Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн  дарга Г.Алдармаа

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

Шүүгдэгч Ч.З нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.З холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцээд

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ..... сарын .........-ны өдөр Дундговь аймгийн ..............................., .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй, .......................................................................................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Г овгийн Ч-н З /РД:............................/

 

Шүүгдэгч Ч.З нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хулд сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд суудлын авто машин худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улмаар иргэн Л.Б давуу байдал бий болгож 24.000.000 төгрөгний үнэ бүхий ‘’Тоёота ланд круйзер-100’’ маркийн авто машиныг 49.500.000 төгрөгөөр худалдан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Шүүгдэгч Ч.З яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь Үнэлгээний хорооноос шууд гэрээ байгуулах дүгнэлт гаргасны дагуу Уаз мега, Ё ХХК руу автомашин нийлүүлэх санал хүргүүлсэн. У ХХК нь автомашин нийлүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Харин Ё ХХК нь Тоёота Ланд круйзер 100 маркийн автомашиныг 49.500.000 төгрөгөөр нийлүүлэх хүсэлтэй байна гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Тамгын газрын даргын тушаалаар автомашин хүлээн авах комисс томилогдож уг комиссын гишүүд өөрсдөө газар дээр нь ирж Ё ХХК-ийн санал болгосон автомашиныг үзэж техникийн тодорхойлолтын дагуу хүлээн авсан. Комиссын гишүүд аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн газарт худалдан авсан автомашинаа үзүүлчихээд суманд авчирсан. Үүний дараа аймгаас Ё ХХК руу мөнгө шилжиж орсон байх. Энэ асуудалд миний оролцоо байхгүй. 2019 оны 3 сарын үед  би хотод зах дээр явж байгаад Б гэгчийн зарж байсан автомашиныг үзсэн. Тэгэхэд би Б манайх хувь хүнээс автомашин авах боломжгүй, компани, аж ахуй нэгжээс л авах боломжтой гэж хэлсэн юм. Үүний дараа Б над руу залгаад би автомашинаа ахынхаа Ё ХХК-ий нэр дээр шилжүүлээд зарахаар боллоо гэж хэлсэн. Тамгын газраас Ё ХХК руу санал хүргүүлэхэд Ё ХХК нь Тоёота Ланд круйзер 100 маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн автомашин Монгол Улсад импортлогдоогүй, манайх 1999 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг нийлүүлэх хүсэлтэй байна гэсэн тоот өгсөн юм. Би Тамгын газрын даргад Ё ХХК-д санал хүргүүл гэж үүрэг өгсөн зүйл байхгүй. Тамгын газрын дарга С Ё ХХК-д яагаад санал хүргүүлснийг мэдэхгүй байна. Би Б-тай урьдчилан тохирсон зүйл байхгүй. Би С ХХК гэж огт мэдэхгүй. О.Б ч гэж мэдэхгүй.  Урилга өгөх үүрэг өгөөгүй. Би энэ компанийн талаар мэдэхгүй.  Уг машиныг худалдаж авснаас хойш жолоочийн талын крилод сэв оруулсан. Бид нарыг авснаас хойш үүссэн гэмтлийг хамт үнэлчихсэн юм. Ямар журмаар яаж үнэлснийг би мэдэхгүй байна. Би уг автомашиныг 24000000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Б Тоёота альпард маркийн автомашинд уулзаж гэрээнд гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Тамгын газрын дарга С л өөрөө гэрээ хийсэн байх.  Комиссын гишүүд ямар хүмүүс байсныг ч санахгүй байна’’ гэх мэдүүлэг /1-р хх-127-134/

3. Хохирогч Б.Т ‘’... Мэргэжлийн байгууллагаар үнийн зөрүү нь тогтоогдсон бол буруутай этгээдээс зөрүү мөнгийг төрд буцаан олгуулах нь зүйтэй байна...”  гэх мэдүүлэг /1-р хх-26//

            4. Гэрч Л.Б ‘’... 3608 УНЗ улсын дугаартай ‘’Тоёота ланд круйзер 100’’ маркийн автомашиныг би 2015 онд хувь хүнээс 13 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Уг машиныг худалдаж авахад мотор нь цохьсон байсан бөгөөд би Я улсаас орж ирсэн мотор сольж тавьж, нилээн засвар үйлчилгээ хийсэн юм. Манай ах Л.Б бид хоёр ‘’Да хүрээ’’ захын хажууд машин зардаг юм. Би 2019 оны 01 дүгээр сараас хойш уг Ланд круйзер маркийн автомашиныг зогсоол дээр “Зарна” гэсэн зар наагаад тавьчихсан байсан юм. Тэгээд байж байтал 2019 оны 03 сарын үед үл таних хүн миний утасны дугаар луу залгаад машиныг минь асуусан юм. Үүнээс хэд хоногийн дараа З гэх хүн ирээд миний машиныг үзээд худалдаж авахаар болсон юм. Би бол өөрийнхөө машиныг 45.000.000 төгрөгөөр зарна гэдгээ хэлсэн юм. Тэгэхэд З “бид нар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт ийм машин хайж байгаа юм. Бид нар гэхдээ хувь хүнээс автомашин авч болохгүй, компанитай гэрээ хийж худалдаж авах ёстой” гэхээр нь би өөрийнхөө автомашиныг өөрийн ах Л.Б ‘’Ё’’ ХХК-ийн нэр рүү шилжүүлсэн. Тэгээд энэ талаараа би З утсаар хэлэхэд 2019 оны 4 сарын 9-ний өдөр ах Л.Б ‘’Ё’’ ХХК-ий нэр дээр тендерийн урилга, техникийн тодорхойлолт хүргүүлсэн. Техникийн тодорхойлолтод 2008 онд үйлдвэрлэсэн, зөв талдаа жолооны хүрдтэй ‘’Тоёота Ланд круйзер’’ маркийн автомашин авна гэж тусгасан байсан. Харин миний зарах гэж байсан автомашин 1999 онд үйлдвэрлэж 2009 онд Монгол улсад импортлогдсон байсан тул энэ талаараа би хариу албан бичиг хүргүүлсэн. Миний хувьд автомашинаа 45.000.000 төгрөгөөр зарна гэсэн бөгөөд үүн дээр НӨАТ-ын 10 хувь нэмээд 49,500,000 төгрөгөөр зарахаар болсон юм. Тэгээд 2019 оны 04 сарын 15-ны өдөр З ах над руу залгаад “манай аймагт хүрээд ир, машиныг чинь худалдан авах гэрээ байгуулъя” гэхээр нь би приус маркийн автомашинтай Дундговь аймгийн төв дээр очиж З ахын цайвар өнгөтэй ‘’Тоёота Алпард’’ маркийн автомашинд нь уулзаж автомашин дотор нь худалдан авах ажлын гэрээ байгуулсан юм. Би Дундговь аймаг явахдаа ах Л.Б “би Дундговь явлаа, та компанийнхаа тамга тэмдгээ өгчих” гэж хэлээд ‘’Ё’’ ХХК-ийн тамга, тэмдгийг аваад явсан. Тэгээд би гэрээн дээр ‘’Ё’’ ХХК-ий захирал Л.Б, менежер Ц.Б нарын гарын үсгийг өмнөөс нь зурсан юм. Өөрсдийнх нь өмнөөс гарын үсэг зурна гэдгийг  Д.Б, Ц.Б нарт хэлж зөвшөөрөл авсан байсан юм. Тэгээд үүнээс хойш 2019 оны 4 сарын 26-ны өдөр Дундговь аймгаас 4-5 хүн ирж автомашиныг хүлээн авсан юм. Засаг даргын орлогч, нярав, нягтлан, жолооч гэсэн хүмүүс байсан санагдаж байна. Тэдгээр хүмүүсийн нэрийг нь би одоо санахгүй байна. Үүнээс хойш нэхэмжпэлийн дагуу Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас ‘’Ё’’ ХХК-ий Голомт банкны 1501108815 тоот дансанд 45000000 төгрөг шилжиж орсон юм. Уг мөнгөнөөс би ах Л.Б, эгч Ц.Б нарт 29.000.000 орчим төгрөгийг өгсөн. Тэр үед Л.Б ах Япон улсад сэлбэг татахаар явсан байсан юм. Үлдсэн мөнгөнөөс 10 сая төгрөгийг би өөрийн Хаан банк дахь хадгаламжид хийсэн. 5-6 сая орчим төгрөгөөр нь хүүхдүүдийн шүдийг янзлуулж, өөрийнхөө хашаанд граж хийх барилгын ажилд зарцуулсан. Ч.З нь миний машиныг худалдан авахын тулд заавал компанитай гэрээ байгуулна гэсэн тул би өөрийн ах Л.Б ‘’Ё’’ ХХК-ий нэр дээр шилжүүлж Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газарт худалдсан юм. Минийх шиг автомашин зах зээл дээр доод тал нь 35,0 сая төгрөгөөр борлуулагдаж байгаа. Машиныхаа эдэлгээ, мотор, эд анги, тоноглолоос шалтгаалж янз бүрийн үнэтэй байгаа. Засаг дарга З ахын ‘’Тоёота Алпард’’ маркийн автомашинд нь уулзаж бид хоёр уг гэрээг байгуулсан. Тэгэхэд З ах гэрээг бэлдчихсэн байсан. Миний хувьд Ё ХХК-ий захирал Л.Б, менежер Ц.Б нарын гарын үсгийг өөрсдийнх нь амаар өгсөн зөвшөөрлийн дагуу дуурайлгаж зурсан. Мөнгө шилжиж орсон уу гэдгийг л асууж ярьж байсан. Ахын компаний данс болохоор би мөнгө шилжиж орсон гэдгийг мэдэх боломжгүй. 2019 оны 6 сарын үед З ахыг хотод орж ирэх үед нь би надад байсан накладыг ярьж байгаад аваачиж өгч байсан. Тэгэхэд бид хоёр утсаар ярьж байсан...’’ гэх мэдүүлэг /1-р хх-27-31/

           5. Гэрч Ц.Б ‘Би “Ё” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай. Уг компанийн захирал нь манай нөхөр Л.Б юм. Манай компани нь автомашин, сэлбэгийн худалдааны чиглэлээр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 31-814 тоотод үйл ажиллагаа явуулдаг. Уг Тоёота Ланд круйзер маркийн автомашин нь манай нөхөр Л.Б дүү Л.Б автомашин юм. 2019 оны 3 сарын үед Б манай нөхөр бид хоёрт хандан “би өөрийнхөө автомашиныг хөдөө орон нутагт зарахаар боллоо, зарахын тулд машин маань компанийн нэр дээр байх шаардлагатай байна. Танай компаний нэр лүү шилжүүлж байгаад зарчихъя” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь нөхөр бид хоёр зөвшөөрч Л.Б Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг өөрсдийн “Ё” ХХК-ий нэр дээр шилжүүлж авсан юм. Уг автомашиныг Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газарт 49500000 төгрөгөөр зарсан бөгөөд нэхэмжлэхийн дагуу манай компанийн данс руу уг мөнгө нь шилжиж орж ирсэн. Уг тендерийн ажиллагаанд манай нөхөр бид хоёр ямар ч хамааралгүй бөгөөд манай нөхрийн дүү Б л гардаж энэ ажлыг хийсэн юм. Энэ бүх албан бичиг, гэрээг дүү Л.Б л бүгдийг хийсэн. Нөхөр бид хоёр энэ албан бичиг, гэрээг огт мэдэхгүй. Дүү Л.Б танай компанийн нэрийг ашиглаж машинаа зармаар байна гээд компаний тамга тэмдгийг аваад Дундговь руу явсан юм. Тэгэхдээ л энэ бичиг баримтуудыг бүрдүүлсэн гэж ойлгож байна. Уг гэрээ, албан бичигт байгаа гарын үсэгнүүд нь Б бид хоёрын гарын үсэг биш. Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газраас 49.500.000 төгрөг 2019 оны 5 сарын 6-ны өдөр манай компанийн ‘’Голомт’’ банк дахь 1501108815 данс руу орж ирсэн юм. Уг мөнгийг нөхөр Б 5018652474 данс руу шилжүүлсэн. Үүнээс 4.500.000 төгрөг нь НӨАТ юм. Манай нөхөр Л.Б 2019 оны 4 сарын 17-ны өдөр Япон улс руу бараанд явсан байсан тул уг мөнгөнөөс 29.798.500 төгрөгөөр нь 1.253.170 иен авч би Хас банкаар Япон улс руу шилжүүлсэн. Уг мөнгийг Б ярилцаад зээлж авсан юм. Үлдэгдэл 20000000 төгрөгийг Б өгсөн. ’’ гэх мэдүүлэг /1-р хх-32-33/

            6.Гэрч Л.Б ‘’....Миний төрсөн дүү Л.Б нь надтай хамт автомашин, сэлбэг зардаг юм. 2019 оны 3 сарын үед Л.Б надад “өөрийнхөө ‘’Тоёота Ланд круйзер’’ маркийн автомашиныг улсын байгууллагад зарахаар боллоо. Улсын байгууллага заавал компанитай гэрээ хийж машин худалдаж авдаг юм байна. Танай компаний нэр дээр шилжүүлж байгаад зарчихъя” гэхээр нь би зөвшөөрч Л.Б Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг өөрийн ‘’Ё’’ ХХК-ий нэр дээр шилжүүлж авсан. Би Л.Б хаана, хэдэн төгрөгөөр машинаа зарсныг мэдэх юм алга байна. Ямар ч байсан хөдөө орон нутгийн улсын байгууллагад худалдсан гэж байсан. Дүү Л.Б намайг “та Япон явчихаар гарын үсэг, тамга тэмдэг чинь яах юм бэ” гэхээр нь би Б хандан “чи миний өмнөөс гарын үсэг зурчих” гэж хэлсэн юм. Төрсөн ах, дүү болохоор дүүдээ тусалж байна л гэж ойлгосон юм. Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газар луу би албан бичиг бичиж, гэрээ байгуулснаа бол санахгүй байна. Гэхдээ надад үзүүлсэн албан бичиг, гэрээний хуулбар дээрх гарын үсгийг харахаар миний гарын үсэг ч юм шиг харагдаад байна. Сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хөдөө орон нутагт байдаг улсын байгууллагад зарахаар боллоо, заавал компанитай гэрээ байгуулдаг юм байна гэж хэлж байсан. Би дүүдээ туслаж байна гэж бодсон. Хэл ам гарна гэж бодоогүй. Л.Б уг мөнгөнөөс надад 29 сая төгрөгийг нь Японд байхад өгсөн. Үлдсэнийг нь Б өөрөө авсан. Б 3-4 жилийн өмнө хувь хүнээс худалдан авч байсан...’’ гэх мэдүүлэг /1-р хх-34-36/

            7. Гэрч С.С ‘’....2019 онд Дундговь аймгийн Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд “Хулд сумын ЗДТГ-ын албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх” ажил багтсан юм. Тэгээд 2019 оны 1 сард аймгийн засаг даргын захирамжаар Хулд сумын Засаг даргад дээрх ажлыг хийж гүйцэтгэх эрх шилжүүлсэн юм. Үүний дагуу манай сумын Засаг даргын тамгын газраас автомашин худалдан авах ажиллагааг зохион явуулсан. Гэхдээ худалдан авах ажиллагаа хэрхэн явагдсан талаар надад мэдээлэл бага байна. Учир нь яг худалдан авах ажиллагаа явагдсан үеэр би аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 орчим хоног хэвтэж эмчлүүлсэн юм. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Засаг дарга Ч.З над дээр ирээд “худалдан авах ажиллагаа цахимаар явагдаж үнэлгээний хорооны дүгнэлт гарч гүйцэтгэгч компанийг сонгосон, хоёр компаниас үнийн санал ирээд нэг нь татгалзсан. Тийм учраас нөгөө компанитай нь гэрээ байгуулж, автомашин авахаар боллоо” гэж хэлсэн. Тэгээд худалдан авах ажлын гэрээг надад үзүүлж “захиалагч” хэсэг дээр миний гарын үсгийг зуруулаад явсан. Би засаг даргын хэлснээр тендерийн ажил амжилттай явагдсан юм байна гэж ойлгоод гарын үсэг зурсан. Үүнээс хойш 2019 оны 4 сарын 23-ны өдөр худалдан авах ажлыг хүлээн авах комиссыг миний тушаалаар байгуулж комиссын даргаар Засаг даргын орлогч Ө, гишүүдээр Төрийн сангийн мэргэжилтэн Э.Х, нягтлан бодогч Б.М, тамгын газрын нярав Ш.Г, жолооч А.М нарыг томилж Улаанбаатар хот руу явуулж Ё ХХК-иас автомашиныг хүлээж авахуулсан юм. Автомашиныг суманд авчирсаны дараа аймгийн Санхүү албаны дарга Г, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э нарт үзүүлэхээр автомашин хүлээн авах комиссын гишүүдийн хамт аймагт очсон. Тендер эхлэхийн өмнө Сумын Засаг даргын үүрэг болгосноор худалдан авах шаардлагатай автомашины техникийн тодорхойлолтыг би гаргасан. У, Ё ХХК-г засаг дарга л судалсан байх. Надад дээрх компаниуд руу үнийн санал авах тухай албан бичиг хүргүүл гэсний дагуу би албан бичиг явуулсан юм. Би худалдан авах ажлын гэрээг батлахад энэ талаар мэдээгүй юм. Эмнэлгээс гарсны дараа хүлээн авах комисс байгуулаад хот руу явахын өмнө би бичиг баримтыг нягталж үзэхэд 1999 онд үйлдвэрлэсэн машин гэдгийг мэдсэн. Би засаг даргад “Энэ техникийн тодорхойлолтод нийцэхгүй автомашин байна, нилээн хуучин автомашин байна, техникийн тодорхойлолт, худалдан авч байгаа үнэндээ хүрэх үү” гэхэд Засаг дарга “Ё ХХК-иас бичгээр тайлбар ирсэн, 2008 онд Тоёота Ланд круйзер 100 маркийн автомашин үйлдвэрлэгдээгүй, тийм учраас 1999 оны автомашин нийлүүлж байгаа юм биш үү” гэж хэлсэн.. Би тухайн үед зах зээлийн ханш ийм л байдаг юм байх гэж бодож байсан. Сүүлд харин судлахад 1999 онд үйлдвэрлэсэн Ланд круйзер 100 автомашин энэ үнээс арай хямд байх шиг байсан.....’’ гэх мэдүүлэг /1-р хх-39-40/

            8. Гэрч Ө.Ө ‘‘2019 оны аймгийн төсөвт манай Хулд сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд автомашин худалдаж авах 50,000,000 төгрөгийн төсөв батлагдсан юм. Үүний дагуу уг ажлын эрх нь аймгаас суманд шилжиж ирсэн. 2019 оны 3 сарын 13-ны өдөр Сумын засаг даргын тушаалаар Үнэлгээний хороо байгуулж тендерийг цахимаар зарласан юм. Тендерт ганц ч компани санал ирүүлээгүй тул Үнэлгээний хорооноос шууд гэрээ байгуулах дүгнэлт гарсан. Дүгнэлтийн дагуу Ё ХХК, У ХХК-д руу урилга явуулсан боловч У ХХК татгалзсан бөгөөд Ё ХХК нь 49,500,000 төгрөгөөр Тоёота ланд круйзер 100 маркийн автомашин нийлүүлэх санал явуулсан юм. Ингээд Ё ХХК-тай автомашин худалдан авах шууд гэрээ байгуулсан юм. Засаг даргын захирамжаар автомашиныг хүлээн авах комисс байгуулагдаж, уг комиссын даргаар би томилогдсон юм. Гишүүдээр нь төрийн сангийн мэргэжилтэн Э.Х, тамгын газрын нягтлан бодогч М, нярав Г, жолооч М нар томилогдсон юм. Тэгээд 2019 оны 4 сард /өдрийг нь сайн санахгүй байна/ М, Г, М бид дөрөв Улаанбаатар хотод ирж Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг хүлээн авсан юм. Уг машиныг хэн гэж хүнээс авснаа одоо санахгүй байна. Нэрийг нь мартчихаад байна. Төрийн сангийн мэргэжилтэн Х тухай үед Улаанбаатар хотод ажилтай байсан тул автомашин хүлээж авахад байгаагүй юм. Сумын Засаг дарга Ч.З тухайн үед нэг утасны дугаар өгөөд “энэ хүн рүү ярьж очоод Тоёота Ланд круйзер 100 маркийн автомашиныг хүлээгээд ав” гэсэн үүрэг өгсний дагуу комиссын гишүүдийн хамт Улаанбаатар хотод ирж уг хүнтэй нь утсаар ярьж уулзаад уг машиныг хүлээн авсан юм. Би болон комиссын гишүүд уг машиныг хүлээн авахдаа техникийн тодорхойлолттой тулгаж үзээгүй юм.’’ гэх мэдүүлэг /1-р хх-41-42/

            9. Гэрч Э.Х: ‘’2019 оны төсөв батлагдсанаас хойш Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авах ажиллагаа явагдана гэж яригдаад л байсан юм. Хэзээ автомашин худалдан авах тендер, сонгон шалгаруулалт зарлагдаж явагдсаныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан 2019 оны 3 сарын үеэр хурал дээр “автомашин худалдан авах тендер зарлаад компаниуд саналаа өгөөгүй, шууд гэрээгээр авахаар болсон “ гэж яригдаж байсан. Манай нөхөр эмчилгээ хийлгэхээр хот авч явсан. Тэгээд хотод байж байхад сумын санхүү албаны дарга Э над руу залгаад “чи автомашин хүлээн авах ажлын комиссын гишүүнээр орсон байна, машин хүлээлцэх ажил гарах нь байна, чи хурдан ир” гэсэн юм. Би автомашин, техникийн талаар огт мэдлэг байхгүй тул “өөр хүн оруулаач ээ, би машин мэдэхгүй учраас наад комисст чинь ормооргүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд “төрийн сангийн мэргэжилтэн заавал орох ёстой” гэсэн юм. Би тэгээд нөхрийнхөө эмчилгээг хийлгэж байгаад 2019 оны 4 сарын 24-ний орой бил үү 25-ны орой санагдаж байна. Нарантуул зах дээрээс Дундговь аймаг орох машинд суугаад хөдлөөд явж байтал Тамгын газрын нягтлан М залгаад “бид нар хотод ирчихсэн машин хүлээж авах гэж байна, та хаана байна” гэхээр нь би “ замын унаанд суугаад хөдөлчихлөө, нэгэнт зардлаа төлчихсөн юм чинь энэ чигээрээ явахаас аргагүй ээ” гэж хэлээд сумандаа очсон юм. Тэгээд маргааш өглөө нь ажил дээрээ очиход саарал өнгөтэй Тоёота Ланд круйзер маркийн машиныг авчирсан байсан. Тэгэхэд З дарга комиссын гишүүдийг цуглуулаад “та нар машинаа аймаг руу авч очиж Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Э, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга А.Г нарт үзүүлээд ир гэж үүрэг өгсөн. Тэгээд тамгын газрын дарга С, хүлээн авах комиссын гишүүд болох Засаг даргын орлогч Ө.Ө, нягтлан бодогч Б.М, нярав Б.М, жолооч А.М бид хэд аймгийн төв рүү явж Аймгийн Засаг даргын тамгын газрын байрны гадна Н.Э, А.Г дарга нартай уулзаж машинаа үзүүлсэн. Н.Э, А.Г нар “та нар хүлээж авсан юм бол юуг нь үзэх вэ, дажгүй цэмбэгэр машин байна” гээд явцгаасан. Миний хувьд аймгийн төв рүү явахын өмнө суудлын автомашиныг хүлээн авах комиссын хурлын тэмдэглэлийг бичсэн юм. Тэмдэглэл бичихийн өмнө уг автомашины спидометрийн заалтыг бичиж авсан. Тэгээд Ө нарын уг автомашиныг унаж Улаанбаатараас нааш явсан замын километрыг хасаж тэмдэглэлд дурдсан. Миний хувьд мэдэх зүйл ийм байна.’’ гэх мэдүүлэг /1-р хх-43-44/

          10. Гэрч А.М ‘’...Би тухайн үед ажилд ороод удаагүй байсан бөгөөд дээрх суудлын авто машин хүлээж авах комисст оруулсан байсан. 2019 оны 4 сарын 23-ны өдөр Засаг даргын томилолтын дагуу орлогч дарга Ө, нярав Г, нягтлан М нарын хамт Улаанбаатар хот руу яваад маргааш нь машин авах газартаа очсон санаж байна. Ингээд техникийн захын урд талд байдаг Ё нэртэй автомашин худалдааны төв дээр очоод 1 эрэгтэй /нэрийг нь санахгүй байна гэх/ хүнтэй уулзаад ногоон өнгийн Ланд 100 маркийн авто машиныг хүлээж авсан. Хүлээж авах комисс очихоос өмнө Засаг дарга З тэр машиныг үзчихсэн байсан юм байна лээ. Ингээд машинаа хүлээж аваад Баянзүрх дүүргийн тээврийн газарт очиж улсын дугаар шинээр авч, бичиг баримтаа шилжүүлж аваад Дундговь аймаг руу буцаж гарсан. Хүлээж авсан авто машин нь 1999 онд үйлдвэрлэгдсэн машин байсан бөгөөд орж ирсэн оныг нь санахгүй байна. Машин хүлээлгэж өгсөн залуу хадгалалтанд 2, 3 жил болсон машин байгаа юм гэж байсан, бусад үзүүлэлтийг нь одоо санахгүй байна. Засаг дарга Зоригтбаатар хэлэхдээ өмнө нь очоод үзчихсэн машин байгаа. Та нар очоод үзэж, харж байгаад хүлээгээд авчих гэсэн. Ингээд бид нар очоод хүлээж авсан. Дээрх техникийн шаардлагыг би мэдэлгүй машин хүлээж авсан бөгөөд сүүлд ирсний дараа машин хүлээж авах гэрээг нь харахад зөв талдаа жолооны хүрдтэй байх ёстой гэсэн байсан. Техникийн тодорхойлолтыг нь мэдээгүй оччихсон болохоор шууд хүлээгээд авчихсан. Техникийн тодорхойлолтыг анхнаасаа мэдэж байсан бол энэ талаар Засаг даргад хэлэх байсан. Энэ компаний талаар надад мэдэх зүйл байхгүй. Энэ компанийг засаг дарга сонгоод бид нарыг явуулсан гэж ойлгосон...’’ гэх мэдүүлэг /1-р хх-45-46/

11. Гэрч Г.С ‘’...Миний бие 2018 оны 9 сарын 17-ны өдөр аялал жуулчлал, гадаад худалдаа, зочид буудал, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор “Гансод” ХХК-ийг байгуулсан юм. Одоо уг компанийн захирлаар ажиллаж байна. Үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа болохоор надаас өөр ажилтан манай компанид байхгүй юм. Энэ талаар би мэдэхгүй байна. Миний мэдэхээр манай компаний нэр дээр Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газарт машин нийлүүлэх тендерийн урилга ирээгүй. Манай компани автомашинтай холбоотой үйл ажиллагаа явуулдаггүй. Автомашин гэхээр надад бодогдож байгаа зүйл гэвэл надтай хамт О гэж хүүхэн ажилладаг байсан юм. Гэхдээ компаний албан ёсны ажилтан бол биш. Уг О гэгч хүүхний нөхөр нь автомашин зардаг залуу байсан. Нэрийг нь сайн санахгүй байна. Ж гэж дууддаг юм. Би Дундговь аймгийн Хулд сумаас огт хүн танихгүй. Уг тэмдэглэлд миний овог, нэрийг бичсэн байна. Мөн дарагдсан тамга, тэмдэг нь манай компаний тамга, тэмдэг мөн байна. Харин гарын үсэг болон утасны дугаар нь минийх биш байна. Уг .................... дугаар нь миний дээр хэлсэн О гэх хүүхний утасны дугаар байна. О бид хоёр Э гэх оффист хамт байрлаж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэр үед л О намайг эзгүйд компаний тамгыг ашигласан гэж би бодож байна. Надад энэ талаар мэдэгдсэн, зөвшөөрөл авсан зүйл байхгүй...’’ гэх мэдүүлэг /1-р хх-48/

12. Гэрч О.Б ‘’...Би урьд нь Япон улсаас автомашин оруулж ирж зардаг байсан юм. 2019 оны 3 сарын үед яг хэдний өдөр гэдгийг одоо санахгүй байна. Миний хуучны танил Дундговь аймгийн Хулд сумын Засаг дарга З ах над руу залгаад “чи автомашин зарж байгаа юу, манайхаас автомашин авах тендер зарлаж байгаа, чи оролцох уу, өндөр туулах чадвар сайтай автомашин авна” гэсэн юм. Надад өөрийн эзэмшлийн Тоёота Ланд круйзер 100 маркийн автомашин байдаг бөгөөд би уг автомашинаа зардаг юм уу гэж бодоод зөвшөөрсөн юм. Тэгэхэд З ах “машин худалдаалдаг хоёр компани хэрэгтэй байна, би нэг урилга явуулъя, чи тендерт оролцох хоёр компаний нэр олох хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би З ахад өөрийн компанийн нэрийг, найз Төрмөнхийн ‘’Е’’ ХХК, мөн эхнэр Г.О хамтран ажилладаг ‘’Г’’ ХХК-ий нэрийг явуулсан юм. Тэгээд З ах замын унаагаар над руу 1 ширхэг тендерийн урилгын жагсаалт явуулахаар нь би түүн дээр нь өөрийнхөө ‘’С’’ ХХК-ий тэмдгийг дарж, гарын үсгээ зурсан. Тэгээд найз Т уулзаж энэ талаар хэлэхэд Тоёота Ланд Круйзер 100 маркийн автомашин байхгүй гэсэн тул дахиж уулзаагүй. Тухайн үед манай эхнэр Г.О маань аялал жуулчлалын ‘’Г’’ ХХК-ний захирал С хамтран ажилладаг байсан тул би уг урилгын жагсаалтад ‘’Г’’ ХХК-ий тамгыг дараад замын унаагаар З ах руу явуулсан. Би З ахад тухайн үед утсаар өөрийнхөө 1998 онд үйлдвэрлэсэн 2008 онд орж ирсэн Тоёота Ланд круйзер 100 маркийн автомашиныг санал болгосон боловч дорвитой хариу хэлээгүй тул тэгээд орхисон юм. З ах тухайн үед 40 орчим сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил байгаа, сайн машин авмаар байна гэж хэлж байсан. Миний хувьд машинаа 22 сая төгрөг орчимд зарах бодолтой байсан...’’ гэх мэдүүлэг /1-р хх-49-50/

            13. Гэрч Г.О ‘’ ...Содболд ах бид хоёр аялал жуулчлалын Юу трейвэл ХХК-нд хамт ажиллаж байгаад 2019 оны 1 сарын үеэс компаниасаа гарч хамтарч ажиллахаар болсон. Тэгээд бид хоёр С ахын “Г” ХХК-ийн нэр дээр хамт үйл ажиллагаа явуулж байсан юм. Албан ёсоор Г ХХК-нд ажилд орсон, уг компаний хувь эзэмшигчээр бүртгэлд орсон зүйл байхгүй. Бид хоёр, хоёр талаасаа хөрөнгө нийлүүлээд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан юм. Бид хоёрыг  хуурай ах дүүс гэж ойлгож болно. Би Дундговь аймгийн Хулд сумаас хүн танихгүй. Манай нөхөр Г.Б хувийн Тоёота Ланд круйзер 100 маркийн автомашинтай юм. 2019 оны 3 сарын үед надад “машинаа зарах гэсэн чинь компаний тамга хэрэгтэй байна” гэхээр нь би “Гансод” ХХК-ий тамга, тэмдэг надад байсан тул уг тамга, тэмдгийг тендерийн урилгын жагсаалтанд дараад Г.Содболдын өмнөөс нэрийг нь биччихсэн юм. Тухайн үед С ах бид хоёр хамтарч үйл ажиллагаа явуулж байсан болохоор компаний бүхий л ажлыг би хөөцөлддөг байсан болохоор тамга, тэмдэг нь надад байдаг байсан юм...’’ гэх мэдүүлэг /1-р хх-51-52/

14. Гэрч Ц.Б ‘’...Би 2018 онд Дундговь аймгийн худалдан авах ажиллагаанаас зохион байгуулсан сургалтанд хамрагдаад шалгалт өгөөд төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах ажилд оролцох A3 сертификат авсан.

2019 оны 3 сарын 13-ны өдрийн а/23 захирамжаар батлагдсан үнэлгээний хорооны даргаар томилогдож, ажиллахыг зөвшөөрч баталгаа гаргасан байгаа. Эхний тендер зарлах хурал 2019 оны 3 сарын 25-ны өдөр болсон. Тухайн хуралд Т, Д бид нар суусан санаж байна. Ингээд хуралдаанаар бид нарт үнэлгээний хороо байгуулсан тогтоол болон тендер зарлах талаар ярилцаад нээлттэй байдлаар цахимаар зарлая гэж ярилцсан. Мөн орон нутгийн компаниудад урилга хүргүүлэхээр тохиролцсон. Тэгсэн маргааш нь билүү нөгөөдөр нь Т надтай таараад засаг дарга 3 компани нэр санал болгосон. Энэ 3-н компани руу урилга явуулахаар болсон шүү гэж хэлсэн. Ингээд урилгыг нь явуулсан байх би бол мэдэхгүй байна. Ингээд тендерийг нээж сонгон шалгаруулах хурал 2019 оны 4 сарын 4-ний өдөр болсон. Тухайн хуралд Б, Т бид 3 байсан санаж байна. Одоо сайн санахгүй байна. Ингээд цахимаа шалгахад ямар нэгэн компани санал ирүүлээгүй байсан. Мөн Т-ийн урилга хүргүүлэхээр болсон гэх компаниас нь ч материал ирээгүй байсан. Ингээд бид нар ярилцаад материал байхгүй юм чинь шууд гэрээ байгуулах эрхийг нь өгье гээд дүгнэлтээ гаргасан. Тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй юм. Ямар ч байсан сүүлд Ланд 100 маркийн машин авсан байх шиг байсан. Энэ 3 компанийг  Засаг дарга Ч.З санал болгосон талаар Т бид нарт танилцуулж хурлын дараа хэлж байсан. Энэ 3 компанид урилга хүргүүлэхээр болсон гэж Т ярьж байсан болохоос хүргүүлсэн эсэхийг мэдэхгүй байна...’’ гэх мэдүүлэг /1-р хх-54-55/

15. Гэрч Х.Б ‘’...Би 2018 онд Дундговь аймгийн худалдан авах ажиллагаанаас зохион байгуулсан сургалтанд хамрагдаад шалгалт өгөөд төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах ажилд оролцох A3 сертификат авсан. 2019 оны 3 сарын 13-ны өдрийн а/23 захирамжаар батлагдсан үнэлгээний хорооны даргаар томилогдож, ажиллахыг зөвшөөрч баталгаа гаргасан байгаа. Эхний тендер зарлах хуралд суугаагүй бөгөөд нөгөө гишүүд суусан байх. Тухайн үед би Улаанбаатар хотод ажилтай явж байсан бөгөөд хурлын тэмдэглэл дээр нь дараа нь нөхөж зурсан. Цахимаар нээх хуралд буюу 2019 оны 4 сарын 4-ний өдрийн хуралд би суусан бөгөөд ямар нэгэн компани цахимаар санал ирүүлээгүй байсан. Тендер сонгон шалгаруулах хурал буюу тендер нээх хуралд Т, Б бид 3 байсан. Ингээд материал ирүүлээгүй болохоор нь хэдүүлээ шууд гэрээ байгуулах дүгнэлт өгөх юм байна гэж шийдээд тарцгаасан. Тэрнээс хойш ахиж хуралдаагүй бөгөөд шууд гэрээ байгуулах эрхийг захиалагч байгууллагад олгосон дүгнэлт хүргүүлсэн. Уг нь хуульд зааснаар сумын засаг дарга захиалагч тал бөгөөд аж ахуйн нэгжийг санал болгох эрх байхгүй. Би аж ахуйн нэгжийг санал болгосон талаар Туяацэцэгээс сүүлд сонссон. Яг тендер сонгон шалгаруулах үед компани санал болгосон талаар огт ярьж байгаагүй. Би бол цахимаар зарлаж байгааг хамгийн нээлттэй явуулж байна гэж бодсон. Харин 3 компанид санал хүргүүлснийг нь мэдээгүй. Эхний хуралд бол би суугаагүй. Энэ жилээс анх тендерт оролцож байгаа болохоор мэдэхгүйгээс болж ийм алдаа гаргасан байна...’’ гэх мэдүүлэг /1-р хх-56-57/

16. Гэрч Г.Д ‘’...2019 оны 3 сарын 13-ны өдрийн а/23 захирамжаар батлагдсан үнэлгээний хорооы гишүүнээр томилогдож, ажиллахыг зөвшөөрч баталгаа гаргасан байгаа. 2019 оны 3 сарын 25-ны өдөр үнэлгээний хороо хуралдаанд тендерийг нээлттэй байдлаар цахимаар зарлахаар болоод орон нутгийн 3 компанид урилга хүргүүлье гэж ярилцсан. Хуралд үнэлгээний хорооны нарийн бичиг Г, Б бид 3 байсан санаж байна. Дараа нь буюу хурал болсноос хойш 1, 2 хоногийн дараа үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Т.тэй уулзсан чинь Засаг дарга З.тай ярьсан, орон нутагт яг машин зарчих газар байхгүй гээд 3 компанийн нэр санал болгосон гэж байсан. Ингээд тэр 3 компани руу нарийн бичиг Т урилга явуулсан байх. Тэрнээс цааш би хуралд суугаагүй бөгөөд Улаанбаатар хотод суралцаж байсан...’’ гэх мэдүүлэг /1-р хх-58-59/

           17. Гэрч Ц.Т ‘... 2019 оны 3 сарын 13-ны өдөр Сумын Засаг даргын Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суудлын авто машиныг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах захирамж гарсан бөгөөд уг захирамжинд намайг Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилсон юм. Үнэлгээний хороо байгуулагдаж гишүүд хуралдаж Засаг даргын тамгын газраас ирүүлсэн техникийн тодорхойлолтын дагуу тендерийн баримт бичиг боловсруулсан юм. Тэгээд тендерийг Tender.gov.mn цахим хаягаар зарласан. 2019 оны 4 сарын эхээр үнэлгээний хороо хуралдаж цахимаар тендерийг нээхэд үнийн санал ирүүлсэн компани байгаагүй. Тийм учраас үнэлгээний хорооноос Засаг даргын тамгын газарт тендерт ямар ч компани үнийн санал ирүүлээгүй тул шууд гэрээ байгуул гэсэн дүгнэлт өгсөн. Үүгээр үнэлгээний хорооны ажил дууссан юм. Уг нь үнэлгээний хорооны гишүүд манай орон нутагт үйл ажиллагаа явуулдаг гурван компанид үнийн санал авах урилга хүргүүлье гэж тохирсон юм. Гэтэл З дарга “тийм юм байхгүй” гээд дээрх гурван компаний нэрийг өгсөн юм. Үүний дагуу би “Г” ХХК, “С”, “Е” ХХК-иудын нэр дээр үнийн санал авах урилга үйлдэж материалдаа хийсэн. Гэхдээ уг компаниуд руу урилга хүргүүлсэн зүйл байхгүй. З дарга “би өөрөө урилга хүргэнэ” гэсэн юм. ‘’Г”, “С”, “Е” гэсэн гурван компанид тендерийн урилга хүргүүлсэн зүйл байхгүй. Уг тендерийн урилга хүлээн авсан жагсаалтыг би анх удаа харж байна. З дарга л уг урилга хүлээн авсан тэмдэглэлийг өөрөө хийж урилгыг уг компаниудад өгч гарын үсэг зуруулж, тэмдэг дарсан байх гэж бодож байна. Уг жагсаалтыг З дарга л тендерийн материалд хийсэн байх. Би уг жагсаалтыг хараагүй юм байна. Уг гурван компаний нэрийг З дарга өөрөө хэлж урилга бичүүлсэн. Урилгыг өөрөө хүргэж өгнө гэж хэлсэн. Үнэлгээний хорооны гишүүдээс урилгыг уг компаниудад хүргэж өгсөн хүн байхгүй. З дарга урилга өгсөн үгүйг мэдэхгүй байна. Тендерийн баримт бичгийг нээхэд үнийн санал ирүүлсэн компани байгаагүй тул шууд гэрээ байгуулах дүгнэлт гаргасан юм. Үнийн санал авах урилгыг Үнэлгээний хорооны гишүүд тараах үүрэгтэй. Захиалагч нь үнэлгээний хорооны үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх эрх байхгүй. Сумын засаг дарга хэлсэн учраас л өөрөө мэдэж байгаа байх гэж бодоод л хэлснээр нь хийсэн юм. Дарамт шахалт үзүүлж, айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Сумын Засаг даргын эрх мэдэл нь л бид нарт нөлөөлсөн юм. Засаг дарга Зоригтбаатар надад мөнгө, хээл хахууль өгөхийг амласан зүйл байхгүй. Засаг дарга гэдэг нэр хүндээрээ л нөлөөлсөн юм. З хувьд ер нь хүний үг хүлээж авдаггүй, дандаа өөрөө шийдвэр гаргадаг хүн.’’ гэх мэдүүлэг /1-р хх-60-63/

           18. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 сарын 21-ний өдрийн 3781 дугаартай “Ц.Б, Л.Б нарын гарын үсгийн хэв шинжид шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-91-103/

            19. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 сарын 5-ны өдрийн 4188 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн 2019.03.27-ны өдрийн “Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДУГАОНӨГ /201912020/ дугаартай тендерийн урилгын жагсаалт” гэх хүснэгтийн “Г.С, Захирал, 99696860” гэж уншигдах гар бичвэрүүдийн ард “Хүлээн авсан” гэсний доор зурагдсан гарын үсэг нь харьцуулах загварт ирүүлсэн Г.С гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна.’’ гэсэн дүгнэлт /1-р хх-106-111/

20. Автомашиныг 24.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 81/

21.Хэрэгт цугларсан худалдан авах ажиллагаатай холбоотой болон  бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

      

   Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

А/Шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

               Хэрэгт авагдсан  дээрхи баримтуудаар Дундговь аймгийн Хулд сумын засаг даргын тамгын  газар нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны  өдөр  “Ёоши Хаши” ХХК-тай гэрээ  байгуулан 49.500.000 төгрөгөөр  1999 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд Монгол Улсад орж ирсэн  Тоёота ланд крузер-100 маркийн автомашиныг Дундговь аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авсан болох нь тогтоогдож байна.

               Уг автомашиныг худалдан авах үйл явцын талаархи хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

               Дундговь аймгийн  засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дугаартай захирамжаар Хулд сумын засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх ажлын эрхийг  Хулд сумын засаг даргад шилжүүлсэн  бөгөөд Хулд сумын засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/23 дугаар захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй автомашин худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулжээ. Мөн худалдан авах автомашины техникийн тодорхойлолтыг захиалагч талаас гаргасан бөгөөд уг тодорхойлолтод “Ланд круйзер 100, 105-тай дүйцэхүйц, бага эдэлгээтэй, 2008 оноос хойш үйлдвэрлэгдсэн, 100.000 км-ээс бага гүйлттэй байна ” гэж  заажээ. 

               Автомашин худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 03 сарын 25-ны өдрийн шийдвэрээр тендерийг 2019 оны 3 сарын 27-ны өдрөөс 2019 оны 4 сарын 4-ний өдрийн хооронд зарлаж, Улаанбаатар хот болон аймгийн машин зардаг аж, ахуй нэгжүүдэд урилга хүргүүлэх шийдвэрийг гаргажээ. /1-р хх-ийн 142-р хуудасны ар тал/

               Үнийн санал авах урилгыг ‘’Г”, “С”, “Е” гэх нэртэй 3 компанид хүргүүлсэн, ‘’Г”, “С” ХХК-д нь 2019 оны 03 сарын 27-ны өдөр урилгыг хүлээн авсан талаархи баримт 1-р хавтаст хэргийн 155-рт авагдсан байна. Гэвч Хулд сумын засаг дарга Ч.З нь дээрхи нэр бүхий 3 компанийн нэрийг үнэлгээний  хорооны гишүүдэд санал болгож улмаар үнийн  санал авах урилгыг хүргүүлэх ажлыг өөрөө зохион байгуулсан, баримтыг бүрдүүлсэн  болох нь үнэлгээний  хороонд ажиллаж байсан гэрч Ц.Т Ц.Б, Г.Д нарын мэдүүлэг болон Г ХХК-ийн захирал Г.С, С” ХХК-ийн захирал О.Б, гэрч Г.О нарын  мэдүүлгээр  тогтоогдож байна. 

               Тендер зарласан хугацаанд тендерийн материал ирүүлсэн аж ахуй нэг байхгүй гэсэн үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үнэлгээний хорооны гэрээ шууд байгуулах тухай дүгнэлт гарсан  бөгөөд Дундговь аймгийн  Хулд сумын засаг даргын тамгын  газраас Ё, У ХХК-д руу санал авах тухай албан бичгийг 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 3/147 дугаартай албан бичгээр хүргүүлсний дагуу Ё ХХК-иас 2019 оны 04 сарын 11-ний өдөр үнийн санал ирүүлж гэрээ  байгуулсан талаархи баримт хэрэгт авагдсан  байна. Шүүгдэгч Ч.З нь иргэн Ё.Б-тай автомашин худалдах, худалдан авах талаар  урьдчилан тохиролцож давуу байдал бий болгосон, улмаар техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй 24.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг 49.500.000 төгрөгөөр худалдан авсан  гэдэг нь гэрч Л.Б, С.С, Ө.Ө, А.М нарын мэдүүлэг, .............., ....................... дугаарын утасны орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа, гар утасны дуудлага, мессежний лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл, /Л.Б, Ч.З нар нь 2019 оны 03 сарын 27-ны өдрөөс эхлэн холбогдсон гэх/, үнэлгээний тайлан болон бусад хэрэгт авагдсан  баримтуудаар  тогтоогдож байна.

               Шүүгдэгч Ч.З дээрхи үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

               Иймд шүүгдэгч Ч.З Дундговь аймгийн Хулд сумын засаг даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа  урвуулан ашиглах гэмт  хэргийг  үйлдсэн  гэм буруутай байна гэж  шүүх дүгнэлээ.

               Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэргийн  тухайд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн  хуулийн 22.1 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч, торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

               Б/ Хохирол төлбөр, хор уршгийн талаар:

               Дундговь аймгийн  Хулд сумын засаг даргын тамгын  газрын албан хэрэгцээнд суудлын автомашин худалдан авсан 49.500.000 төгрөгийг аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөнөөс гаргасан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр  Дундговь аймгийн засаг даргын тамгын газрын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 2/1410 тоот /1-р хх-ийн 23-рт/ албан бичгийн дагуу тус газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Т томилж түүнээс мэдүүлэг авчээ.

               Хохирогчийн төлөөлөгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэгтээ “мэргэжлийн байгууллагаар үнийн зөрүү тогтоогдсон бол буруутай этгээдээс зөрүү мөнгийг төрд буцаан олгуулах нь зүйтэй” гэж  мэдүүлсэн бөгөөд хэргийг  шүүхэд хянан шийдвэрлэх явцад Дундговь аймгийн  засаг даргын тамгын газрын 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 6/1534 тоот албан бичгээр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ” гэсэн хүсэлтийг ирүүлжээ.

               Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад  “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно” гэж заажээ. 

               Эрүүгийн  хуулийн  22.1 дүгээр зүйлд  заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт заавал материаллаг хохирол шаардахгүй боловч шүүгдэгч Ч.З холбогдох хэргийн  тухайд автомашины зах зээлийн дундаж үнээс илүү гарсан дүн /49.500.000-24.000.000=25.500.000/ буюу 25.500.000 төгрөг нь энэ гэмт хэргийн  хохиролд тооцогдох бөгөөд үүнээс гадна хууль ёсоор сонгон шалгаруулалтанд оролцож бараа, ажил үйлчилгээг нийлүүлэх эрхийг шударгаар олж авах аж, ахуй нэгж, байгууллагуудын эрх  ашгийг ноцтой зөрчсөн, Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах зэргээр хор уршиг нь илэрнэ.

               Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх, нэхэмжлэхээс татгалзах эрхтэй боловч  төрийг төлөөлж хохирогчоор оролцож буй албан тушаалтанд энэ эрх олгогдсон эсэх нь эргэлзээтэй юм. Мөн прокурор нь шүүх хуралдаанд төрийг төлөөлж яллах үндсэн чиг үүрэгтэйгээр оролцохоос гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн  8 дахь хэсэгт зааснаар “Төр, нийтийн  эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гаргасан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй ” гэж  заасан байна.  Гэвч шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэл  гаргах болон гаргасан нэхэмжлэлийг дэмжих талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул шүүхээс хохирол нөхөн төлүүлэх талаар дүгнэлт хийх боломжгүй бөгөөд хохирогчийн төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэлээ.

 

               В/Бусад асуудлын талаар:

         Шүүгдэгч Ч.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

            Шүүхээс шүүгдэгч Ч.З торгох ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн  хуулийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгчид оногдуулсан  нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн  5.7 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар  ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй гэж  үзээд

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г овгийн Ч.З-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овгийн Ч. З нийтийн албан томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах, 15000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогчийн төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.З  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                           Г.МӨНХБАТ