Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 213/МА2023/00016

 

 

 

*******ийн хүсэлттэй

 иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж,  ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2023/00245 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн хүсэлттэй

Эдийн болон эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлын нийт320,817,100 төгрөг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахыг хүссэн иргэний хэргийг прокурор С.Эрдэнэтуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Бор, төрийг төлөөлж прокурор С.Эрдэнэтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Р.Цогдэлгэр нар оролцов.

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1.******* нь 2019 оноос эхлэн Баянхонгор аймгийн Заг сумын Түүхий хөндий гэх газарт Баян буурлын удам нөхөрлөлөөр бичил уурхайн журмаар алт олборлон ажилласан.

2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Баянхангайн хийморь” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор гэрээ байгуулан ажлаа эхлэх гэж байхад Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын экологийн цагдаа нар хууль бусаар үйл ажиллагаа явуулж 256,523 төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж 2020 оны 08 сарын 25-ны өдрөөс Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2021 оны 12 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж цагаатгах тогтоол гаргаж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын газраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар давах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч хангагдаагүй тогтоол хүчин төгөлдөр болсон.

Энэ хэрэгт намайг хилсээр ял тулгаж яллагдагчаар татаж яллах дүгнэлт бичигдсэнээс болж 2020 оны 08 сараас хойш нэг ч ажил хийгээгүй цагдаа, прокурор, шүүхийн хаалга сахиж, сэтгэл санааны хямралд орж таньдаг хүмүүс ах дүү, найз нөхөд нартаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн нэр сонсож хөлөө хугалах , гараа түлэх, авто осол гаргах зэргээр сэтгэлийн хямралд орсон.

*******ид холбогдох хэргийг Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаа хяналт тавьж Цагдаагийн газрын мөрдөгч У.Доржсүрэн нар ажиллагаа явуулахдаа байнга сүрдүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж эрхийг нь зөрчиж байсан нь удаа дараа гаргаж байсан хүсэлтүүд, холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан захирамж, магадлалаас тодорхой харагдана. Энэ хэрэгт шалгагдах хугацаанд эдийн болон сэтгэл санааны дараах хохирол учирсныг арилгуулах хүсэлтэй байна. Үүнд:

1. ******* нь гэмт хэрэгт холбогдохоос өмнө 2019 онд Заг сумын Түүхий хөндий гэх газар бичил уурхайн журмаар нөхөрлөлөөр ажиллаж 1 кг 534 грамм алт олборлож 184,119,600 төгрөгийн ашиг олсон боловч энэ орлогоо бүрэн алдсан.

2. ******* нь ам бүл 4, бага насны 3 хүүхэдтэй, 2012 оноос Залаа Цагаан хоршооны захирлаар ажиллаж сард 1,200,000 төгрөгийн цалин авч байсан. Гэмт хэрэгт холбогдсоноос болж ажил хийх боломжгүй болж 2020 оны 08 сарын 25-ны өдөр ажлаасаа гарсан тул ажилгүй хугацааны цалинг гаргуулахыг хүсэж байна. 2020 оны 08 сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэл 18 сарын цалин 21,600,000 төгрөгийг аваагүй хохирсон.

3. Баянхонгор аймгийн Заг суманд бичил уурхай ажиллуулахаар Шунхлай трейдинг ШТС-аас Залаа Цагаан хоршооны нэр дээр 6,000,000 төгрөгийн шатахууны талон авч Өвөрхангай аймгийн иргэн Эрдэнэбаярын унагалдаа трактор, алт олборлох төхөөрөмж, хэрэгсэл, ачлагын 10 тонны даацтай маяти машины хамт түрээслэхээр авч ирж зарцуулсныг хугацаанд нь төлөх боломжгүй болж, иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр гарч 3,000,000 төгрөгийн алдангийн хамт 9 сая төгрөг болгож төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан.

4. Уурхайд ажиллах хүмүүсийн хоол хүнс, түлээ түлшинд Есөн эрдэнэ худалдааны төвөөс 1,243,500 төгрөгийг зарцуулсан. Эрдэнэбаяр, Жамбалдорж, туслах ажилчид 2020 оны 9 сарын 06-ны өдрийг хүртэл машин техник, гэр орноо харж Түүхий хөндий гэх газар 30 хоног хэрэг хянан шийдвэрлэхийг хүлээж байсан.

5. ******* нь эрүүгийн хэрэгт шалгагдсан үеэс хойш сэтгэл санааны удаан хугацааны дарамтад орж тавгүйдэж 2021 оны 12 сард хөлөө хугалах, гараа түлэх, нойргүйдэх, стрессээс үүдэж байнгын толгой өвдөх өвчтэй болж 295,000 төгрөгийн эмчилгээ хийлгэж эрүүл мэндээр хохирсон.

6. *******ийн эхнэр Нэргүйн төрсөн ах хүнд өвчний улмаас байнгын хэвтэрт байдаг учраас харахаар очсон байтал прокурор В.Дэлгэрмаад маргааш өглөө 9:00 цагт бэлэн бай гэж дуудсаны учраас Улаанбаатар хотоос гарч яарч явснаас Өвөрхангай аймаг дээр явж байтал сэтгэцийн өвчтэй хүн ******* гэгч машины урдуур гүйж осол гаргасан. Ингээд В.Батдолгорын эрүүл мэндийн эмчилгээ, оношилгоонд 3,000,000 төгрөг төлж хохирсон.

7. Эрүүгийн хэрэгт татагдсан учир хууль зүйн зөвлөгөө авахаар өмгөөлөгч авч, өмгөөлөгч Л.Борын өмгөөлөгчийн хөлсөнд 1,500,000 төгрөг төлсөн.

8. Цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн трактор, алт олборлох хэрэгсэлд 59,000 төгрөгийн хураамж төлүүлсэн.

9. *******ийг хууль бусаар яллаж хохироосноос болж бусдаас зээлсэн мөнгийг төлөх боломжгүйгээс болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 56,000,000 төгрөгийн өр төлбөр үүссэн, эхнэр ******* нь нярай хүүхэдтэй учир ажил хийх боломжгүй болж өрхийн орлогогүйгээс бага насны 3 хүүхэд гэр бүлээ тэжээхэд хүндрэлтэй болсон нь удаан хугацаанд эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд орсны нөхөн төлбөр 100,000,000 төгрөгийн хохирол гарсан.

Иймд *******ид учирсан нийт 320,817,100 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү ... ******* нь 2019 оноос эхлэн Баянхонгор аймгийн Заг сумын Түүхий хөндий гэх газарт Баян буурлын удам нөхөрлөлөөр бичил уурхайн журмаар алт олборлон ажилласан. 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Баянхангайн хийморь” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор гэрээ байгуулан ажлаа эхлэх гэж байхад Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын экологийн цагдаа нар хууль бусаар үйл ажиллагаа явуулж 256,523 төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж 2020 оны 08 сарын 25-ны өдрөөс Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2021 оны 12 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж цагаатгах тогтоол гаргаж *******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч хангагдаагүй, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон.

Энэ хэрэгт *******ид хилсээр ял тулгаж яллагдагчаар татаж яллах дүгнэлт бичигдсэнээс болж 2020 оны 8 дугаар сараас хойш нэг ч ажил хийгээгүй цагдаа, прокурор, шүүхийн хаалга сахиж, сэтгэл санааны хямралд орж таньдаг хүмүүс ах дүү, найз нөхөд нартаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн нэр сонсож хөлөө хугалах, гараа түлэх, авто осол гаргах зэргээр сэтгэлийн хямралд орсон.

*******ид холбогдох хэргийг Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаа хяналт тавьж, Цагдаагийн газрын мөрдөгч У.Доржсүрэн нар ажиллагаа явуулахдаа байнга сүрдүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж эрхийг нь зөрчиж байсан нь удаа дараа гаргаж байсан нь хүсэлтүүд, холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан захирамж, магадлалаас тодорхой харагдана. Мэдүүлэг тайлбарыг өглөөний 09 цагт авна гэж хэлдэг. Гэтэл оройны 18 цаг хүртэл суулгачихдаг. Ийм үед хэрхэн ажил хийх вэ, эхнэр нь дөнгөж төрсөн. Прокурор *******ийн амьдралтай холбож үзсэнгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавлагаанд 2020 он, 2021 оны шимтгэл мэдээлэл бичигдсэн. 2012 оноос 2020 он хүртэл тасралтгүй ажиллаж нийгмийн даатгал хувь хүний орлогын албан татварын төлж байсан. Сэтгэл санааны хохиролд тэдэн төгрөг олгоно гэх зэргээр албан ёсоор тогтоосон зүйл байхгүй. Энэ хэрэгт шалгагдах хугацаанд эдийн болон сэтгэл санааны нийт 320,817,100 төгрөгийн хохирол учирсныг арилгуулах хүсэлтэй байна гэжээ.

Прокурор С.Эрдэнэтуяагийн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *******ид холбогдох хэргийг шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Цагаатгах тогтоолын үндэслэлдээ ******* гэмт хэрэг үйлдээгүй, хууль бусаар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар тогтоогоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар хүнийг хууль бусаар ял шийтгэсэн баривчилсан, цагдан хорьсон, тухайн шалгах ажиллагаа нь хууль бус тохиолдолд нэхэмжлэх эрх олгогдсон.

*******ид холбогдуулан шалгасан хэрэг нь ямар нэг байдлаар хууль бус ажиллагаа явагдаагүй. Уг үйл ажиллагаа явуулсан этгээд ******* гэдгийг тогтоосон түүнээс өөр хууль бус ажиллагааны улмаас шалгаагүй. *******ид холбогдох хэрэг цагаатгаж шийдвэрлэгдсэн хэдий ч ямар нэгэн хууль бус ажиллагааны үндэслэл тогтоогдох шаардлагатай.

 ******* нь 2021 оны 01 дүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийгдэж эхэлсэн. Мөн ажил эрхлэх эрхийг хааж боогдуулаагүй. 2020 оны 08 дугаар сараас эхлэн ажил хөдөлмөр эрхэлж байсан тухай хэлсэн боловч 2021 оны 01 дүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн байна.

Баянхонгор аймгийн Заг суманд бичил уурхай ажиллуулахаар Шунхлай трейдинг ШТС-аас Залаа Цагаан хоршооны нэр дээр 6,000,000 төгрөгийн шатахууны талон авсан талаар тайлбар хэлж байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль бус явагдаагүй учир хамаарахгүй. Мөн сэтгэл санааны хохиролд мөнгө нэхэмжилж байна. Нэг удаа прокурорын газарт гомдол гаргасан байна.

Гэтэл *******ийг хууль бусаар эрүүдэн шүүсэн, өдөр шөнөгүй прокурорын байгууллагын үүдийг сахиулсан гэх баримт байхгүй. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд ямар хохирол учирсан бэ, ямар зовуурь шаналал үүсэж, хэрхэн хохирсон тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид яллах дүгнэлтийг гардуулсан байна. Гэтэл *******ийн эмнэлэгт үзүүлсэн хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу шүүхийн цагаатгах тогтоол гарснаас хойших үйл баримт байна.

 Яллагдагч прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй тул энэ нь хууль зөрчөөгүй. Харин тухай үед ямар нэгэн байдлаар гэнэтийн осол гаргах нь хамааралгүй.

Мөн гэнэтийн ослын улмаас иргэний эмчилгээний зардал болох 3,000,000 төгрөгийг төрөөс гаргах боломжгүй.

Өмгөөлөгчийн зардлын төлбөрт 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Өөрийгөө өмгөөлүүлж хууль зүйн туслалцаа авах нь иргэний эрх. Түүний холбогдон шалгагдаж буй хэрэг нь өмгөөлөгч авахаар хуульчилсан хэрэг биш.

Цагдаагийн байгууллагаас алт олборлох хэрэгсэл 59,000 төгрөгийн хураамж төлсөн гэж нэхэмжилж буй боловч нотлох баримт байхгүй.

Сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг нэхэмжилж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар сэтгэл санааны хохирлыг шинжээч тогтоодог болсон. Гэтэл сэтгэл санааны хохиролд ямар зовуурь илэрч, хэрхэн нотлогдож байгаа нь үндэслэлгүй байна. *******ид учирсан хохиролд 320,817,100 төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

******* нь 2022 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргатай бичил уурхайн чиглэлээр гэрээ байгуулсан гэж буй боловч тухай цагаатгах тогтоолд бичигдсэнээр сумын Засаг дарга гэрээг байгуулаагүй талаар дурдсан.

Эдийн болон эрүүл мэндийн хохирол учирсантайгаа холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэл гаргахдаа үндэслэл шаардлага тодорхой, баримт нотолгоо шаардлагатай.

Гэтэл баримт нотолгоогүйгээр төрөөс мөнгө нэхэмжлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 3-т заасан үндэслэл үүссэн тохиолдолд учирсан хохирлыг арилгадаг. Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хохирлыг төр хариуцах ёсгүй.

Орлого олж байсан эсэх нь татварын тайлангаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн 9 шаардлага үндэслэлгүй байна. *******ид холбогдон шалгасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Ял шийтгэлийн хувьд торгох ялтай.

Мөн нотлох баримтыг шаардлага хангаагүй баримтыг гарган ирүүлсэн байна. Баянхангайн хийморь болон Баян буурлын удам, Залаа цагаан гэх нөхөрлөлүүдийн үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрхтэй. *******ийн ажиллах хөдөлмөрлөх эрхийг хөндөөгүй. Ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхээр хангасан байна. Хуулийн байгууллага хүний хөдөлмөр эрхийг хязгаарлаж мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төрийн байгууллага, албан тушаалтны учруулсан гэм хорын хохиролд 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан хүсэлт гаргагч *******ид олгож, хүсэлтийн шаардлагаас үлдэх 313,317,100 /гурван зуун арван гурван сая гурван зуун арван долоо мянга нэг зуун/ төгрөгийн хохиролд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

Прокурор С.Эрдэнэтуяагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

... Гомдлын агуулга, үндэслэл:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3 дахь хэсэгт “Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно..” гэж заасны дагуу прокуророор оролцсон болно.

******* нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гэм хорын хохирол буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, улмаар хэргийг цагаатгасан зэрэг үндэслэлээр учирсан хохирлоо нэхэмжилсэн.

*******ид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ төрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд “ Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд

1.1.Хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны

үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого;

1.2.Хуулийн этгээдийн орлого;

1.3.Хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж;

1.4.Шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйл;

1.5.Шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан мөнгөн төлбөр, хүн, хуулийн этгээдээр төлүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардал;

1.6.Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэрэг зүйл хамаарахаар байна.

*******ид холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн хууль бус ажиллагаа явуулаагүй. Түүнчлэн хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүгээгүй тул хохирол төлүүлэх үндэслэл үүсээгүй байна. Хохирол төлүүлэх үндэслэл үүсээгүй тул эд хөрөнгийн хохирол нэхэмжлэх эрх үүсээгүй гэж үзнэ.

Ийм учраас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн нотлох баримтыг хууль бусаар, хуурамчаар үйлдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Эрүүгийн хуулийг зөрчиж нотлох баримтыг цуглуулсан нөхцөл байдал эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй.. Нэгэнт *******ид холбогдох хэргийг шалгасан үйл ажиллагаа нь хууль бус биш байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд гаргаж оролцсон.

Гэвч анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас өмгөөлөгчийн хөлс 1.500.000, эрх бүхий албан тушаалтын эрх зүйн үр дагаврын улмаас үүсэн шатахуун зардал 6.000.000 төгрөг нийт 7.500.000 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч *******ид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Хэрэгт өмгөөлөгч Л.Бор Найдандорж нарын хооронд байгуулагдсан өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан нь анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байна. Найдандоржийн холбогдон шалгагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаардаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасны дагуу заавал өмгөөлөгчтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг хэрэгт хамаарахгүй юм. Өөрийн сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч Л.Борыг сонгон авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгчийг, өмгөөлөгчид 1.5.000 000 төгрөгийн хөлс төлсөн гэдгээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Өмгөөлөгч Л.Бор нь өмгөөллийн хөлссөнд 1.500.000 төгрөгийг бэлнээр авсан гэж тайлбарлаж байгаа нь туйлын үнэн гэж үзэж үнэлж болох баримт биш юм.

2.******* нь “Шунхлай трейдинг” ШТС-аас “Залаа цагаан” нэртэй хоршооны нэр дээр 6.000.000 төгрөгийн шатахуун авч зарцуулсан байна.

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Баянхангайн хийморь” нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулсан бөгөөд “Залаа цагаан” нэртэй хоршоо нь тус бензинийг захиран зарцуулсан, өөр үйл ажиллагаанд давхар зарцуулсан тул тус эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсантай шалтгаант холбоогүй байна.

2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зарцуулсан 6.000.000 төгрөгийн шатахуун зарцуулсан үйл баримт нь Түүхий хөндий гэх газарт хамаарахгүй болно.

Түүнээс гадна дээрх 6.000.000 төгрөг нь шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан мөнгөн төлбөр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардалд төлүүлсэн төлбөрт хамаарах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр өөрчлөх боломжгүй байх тул Давж заалдах журмаар хянан хэлэлцүүлж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-д заасны дагуу шүүхийн Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 131/ШШ2023/000245 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн  хүсэлт гаргагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ийг 2020 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхий хөндий гэх газарт 0,0076 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 236,523 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/331 дүгээр цагаатгах тогтоол болон Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/27 дугаар магадлалаар  тогтоогджээ.

Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу хүсэлт гаргагч  ******* нь хууль бусаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж, яллагдагчаар татагдсаны улмаас олох ёстой орлого 184,119,600 төгрөг, ажил хийх боломжгүй болж 18 сарын цалин 21,600,000 төгрөг,  бичил уурхай ажиллуулахаар Шунхлай трейдинг шатахуун түгээх станцаас Залаа Цагаан хоршооны нэр дээр 6,000,000 төгрөгийн шатахуун авч зарцуулсан хохиролд 9,000,000 төгрөг,  ажилтнуудын хоол хүнсний төлбөрт гаргасан хохирол 1,243,500 төгрөг, эмчилгээний зардалд төлсөн 295,000 төгрөг, В.Батдолгорын эрүүл мэндийн эмчилгээ, оношилгоонд 3,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд 1,500,000 төгрөг, битүүмжилсэн трактор, алт олборлох хэрэгслийн хураамж 59,000 төгрөг, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, нийт 320,817,100 төгрөгийн хохирлыг  Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх  хэргийг шийдвэрлэхдээ өмгөөллийн хөлс төлөх, хууль зүйн туслалцаа авах гэрээний үүргийн 1,500,000 төгрөг,  шатахууны зардлын 6,000,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж хүсэлт гаргагч *******ид олгож, 313,317,100 төгрөгийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэхдээ 7,500,000 төгрөгийг нотлох, нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад Засгийн газрын нөөц сангаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг  харахад өмгөөлөгч Л.Бор нь хэргийн оролцогчоор шүүх хуралдаанд оролцсон, харин  өмгөөллийн хөлс  буюу хууль зүйн туслалцаа авах гэрээний үүрэгт  1,500,000 төгрөгийг   үйлчлүүлэгчээсээ авсан талаарх  нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад  тэдний тайлбарт үндэслэн 1,500,000 төгрөг байна гэж  үзэх  боломжгүй юм.

Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрүүдээс харахад  үйл баримтын цаг хугацааг  2020 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдээр тогтоосон  харин    Шунхлай трейдинг ХХК нь Залаа цагаан хоршоотой 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Т/427 тоот “Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж зээлдүүлсэн баримтыг нотлох баримтад авч үнэлэн шатахууны зардлын 6,000,000 төгрөгийг гаргуулсан нь  цаг хугацааны хувьд зөрүүтэй, үнэлэх боломжгүй байна.

Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дүгээр зүйлийн 1-т “хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж заасныг дээрх үйл баримттай  нийцүүлэн үзэхэд *******ийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна үзнэ.

Мөн зүйлийн 2-ийн 2.2-т   хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэх 5 үндэслэлүүдийг 1-т заасантай холбоотой авч үзэх тул  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасан “хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заасны дагуу хохирол нөхөн төлүүлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн  үзэж  хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2023/00245 дугаар шийдвэрийн удирдлага болгосон хэсэгт “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2 гэснийг “115.2.3” гэж,

Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж  тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төрийг төлөөлж буй прокурорын байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ