би тэдэнд “Болохгүй. Автомашин таарсан хонжворт сугалаа миний гарт байна. Би өглөө нөхөртэйгөө хамт очоод хожсон машиныг өөрөө авна, та нарт итгэхгүй байна” гэж хэлсэн. Тэр үед А.Ө- нь “би танд 5,0 сая төгрөгийг шилжүүлнэ” гэж хэлээд 04 цаг 10 минутын үеэр Д.Ж- миний ХААН банк дахь *********дугаартай дансанд 5,0 сая төгрөг шилжүүлж гарын үсэгтэй баримт өгсөн. Уг баримтад “Талбайгаас таны автомашиныг авч ирж өгөөд, одоо таны дансанд шилжүүлсэн 5,0 сая төгрөгийг буцааж авна” гэж бичсэн байсан. Ингээд Д.Ж- би А.Ө-ын үгэнд итгэж, гарт байсан 000091 дугаартай хонжворт сугалааг А.Ө-ад өгсөн. Тэгээд А.Ө- нь маргааш өглөө төв талбайгаас хонжворын авто машиныг хүлээж аваад тэр өдөр би олон удаа түүнд утсаар ярих гэсэн боловч тэрээр утсаа аваагүй. Ингэж байж байтал тэр өдрийн орой нь А.Ө-ын эхнэр нь З над руу утсаар залгаад ”Та нар сайн байна уу. Өдөржингөө ажил төрөл гарч, тантай холбогдож чадсангүй. Бид уг автомашины татварт 4,0 сая төгрөг төлсөн. Автомашины дугаар бусад зардалд 140,000 төгрөг тушаасан. Манай хамаатнууд Ө-ад “Чи бусдын хожсон машиныг авчхаад яагаад хүргэж өгөхгүй байна“ гэж загнаж байна. Иймээс Та 9,140,000 төгрөгийг авч ирээд автомашиныг манай гэрээс аваад аваарай” гэж хэлсэн. Тэгээд Д.Ж- би хөрш зэргэлдээ орших Б.С, Х.Х, С.Б, Х.Х, хадам дүү Х.Е, түүний эхнэр Б.Р нарын 7 иргэн А.Ө-ын гэрт 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед очсон. Энэ үед А.Ө-ын гэрт цай уугаад тэгээд 9,140,000 төгрөгийг А.Ө-ын өөрт нь Д.Ж- би бэлнээр хүлээлгэн өгсөн. Ингээд А.Ө- автомашиныг өөрөө унаад хажуудаа хүүхдээ суулгаад манай хашаанд хонжворын автомашиныг авч ирж өгч өнгөрсөн шөнө бичиж өгсөн гарын үсэгтэй баримтыг бид буцаан түүнд өгсөн. А.Ө-ад 2022 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед өгсөн 9,140,000 төгрөгийг Д.Ж- би тэр өдрийн орой нь ХААН Банкнаас 6 удаагийн үйлдлээр 8,570,000 төгрөгийг бэлнээр гарган авч үлдсэн 570,000 төгрөгийг гэртээ бэлнээр байсныг нийлүүлээд 9,140, 000 төгрөгийг А.Ө-ад бэлнээр хүлээлгэн өгсөн.

Тэр үед А.Ө- нь жижиг шар цаасанд бичигдсэн автомашины дугаар, гэрчилгээний үнэ төлсөн баримтыг надад өгсөн. Тэр үед А.Ө- нь надад “жижигхэн шар цаасанд бичигдсэн утасны дугаар рүү ярьж та маргааш машинаа өөрийн нэр дээр буулгаж аваарай” гэж хэлсэн. Ингээд А.Ө-ын хэлснээр би жижиг шар цаасанд бичигдсэн ******* дугаартай утас рүү залгахад эмэгтэй хүн байсан ба тэрээр “Би Улаанбаатар хотод явж байна. 7 хоногийн дараа ирнэ, тэгээд та машиныг өөрийн нэр дээр буулгаж аваарай” гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа нөгөө эмэгтэй рүү залгаад “Та Өлгийд ирсэн үү” гэж хэлэхэд тэр эмэгтэй “Би Өлгийд ирээгүй байна. Таны машины улсын дугаар нь манай гэрт байна. Гэрээс очоод аваарай” гэж хэлэхээр нь утсаар асууж байгаад гэрийн хаягийг тодруулан **** БӨҮ дугаарыг авч автомашинд хадсан. Ингээд хэдэн хоногийн дараа аймгийн авто тээвэрт ажилладаг эмэгтэйтэй уулзаад “Ө-ын өгсөн жижиг шар цаасыг” үзүүлж машины техникийн гэрчилгээ бичүүлж авъя гэсэн. Гэтэл тэр байцаагч эмэгтэй ”Энэ автомашин маргаантай байна. Би танд гэрчилгээ өгөхгүй” гэж хэлсэн. Ингээд би буцаад гэр лүү явсан.

5.3. Дээр дурдсан үйл баримтыг нотлох И.С-, Д.Ж- нар бид шүүхэд тайлбар гарган гэрчүүд А.Е, Х.Х, С.Б, Б.Р, Х.Г, Б.С, Х.Е нарын мэдүүлгүүд, 000091, 000079 дугаартай сугалаануудыг хариуцагч талаас гаргаж өгсөн байдал, цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл, маргаан бүхий гэх автомашин манай хашаанд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 3 сар гаруй байсан нөхцөл байдал, А.Ө- гэргийн хамт 2022 оны 10 дугаар сарын 16-аас 10 дугаар сарын 17-нд шилжих шөнийн 04 цагийн үед ирэхэд уг хонжворт сугалааг Д.Ж-аас авахдаа Д.Ж-ын нэр бичигдээгүй цагаан байсан ба тэд авсны дараа уг хонжворт сугалаанд А.Ө- гэж нэрийг нөхөж бичсэн байдал гэрчүүд гэх М.Ж, А.А, М.З нараас хэрүүл маргаан гарсан, автомашины түлхүүрийг хүчээр булааж авсан, тэр өдөр бэлнээр 9,140,000 төгрөг өгсөн А.Ө- гэртээ байгаагүй зэрэг эргэлзээтэй мэдүүлгүүд зэрэг уг маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байгааг анхан шатны шүүх бодит байдлаар үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сард “Эгнэшгүй-их” компаниас зохион байгуулсан. Сугалааг худалдан авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Үүний дараа 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу сугалааны тохирол болдог өдөр хөдөө байсан. Хөдөөгөөс орой гэрт ирэхэд эхнэр  нь “Вонго” загварын тээврийн хэрэгсэл хожсон гэж хэлсэн. Сугалааны хуудас хаана байгааг асуухад **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор байгаа талаар хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн хашаанд засвар хийлгүүлж байгаа гэж хэлсэн. Хариуцагчийн гэрт нь очиход тухайн тээврийн хэрэгсэл дотор байсан сугалааны билетийг хариуцагч нар авсан байсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Хариуцагч нэхэмжлэгчид уг сугалааг авах үед чи надаас мөнгө зээлсэн байсан. Тиймээс сугалаанд таарсан байсан “киа вонго” загварын тээврийн хэрэгсэл нь бид хоёрын дундын өмчлөл байх ёстой. Тиймээс нэхэмжлэгчид “чи надад 10,000,000 төгрөг өг” эс бөгөөс сугалааны дугаар чамд өгөхгүй” гэхэд надад тийм их хэмжээний мөнгө байхгүй. Чи хэдэн төгрөг өгөх боломжтой гэж асуусан гэсэн. Тэгээд найзаасаа 5,000,000 төгрөг зээлж авч хариуцагч Д.Ж-ын дансанд шилжүүлсэн. Холбогдох нотлох баримтаар уг тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчид таарсан гэдэг нь нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

7. Хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.

 

8. Нэхэмжлэгч  А.Ө- нь  Х.С-, Д.Ж- нарт холбогдуулан “Киа-Вонго маркийн **** БӨҮ дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаруулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Эгнэшгүй-Их” ХХК-аас зохион байгуулсан “Хийморьтой 20” сугалаанаас сугалаа авч, “Киа Вонго-3” маркийн машин миний нэр дээр байгаа 000091 дугаартай сугалаа таарч азтан болсон. Иргэн Х.С-ээс сугалаанд нэмэрлэж мөнгө зээлсэн учир “Киа Вонго-3” маркийн машиныг дундын өмч хэмээн хууль бусаар эзэмшиж байгаа тул гаргуулж өгнө үүгэж тайлбарлажээ.

 

9. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “...А.Ө- нь надаар байнга машин засуулдаг тул байнга ирж явдаг сайн танил билээ. Манай эхнэр Д.Ж- болон А.Ө- нар нь 2022 оны 9 дүгээр сарын дунд үед аймгийн төв талбайд очиж 4 ширхэг сугалаа худалдан авсан ба 000091, 000079 дугаартай хоёр сугалааг манай эхнэр, өөр дугаартай хоёр сугалааг А.Ө- өөрөө аваад явсан гэж хэлсэн. Сугалааг худалдаж авах үед А.Ө- нь дөрвөн сугалааг өөрийн нэр дээр бүртгүүлэх талаар хэлснийг эхнэр Д.Ж- зөвшөөрсөн байх ба бодит байдал дээр 000091, 000079 дугаартай сугалаанууд Д.Ж-ын сугалсан сугалаа байсан ба манай гэрт хадгалаастай байсан. Сугалааны тохирол явагдах үед “Киа Вонго-3” маркийн автомашин нь Д.Ж-ын гарт буюу манай гэрт байсан 000091 дугаартай сугалаанд таарсан. А.Ө-аас автомашин миний нэр дээр бүртгэлтэй байгаа сугалаанд таарсан учраас маргааш талбайгаас машиныг би авч та нарт өгье гэсний дагуу сугалааны тасалбарыг түүнд өгсөн ба машиныг хүлээж авсан орой А.Ө- нь уг машиныг өөрөө сайн дурын үндсэн дээр манайд хүргэж өгсөн. Уг машин нь манай эхнэрийн 000091 дугаартай сугалаанд таарсан ба бид шударгаар эзэмшиж байгаа болно... гэж шүүхэд маргасан байна.

 

10. Анхан шатны шүүх “Киа-Вонго” маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Х.С-, хамтран хариуцагч Д.Ж- нарын хууль бус эзэмшлээс гаруулж, нэхэмжлэгч А.Ө-ад олгож шийдвэрлэснийг хариуцагч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 

11 . Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсан тул нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж зааснаас үзэхэд өмчлөгч, эсхүл хууль ёсны эзэмшигч нь хөрөнгөө бусдын хууль бус халдлага, эзэмшлээс хамгаалах, шаардан авах эрхтэй байна.

 

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд дараах үйл баримт тогтоогджээ.

12.1. “Эгнэшгүй-Их” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4 дугаартай тоотын хариу хүргүүлэх тухай албан бичигт “...тус компани 2022 онд зөвхөн Баян-Өлгий аймгийн иргэдэд зориулсан “Хийморьтой-20” хонжворт сугалаа зохион байгуулсан. ... Сугалаанд оролцогчоос “Киа Вонго-3” загварын тээврийн хэрэгслийн азтанаар №000091 дугаартай, холбоо барих утасны дугаар: 94650009, оролцогч Арыстаны Ө- тодорсон. ... Киа Вонго-3 загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 22,000,000 төгрөгт ноогдох 4,000,000 төгрөгийн албан татварыг азтан А.Ө-аас бүрэн төлснөөр тухайн тээврийн хэрэгслийг түүнд олгосон. Өөрөөр хэлбэл, ...Х.С-, Д.Ж- гэх хүмүүсийн аль аль нь сугалааны хонжвор “Киа Вонго-3” загварын тээврийн хэрэгслийн азтанаар тодорч байгаагүй” гэж бичигдсэн байдал болон тухайн албан бичгээр ирүүлсэн холбогдох баримт болох “Эгнэшгүй-Их” ХХК-ийн Азын сугалааны код 5 машин 5 азтан гэх баримтын “Вонго-3 портер” гэх хэсэгт нэр Ө-, утасны дугаар *********, код 000091 гэж, 000091 дугаартай сугалаанд утасны дугаар *********, нэр Ө- гэж тус тус бичигджээ.

12.2. Мобикомын ********* дугаар нь нэхэмжлэгч А.Ө-ын нэр дээр бүртгэлтэй болох нь  “Мобиком корпораци” ХХК-ийн Баян-Өлгий салбарын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай тодорхойлолтоор тогтоогджээ.

12.3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь улсын байцаагч Х.Болатбекийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай албан бичигт “... хүсэлтийн дагуу миний бие 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хөндлөнгийн хяналт тавьж ажилласан. “Эгнэшгүй-Их” ХХК-аас зохион байгуулсан “Хийморьтой-20” сугалааны шагнал болох “Киа Вонго-3” загварын тээврийн хэрэгслийг 000091 сугалааны дугаартай ********* утасны дугаартай Арыстаны Ө- гэх иргэн хожсон” гэжээ. Энэ талаар талууд маргаагүй байна.

12.4. Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт болох 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар **** БӨҮ улсын дугаартай “KIA маркийн Bongo” моделийн 2006 онд үйлдвэрлэсэн, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орж ирсэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Арыстаны Ө- болох нь тогтоогджээ.

 

13. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Х.С-, Д.Ж- нар нь **** БӨҮ улсын дугаартай, KIA Bongo маркийн, маргаан бүхий автомашин өөрт нь хонжвороор таарсан гэх 000091 дугаартай сугалааг нь хариуцагч Д.Ж- худалдаж авсан нь нотлогдоогүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад Иргэний хуулийн өмчлөгчийн шаардах эрхтэй холбоотой зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэснийг “шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан” гэж дүгнэв. Иймд хариуцагч нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

14. Хариуцагч нарын давж заалдах гомдлын 5.2-д бичсэн тайлбараас үзэхэд  KIA Bongo маркийн,  **** БӨҮ улсын дугаартай автомашин таарсан 000091 дугаартай сугалааг  хариуцагч Д.Ж-д худалдаж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй байна. Уг сугалаа нь нэхэмжлэгч А.Ө-ын нэр дээр бүртгэлтэй болох нь “Эгнэшгүй-Их” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4 дугаартай тоотын хариу хүргүүлэх тухай албан бичиг, “Мобиком корпораци” ХХК-ийн Баян-Өлгий салбарын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай тодорхойлолт, 000091 дугаартай сугалаанд бичигдсэн нэр, утасны дугаараар тогтоогджээ. Хэдийгээр хариуцагч Д.Ж- нь нэхэмжлэгч А.Ө- бид хоёр хамт очиж 4 сугалаа авч бүх сугалаанд А.Ө- нь өөрийнхөө нэр, утасны дугаар бичсэн гэж тайлбарлах боловч энэ нь бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, А.Ө- нь сугалаагаар хожсон автомашиныг Д.Ж-т шилжүүлэх талаар үүрэг хүлээсэн нь тогтоогдоогүй байна.

Мөн нэхэмжлэгч А.Ө-аас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 5 сая төгрөгийг шилжүүлсэн талаарх ХААН банкны депозин дансны дэлгэрэнгүй  хулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэ нь хариуцагч Д.Ж-аас машин таарсан гэх сугалааг авахын тулд шилжүүлсэн гэдгийг нотлохгүй юм.   

 

            15.  Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                                                                                          

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ