Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1579

 

МАГАДЛАЛ

 

2018.07.06                                                     Дугаар 1579                              Улаанбаатар хот

 

 

 

 

Ё.О-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01184 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ё.О-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

Ё.О-ын  өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/2 дугаар байр, 01 тоот хаягт байрлах 54,44 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206019990 дугаартай 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 00551 тоот шийдвэрээр хариуцагч Ё.О болон Ё.П А И ХХК нараас 92 630 550 төгрөг гаргуулж, нэхэмжпэгч Н Ф ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. 00551 тоот шүүхийн шийдвэрт 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 00523 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, мөн оны 5 дугаар сарын 19-ний өдөр 17280590 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 179 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/2 дугаар байр. 01 тоот хаягт байрлах улсын бүргэлийн Ү-2206019990 дугаартай, 54.44 м.кв талбай бүхий төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Ё.О-ын  өмчлөлийн 2 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор 342 тоот "Шинжээч томилох тухай тогтоол" үйлдэж, шинжээч томилсон. НШШГГ-ын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4/1031 тоот мэдэгдлийг хүлээн авсан бөгөөд тус мэдэгдэлд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч 89 862 400 төгрөгөөр үнэлсэнг дурдаад тухайн үнэлгээний 70 хувь буюу 62 903 680 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ тухайн орон сууцанд нэг ч удаа нэвтрэн орж, орон сууцны бодит байдалтай танилцаж байгаагүй, орон сууцанд нэвтрэн орж үнэлгээ хийх та. аар өмчлөгчтэй ямар нэг байдлаар холбогдож байгаагүй атал юунд үндэслэж үнэлгээ хийсэн нь тодорхойгүй байгаа нь тухайн шинжээчийн үнэлгээ нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, үндэслэлтэй хийх, шударга ёсны зарчимд огт нийцээгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шинжээчийн дүгнэлт болон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл Туул гол гудамж, 24/2 байр, 01 тоотод байршилтай, 54.44 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 4/27385 дугаар албан бичгээр үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн саналаа 2017 оны 11 дүгээр сарын 13-ны дотор ирүүлэх мэдэгдлийг биечлэн гардуулахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь харилцан тохироогүй тул 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 342 тоот тогтоолоор “Хөрөнгө эстимейт” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимейт” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үүргийн гүйцэтгэлийн нэр бүхий барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл Туул гол гудамж, 24/2 байр, 01 тоотод байршилтай, 54.44 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг   89 862 400 төгрөгөөр үнэлсэн Шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч А И ХХК, Ё.О , Ё.П нарт баталгаат шуудангаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4/1031 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгийг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох Ё.О-ын  өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/2 дугаар байр, 01 тоот хаягт байрлах 54.44 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206019990 дугаартай 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ё.О-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/Ш32018/04472 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шинжээч нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ тухайн орон сууцанд орж орон сууцны бодит байдалтай нэг ч удаа танилцаагүй, ердийн элэг хорогдлыг тооцох эхсүл тухайн байрны дотоод засал, бусад аливаа нэгэн хийцээс шалтгаалж тодорхой хэмжээнд үнэлгээ өсөх зэрэг асуудлыг тоогоогүй хэрнээ чухам юунд үндэслэж нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Үнэлгээний тайлангийн хавсралтад авагдсан орон сууцны гаднаас дарсан ганц ширхэг зургийг үндэслэн үнэлгээг хийсэн нь нотлогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан. Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох хуулийн шаардлага хангахгүй байгаа хөрөнгийн үнэлгээний тайлан болон түүний хавсралт болох гэрэл зургийг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.2.1 хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн, 9.2.3 хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байхад тус тус заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны гадна талаас 1 харсан ганц ширхэг гэрэл зураг нь тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, үнэ цэнэ, онцлогийг бүрэн тодорхойлж чадахгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ё.О нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/2 дугаар байр, 01 тоот хаягт байрлах 54,44 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206019990 дугаартай 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 00551 тоот шийдвэрээр Ё.О болон Ё.П А И ХХК нараас 92 630 550 төгрөг гаргуулж, Н Ф ББСБ-д олгох, барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнийн саналаар тохиролцоогүйгээс хариуцагч нь Ё.О-ын  нэхэмжлэлд заасан 2 өрөө орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Х Э ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ гаргуулсан, тухайн орон сууцыг 89 862 400 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч А И ХХК, Ё.О , Ё.П нарт баталгаат шуудангаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4/1031 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдсэн зэрэг үйл баримт тогтоогдсон.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтад үндэслэгдсэн байна. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих заалтыг хэрэглээгүй байгаа боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой юм.

Анхан шатны шүүх нарийвчилсан зохицуулалт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг хэрэглээгүй ерөнхий зохицуулалт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримталсан байгаа нь буруу байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01184 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “122 дугаар зүйлийн 122.5...” гэснийг “55 дугаар зүйлийн 55.7” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

 

                                                              М.НАРАНЦЭЦЭГ