Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1552

 

МАГАДЛАЛ

 

2018.07.02                                                     Дугаар 1552                                Улаанбаатар хот

 

 

 

 

ХМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00756 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХМ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р И ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэг болох 10 119 900 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэнтэй холбогдон гарсан зардал 8 170 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч ХМ ХХК , Р И  ХХК-тай 2015 онд нийт 4-н удаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр ХМ ХХК  нь “Рома таун” хотхоны 5 дугаар блокийн хаалга, цонхны нугасыг сольж угсрах ажлыг ажлын 5 хоногийн дотор хийж гүйцэтгэх, Р И  ХХК нь ажлын хөлс 1 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний хавсралтаар гүйцэтгэх ажлын жагсаалт, хөлсийг тохиролцсон байдаг. Манайх гэрээгээр тохиролцсон ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн. Хариуцагч ажлын хөлсөнд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг төлж, үлдэгдэл 500 000 төгрөгийг төлөөгүй. Иймд гэрээнд хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд хоногт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох тул алданги 250 000 төгрөгийг нэмээд 750 000 төгрөг гаргуулахаар,

2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр “Рома” хотхоны 1-4 дүгээр блок барилгын тагтны вакум хаалганд хуруу нугас сольж угсрах, татагч нугас угсрах ажлыг ажлын 10 хоногт багтаан хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгөх, ажлын хөлс 3 168 000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн гэрээний хавсралтаар гүйцэтгэх ажлын жагсаалт, ажлын төсөвт өртөгөө тодорхойлсон байгаа. Манайх гэрээгээр тохиролцсон ажлыг 100 хувь хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн. Хариуцагч Р И  ХХК нь ажил дууссаны дараа 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөг өгсөн ба үлдэгдэл төлбөр 1 668 000 төгрөгийг өгөөгүй байгаа. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 1 668 000 төгрөг, алданги 834 000 төгрөг нийт 2 502 000 төгрөгийг,

2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр “Рома таун” хотхоны 1-4 блокийн барилгын вакум цонхны 2 онгойлттой нугасанд нэмэлт тоноглол угсрах, гүйцэтгэх хугацаа 2015 оны 08 дугаар сарын 10-наас ажлын 10 хоногт хийх байсан. Энэ ажлыг 3 872 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Хариуцагч гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 500 000 төгрөг төлж, үлдэгдэл 2 372 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 2 372 000 төгрөг, алданги 1 186 000 төгрөг нэмж 3 558 000 төгрөг гаргуулахаар,

2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр “Рома” хотхоны 5 дугаар блокийн Ц15-15-ийн салхивчны нугасыг булангаар нугасаар солих, салхивчны резин солих, тагтны хаалганы босоо дарагчийн резин солих, тагтны цонхны салхивчны нугасыг булангийн нугасаар солих ажлыг ажлын 10 хоногт багтаан хийж дуусгах, ажлын хөлс нь     3 306 600 төгрөг байсан. Ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн, хариуцагч тал 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1 100 000 төгрөг төлсөн, үлдэгдэл болох 2 206 600 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байна.

Р И  ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийг дутуу өгч байгаа шалтгаанаа дандаа мөнгө байхгүй гэж тайлбарладаг. Гэрээний дагуу энэ ажлыг гүйцэтгэж байхад мөнгө орж ирэхээр өмнөх гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг өгнө гэдэг байсан. Иймд ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2 206 600 төгрөг, алдангид 1 103 300 төгрөг нийт               3 309 900 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Өмнө нь бид нар гэрээгээр ажил гүйцэтгэсний төлбөрт 5 365 000 төгрөг тус тус нэхэмжилж байсан. Хариуцагч Р И  ХХК нь дээрх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлөхгүй байх тул нийт ажлын хөлс болох 6 746 600 төгрөг, алданги 337 300 төгрөг нийт 10 119 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Р И  ХХК болон Х М ХХК-ын хооронд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд 4 удаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Эдгээр гэрээнд заасан 1-5 блок барилгын цонхны нугас, цоож, резин солих, тохиргоо хийлгэх, ажлуудыг гүйцэтгүүлж байсан бөгөөд гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлж барагдуулсан. Эхний гэрээгээр “Рома таун” хотхоны 5 дугаар блокийн барилгын вакум цонхны 2 онгойлттой салхивчны  нэмэлт нугас угсрах, тагтны хаалганы далд нугасыг ил даралттай нугасаар сольж угсрах,

хоёр дахь гэрээ буюу 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр 1-4 блокийн барилгын тагтны вакум  хаалганд хуруу нугас солих, татагч нугас угсрах,

гурав дах гэрээ 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр 1-4 блокийн вакум цонхны 2 онгойлттой нугасанд нэмэлт тоноглол угсрах,

дөрөв 4 дэх гэрээгээр гэрээний хавсралт 1-д заагдсан 5 дугаар блокийн Ц15 15 цонхны нугас, резин солих, тохиргоо хийх, тагтны хаалганы резин солих ажлыг тус тус хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгөх байсан. Нэхэмжлэгч тал гэрээг “...өмнөх гэрээг дуусгавар болгож, ажлын хөлсөө шаардахаар, дараагийн гэрээ байгуулж, ажлаа хийж байгаа гэх зэргээр хөлсөө өгөхгүй, ажлаар уяж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Эдгээр гэрээ нь тус тусдаа бие даасан гэрээнүүд ба өөр өөр ажил гүйцэтгэж байгаа, гэрээний асуудал юм. Ажлын үр дүнгийн хувьд бол дулааны улиралд хийж гүйцэтгэсэн ажил учраас чанарын шаардлагыг шалгах боломжгүй байсан. Үүний дараа 2017 онд барилга ашиглалтад орж оршин суугчид тухайн байранд амьдарч эхэлснээр ХМ ХХК-ийн хийсэн ажлын доголдлууд илэрч эхэлсэн юм. Энэ тухай ХМ ХХК -д шаардлага хүргүүлж, доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлаа засварлахыг шаарддаг байсан. ХМ ХХК  нь Барилгын тухай хууль болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгөх үүрэгтэй. Захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авснаар, хөлс төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 343.2 дахь хэсэгт зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан байна. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д барилгын ажил 4.1.12-д барилгын ажил гүйцэтгэгч 4.1.13-д барилгын ажлын захиалагчийг тус тус тодорхойлсон байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 3.1-т гүйцэтгэгч нь захиалагчийн өгсөн заавар, хэмжээ захиалгын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүрэгтэй гэж үүрэг болгоод заасан байгаа. Гэтэл гүйцэтгэгч буюу ХМ ХХК  нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн удаа дараа шаардаж байсан боловч, үүргээ биелүүлээгүй. ХМ ХХК  нь дээрх 4 удаагийн гэрээнд заасан ажил үүргийг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй, хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй доголдолтой байсан. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Р И  ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлдээ барилгын зөвлөх инженерийн гаргасан дүгнэлт болон төсвийг хавсаргаж өгсөн ба энэ төсвөөр нийт 151 000 000 төгрөгийн зардал цаашдаа нэмэгдэж гарна гэсэн байгаа. Х М ”      ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй байсныг шууд мэдэх боломжгүй байсан ба тухайн орон сууц ашиглалтад орж, оршин суугчид амьдарч эхэлснээр доголдол илэрч эхэлсэн. ХМ ХХК-ийн чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг Ш Ц ХХК болон иргэн Д.Б нараар дахин хийлгэж, гүйцэтгүүлсэн зардалд нийт 8 170 500 төгрөг гаргаснаа нэхэмжилж байна. Мөн цаашид гарах доголдлыг засварлах, түүнтэй холбоотой гарсан зардал болон нийт материалын зардлыг бие даан нэхэмжлэл гаргах замаар нэхэмжлэх юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч ХМ ХХК  нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэсэн ажилд доголдол үнэхээр байдаг юм бол Үндэсний архивын газраас гаргуулсан баримт, Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийсэн нэгдсэн дүгнэлт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт зэргээс харагдах байсан. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барилга угсралтын үе шатны ажлын явц, чанар байдалд хяналт хийж, дүгнэлт гаргасан байдаг. Барилгын угсралтын ажил 2012 оны 06 дугаар сараас 2016 оны 12 сарын хороонд байгаа. “Рома таун” хотхоны №1, 2, 3, 4, 5 дугаар сууцны барилга болон гараашийн барилгын ажил дууссан, зураг төсөл зохигчдоос өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн, барилга угсралтын ажлын явцад онц ноцтой зөрчил илрээгүй, тухай бүрд тавьсан шаардлагыг сайн биелүүлж байсан гэх дүгнэлт гарсан байгаа. Энэ актаар Т Н ХХК нь цонх суулгасан байх бөгөөд тус компанитай Р И  ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ хийсэн байгаа. Т Н ХХК нь гүйцэтгэсэн ажилд 3-н жилийн баталгаат хугацаа олгосон байх ба уг хугацаа нь хэзээ дуусах бэ гэхээр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хугацаа нь дуусаж байна. Хэрвээ ажлын дутагдал бол ХМ ХХК -тай холбож үзэхгүй гэж үзэж байгаа юм. Холбож үзэж байсан бол хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотойгоор шаардлага гаргаж байгаагүй, ажлын хөлсөө нэхэхээр мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлдэг байсан. Гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахаар шаардаж байсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р И  ХХК-иас             5 246 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХМ ХХК -д олгож, нэхэмжлэлээс 4 873 300 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар ХМ ХХК -иас 8 170 500 төгрөг гаргуулах тухай Р И  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХМ ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193 000 төгрөг, хариуцагч Р И  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 160 666 төгрөгийг тус тус улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Р И  ХХК-иас 98 896 гаргуулж, нэхэмжлэгч ХМ ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үзвэл нэхэмжлэгч талаас хариуцагч талд ажил хүлээлгэн өгөх тухай хүсэлт гаргасан болон ажил хүлээн авахыг шаардаж байсан баримт байдаггүй. Хэдийгээр талуудын хооронд 4 удаагийн "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдаж байсан боловч эдгээр 4 гэрээ нь өөр хоорондоо холбоогүй, 4-н өөр блок барилга дээр хийгдэх ажлын талаар байгуулагдсан гэрээ байсан тул анхны гэрээний ажил дуусгавар болсноор хариуцагч ажлыг хүлээн аваад, дараагийн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан "Ажил гүйцэтгэх гэрээ" мөн боловч барилгын ажилтай холбоотой "Ажил гүйцэтгэх гэрээ" тул нарийвчилсан харилцааг зохицуулсан "Барилгын тухай" хуульд заасны дагуу гомдол гаргах хугацааг 3 жил гэж үзэн тоолох ёстой байсан. Хэрэгт нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн ажлаа хариуцагчид хүлээлгэн өгсөн эсхүл хүлээн авахыг шаардсан баримт байхгүй, хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаа хүлээлгэж өгч байгаагүй, чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлаа засварлахыг шаардсан шаардлагыг хүлээн авч байгаагүй гэж мэтгэлцсээр байхад шүүх юуг үндэслэн "...Өөрөөр хэлбэл Рома Инвестмент ХХК нь тухайн ажлыг хүлээн авснаас хойш Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гаргах эрхтэй байгаа боловч ажлын үр дүнг хүлээн авснаас хойш гомдлын шаардлага гаргаж байгаагаагүй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдож байна" гэж дүгнээд байгаа нь тодорхойгүй юм. "Түүнчлэн хэрэгт баримтаар авагдсан барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актад "...барилга байгууламжийг 2015 оны 06 дугаар сараас барьж эхэлсэн байх бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 01-иий өдөр барьж дуусгасан байсан. Зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн, ашиглахад боломжтой талаар тэмдэглэжээ. Иймд нэхэмжлэгч "Хас маргад" ХХК нь 4 удаагийн ажил гуйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэхээр тохиролцсоп 11 346 600 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул Р И ХХК нь хэлэлцэн тохиролцсон ажлын үлдэгдэл болох 5 246 600 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 4 удаагийн "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу вакум цонх болон хаалганы ажилд нэмэлт тоноглол суурилуулах болох тоноглол солих ажил хийж гүйцэтгэсэн байгааг шүүх анхаарч үзээгүй байх ба нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил комиссын акт болон зураг төсөлтэй хамааралгүй ажил болохыг анхаарч үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ХМ ХХК  нь хариуцагч Р И  ХХК-д” холбогдуулан гэрээний үүрэг болох 10 119 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэнтэй холбогдон гарсан зардал 8 170 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр Рома таун хотхоны 5 дугаар блокийн барилгын вакум цонхны 2 онгойлттой салхивчны нэмэлт нугас угсрах, тагтны хаалганы далд нугасыг ил даралттай нугасаар сольж, угсрах, ажлыг ажлын 5 хоногт хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлс 1 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр Рома таун хотхоны 1-4 дүгээр блокийн барилгын тагтны вакум хаалганд хуруу нугас сольж угсрах, татагч нугас угсрах ажлыг ажлын 10 хоногт хийж гүйцэтгэх, ажлын хөлс цонхны 2 онгойлттой салхивчны нэмэлт нугас угсрах, тагтны хаалганы далд нугасыг ил даралттай нугасаар сольж угсрах ажлыг ажлын 5 хоногт хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлс 3 168 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр Рома таун хотхоны 1-4 дүгээр блокийн барилгын вакум цонхны 2 онгойлттой салхивчны нугасанд нэмэлт тоноглол угсрах ажлыг ажлын 10 хоногт хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлс 3 872 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр Рома таун хотхоны 5 дугаар блокийн Ц15-15 цонхны нугас, резин солих, тохиргоо хийх, тагтны хаалганы резин солих ажлыг хийлгэх, ажлын хөлс 3 306 600 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад холбогдуулан гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 6 746 600 төгрөг, алданги 337 300 төгрөг, нийт 10 119 900 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч ажлыг доголдолтой, дутуу гүйцэтгэсэн, гэрээ дүгнээгүй гэж эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь харилцан шаардах эрхтэй.

Дээрх 4 удаагийн гэрээнд заагдсан ажлаас нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажлын нийт хөлс 11 346 600 төгрөг болсон талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, хариуцагч байгууллага нь 6 100 000 төгрөг төлж үлдэх 5 246 600 төгрөгийг төлөөгүй байх тул анхан шатны шүүх дээрх ажлуудыг гүйцэтгэсэн баримтын хүрээнд нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар үндэслэлтэй дүгнэж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөв хэрэглэжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч байгууллага нь гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хугацаандаа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн эсэх, ажлын хөлсийг тухай бүрд нь шаардаж байсан гэх байдлыг нотлох баримтаар нотлоогүй тул алданги 2 623 300 төгрөг шаардах эрхгүй байна.

Хариуцагч нь чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэнтэй холбогдон гарсан зардал 8 170 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч байгууллага нь гэрээний нөхцлийг хэрхэн зөрчсөн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 98 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.НАРМАНДАХ

 

     ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ