Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Зт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй 

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар 

           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нарыг оролцуулан хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Ч.Зт холбогдох эрүүгийн 1922001970126 тоот хэргийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Г овгийн Чын З /РД: /

 Шүүгдэгч Ч.З нь Дундговь аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хулд сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд суудлын авто машин худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улмаар иргэн Л.Батсуурьт давуу байдал бий болгож 24.000.000 төгрөгийн үнэ бүхий "Тоёота ланд круйзер-100” маркийн авто машиныг нь 49.500.000 төгрөгөөр худалдан авсан гэх гэмт хэрэгт холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас Ч.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          Шүүгдэгч Г овгийн Чын Зыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зт нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 15000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

           Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийи хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг, шүүгдэгч Ч.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогчийн төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж,

           Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Ч.Зыг Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч шийдвэрлэсэн шүүхийн 08 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр  давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  шүүгдэгч Ч.Зт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ялласанд шүүгдэгчийн зүгээс маргаагүй, тэрээр өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд, нэхэмжлэгчийн зүгээс түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал хүсэлт байхгүй, шүүгдэгч З нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 15,000,000 төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь миний үйлчлүүлэгчийн хувьд хүнддэж байх тул дээрхи шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 10,000,000 төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна” гэв.

            Хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, Ч.Зт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулахаар дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Зт прокурорын дүгнэлтээс доогуур ял оногдуулсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна”  гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Тус аймгийн Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэхээр батлагдсан “Хулд сумын ЗДТГ-ын албан хэрэгцээнд авто машин нийлүүлэх ажлын эрх”-ийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар Хулд сумын засаг даргад шилжүүлсэн бөгөөд Засаг дарга  Ц.З нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр  “Үнэлгээний хороо”  байгуулж, автомашин худалдан авах нээлттэй тендер зарласан боловч тендерт аж ахуйн нэгж материал ирүүлээгүй үндэслэлээр иргэн Л.Батсууриас  1999 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд Монголд орж ирсэн, 24.000.0000 төгрөгийн үнэ бүхий Тоёота ланд круйзер-100 маркийн автомашиныг “Ёоши Хаши” ХХК-ний нэр дээр  шууд гэрээ байгуулан зах зээлийн үнээс илүү өндөр үнээр буюу 49.500.000 худалдан авч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна. 

Харин  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дугээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Түвшинбаяр нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Зөрүү мөнгийг төрд буцаан олгуулах нь зүйтэй” гэж мэдүүлж байсан боловч шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6/1534 тоотоор “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн албан тоот ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон прокуророос гэмт хэргийн хохирлын талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул хохирол нөхөн төлүүлэх талаар дүгнэлт хийх боломжгүй гэж  анхан шатны шүүх үзээд хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх тул хохирол төлөгдөөгүй тохиолдолд хохирогч, иргэний нэхэмжлэгч болон прокурор шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.   

Шүүгдэгч Ц.Зын өмгөөлөгч С.Төмөрбаатарын “Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Ц.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн байдлыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 10 сая төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн гомдлыг хангах боломжгүй байна. Шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.З нь гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэсэн өмгөөлөгчийн гомдол нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон  байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                   Т.БЯМБАЖАВ