Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2023/00188

 

Ж.Нийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Д.Мөнхтуяа, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2023/00245 дугаар шийдвэртэй,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 213/МА2023/00016 дугаар магадлалтай,

Ж.Нийн хүсэлттэй

Эдийн болон эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд нийт 320,817,100 төгрөг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахыг хүссэн иргэний хэргийг

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, өмгөөлөгч Л.Б, гуравдагч этгээд Улсын Ерөнхий прокурорын хяналтын прокурор Б.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ж.Н нь төрийн байгууллага албан тушаалтны учруулсан гэм хорын хохиролд 320,817,100 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах хүсэлтийг гаргажээ.

2. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2023/00245 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төрийн байгууллага, албан тушаалтны учруулсан гэм хорын хохиролд 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан хүсэлт гаргагч Ж.Нид олгож, хүсэлтийн шаардлагаас үлдэх 313,317,100 /гурван зуун арван гурван сая гурван зуун арван долоо мянга нэг зуун/ төгрөгийн хохиролд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 213/МА2023/00016 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2023/00245 дугаар шийдвэрийн удирдлага болгосон хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2 гэснийг 115.2.3 гэж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төрийг төлөөлж буй прокурорын байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэдгээрээр тогтоогдсон үйл баримтыг хуульд нийцүүлэн дүгнээгүй, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлийн талаар: Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн хүн гэм буруутай нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй.

1. Ж.Нийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан 2 жил шахам хугацаанд шалгахдаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, гадагш явж болохгүй баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан зэрэг эрхийн хязгаарлалт нь хууль бусад тооцогддог гэдэгт давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйл, 45.3 дугаар зүйл, Иргэний хуулийн 498.4 зүйлүүдийг шүүх буруу тайлбарлаж зөрүүтэй хэрэглэсэн.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.4-т зааснаар Ж.Н хууль бусаар яллагдагчаар татагдсан гадагш явахгүй гэсэн баталгаа өгч таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Гэмт хэрэгт холбогдох үед Ж.Н газрын зөвшөөрөл өгөх эрх бүхий этгээдтэй гэрээ хийсэн, зөвшөөрөл авсан талаарх нотлох баримтууд эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт авагдаж эдгээр баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байсан.

3. Эрүүгийн хуулийн 45.1 дүгээр зүйлд “... учирсан эд хөрөнгийн хохирлоо төлүүлэх, бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй ... гэж, мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс, 1.2 дахь хэсэгт хуулийн этгээдийн орлого 1.6 дахь хэсэгт ... хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэргээр Ж.Н хохирсон байхад харгалзан үзсэнгүй. Хууль зүйн туслалцаа үзүүлэхэд хөлс төлсөн болох нь талуудын нэхэмжлэл, тайлбар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцсон оролцоо зэргээр нотлогдоно. Ж.Н нь Залаа цагаан хоршооны даргын ажлыг гүйцэтгэдэг байсны хувьд ШТ ХХК-аас 6,000,000 төгрөгийн шатахууныг цаасан талоноор авч хадгалж байгаад бичил уурхайн үйл ажиллагаанд хэрэглэсэн.

4. Найдандоржийг гэмт хэрэгт холбогдсоны дараа Цагдаагийн газраас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн трактор цахилгаан үүсгүүр, мотор зэргийг аймгийн төвд яаралтай авчир гэж үүрэг өгсний дагуу Баянхонгор аймгаас Заг сум хүртэл талдаа 200 километр ирэх очихын 400 км газраас дээрх тээврийн хэрэгслүүдийг аймгийн төвд авчирч битүүмжлүүлсэн. Ж.Н техник хэрэгслүүдийг Заг сумаас бусдын машинаар авчрахдаа 1,550,000 төгрөгийн зардал гаргаж мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргахад гарсан ажлын хөлсийг төлөх зэрэг хохирол хүлээсэн. Ж.Н 2009 оноос эхлэн Өлзийт сумын Залаа цагаан хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж сард 1,200,000 төгрөгийн цалин авч байсан боловч гэмт хэрэгт холбогдсоноос ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болж ажлаасаа гарч цалин хөлсөөр хохирч нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан. Цагдаагийн байгууллагаас алт олборлох үед хэрэглэсэн гэх техник хэрэгслүүдийг битүүмжилсний хөлс гэж 59,000 төгрөгийг төлсөн. Ж.Н энэ гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө Баянхонгор аймгийн Заг сумын Түүхий хөндийн гэх газар бичил уурхайн журмаар алт олборлож жилдээ 184,119,600 төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан боловч энэ орлогоо бүрэн алдсан. Дээрх хохиролтой холбоотой бүх баримтууд хэрэгт авагдсан.

4.2. Нотлох баримтыг үнэлэх тухай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг “Шүүхийн шийдвэрийн тухай “Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.2-ын ... хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана гэж тайлбарласныг давж заалдах шатны шүүх өөрөөр тайлбарлан анхан шатны шүүхээс Засгийн газрын нөөц сангаас хохиролд 7,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө” гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.10.05-ны өдрийн 001ШХТ2023/01051 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Бын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Бын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэстэй байна.

7. Хүсэлт гаргагч Ж.Н нь эдийн болон эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд нийт 320,817,100 төгрөг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “ ... 2020.08.07-ны өдөр бичил уурхайн журмаар “БХ” нөхөрлөлөөр ашигт малтмал олборлох зорилгоор эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулж ажлаа эхлэх гэж байхад Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын экологийн цагдаагаас хууль бусаар үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 256,523 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж 2020.08.25-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021.12.14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж ... хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Шүүхийн цагаатгасан тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурор эсэргүүцэл бичсэн боловч цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж тогтоол хүчин төгөлдөр болсон. Хэрэгт шалгагдах хугацаанд эдийн болон сэтгэл санааны хохирол учирсныг арилгуулна.” гэж тодорхойлсон.

8. Төрийг төлөөлж прокурор С.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “2021.12.14-ний өдөр Ж.Нид холбогдох хэргийг шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар ял шийтгэсэн баривчилсан, цагдан хорьсон, тухайн шалгах ажиллагаа нь хууль бус тохиолдолд нэхэмжлэх эрх олгогдсон. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 3-т заасан үндэслэл үүссэн тохиолдолд учирсан хохирлыг арилгадаг. Ж.Нид холбогдуулан шалгахдаа ямар нэг байдлаар хууль бус ажиллагаа явуулаагүй. Ж.Нийг холбогдох хэргээс цагаатгаж шийдвэрлэсэн ч ямар нэгэн хууль бус ажиллагааны үндэслэл тогтоогдох шаардлагатай. Цагаатгах тогтоолд энэ талаар тогтоогоогүй. ... Орлого олж байсан эсэх нь татварын тайлангаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн 9 шаардлага үндэслэлгүй.” гэж мэтгэлцсэн.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 7,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Залаа цагаан хоршооны нэр дээр худалдан авсан шатахууны зардал 6,000,000 төгрөг, эрүүгийн хэрэгт шалгуулах явцдаа хууль зүйн зөвлөх үйлчилгээний хөлсөнд төлсөн 1,500,000 төгрөгийг төрөөс шаардах эрхтэй, эдгээр нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны ажиллагааны улмаас хүсэлт гаргагч Ж.Ноос гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал мөн” гэж дүгнэсэн байна. Улмаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж, яллагдагчаар татагдсаны улмаас 184,119,600 төгрөгийн орлого олох ёстой байсан нь нотлогдохгүй, цалин 21,600,000 төгрөг гаргуулах шаардлагыг нотолсон баримтууд эргэлзээтэй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсны улмаас ажил хийх боломжгүй болсон гэж үзэхгүй, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй буюу энэ төрлийн шаардах эрхийг хуульд тусгайлан заасан байх нөхцөл хангагдаагүй, ажилтнуудын хоол хүнсний төлбөр 1,243,500 төгрөг, өөрийн эмчилгээний зардал 295,000 төгрөг, В.Батдолгорын эрүүл мэндийн эмчилгээний зардал 3,000,000 төгрөг, битүүмжилсэн трактор, алт олборлох хэрэгслийн хураамж 59,000 төгрөг гаргуулах шаардлагууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хамаарах хохирол биш тул хангах үндэслэлгүй.” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Магадлалд “... Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад Засгийн газрын нөөц сангаас 7,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дүгээр зүйлийн 1-т хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заасныг ... үйл баримттай нийцүүлэн үзэхэд Ж.Нийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.” гэж шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

11.Хүсэлт гаргагч Ж.Н нь төрийн байгууллага, албан тушаалтны учруулсан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэжээ. Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Нид холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/331 дүгээр цагаатгах тогтоолоор Ж.Нид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/27 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

12. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгийг хангахдаа “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцна.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1-д Дараах эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө:, 1.1-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, 1.2-т хуулийн этгээдийн орлого, 1.3-т хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж, 1.4-т шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйл, 1.5-д шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан мөнгөн төлбөр, хүн, хуулийн этгээдээр төлүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардал, 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс” гэж заасныг тус тус үндэслэсэн бол давж заалдах шатны шүүх эдгээр зүйл, заалтад зааснаар хохирол гаргуулах үндэслэлгүй гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүх хуулийн адил зүйл, заалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэжээ.

13. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Б хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн ба хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон гэх агуулгаар гомдол гаргасныг Хяналтын шатны шүүх хэлэлцэн шүүх хуулийн зүйл, заалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийг хянах нь зүйтэй гэж үзсэн.

14. Анхан ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас яллагдагчаар татагдсаны улмаас олж чадаагүй орлого 184,119,600 төгрөг, ажил хийх боломжгүй болж алдсан 18 сарын цалин 21,600,000 төгрөг, ажилтнуудын хоол хүнсний төлбөрт гаргасан хохирол 1,243,500 төгрөг, эмчилгээний зардалд төлсөн 295,000 төгрөг, В.Б-ын эрүүл мэндийн эмчилгээ, оношилгоонд 3,000,000 төгрөг, битүүмжилсэн трактор, алт олборлох хэрэгслийн хураамж 59,000 төгрөг, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

Тодруулбал, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулж, яллагдагчаар татагдсаны улмаас олж чадаагүй орлого гэх 184,119,600 төгрөгийн шаардлага нотлогдоогүй, ийм хэмжээний орлого олдог байсан нь баримтаар тогтоогдохгүй, “Залаа цагаан” хоршооны даргын ажлаас 2020.07.05-ны өдөр, үйлдвэрийн даргын үүрэгт ажлаас 2020.08.10-ны өдөр тус тус чөлөөлөгдсөн гэх тушаалууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, эргэлзээтэй, 2021.01-2022.11 дүгээр сарыг дуустал “Залаа цагаан” хоршооноос цалин авч байсан нь Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн шимтгэл төлөлтийн байдлаас тогтоогдсон тул 18 сарын олгогдоогүй цалин 21,600,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсны улмаас ажил хийх боломжгүй болсон гэж үзэхгүй, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй буюу энэ төрлийн шаардах эрхийг хуульд тусгайлан заагаагүй, ажилтнуудын хоол хүнсний төлбөр 1,243,500 төгрөг, өөрийн эмчилгээний зардал 295,000 төгрөг, В.Б-ын эрүүл мэндийн эмчилгээний зардал 3,000,000 төгрөг, битүүмжилсэн трактор, алт олборлох хэрэгслийн хураамж 59,000 төгрөг гаргуулах шаардлагууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хамаарах хохирол биш тул хангах үндэслэлгүй гэх дүгнэлтүүд хууль зөрчөөгүй байна.

15. Хүсэлт гаргагч нь бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 6,000,000 төгрөгийн шатахууны талон худалдан авсан байх ба анхан шатны шүүх тус зардлыг Иргэний хуулийн 498.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1-д заасан зардал гэж дүгнэн, Улсын дээд шүүхээс гаргасан тайлбарыг харгалзан хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Аливаа этгээд гэмт хэрэгт шалгагдсанаар гэм буруутайд тооцогдохгүй бөгөөд түүний гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно. Хэн нэгнийг эрүүгийн журмаар шалгах явцдаа зайлшгүй бус шалтгаанаар эдийн ба эдийн бус хохирол учруулахгүй байх ёстой бөгөөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, хуульд заасан арга хэрэгслийг зохимжтой хэрэглэх талаар холбогдох албан тушаалтнууд анхаарч ажиллах шаардлагатай. Гэмт хэргийн улмаас бий болсон хор уршиг, гэмт хэргийн хүнд, хөнгөн байдал нь эрх бүхий байгууллагаас авах арга хэмжээний төрөлтэй тэнцвэрт харьцаатай байвал зохино.   

Хүсэлт гаргагч Ж.Нийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах явцдаа гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн трактор, цахилгаан үүсгүүр, мотор зэргийг аймгийн төвд авчруулах, зөөвөрлөх, битүүмжлэх ажиллагааг хийсэн байх ба Түүхий хөндий гэх газраас Баянхонгор аймгийн төв хүртэлх 200 орчим км газарт техник хэрэгслүүдийг зөөвөрлөх, ачихад нэхэмжлэгчийн шатахууны талоныг хэрэглэж зарцуулсан нь тогтоогдсон. Иймд байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэгт нэхэмжлэгчийг гэм буруугүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгчээс гарсан шатахууны талон худалдан авсан зардал 6,000,000 төгрөгийг хууль бус ажиллагаанаас учирсан хохиролд тооцон төрөөс гаргуулах нь зүйтэй.

16. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Б Ж.Нид холбогдох эрүүгийн 2114000000369 дугаартай хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт Л.Б ...Ж.Нид эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж, хөлс 1,500,000 төгрөгийг бэлнээр авсан гэх тайлбар гаргасанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцсэн байна.

17. Эдгээр үндэслэлээр хүсэлт гаргагч Ж.Нийн өмгөөлөгч Л.Бын гаргасан хоёр шатны шүүх холбогдох хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийг баримталсан нь буруу болжээ.

Иймд хүсэлт гаргагч Ж.Нийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээн, шийдвэрийн тогтоох хэсгээс 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийг баримталсныг хасаж өөрчлөн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 213/МА2023/00016 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2023/00245 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “ 511 дүгээр зүйлийн 511.3” гэснийг хасаж бусад заалтыг хэвээр үлдээн хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Бын гаргасан гомдлын заримыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Нийн өмгөөлөгч Л.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                      Д.МӨНХТУЯА

                                                                             Н.БАЯРМАА

                                                                                                        П.ЗОЛЗАЯА